Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 181

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шүүгч Н.Баярмаа даргалж          

Нарийн бичгийн дарга Д.Чинзориг

Улсын яллагч Д.Оюунгэрэл

Хохирогч Б.Бямбадорж

Шүүгдэгч А.Хүслэн түүний өмгөөлөгч Л.Жавзмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй Дүүргийн прокурорын газраас эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Хүслэнд холбогдох эрүүгийн 201625031741 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.     

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар төмөр замын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд оюутан, ам бүл 4, аав, ээж, эгч дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 10-321 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа  шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн Цэндэн овгийн Алтангэрэлийн Хүслэн /РД: УХ95120614/

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч А.Хүслэн нь 2016 оны 08 дугаар сарын 28-нд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн цагаан байрны автобусны буудлын орчим хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Бямбадоржийг зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч А.Хүслэн шүүх хуралдаанд  мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 28-ны орой би Энхзул гэдэг найзтайгаа юм яриад харих гэж явахдаа дэлгүүр ороод ундаа аваад гарч ирээд машиндаа суух гэтэл зөрж өнгөрсөн баахан залуусын нэг нь намайг араас дуудахаар нь би эргэж харсан. Тэгэхэд Энхмөрөн гэдэг залуу нь намайг алгадаад авсан. Тэгэхэд Бямбадорж намайг таньж “сайн уу” гэж байсан. Тэгэхэд Энхмөрөн дахиад намайг алгадахаар нь би түүнийг өшиглөөд унагаасан. Тэгэхэд Бямбадорж хувцасаа тайлж орж ирээд намайг боогоод унагаасан. Намайг тэгж зодож байхад цаана зогсож байсан таксины жолооч ах болиулсан. Тэгээд Энхмөрөн, Бямбадорж хоёр цаашаа гудамж руу яваад орсон. Тэгээд би найз Энхзул, Энхмандах нартайгаа харих гэж явж байхад Бямбадорж хашааныхаа буланд пиво уугаад сууж байсан. Тэгэхэд нь би Энхмөрөнтэй очиж уулзаад “чи яаж байгаа юм бэ” гэхэд Бямбадорж хажуунаас орж ирээд “ярих юм байгаа бол надтай ярь” гэхэд нь би “чамтай юу ярьдаг юм” гээд түүнийг нэг удаа цохисон. Тэгээд цагдаа ирээд Энхмөрөн, Бямбадорж хоёрыг эрүүлжүүлэх рүү аваад намайг эрүүл болохоор цагдаа “яв” гэсэн. Тэгэхээр нь би хоёр найзыгаа гээд эрүүлжүүлэхийн мөнгө гэж 60.000 төгрөг төлөөд энэ хоёрыг авч явсан. Маргааш нь Бямбадоржийн эрүү нь хугарсан гэж мэдсэн гэв.

 

Хохирогч Б.Бямбадорж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тэр орой би Энхмөрөн болон дүү нартайгаа цуг цагаан байрны тэнд байсан. Тэр үед дэлгүүр орохоор явсан Энхмөрөнтэй Хүслэн муудалцаж байсан. Би Хүслэнг болиулах гэтэл тэр болихгүй харин ч Энхүүшийг 2-3 удаа цохисон. Мөн араас нь өшиглөж унагаасан. Тэгэхээр нь би “боль” гээд Хүслэнг араас нь бариад авахад тэр өөрөө намайг өргөхдөө хамт унасан. Тэгээд би найзыгаа аваад гэрийнхээ гудамжинд ирэхэд манай дүү куртикийг маань авчирсан. Тэгээд найзынхаа авчирсан пивийг уугаад гудамжны үзүүрт сууж байтал Хүслэн ирээд “Энхүүш хаана байна” гэхээр нь би “мэдэхгүй” гэтэл намайг цохиод авсан. Тэрнээс биш бид олуулаа байгаагүй, манай дүү Энхмөрөн бид гурав л байсан. Харин Хүслэн олуулаа болоод араас ирсэн байсан. Би тэр үед согтуу байгаагүй, жаахан нь үнэртүүлэх төдий л байсан гэв.

 

           

            Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Бямбадорж:  2016 оны 08 сарын 28-ны 23 цаг 30 минутын орчим Баянбүрд рүү явдаг автобусны буудал дээр найз Энхбүрэн буюу Энхүүш, дүү Мөнхбаатар нартай юм яриад зогсч байтал Энхүүш урагшаа түц рүү явсан. Тэгтэл Мөнхбаатар “Энхбүрэн ах нэг хүнтэй муудалцаад байна” гэхээр нь хартал манай 10 жилийн ангийн нэг төгсөлтийн Хүслэн гэх залуутай маргалдаж байсан. Тэгээд явж очтол Хүслэнг салгах гэхэд салахгүй бие бие рүүгээ дайрч байснаа Хүслэн Энхбүрэнгийн цээж рүү нь 2 удаа цохиод авахаар нь миний уур хүрээд куртикээ тайлж дүүдээ бариулаад “боль гээд байхад боль л доо” гэж уурлаж хэлэхэд Хүслэн Энхбүрэнг өшиглөөд унагахаар нь Хүслэнгийн хойноос боль гээд татахад эргэж хараад намайг газар унагасан, унахдаа би хүзүүнээс нь боогоод хамт унасан. Тэгээд би Энхбүрэнг дагуулаад 9 дүгээр хороо руу зугтаж дүү Мөнхбаатарыг хүлээгээд сууж байтал Мөнхбаатар ирсэн. Тэгээд Энхбүрэн, Отгондорж, Мөнхбаатар нарын хамт манай гэрийн урд талын гудамжинд сууж байтал Хүслэн 4-5- уулаа ирээд Энхүүш хаа байна гэхээр нь мэдэхгүй гэхэд “чи намайг бүүр аймаар зодчихлоо” гэхээр нь “би чамайг яасан юм бэ” гэж хэлэхэд шууд намайг цохиод авсан. Ингээд миний эрүү хэсэгт 2-3 удаа маш хүчтэй цохисноос амнаас цус гараад доошоо тонгойход цохихоо болиод надад салфетка өгөөд арчуулсан. Маргааш нь миний эрүү өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлэхэд хугарсан байна гэсэн.Тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Эмчилгээний зардалд 800.000 гаруй төгрөгийг зарцуулсан цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. /хх-ийн 11 дүгээр хуудас/

 

                Мөрдөн байцаалтанд гэрч А.Энхзул: Хүслэн 1 залуутай юм ярьж байгаад сүүлдээ маргалдаад байх шиг байсан. Тэгтэл Хүслэнг Энхүүш гэх залуу түлэхээд авахад Хүслэн зөрүүлээд өшиглөөд унагачихсан, тэгтэл тэнд яг хичнээн хүн байсныг мэдэхгүй Хүслэнг хүмүүс өшиглөөд байх шиг байсан. Тэнд явж байсан нэг ах гарч ирээд боль гээд тэд нарыг холдуулсан, ингээд Хүслэн бид 2 машинаа хөдөлгөөд гэр лүүгээ явж байхад Энхмандах тааралдаад түүнийг гэрт нь хүргэж өгөхөөр суулгаад явж байтал өмнө таарсан хүмүүс пиво уугаад гадаа сууж байсан. Тэгтэл Хүслэн, Энхмандах нар машинаас буугаад Энхүүш гэх залуутай нь очиж уулзаад “чи нэг үеийн хүмүүс байж нэгийгээ ганцаараа явж байхад ингэж болохгүй” гэж хэлсэн. Тэгтэл цаанаас нь Бямбадорж нь “ярих зүйл байвал надтай ярь” гээд босоод ирсэн. Тэр үед нь Хүслэн түүний нүүр хэсэгт нэг удаа цохиод авсан ба хамт байсан хүмүүс нь салгасан. Ингээд зогсч байтал Бямбадоржийн шүд нь хөдөлчихсөн байдалтай харагдаж байсан./хх-ийн 14 дүгээр хуудас/

                Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй гэрч Б.Отгондорж: 2-3 ах Хүслэн ахтай хамт ирээд Энхүүш хаана байна гэхэд Бямбадорж нь мэдэхгүй гэхэд  Хүслэн нь “чи намайг яаж байгаа юм бэ” гэж хэлээд Бямбадорж ахын нүүр хэсэгт 2-3 удаа цохиод авсан.Тэгтэл Бямбадорж ахын амнаас нь цус гараад эхэлсэн./хх-ийн 17 дугаар хуудас/

                Мөрдөн байцаалтанд насанд хүрэнгүй гэрч Б.Мөнхбаатар: Дэлгүүр ороод гараад ирэхэд Энхүүш ах зүс таних Хүслэн ахтай муудалцаж байсан. Тэгэхээр нь би Бямбадорж ахад тэр 2-ыг муудалцаад байна гэж хэлсэн. Бямбадорж ах очоод Хүслэн, Энхүүш 2-ыг салгах гэтэл салахгүй зууралдаад байснаа Энхүүш ахыг жийгээд газар унагаасан, Бямбадорж ах куртикээ тайлж надад бариулаад Хүслэн ахыг газар унагаасан тэгэхдээ боогоод газар унагаасан юм. Тэгээд Бямбадорж ах Энхүүш 2 зугтаачихсан юм. Ингээд би араас нь яваад очиход ах намайг яв гээд байхаар нь би харисан. Тэрнээс цааш юу болсныг мэдэхгүй, сүүлд сонсоход Бямбадорж ахын эрүүг Хүслэн ах цохиж хугалсан гэсэн./хх-ийн 18 дугаар хуудас/

                Мөрдөн байцаалтанд гэрч Э.Энхбүрэн: Хүслэн дэлгүүр орж ундаа авч гарч ирэхдээ намайг “яасан” гэхээр нь “харин яасан” гэхэд Хүслэн “чи ямар том болчихсон юм бэ ?” гээд маргалдаад зогсч байхад Мөнхбаатар нь Бямбадоржийг дуудаад аваад ирсэн.Ингээд Хүслэн бид 2-ын маргааныг Бямбадорж салгахад Хүслэн намайг 2 удаа цохиж авсан, тэгэхээр нь би хойноос нь нэг удаа хүзүү хэсэг рүү нь алгадаж авсан, ингээд Бямбадорж холдоод нэг юм хэлсэн одоо санахгүй байна би  гүйгээд очиход намайг өшиглөөд унагаасан энэ үед Бямбадорж Хүслэнтэй зууралдаад газар унасан тэгэхээр нь би очиж Бямбадоржийг аваад 9 дүгээр хороо руу зугтаачихсан юм. /хх-ийн 19 дүгээр хуудас/

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн тоот дүгнэлт 12083

  1. Бямбадоржийн биед тархи доргилт, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны зулгаралт, 2 шүдний сулрал, эрүү ясны хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт, хохирлын мөнгө /424.000 төгрөг/ хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр яллагдагч А.Хүслэнгийн гэм бурууг шүүхээр тогтоолгох нотлох баримт цугларсан.

 

Шинжээч эмч  Ц.Оюун-Эрдэнэ

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлох баримтыг хавтаст хэргийн хүрээнд шинжлэн судлав.

А.Хүслэн нь 2016 оны 08 дугаар сарын 28-нд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн цагаан байрны автобусны буудлын орчим хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Бямбадоржийг зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

                Үүнд:хохирогч Б.Бямбадорж шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн … Хүслэн намайг гараараа 3 удаа цохиж гэмтэл учруулсан… миний эрүү хэсэгт 2-3 удаа маш хүчтэй цохисноос амнаас цус гараад доошоо тонгойход цохихоо болиод надад салфетка өгөөд арчуулсан гэсэн мэдүүлэг, гэрч А.Энхзул мөрдөн байцаалтанд өгсөн… Хүслэн түүний нүүр хэсэгт нэг удаа цохиод авсан ба хамт байсан хүмүүс нь салгасан… ингээд зогсч байтал Бямбадоржийн шүд нь хөдөлчихсөн байдалтай харагдаж байсан гэсэн мэдүүлэг хх-ийн 14, гэрч Б.Отгондорж мөрдөн байцаалтанд өгсөн… хүслэн нь “чи намайг яаж байгаа юм бэ” гэж хэлээд Бямбадорж ахын нүүр хэсэгт 2-3 удаа цохиод авсан…тэгтэл Бямбадорж ахын амнаас нь цус гараад эхэлсэн гэсэн мэдүүлэг хх-ийн 17, гэрч Э.Энхбүрэн мөрдөн байцаалтанд өгсөн… тэр үед Хүслэн намайг хайж ирээд Бямбадоржийг шууд цохиод авах шиг болсон… би очоод маргааныг зогсоох гээд Бямбадорж газар уначихаар дээш босгоод харахад уруул нь хавдчихсан амнаас нь цус гарсан байдалтай харагдаж байсан… А.Хүслэн түүнийг яг хэдэн удаа цохисныг хараагүй ямар ч байсан гараараа түүний нүүрэнд нь цохиж унагаасан нь үнэн тэгээд маргаан зогссон гэсэн мэдүүлэг хх-ийн 19-20,Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12083 тоот дүгнэлтэнд…Бямбадоржийн биед тархи доргилт, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны зулгаралт, 2 шүдний сулрал, эрүү ясны хугарал бүхий гэмтлүүд…дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ… гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна хх-ийн 22, зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.Хүслэнгийн үйлдсэн хэрэг тогтоогдож байна.

 

                Хохирогч Б.Бямбадоржид учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл ба энэ нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹12083 тоот дүгнэлтээр тогтоогдож байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн Байцаан Шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан уг хэрэгт шууд хамааралтай тул хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокурорын газраас шүүгдэгч А.Хүслэнд холбогдуулан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

            Иймд А.Хүслэнг 2016 оны 08 дугаар сарын 28-нд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн цагаан байрны автобусны буудлын орчим хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Бямбадоржийг зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Хохирогч Б.Бямбадорж эмчилгээ сувилгааны зардалд 800.000 төгрөг нэхэмжилснийг А.Хүслэн нөхөн төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Б.Бямбадорж нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

 

            Шүүгдэгч А.Хүслэнд ял шийтгэхдээ хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 55.1.3 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч А.Хүслэн анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэж оногдуулсан ялыг тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэх нь зүйтэй байна.