Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
Хэргийн индекс | 133/2019/00088/И/ |
Дугаар | 144 |
Огноо | 2019-04-30 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 144
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: О.Н-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох
ажилд эгүүлэн тогтоолгож, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс шүүх хуралдаан болох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй
дутуу гүйцэтгэсэн цагийн хөлс 2.676.880 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Н, түүний өмгөөлөгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гэрч Х.Д, Т.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Н нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2008 оны 09 сарын 01-ний өдөр Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд барилгын засал чимэглэлийн мэргэжлийн багшийн ажилд орж байсан. Тус байгууллагад 2008 оноос хойш өдийг хүртэл 11 жил ажиллаж байна. Энэ ажиллах хугацаандаа миний бие ямар нэгэн зөрчил гаргаж сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр захирал намайг ажлаас түр чөлөөлсөн тушаал гаргаад бичиг хэргийн ажилтанд үлдээгээд Улаанбаатар хот явсан байсан. Манай байгууллагын 4 хүнийг түр чөлөөлсөн тушаал гаргасан байсан. Бид нар тухайн үед уг тушаалыг аваагүй. 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс өдий хүртэл ажилгүй байгаа. Бид хуулийн хүнээс зөвлөгөө аваад өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах үүднээс шүүхэд хандахаар болж тушаалаа авах гэхэд миний тушаалыг өгөхгүй байсан. 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр миний тушаалд өөрчлөлт оруулан намайг ажлаас бүр чөлөөлсөн тушаал гаргаж өгсөн юм. Миний бие хийсэн ажилдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй гэнэт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн байгаадаа гомдолтой байна. Иймд О.Н намайг Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд барилгын засал чимэглэлийн мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн томилж, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс шүүх хуралдаан болох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Г.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын засал чимэглэлч мэргэжлийн багш О.Н-ыг 2018-2019 оны хичээлийн жилд барилгын засал чимэглэлч мэргэжлийн ангид элсэлт байхгүйн улмаас хичээлийн жилийн цагийн ачаалал нь /танхимын болон танхимын бус сургалтаар гүйцэтгэх/ хүрэлцэхгүй болсон тул 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр үүрэгт ажлаас нь түр хугацаагаар /2019-2020 оны хичээлийн жил хүртэл/ чөлөөлж, ажил олгогчоос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөр шийдвэрлэсэн юм. Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам”-ын 1.2-т заасны дагуу тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал тогтоох бөгөөд захирлын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/57 дугаар тушаалаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2018-2019 оны хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог батлан, тогтоосон юм. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2018-2019 оны хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог тогтоохдоо Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/251 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн ур чадварын түвшин, ажлын ачаалал тогтоох журам”-ын 4.1-ийг үндэслэн тухайн мэргэжлийн ангиудын элсэлт, уг элсэлтээс үндэслэн баталсан сургалтын төлөвлөгөөг баримталдаг болно. Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/251 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн ур чадварын түвшин, ажлын ачаалал тогтоох журам”-ыг үндэслэн О.Н багшийн ур чадварын түвшин “дадлагажигч багш” зэрэглэлд тогтоогдсон учир Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам”-ын 1.8-д заасны дагуу жилийн цагийн ачаалал нь 20 багц цаг буюу 18 багц цагийг танхимын сургалтаар, 2 багц цагийг танхимын бус сургалтаар гүйцэтгэх ёстой. / Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам”-ын 3.1. Онол, лаборатори, сургууль дээрх дадлагын 72 цагийн бодит гүйцэтгэлийг, үйлдвэрлэлийн ба төгсөлтийн өмнөх дадлагын 72 цагийн бодит гүйцэтгэлийг, танхимын бус сургалтын 72 цагийн бодит гүйцэтгэлийг тус тус нэг багц цаг гэж тооцно./ Багш О.Н-ын хичээл заадаг “Барилгын засал чимэглэлч” мэргэжлийн 3-р анги нь 2019 оны 01 сарын 04-нд төгссөн ба багш О.Н нь 2018 оны 09 сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 сарын 04-ний өдөр хүртэл 504 цаг буюу 8.2 багц цагийн хичээл заасан байна. Тус мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь 2018-2019 оны хичээлийн жилд барилгын засал чимэглэлч мэргэжлийн ангид элсэлт авахаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар хяналтын хуваарь батлуулсан юм. Гэвч 2018-2019 оны хичээлийн жилд барилгын засал чимэглэлч мэргэжлийн 12 суралцагчтай нэг л анги хичээллэн, багш О.Н нь хичээлийн жилд авах ёстой цагийн ачааллаа бүрэн авах боломжгүй болсон байна. Багш О.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 12-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан ба энэ хугацаанд сургалтын албанаас утсаар тодруулан асуусан боловч гэр бүлийн хүн нь утсыг нь авч О.Н ажлаас гарч байгаа гэдэг хариултыг өгч байсан. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш өдрийн ажил тасалсан тохиолдолд хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй юм. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал, багш О.Н-ыг 2018 оны 11 сарын 13-ны өдөр дуудан уулзахад ажлаасаа гарна гэдэг хариултыг өгсөн ба удирдлагын зүгээс багш О.Н-д хариуцаж байгаа анги нь 7 хоногийн турш хариуцсан багшгүй, орсон хичээл сургалтгүй байна, тэгээд ч сар гаруйн дараа төгсөх гэж байна, иймд хувийн асуудлаа зохицуулах боломж байна уу, он гараад заах хичээлгүй, цагийн ачаалалгүй болж байгаа тул 12 сарыг дуустал ажиллаад чөлөөлөгдвөл яасан юм бэ гэдэг саналыг тавьж, багш О.Н нь зөвшөөрч ажлаа үргэлжлүүлэн хийгээд он дуусгая, түүнээс өмнө өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгнө хэмээн тохиролцсон боловч сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн хойно би ажлаа үргэлжлүүлэн хиймээр байна гэдэг асуудлыг ярьсан. Тус мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь нэг суралцагчид ногдох хувьсах зардлаар санхүүждэг юм. Засгийн газрын 2012 оны 94 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив”-аар Говь-Алтай аймагт нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг дундаж норматив 591.600 төгрөг байна. Тус мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлт харьцангуй бага байгаа тул мэргэжлийн багш, ерөнхий эрдмийн багш нар цагийн ачаалалгүй буюу хичээлийн цаггүй болж байгаа ба 5 багш түр хугацаагаар ажлаасаа чөлөөлөгдөж байгаа.. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2018-2019 оны хичээлийн жилд /2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар/ нийт 17 мэргэжлээр, 22 бүлэгт, 245 суралцагч суралцаж байна. Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2019 оны батлагдсан төсөвт нийт суралцагчдын тоог 619 байхаар тооцсон. Багш О.Н нь 2019 оны 01 сарын 04-ний өдрөөс 2019 оны 02 сарын 19-ний өдрийг хүртэл хичээл заагаагүй боловч цалингаа бүрэн авсан. Багш О.Н нь 2019 оны 01, 02 дугаар сард нийт 1.317.577 төгрөгийн цалин авсан. Дээрх үндэслэлүүдийн дагуу барилгын засал чимэглэлч мэргэжлийн багш нь ажлын ачаалалгүй /мэргэжлийн хичээлийн цаггүй/ болсон тул багш О.Н-ыг үүрэгт ажлаас нь түр хугацаагаар чөлөөлсөн. О.Н-ын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Г.Г шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: Монгол улсын хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Журам батлах тухай” А/198/215 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтад “Мэргэжлийн боловсролын тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын онолын болон дадлагын багшийн сургалтын цагийн ачаалал, цалин хөлс, амралтын хоног нь адил тэгш байна гэж заасны дагуу онолын болон дадлагын багш, ерөнхий эрдмийн багшийн жилийн ачаалал ижил 20 цаг байхаар тусгажээ. Мөн “Журам батлах тухай” Хөдөлмөрийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/251 дугаар тушаалын хавсралтын 4.3 /Сургалтын төлөвлөгөөг биелүүлэхэд шаардлагатай нийт кредит цагийн 90-ээс доошгүй хувийг үндсэн багш нар гүйцэтгэхээр тооцно/, 4.4 /Энэхүү журамд заасан багшид тавигдах шаардлагын биелэлт, тухайн жилийн ажлын үр дүнгийн үнэлгээ 60-аас доош оноотой бол хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно./ Тус мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Барилгын засал чимэглэлийн мэргэжлийн багш О.Н нь 2018-2019 оны хичээлийн жилд Барилгын засал чимэглэлчин мэргэжлийн 3 дугаар ангид сургууль дээрх сургалтаар 144 цаг буюу багц цагт шилжүүлвэл 3.2, үйлдвэрлэлийн дадлагын 360 цаг буюу нэг багц цагт шилжүүлвэл 5.0, нийт 504 цаг буюу 8.2 багц цагийг гүйцэтгэсэн байна. О.Н багш нь дадлагажигч багш ур чадварын түвшинтэй тул нэг багц цагийн хөлс нь 144.000 төгрөг болно. Гүйцэтгэсэн танхимын сургалтын цагийн хөлсийг тооцвол 8.2 багц цаг*144.000 төгрөг=1.180.800 төгрөг болж байн. Багш О.Н нь 2018-2019 оны хичээлийн жил буюу 2018 оны 09 дүгээр сараас 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл нийт 3.857.680 төгрөгийн цалин урамшуулал авч ажилласан байна. Дээрх журмын 5.4-т танхимын ба танхимын бус сургалтын ажлын ногдол багц цагийг хүндэтгэх бус шалтгааны улмаас биелүүлээгүй нөхцөлд дутуу гүйцэтгэсэн багц цагийн хөлсийг тухайн цагт харгалзах хэмжээгээр багшийн цалин хөлснөөс хасаж тооцно гэж заасан байна. Иймд багш О.Н-ын дутуу гүйцэтгэсэн цагийн хөлс болох 3.857.680-1.180.800=2.676.880 /хоёр сая зургаан зуун далан зургаан мянга найман зуун наян/ төгрөгийг тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 100050037009 тоот дансанд буцаан төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч О.Н шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Захирал Г.Г нь Хөдөлмөрийн сайд, сангийн сайдын хамтарсан 2013 оны 09 сарын 27-ны өдрийн журам батлах тухай А/198/215 тушаалыг үндэслэж, мөн журам батлах Хөдөлмөрийн сайдын 2013 оны 12 сарын 22-ны өдрийн А/251 дугаартай тушаалыг үндэслэж хууль зүйн үндэслэлгүйгээр надаас 2.676.880 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Захирал Г.Г нь хичээл сургалтын цагийн тооцоог үндэслэлгүй буруу гаргасан. Тэгээд ч би тохирсон хөдөлмөрийн хөлсөө хуулийн дагуу авсан. Иймд надад холбогдуулж үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ нэхэмжлэл нь ямар ч нотлох баримтгүй болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Барилгын 6 багш байгаа. 6 багшийн цаг бүрэн гүйцэт биш, хүрээгүй. 6 багш кредит нь хүрэхгүй байгаа гэсэн үг. Хамгийн бага кредиттэй нь н.Д болон О.Н багш байгаа. О.Н багш эхний улиралд гүйцэтгэх ёстой 8.20 кредит цагаа гүйцэтгэсэн. Дараагийн улиралд гүйцэтгэх ёстой кредит байхгүй учраас ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч О.Н нь Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс шүүх хуралдаан болох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь О.Н-аас дутуу гүйцэтгэсэн цагийн хөлс 2.676.880 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч О.Н нь Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд барилгын засал чимэглэлийн мэргэжлийн багшаар ажиллаж байгаад 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн болох нь Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2008 оны 09 дүгээр сарын 01-ний 45 дугаар тушаал, тус төвийн захирлын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/13 дугаартай тушаалууд, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заажээ. Нэхэмжлэгч О.Н нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь О.Н-тэй 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, барилгын засал чимэглэлийн мэргэжлийн багшаар ажиллуулснаар зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна. /хх-ийн 32-36-рт/
Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 131 дүгээр зүйлийн 131.3 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 2.13, 5.18, 5.18.2.в, 11.9.1, Хөдөлмөрийн гэрээний 2.3.в дэх заалтыг тус тус үндэслэн О.Н-ыг ажлаас чөлөөлжээ. /хх-ийн 2-рт/
Хариуцагчийн төлөөлөгч Г.Г нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа “...Багш О.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 12-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан ба энэ хугацаанд сургалтын албанаас утсаар тодруулан асуусан боловч гэр бүлийн хүн нь утсыг нь авч О.Н ажлаас гарч байгаа гэдэг хариултыг өгч байсан. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш өдрийн ажил тасалсан тохиолдолд хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй юм. Мөн барилгын засал чимэглэлч мэргэжлийн багш нь ажлын ачаалалгүй /мэргэжлийн хичээлийн цаггүй/ болсон тул багш О.Н-ыг үүрэгт ажлаас нь түр хугацаагаар чөлөөлсөн...” гэж тайлбарлажээ.
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа “...Багц цаг нь хүрэлцэхгүй байсан. Орон тооны цомхотгол гэж үзэж болно. Хөдөлмөрийн сайд Боловсролын сайдын хамтарсан тушаалыг баримталж ажлаас чөлөөлсөн...” гэж ялгаатай тайлбарласан байна.
Хөдөлмөрийн гэрээний 2.3.в-д “Ажлын цагийг хүндэтгэх шалтгаангүйгээр 16 цаг түүнээс дээш хугацаагаар байгууллагын удирдлагад мэдэгдэлгүй, чөлөө, зөвшөөрөлгүйгээр тасалсан буюу 1 сарын ажил тасалсан нийлбэр дүн нь 16 цагаас дээш бол хөдөлмөрийн харилцааг зогсоох ноцтой зөрчилд тооцно” гэж, Хөдөлмөрийн дотоод журмын 5.18.2.в-д “ажилтан жилийн хугацаанд, багш хичээлийн жилийн хугацаанд ажлын 3 өдөр буюу нийлбэрээрээ 24 цагийн ажил тасалсан бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад ажилтны ажлын цагийг хэрхэн бүртгэдэг нь тодорхойгүй байх бөгөөд Багш нарын 11 сарын ажлын цагийн тодорхойлолт гэх баримтад ажиллавал зохих өдөр 20, ажилласан өдөр 15, тайлбар гэх хэсэгт 11 сарын 6, 7, 12, 13, 14 5 өдөр тасалсан гэх тэмдэглэл хийгдэж, захирал, нягтлан бодогч, сургалтын албаны менежер гарын үсэг зурсан байна. Үүнээс өөр цагийн бүртгэл хэрэгт авагдаагүй байна. /хх-ийн 111-112-рт/
Хариуцагч Г.Г-ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт “...Багш О.Н нь 2018 оны 11 сарын 05-ны өдрөөс 11 сарын 12-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан ба энэ хугацаанд сургалтын албанаас утсаар тодруулан асуусан боловч гэр бүлийн хүн нь утсыг нь авч О.Н ажлаас гарч байгаа гэдэг хариултыг өгч байсан...” гэдгээс үзэхэд хариуцагч нь О.Н-ыг ажил тасалсан болохыг 2018 оны 11 дүгээр сард мэдсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч нь О.Н-ыг 2018 оны 11 сард ажил тасалсныг мэдсэнээс хойш ямар нэгэн сахилгын шийтгэл ногдуулсан болох нь тогтоогдохгүй байх бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлөхдөө ажил тасалсан гэсэн үндэслэлээр чөлөөлсөн нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн байна.
Хариуцагчийн О.Н-ыг ажлаас чөлөөлсөн тушаалд үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 131.3-т “Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй” гэж заасан байгаа бөгөөд хуульд заасан ямар сахилгын шийтгэлийг ногдуулсан болох нь тодорхойгүй, ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд О.Н-ыг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ “...орон тооны цомхотгол гэж үзэж болно...” гэж тайлбарлаж байх боловч ажлаас халсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл заалтыг баримтлаагүй болохыг мөн дурдах нь зүйтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан “... ажилтны тоог цөөрүүлсэн” гэдэгт эрх бүхий этгээдийн шийдвэрээр хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно.
Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад 2018-2019 оны хичээлийн жилд Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь нийт 39 багшийн орон тоотой, үүнээс барилгын засал чимэглэлч 3 багш ажиллахаар орон тоог баталсан байх бөгөөд орон тоог хассан, цөөрүүлсэн нотлох баримт хэрэгт байхгүй байгааг дурдах нь зүйтэй байна. /хх-ийн 79-рт/
Хариуцагч Г.Г нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...Багш О.Н-ын хичээл заадаг “Барилгын засал чимэглэлч” мэргэжлийн 3-р анги нь 2019 оны 01 сарын 04-нд төгссөн ба багш О.Н нь 2018 оны 09 сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 сарын 04-ний өдөр хүртэл 504 цаг буюу 8.2 багц цагийн хичээл заасан байна. Тус мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь 2018-2019 оны хичээлийн жилд барилгын засал чимэглэлч мэргэжлийн ангид элсэлт авахаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар хяналтын хуваарь батлуулсан юм. Гэвч 2018-2019 оны хичээлийн жилд барилгын засал чимэглэлч мэргэжлийн 12 суралцагчтай нэг л анги хичээллэн, багш О.Н нь хичээлийн жилд авах ёстой цагийн ачааллаа бүрэн авах боломжгүй болсон байна...” гэж тайлбарлажээ.
Өөрөөр хэлбэл тухайн багш цагийн ачаалалгүй болсон нь нэхэмжлэгч О.Н-аас үл шалтгаалах хөндлөнгийн хүчин зүйл байх тул дээрх үндэслэлээр багшийн сургалтын төлөвлөгөө, хичээлийн хуваарь батлагдсан, багшийн цалин төсөв нь төсөвт суугдсан үед уг орон тоог цөөрүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байгааг дурдах нь зүйтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг ажилтны эсвэл ажил олгогчийн санаачилгаар цуцална. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай. Гэтэл хариуцагч нь Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг баримтлаагүй байгаа нь хуульд заасан журмыг зөрчсөн байна.
Иймд нэхэмжлэгч О.Н-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 131 дүгээр зүйлийн 131.3 дахь заалтыг баримтлан ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул О.Н-ыг Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын засал чимэглэлийн мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заасны дагуу О.Н-ын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 2 сар 8 хоногийн олговорт 1.631.304 /нэг сая зургаан зуун гучин нэгэн мянга гурван зуун дөрвөн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгохтой холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно, 6 дугаар зүйлд “ажилтнаас шалтгаалахгүйгээр бүрэн ажиллаагүй бол тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно” гэж заажээ.
Шүүх ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо дээрх журмыг баримтлан хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч О.Н-ын 000251480 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2018 оны 11, 12 дугаар сар, 2019 оны 01 дүгээр сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаан дахь нийт сарын тоонд хувааж ажилтны дундаж цалин хөлсийг, гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж, нэг өдрийн дундаж цалинг, нэг өдрийн дундаж цалинг нийт ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д “Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд даалгах нь зүйтэй байна.
Хариуцагч Говь-Алтай аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нэхэмжлэгч О.Н-т холбогдуулан гаргасан дутуу гүйцэтгэсэн цагийн хөлс болох 2.676.880 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа “танхимын ба танхимын бус сургалтын ажлын ногдол багц цагийг хүндэтгэх бус шалтгааны улмаас биелүүлээгүй нөхцөлд дутуу гүйцэтгэсэн багц цагийн хөлсийг тухайн цагт харгалзах хэмжээгээр багшийн цалин хөлснөөс хасаж тооцно. Иймд Багш О.Н-ын дутуу гүйцэтгэсэн цагийн хөлс болох 3.857.680-1.180.800=2.676.880 /хоёр сая зургаан зуун далан зургаан мянга найман зуун наян/ төгрөгийг буцаан төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэж тайлбарлаж байх бөгөөд уг үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч О.Н нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр танхимын ба танхимын бус сургалтын ажлын ногдол багц цагийг дутуу гүйцэтгэсэн болох нь тогтоогдохгүй, зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд сарын үндсэн цалин ТҮ-3-2 -оор цалинжуулахаар тохирсон, гүйцэтгэсэн багц цагаар цалин авах талаар тохиролцоогүй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 1.631.304 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 41.051 төгрөг, нийт 111.251 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан О.Н-ыг Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын засал чимэглэлийн мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.631.304 /нэг сая зургаан зуун гучин нэгэн мянга гурван зуун дөрвөн/ төгрөгийг гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч О.Н-т олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Н-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд даалгасугай.
4.Хариуцагч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн О.Н-аас дутуу гүйцэтгэсэн цагийн хөлс 2.676.880 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 1.631.304 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 41.051 төгрөг, нийт 111.251 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулан улсын орлогод оруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ