Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01249

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/03351 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 180 дугаар магадлалтай, 

*******гийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох  

4,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайханы гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэлмэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* ХХК болон ******* нар нь 2018.04.06-ны өдөр №3501/1070 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, 10 давхрын 70 тоот 3 өрөө 61.88 м.кв талбайтай байрыг 123,760,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч гэрээний урьдчилгаа төлбөрт 28,000,000 төгрөг төлсөн. Тус гэрээний 3.1-д ...орон сууцыг захиалагчид 2019 оны 1 дүгээр улиралд 100 хувь ашиглалтад оруулж хүлээлгэн өгнө... гэж заасан боловч 2019 оны 07 дугаар сарын байдлаар байр ашиглалтад ороогүй тул гэрээг Э.Энхтуяагийн санаачилгаар цуцалсан. ******* ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй боловч гэрээ цуцалсны торгууль гэж төлсөн төлбөрийн 15 хувь буюу 4,800,000 төгрөгийн торгууль ногдуулсан. Гэтэл 28,000,000 төгрөгийн 15 хувь 4,200,000 төгрөг болж байхад 600,000 төгрөг илүү ногдуулж авсан, мөн гэрээнд торгууль төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Торгууль 4,200,000 төгрөгийг нэхэмжлэгч *******д гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн 28,000,000 төгрөгөөс 23,800,000 төгрөгийг буцаан төлсөн ба гэрээгээр талуудын тохиролцсон торгууль 4,200,000 төгрөгийг суутгасан нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/03351 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ХХК-иас 4,200,000 төгрөг гаргуулж, Э.Энхтуяад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 91,750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 180 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/03351 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид ******* ХХК-ийн төлсөн 91,750 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэсэн байна.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2 шатны шүүх ...ажил гүйцэтгэгч тал гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн нь үүргээ зөрчсөн тул захиалагч тал гэрээг дангаар цуцлах эрхтэй... гэж дүгнэснээс Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Мөн хуулийн заалтад үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу, урьдчилан сануулах шаардлага тодорхой тохиолдлууд буюу заасан үндэслэл жүрмын дагуу гэрээ цуцлах бол нэхэмжлэгчийн зүгээс ямар нэг үр дүн гарахгүй болох нь тодорхой болсон гэх үндэслэлийг заасан боловч маргаан бүхий орон сууц нь Алтай хотхон төслийн хүрээнд дуусах шатанд баригдсан, одоо ашиглалтад орж захиалагчдаа нэгэнт хүлээн авсан барилга тул түүнийг ямар нэгэн үр дүн гарахгүй нь тодорхой болсон гэж үзэх ямар ч үндэслэлгүй. Иймд гэрээ цуцалсны торгууль буюу гэрээ цуцалж уг орон сууцыг авахгүй болсон тохиолдолд төлсөн торгууль нь хууль зөрчөөгүй бөгөөд хүчин төгөлдөр хэрэгжиж байсан гэрээний тохиролцоо юм. Учир нь зохигчийн хооронд байгуулсан гэрээний 1.5.б-д "Барилгын ажлын явцад гэрээнд өөрчлөлт оруулах болон гэрээнээс талууд татгалзах гэрээг цуцлах тохиолдолд 2 тал бичгээр гэрээнд заасан и-мэйл хаягаар саналаа явуулна" гэж гэрээнээс татгалзах болон цуцлах тухай тохиролцоог баталгаажуулжээ. Түүнчлэн захиалагч талаас гэрээнд заасан хугацаандаа ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй бол гэрээний 3.3-т зааснаар "Байр ашиглалтад орох хугацаа 60 хоногоос илүү хугацаагаар хойшилсон тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлсөн дүнгийн 0,01 хувийн алданги тооцож захиалагчид олгох"-оор хугацаа хэтрүүлсэн ажил гүйцэтгэгчийн хариуцлагын талаарх тохиролцоог баталгаажуулсан.

Дээрх нөхцөл байдлууд нь захиалагч талыг гэрээгээ цуцлах явцыг дангаараа хэрэгжүүлж орон сууцыг худалдан авахаас татгалзсан тул гэрээний 2.8 дахь хэсэгт заасан 15 хувийн торгуулийг манайд төлөх үүргийг хүлээх нь зүйтэй. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.1-д заасан гүйцэтгэгч талыг үүргээ ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна мөн хуулийн 225 дугаар зүйлд заасан нэмэлт хугацаа тогтоогоогүй, мөн хуулийн 226 дугаар зүйлд заасанчлан нэхэмжлэгч нь ямар нэг үр дүн гарахгүй нь илт тодорхой болсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд эндээс захиалагч дангаараа гэрээгээ зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь орон сууц ашиглалтад орох хугацаа бусад этгээдээс хамааралтай байдаг бөгөөд нэгэнт Алтай хотхоны төсөл дуусах шатандаа явж байсан 35-р байр одоо ашиглалтад ороод байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

******* нь ******* ХХК-д холбогдуулан 2018.04.20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4,200,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.  

Хяналтын шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайханы гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

1. Орон сууц захиалгаар барих 2018.04.06-ны өдрийн 3501/1070 дугаартай гэрээгээр ******* ХХК Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 35 дугаар байрны 240 айлын орон сууцны барилгын 10 дугаар давхрын 70 тоот, 61.88 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2019 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулах, ******* 2018.04.06-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сараас сар бүр 1,000,000 төгрөг, нийт 123,760,000 төгрөг төлөхөөр харилцан талууд тохиролцжээ.  

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан хуулийн шаардлага, агуулгад нийцсэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ. 

2. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус хуульчилжээ. 

а/ Нэхэмжлэгч 2018.04.06-ны өдрөөс 2019.03.26-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 28,000,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан банкны дэлгэрэнгүй хуулга, төлбөрийн баримтаар нотлогдож байна. 

б/ ******* ХХК гэрээний 3.1-д заасан орон сууцыг 2019 оны 1 дүгээр улиралд 100 хувь ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс ******* гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 28,000,000 төгрөгөөс 23,800,000 төгрөг буцаан авсан нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.  

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 227.2.-т зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй юм. 

Гэрээнээс татгалзсан явдалд хоёр талын аль нэгийг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тохиолдолд ийнхүү татгалзсантай холбоотой хохирлыг хэн аль нь бие биенийхээ өмнө хүлээх үүрэггүй байна. 

******* ХХК нь гэрээний 3.1-д зааснаар орон сууцыг 2019 оны 1 дүгээр улиралд 100 хувь ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүргээ зөрчсөн гэж үзнэ. 

3. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заажээ. 

Гэрээний 2.8-д Захиалагч нь энэ гэрээг дангаараа зөрчиж орон сууцыг худалдан авахгүй тохиолдолд төлсөн төлбөрийнхөө 15 хувийг торгуульд төлж үлдсэн хэсгийг авах... гэж талууд тохиролцсон байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шаардлага ба татгалзлын үндэс болсон баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Зохигчийн шүүхэд гаргасан тайлбараас үзвэл гэрээнээс хэн аль нь татгалзсан, хариуцагч 23,800,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн, цаашид Орон сууц захиалгаар барих 2018.04.06-ны өдрийн 3501/1070 дугаартай гэрээ биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. гэж заасны дагуу гэрээг цуцалж, өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцжээ.  

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийн шаардлаыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийг оновчтой зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайханы гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 180 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайханы гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.МӨНХТУЯА    

           ШҮҮГЧИД                                                  Г.БАНЗРАГЧ  

                                                                              П.ЗОЛЗАЯА 

                                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

Д.ЦОЛМОН