Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг  шүүгч Ш.Оюунгэрэл даргалж,  тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд  нээлттэй явуулсан  хуралдаанаар:

           Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1 дүгээр баг, Гангын 3-37 тоотод оршин суух, /РД:ЛЕ91022404, утасны дугаар 89491161/, Хонгор овогт Б.Мын нэхэмжлэлтэй 

           Хариуцагч: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1 дүгээр баг, Яргайт гэх газар нутаглах, /РД:ЛГ87050718 утасны дугаар 89840003/, Загар овогт Д.Хт холбогдох

           “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв

          Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар С.Бат-Очир, нэхэмжлэгч Б.М, Д.Х нарыг оролцуулав. 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Б.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М миний бие 2009 онд Д.Хтай танилцаж, 2011 онд том хүү Мөнхбатыг төрүүлж, 2012 онд албан гэр бүлээ батлуулсан. Анх гэр бүл болоход л Д.Хын зан ааш хурц гэдгийг мэдсэн ч засарна гэж бодсон. Бид хамт амьдраад 3 хүүхдийн ээж аав болсон ч Д.Х ямар ч хариуцлагагүй, өрхийн тэргүүн, эцэг хүн шиг байдаггүй. Гэр бүл болсон цагаас хойш л байнгын хэрүүл маргаан, хэл амаар доромжлох, гар хүрэх байдал гаргадаг байсан тэр болгоныг уучилсаар өдийг хүрсэн. Дарамтад амьдрах дуртайдаа амьдраагүй, хэдэн хүүхдээ бодож л амьдарч ирсэн. 2 бага хүүхдээ гэдсэнд байхад хүртэл зодож, хэд хэдэн удаа тусдаа амьдарцгаасан. 

          Д.Хт өөрийгөө засах, өөрчлөгдөх боломжийг нэг биш олгосон. Архи уусан үедээ болон эрүүл байсан ч зоддог байсан. Нэг удаа дунд хүү бид хоёрыг хөөж гаргаад гэрээ буулгаж орхиод өөрөө алга болж байсан. Дунд хүү маань төрөлхийн сонсголын бэрхшээлтэй, Эх нялхсын эрүүл мэндийн төв эмнэлгийн байнгын хяналтад байдаг. Энэ их ховор тохиолддог сонсголын бэрхшээл гэсэн, юунаас болж ийм болсныг мэдэхгүй, жирэмсэн байх үеийн стресс, сэтгэл зүйн дарамт нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Хүүдээ сонсголын аппарат ойрын хугацаанд суулгахгүй бол нөгөө чихний сонсголд нөлөөлөх байдал ч үүсээд байгаа. Энэ байдлыг Д.Х ойлгодоггүй, үл тоомсорлож, тусламж үзүүлдэггүй. Түүнийг засарна гэдэгт итгэхгүй, хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаарал тавих л хэрэгтэй байна. Д.Х уурлахаараа юугаар ч хамаагүй цохиж зоддог, биеэ хянах чадваргүй, дараа нь юу хэлж, ямар үйлдэл гаргаснаа санадаггүй, ийм хүнтэй хамт амьдарч бие сэтгэл, эрүүл мэндээрээ хохирмооргүй байна. Д.Хаас гэрлэлтээ цуцлуулж, Х.Мөнхбат, Х.Сүхбат, Х.Болор-Эрдэнэ нарыг миний асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэгт гаргуулж өгнө үү гэв.

           Хариуцагч Д.Х шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие Д.Х нь Мөнхзултай 2012 онд гэр бүл болж, том хүү Мөнхбатыг төрүүлсэн. Одоо гэр бүлийн асуудлаас болж салсан тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Том хүү Мөнхбат надтай байдаг болохоор би өөрийнхөө асрамжид байлгана. Харин би бага 2 хүүгээ ээжтэй нь байлгаж хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв. 

            Нэхэмжлэгч нь хариуцагчийн тайлбарыг сонсоод гаргасан хариу тайлбартаа: Би том хүүгээ өгөхгүй, энэ хүн гэрийн бараа хардаггүй алга болдог, хадам аав л энэ хүүхдийг хардаг юм. Иймд би хүүгээ өгөхгүй өөрийн асрамжинд авч дүү нартай нь цуг байлгана. Өөрөө ч дүү нартайгаа байна гэдэг боловч явуулахгүй байна гэж байсан гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. 

           Нэхэмжлэгч Д.Мөнхзул нь “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Хт холбогдуулан гаргажээ.  

           Хариуцагч Д.Х нь нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах, 2 бага хүүгээ асрамжид авна гэсэн шаардлагыг зөвшөөрч байна гэсэн боловч том хүү Х.Мөнхбатыгаа өөрийн асрамжид байлгана гэж маргаж байгааг нэхэмжлэгч Б.М зөвшөөрөхгүй байгаа болно. 

          Зохигчид 1991.02.24-ний өдөр гэр бүл болсон болохыг 2012.10.02-нд бүртгэж гэрлэгчдийн гэрчилгээ олгосон нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, 2013.06.19-ны өдөр хүү Х.Сүхбат, 2017.09.07-ны өдөр хүү Х.Болор-Эрдэнэ, 2011.11.21-ний өдөр  хүү Б.Мөнхбат нар төрсөн болох нь төрсний бүртгэлийн лавлагаануудаар нотлогдож байна. 

         Зохигчид таарамжгүй харьцааны улмаас болж тус тусдаа амьдарч байгаа ба цаашид аль аль нь хамтран амьдрах сонирхолгүй байгаа тул зохигчдыг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах боломжтой байна гэж шүүх үзлээ. 

         Харин зохигчид бага 2 хүүгээ ээжтэй нь байлгах талаар санал тохирч байгаа ба том хүү Х.Мөнхбатыгаа хоёулаа авна гэж маргаж байгаа тул энэ хүүхдийн асрамжийг шүүх тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Шүүх хүүхдийн асрамжийг тогтоохдоо Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн хамгааллын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна” гэж, 12 дугаар зүйлийн 1-д “Оролцогч улсууд өөрийн үзэл бодолтой байх чадвар бүхий хүүхдийг өөртэй нь холбоотой, бүх асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нөхцлөөр хангах бөгөөд хүүхдийн нас төлөвшлийн байдлыг харгалзан түүний үзэл бодолд ач холбогдол өгнө” гэж заасны дагуу зохигчдын маргаж буй хүү Х.Мөнхбатаас эцэг эхийнхээ хэнтэй нь хамт амьдрах талаар санал авахад ээжтэйгээ амьдрах санал гаргасан юм. Иймд хүүхдийн саналыг харгалзан үзэх шаардлагатай байгаагаас гадна эцэг Д.Х нь улирлын чанартай хөдөлмөр эрхэлдэг, олон сараар гэрээсээ хол байдаг зэргийг харгалзан үзэж зохигчдын хүүхдүүдийг эх Б.Мын асрамжид нь байлгаж, эцгээс нь хүүхдүүдэд  нь тэтгэлэг гаргуулах нь  зүйтэй гэж үзлээ.

          Нэхэмжлэгч Б.Мыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болно. Хариуцагч Д.Хаас гэрлэлт цуцлуулах, асрамж тогтоох нэхэмжлэлийн шаардлагаас 140 400 төгрөг, 1 жилд төлөх 3 хүүхдийн тэтгэлгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 68 979 төгрөг, нийт 209 379 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна. 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл 118  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.1-д заасныг баримтлан Хонгор овогт Б.М, Загар овогт Д.Х нарын гэрлэлтийг цуцалсугай.

           2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2013.06.19-ны өдөр төрсөн хүү Х.Сүхбат, 2017.09.07-ны өдөр төрсөн хүү Х.Болор-Эрдэнэ, 2011.11.21-ний өдөр төрсөн хүү Б.Мөнхбат нарыг эх Б.Мын асрамжид байлгасугай. 

           3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан Х.Мөнхбат, Х.Сүхбат, Х.Болор-Эрдэнэ нарыг 11 нас хүртэл сар бүр, тус бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 настай болтол сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Д.Хаар тэжээн тэтгүүлсүгэй. 

           4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.

           5.  Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6-д зааснаар тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр тогтоосон сар бүр төлвөл зохих тэтгэмжийг 3 сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох болохыг дурдсугай.

            6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д зааснаар Б.М, Д.Х нар гэрлэлтээ цуцлуулсан боловч хүүхдээ хүмүүжүүлэхэд эцэг эхийн хүлээх үүрэг нь хуульд заасны дагуу хэвээр байх болохыг дурдсугай.

            7. Гэр бүлийн тухай хуулийн 26.6-д зааснаар хүүхдийн ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлт цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулсахыг хориглосон болохыг дурдсугай.

            8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Мыг  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн ба хариуцагч Д.Хаас гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох гэсэн шаардлагаас 140400 төгрөг, 1 жилд төлөх 3 хүүхдийн тэтгэлгийн хэмжээнээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 68 979 төгрөг, бүгд 209 379 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

            8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Цолмонд даалгасугай. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт  Сүхбаатар  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ