Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 1042

 

 

 

2019            10             17                                           2019/ДШМ/1042

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

хохирогч Ц.С,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулж,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 697 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бий өмгөөлөгч Б.Дийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Бд холбогдох эрүүгийн 1909014960504 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн  Б.Б, 1993 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ::::................... тоотод оршин суух, /РД: ..................../,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1348 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.2, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн;

Б.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, 12б байрны Б1 дүгээр давхарт байрлах автомашины зогсоол дээр иргэн Ц.С-г хувийн маргаанаас үүдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Бээс 128.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Сд олгох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Бий өмгөөлөгч Б.Д гаргасан давж заалдах гомдолдоо: “... Тухайн хэрэг болох үед байсан дуудлагын жолоочийг гэрчээр байцаах, шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй дахин дүгнэлт гаргуулах зэрэг хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхээс хүлээж авалгүй яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн. 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4464 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй талаар үндэслэл бүхий санал гаргасан. Тухайлбал, уг дүгнэлтэд “Ц.С-н биед тархи доргилт, зүүн мөр, зүүн бугалага, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо” гэжээ. Гэтэл “Натур” эмнэлгийн баримтад “Тархины эдэд голомтот болон эзэлхүүнт бүтцийн эмгэг өөрчлөлтгүй, тархины бор, цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай” гэсэн байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4 дүгээр зүйлийн 1.8-д “Тархи доргилтын дараах үлдэц “... 2 нүдний аньсганы зай өөр өөр болж, хамар уруулын нугалаас гөлийн, нүдний зовхи ба гар хуруу чичирч, шөрмөсний рефлекс ихсэн судасны агшилт тэлэлтийн хямралын шинж илрэх” гэж заасан бөгөөд уг шинж тэмдэг нь хохирогч Ц.Сэд илрээгүй нь холбогдох баримтаар нотлогдсоор байхад тархи доргилт гэж хөнгөн зэргийн гэмтэл гаргасан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан “Шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн бодитой хийх” гэснийг зөрчсөн. Анхан шатны шүүхэд дээрх саналыг өмгөөлөгчийн зүгээс гаргасан боловч хүлээж аваагүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч Ц.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тухайн үед надад гэмтэл учирсан тул би эмнэлэгт үзүүлсэн зардлаа нэхэмжилсэн. Цаашид шүүгдэгч ийм ёс зүйгүй үйлдэл гаргахаа болих хэрэгтэй. Би одоог хүртэл гомдолтой байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. ...” гэв.

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... “Натур” эмнэлгийн дүгнэлтэд хохирогчийг тархины голомтод өөрчлөлтгүй гарсан гэх асуудлыг шүүгдэгчийн өмгөөлөгч ярьдаг. Гэвч тухайн дүгнэлтэд “тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай” гэх онош байдаг. Зүүн талын хажуугийн ховдлын урд эвэр, баруун талын хажуугийн урд эвэртэй харьцуулахад хэмжээ жигд бус нарийссан гэж дүгнэсэн. Шинжээч эмч дүгнэлт гаргахдаа хохирогчид биечлэн үзлэг хийсэн. Үзлэг хийх явцад биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, асуусан асуултад хариулна, нүдний алимны чичирхийлэлт хөндлөн чиглэлд илэрнэ, дагзны булчингийн хөшинг 2 хуруу гэсэн нөхцөл байдал эрүүл мэндэд нь илэрсэн. Зовиурын хувьд толгой өвдөнө, эргэнэ, юм таллаж харна, дотор муухайрах зовиуртай байсан. Эдгээрийг үндэслэж хохирогчийн биед тархи доргилт гэмтэл учирсан гэсэн дүгнэлт гарсан. Мөн мөр, зүүн бугалга, зүүн гуяа, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдсон. Шинжээчийн мэдүүлэгт “бусад гэмтлүүд гэмтлийн зэрэгт хамаарахгүй, тархи доргилт гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл байх боломжтой” гэж мэдүүлсэн. Шүүгдэгчийн эрүүл мэндэд хохирол учирсан эсэх талаар мөн дүгнэлт гаргуулахад “дагзны булчингийн хөшингөгүй” гэх тодорхой заалтуудыг зааж, гэмтэл тогтоогдоогүй. Шаардлагатай байсан бол шүүгдэгч болон түүний өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанаар шинжээч эмчийг оролцуулан тархи доргилтыг юуг үндэслэж гаргасан талаар тайлбар авах боломж байсан. Тархи доргилтоос бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул  хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүчингүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Бд холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

Б.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, 12б байрны Б1 дүгээр давхарт байрлах автомашины зогсоол дээр иргэн Ц.С-г хувийн маргаанаас үүдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.С-н “... тухайн машины жолоочид автомашинаа ухраачих уу гэхэд шууд бууж ирээд намайг хараад доромжилоод дайраад миний нүүр хэсэг рүү нэг удаа цохиод зүүн талын мөр хэсэг рүү хүчтэй цохисон. Тэгэхээр нь би болиочээ гэтэл намайг түлхээд авсан. Миний уур хүрээд урдаас нь хэрэлдсэн. Тэгээд машинаа тойроод зугтсан. Нөхөр машиндаа суу, боль гэхээр нь машиндаа суух гэтэл манай нөхөр лүү дайраад машин дотроо сууж байх үед нь цонхоор нь гараа оруулж нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон. Намайг машин дотор суучихсан байхад машины хаалга онгойлгоод миний зүүн хөл хэсэгт удаа дараа өшиглөсөн. ...” /хх-4-5/,

гэрч С.Б-ийн “... манай эхнэр Ц.С тухайн автомашины хаалгыг онгойлгосон чинь шууд манай эхнэр лүү дайраад нүүр, бие хэсэг рүү нь цохиод байсан. Тэгэхээр нь би бууж очоод маргааныг салгатал над руу тухайн автомашины жолооч дайрч миний нүүр лүү удаа дараа цохисон. Тэгээд би машиндаа суугаад хаалгаа хаатал онгойлгоод дайраад байхаар нь хаалгаа түгжтэл цонх руу гар утсаараа цохиод байсан. Цонхоо онгойлготол миний нүүр лүү дахин цохисон. ...” /хх-6/,

гэрч Д.Л-ийн “... С дуудлагын жолоочоор машинаа бариулаад орж ирсэн. Сгийн автомашиныг зогсоолд оруулахын тулд урд талд нь зогсоодог автомашины түлхүүрийг Сд өгсөн. Тэгж байтал манай гаражийн 0 тоотод машинаа тавьдаг Ц.С орж ирээд машинаасаа буугаад Сд “машинаа холдуулчих, эгч нь машинаа тавъя” гээд машиных нь хаалганд хүртэл С бууж ирээд “чи миний машинд хүрдэг хэн бэ” гээд Ц.Сэг түлхсэн чинь Ц.С буцаагаад түлхсэн. Гэтэл С нь Ц.Сэг алгадаад тэр хоёр хоорондоо хэрэлдсэн. Тэр үед Ц.Сэгийн нөхөр машинаасаа бууж ирээд Сг салгах гэхэд С нөхрийг нь цохиод, Ц.Сэг барьж аваад цохиод байсан. Тэгээд нөхөр нь Ц.Сэг машиндаа суулгасан чинь С машиных нь хаалгыг онгойлгоод Ц.Сэг дахин цохиод байсан. Тэр үед би салгаад Ц.Сэгийн машины хаалгыг хаагаад явуулсан. Гэтэл С нь Ц.Сэгийн гэрийн хаягийг асуугаад “би гэрт нь орно, гэрийг нь самнана” гэхээр нь би гэрийг нь мэдэхгүй гэж хэлсэн. ...” /хх-10-11/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 4464 дугаартай “... Ц.С-н биед тархи доргилт, зүүн мөр, зүүн бугалга, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-18/,

“Натур” эмнэлгийн компьютер томографийн оношлогоо /хх-14/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-48-49/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-51/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Прокуророос Б.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүхээс Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Б.Бд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон, хүнд биш байна.

Шүүгдэгч Б.Бий өмгөөлөгч Б.Д нь “... шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, хохирогч Ц.С нь 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “Натур” эмнэлэгт компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн байх ба уг шинжилгээнд “... Ц.С-н тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай. Зүүн талын хажуугийн ховдолын урд эвэр баруун урд эвэр баруун талын хажуугийн ховдолын урд эвэртэй харьцуулахад хэмжээ жигд бус нарийссан. 2 талын гайморовын хөндийн салст хязгаарлагдмал зузаарсан. ...” гэжээ. /хх-14/

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр “Ц.С-н биед тархи доргилт, зүүн мөр, зүүн бугалга, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. ...эрүүл мэндийг  нь түр хугацаагаар сарниулсан тул хөнгөн гэмтэл учирсан” гэх дүгнэлт гарчээ.

Шинжээч эмч Б.Долгормаа нь “Натур” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээг үндэслэн хохирогч Ц.Сд биечлэн үзлэг хийж дээрх дүгнэлтийг гаргасан байх тул уг дүгнэлтийг үндэслэлгүй гарсан гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн шинжээч эмч Б.Долгормаад Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлд заасан хариуцлага хүлээлгэх заалтуудыг тус тус урьдчилан сануулж шинжилгээ хийлгэсэн, түүний гаргасан шинжээчийн дүгнэлтийг зориуд худал гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй учраас дахин шинжээч томилж шинжилгээ хийлгэх шаардлагагүй байна.

Иймд шүүгдэгч Б.Бий өмгөөлөгч Б.Дийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 697 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 697 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бий өмгөөлөгч Б.Дийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН