| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2023/0070/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/78 |
| Огноо | 2023-01-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | О.Пүрэвсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
улсын яллагч О.Пүрэвсүрэн,
шүүгдэгч Б.Б, М.С нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Б, М.С нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Б овогт Б.Б, Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 25 настай, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа барилгын засал эрхэлдэг, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Хустайн 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суудаг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй
2. Х овогт М.С /, Монгол Улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-2, ээжийн хамт Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо дүгээр гудамж тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч М.С, Б.Б нар нь бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэртэй караокены гадна иргэн Б.Тыг зодож биед “хамар ясны хугарал, баруун дээд зовхи, доод зовхинд цус хуралт, баруун, доод зовхинд зулгарал, дээд уруул, хэлэнд няцарсан шарх, дээд үүдэн баруун 1, 2-р шүдний хөдөлгөөн гэмтлүүд” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.
1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б, М.С нар “...нэмж мэдүүлэг өгөхгүй” гэцгээв.
1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
- Улсын яллагчаас “2022 оны 12-р сарын 16-ны өдрийн 1476 дугаартай яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулна” гэв.
- Шүүгдэгчид “Шинжлэн судлах нотлох баримт байхгүй” гэцгээв.
1.3 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвээс
Шүүгдэгч М.С, Б.Б нар нь бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэртэй караокены гадна иргэн Б.Тыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч Б.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 05-ны орой том охины ангийн эцэг эхчүүдийн дунд спортын тэмцээн болно гээд хэдэн эцэг эхчүүдтэй хамт заал аваад тэндээсээ нэртэй бааранд эхнэр бид хоёр нийлээд найман хүн орохоор болсон. Би 4 лаазтай пиво уусан, эхнэр уугаагүй бусад нь 2-3 лаазтай пиво ууцгаасан байх, их согтолттой хүн байгаагүй. Тэгтэл хоёр эрэгтэй тамхи татахаар гарсан. Уг баарны хүн надад тантай хамт яваа хоёр хүнийг гадаа хүмүүс зодоод байна гэхээр нь би эхнэрийн хамт дотор байсан хоёр эмэгтэйтэй хамт гарсан. Гадаа гартал Н, Р нарын аав нар гадаа үл таних гурван эрэгтэй, нэг эмэгтэйтэй маргалдаад зогсож байхаар нь би очоод ингэж болохгүй гэж хэлээд удалгүй цагдаа нар ирсэн. Эргүүлийн цагдаагийн машинд тэр маргалдсан гэх эмэгтэйн хамт Н, Р нарын аав нартай хамт суулгачихсан чинь эмэгтэйтэй хамт явж байсан 3 залуу цагдаагийн машины хаалгыг хоёр талаас нь онгойлгоод тэр хоёр аавыг цохиод байсан. Тэгээд би тэр машин дээр очоод та нар болиоч гээд арай өндөр залуугийн куртикнийх нь араас нь татсан чинь эргэж хараад хамар, нүд рүү 2-3 удаа гараараа цохиод би газарт унасан чинь нөгөө жижиг биетэй залуу нь шууд нүүр, ам хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Би хэсэг хугацаанд ухаан алдсан байсан. Энэ үйл явдлыг манай эхнэр, Нарансолонгын ээж, Мөнх-Оргилын ээж нар гадаа зогсож байсан болохоор харсан, мөн дуудлагаар ирсэн хоёр цагдаа харсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),
- Иргэний нэхэмжлэгч Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 05-ны 23 цагийн орчимд байх өөрийн 00 улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн машинтайгаа явж байгаад нойр хүрээд байхаар нь түр амрах зорилгоор Баянхошууны тойргийн орчимд нэртэй баарны гадаа автобусны буудал дээр зогсож байсан чинь хэдэн залуучууд зодолдож байсан. Тэгээд ноцолдож зууралдаж байгаад машины зүүн талын толийг хугалчихсан. Би машинаас буугаад тухайн хүмүүст хэлсэн чинь намайг тоохгүй хоорондоо маргалдаад зодолдоод байсан. Эхлээд толь хугалахад 5-6 эрэгтэй, эмэгтэй хүмүүс байсан, сүүлд эмэгтэй хүмүүс гарч ирсэн. Миний толийг хугалсан хүмүүс эрээн шоотой цамцтай залуу түлхээд бусад нийтлэг бараан өнгийн хувцастай байсан болохоор хэлж мэдэхгүй байна. Тухайн үед 5-6 хүн хоорондоо ноцолдож, зууралдаад байсан, хэн нь хэнийгээ цохисныг хараагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас),
- Гэрч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Энэ өдөр манай том охины ангийн эцэг эхчүүдийн дунд спорт тэмцээн болох гээд заал авахаар би нөхөр Б.Тын хамт хэдэн эцэг эхчүүдийн хамт явсан. Тэгээд бид нар нэртэй бааранд хэсэг сууя гээд орсон. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, манай нөхөр дөрвөн пиво уусан, бусад дөрвөн хүн 10 орчим пиво хувааж ууцгаасан...Удалгүй манай нөхрийг нэг хүн аваад гарахаар нь би араас нь үлдсэн хоёр хүүхдийн хоёр ээжийн хамт гарсан чинь нэг эмэгтэй пивоны хагарсан шил барьчихсан, над руу далайсан. Цагдаа нар ирээд тэр эмэгтэй, Анхбаяр болон Раднаагийн аавынх нь хамт машины ард суулгасан чинь тэд нар хоорондоо маргалдаад байх шиг байсан. Хамт явж байсан гурван залуу нь машины хаалгыг онгойлгоод цохих гээд дайраад байх шиг байхаар нь манай нөхөр араас нь очоод өндөр биетэй, цагаан царайтай залуугийн араас татаад болиоч гэсэн чинь нөхөртэй зууралдаж заамдалцаад нүүрэнд нь 2-3 удаа цохисон. Нөхөр Б.Т газар унахад жижиг биетэй залуу араас нь гүйж очоод нүүрэнд нь нэг удаа өшиглөсөн чинь хамраас нь цус гараад 10 минут ухаан алдчихсан. Цагдаа нар нөгөө залууг нь салгаад цааш нь чирээд явсан хойгуур нөгөө хоёр нь манай нөхрийг цохиж өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас),
- Гэрч М.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...цагдаа дээр ирээд дүү өшиглөсөн, нөхрийг нь хавсарч унагаасан гэж мэдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас),
- Гэрч Б.Омөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.Тыг хоёр эрэгтэй нь зодоод нүүр амнаас нь цус гаргачихсан байсан. Яг яаж хаашаа нь цохисныг бол хараагүй. Б.Тын эхнэр нь орилоод хоёр хүн зодчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас),
- Гэрч Г.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...гадаа манай нөхөр, Раднаабаярын аав хоёр гурван эрэгтэй, нэг эмэгтэйтэй маргалдаад зодуулсан гэж хэлсэн. Тэр ганцаараа байсан эмэгтэй тэнд байсан эмэгтэйчүүдийг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн чинь тэр эмэгтэйн нөхөр гээд байсан залуу Б.Ттай барьцалдаж аваад нүүрэнд нь хэд хэдэн удаа цохиод байсан. Тэгээд газарт унагаасан чинь өшиглөсөн. Яг хэн өшиглөсөн эсэхийг санахгүй байна. Цагдаа нар очиж салгасан. Б.Тын нүүрнээс их цус гараад бид Гэмтлийн эмнэлэгт очсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас),
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай (хэсэг газрын үзлэгээр баруун дээд зовхины дотор буланд 2.0х1.0см, доод зовхины дотор буланд 1.0х1.0см улаан өнгийн цус хуралттай, доод зовхинд 0.6х0.5см хүрэн өнгийн зулгаралттай, хамрын нуруу хавдаж овойсон, хамрын нуруун зүүн тийн мурийсан, хамрын амьсгал 2 талд саадтай, дээд уруулын баруун буланд 2.0см зах ирмэг тэгш бус салст руу гүн орсон улаан цайвар өнгийн шархтай, дээд уруул хавдаж овойсон, хэлний зүүн буланд 1,3см цайвар ягаан өнгийн шархтай, дээд үүдэн баруун 1.2-р шүднүүд эмзэглэлтэй, хөдөлгөөнгүй)
дүгнэлтэд Б.Тын биед хамар ясны хугарал, баруун дээд доод зовхи, доод зовхинд цус хуралт, баруун доод зовхинд зулгаралт, дээд уруул, хэлэнд няцарсан шарх, дээд үүдэн баруун 1, 2-р шүдний хөдөлгөөн гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 2022 оны 11-р сарын 06-ны өдөр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дугаар тал),
- Шинжээч эмч Б.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.Тын биед хамар ясны хугарал, хэлэнд няцарсан шарх, дээд үүдэн баруун 1, 2-р шүдний хөдөлгөөн гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад хэсгийн цус хуралт, зулгаралтууд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих цохигдох хүчний үйлчлэлийн олон удаагийн үйлдлээр үүссэн бөгөөд өшиглөх, гараар цохих аль алинд нь үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн байсан.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.Б, М.С нар нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, иргэн Б.Тын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэх шинжийг бүрэн агуулжээ.
Тиймээс шүүгдэгч Б.Б, М.С нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байх тул тэднийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нар “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, зүйлчлэл, хэргийн талаар маргаж мэтгэлцээгүй” болно.
Шүүгдэгч нараас яллагдагчаар болон хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Шүүгдэгч Б.Б, М.С нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” заасан эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг гаргасан тул шүүгдэгч нарын “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв.
1.4 Хохирол, хор уршиг
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй,...бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилжээ.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба “...миний хамар хугарсан. Энэ гэмтлээ эмчлүүлмээр байна, шүд бага зэрэг хөдөлгөөн орсон. Хамраа тэгшлүүлмээр байна, гаргаж өгөх баримт байхгүй” гэх мэдүүлэг, хүсэлт (хавтаст хэргийн 6, 91 дүгээр тал)-ийг гаргажээ.
Иймд дээрх хуульд заасны дагуу хохирогч Б.Т нь уг гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбогдуулан нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Иргэний нэхэмжлэгч Бд “Мастер үнэлгээ” ХХКомпанийн 2022 оны 12-р сарын 08-ны өдрийн 22/023 дугаартай хөрөнгийн үнийн тодорхойлолтоор “Тоёота Приус-20 загварын автомашины толь 120.000 төгрөгийн шууд хохирол...” гэжээ.
Иймд шүүгдэгч тус бүрээс 60.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Бд олгож шийдвэрлэлээ.
Прокуророос шүүх хуралдаанд оролцуулах тусгайлан гаргасан саналгүй байсан ба Шүүхээс хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй болохыг тэмдэглэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б, М.С нарт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулах...” гэх дүгнэлтийг, шүүгдэгчид “хүлээн зөвшөөрч мэтгэлцээгүй“ болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, ...гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж тус тус заасан байна.
Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсэгт заасныг үндэслэн ял оногдуулах нь зүйтэй юм.
Шүүхээс шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг эрүүл мэндэд бүлэглэж халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан, цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй/, шүүгдэгч нарын хувийн байдал /үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа хөдөлмөр эрхэлж, тодорхой орлого олдог, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байгаа/-ын тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, М.С тус бүрийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, тэдний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэгт дүгнэлт хийж торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг сануулж, урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар.
Эрүүгийн тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Б, М.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Б, Х овогт М.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, М.С тус бүрийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.Б, М.С нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Баас 60.000 /жаран мянга/ М.Саас 60.000 /жаран мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Б-д олгож, хохирогч Б.Т нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Б, М.С нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б, М.С нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР