| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2023/0004/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/05 |
| Огноо | 2023-01-02 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,
улсын яллагч Ц.Батзаяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа,
шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Н-д холбогдох 2216002110195 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, халх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, И овогт Д-н Н.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Н-н Говь-Алтай аймгийн Чандмань сумын 2-р багийн нутаг дэвсгэр **** гэх нэртэй газарт 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бага оврын трактор, тог баригч мотор, алт баригч зэрэг техник хэрэгсэл ашиглан алт олох зорилгоор 136,04 м/кв газрыг ухаж байгаль орчинд 116,960(нэг зуун арван зургаан мянга есөн зуун жар) төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Д.Н нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын 2-р багийн нутаг дэвсгэр ***** гэх нэртэй газарт 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бага оврын трактор, тог баригч мотор, алт баригч зэрэг техник хэрэгсэл ашиглан алт олох зорилгоор 136,04 м/кв газрыг ухаж байгаль орчинд 116,960 (нэг зуун арван зургаан мянга есөн зуун жар) төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч Б.Ө-н мөрдөн байцаалтад өгсөн “... Говь-Алтай аймгийн Чандмань сумын 2-р багийн нутагт 2010 оноос хойш **** гэх газарт алтны илэрц илэрсэн. Мөн 4-р багийн нутаг Бор хайрхны ар бэл гэх газарт алтны илэрцтэй газар 2020 оны 09 сараа, 1-р багийн нутаг аараг гэх газраас 2019 оны 09 сард алтны илэрцтэй газар илэрсэн. 2016 оноос Чандмань сумын 3-р багийн нутаг Эрдэнэ-Уулын доод аараг гэх газруудад алтны илэрцүүд илэрсэн юм... **** гэх алтны илэрцтэй газарт 2010 оноос хойш гар аргаар алт олборлодог нинжа болон бага оврын трактор ажиллаж байгаа юм. Уг газар нь тусгай хамгаалалттай газарт хамаардаггүй юм... Ямар нэгэн тусгай зөвшөөрөл олгосон асуудал огт байхгүй... 2019 оны 04 сард уг газарт 10 гаран бага оврын трактор тогтмол ажиллаж байсныг Засаг даргын тамгын газар, Цагдаагийн хэсэгтэй хамтран бүрэн чөлөөлсөн. Тэрнээс хойш ямар нэгэн трактор ажилласан зүйлгүй юм. Хаяа ганц нэг гар нинжа нар очсон талаар мэдээлэл ирдэг байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/
2. Иргэний нэхэмжлэгч Д.П-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохиогчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төр нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар гомдол, гаргана” гэж заасан. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж заасны дагуу төр нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан үйлдэлтэй уг эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон оролцож байна. Шинжээчийн дүгнэлтээр яллагдагч Д.Н нь байгаль орчинд учирсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 116,690 төгрөг, тус талбайд нөхөн сэргээлт хийх зардлын хэмжээ нь 121,148 төгрөг, нийт 237,838 төгрөгийн хохирол учруулж нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан тул дээрх төлбөрийг нэхэмжилж оролцоно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр тал/
3. Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ны шинжээч А.Ц-н 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №1/102 дугаартай “...2.Тус эвдэгдсэн газар нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон газар, улсын тусгай хамгаалалттай газар нутаг давхцалгүй, “Самдан дамба уул” орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай байна.
3. Тухайн эвдэгдсэн газар нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газартай давхцахгүй байна.
4. Тухайн газар нь урд өмнө эвдрэлтэй газар нэмж ухсан байсан учир сүйдсэн ургамал тогтоогдохгүй, модгүй, ус ашиглаагүй, ухсан нүхний талбай нь 136,04 м2, эзлэхүүний хэмжээ 138,93 м3 байна.
5. Тус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 116,690 төгрөг болж байна.
6. Тус талбайд нөхөн сэргээлт хийх зардлын хэмжээ 121148 төгрөг байна...” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 66-92 дугаар тал/
4. “... Ухагдсан газрын байршил, хэмжээ, ашигласан техник хэрэгслийн талаар тусгасан...” 2022 оны 10-р сарын 22-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд. /хавтаст хэргийн 4-6, 8-11 дүгээр тал/
5. Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “...тог баригч мотор 1 ширхэг, алт баригч гэх төхөөрөмж 2 ширхэг...” зэрэг эд зүйл хураан авсан тэмдэглэл. /хавтаст хэргийн 7 дугаар тал/
6. Бага оврын Doosan-55 загварын трактор 1 ширхэг, тог баригч мотор 1 ширхэг, алт баригч 2 ширхгийг эд мөрийн баримтаар тооцсон 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 13 дугаар тал/,
7. Шүүгдэгч Д.Н-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд./хавтаст хэргийн 112-116 дугаар тал/
8. Шүүгдэгч Д.Н-н яллагдагчаар өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн үед Говь-Алтай аймгийн Чандмань сумын 2 дугаар багийн нутаг болох **** гэх нэртэй газарт унагалдай тракторыг хөлөөр нь авч очсон. Тэгээд тэр газартаа тоног төхөөрөмжөө угсарч, трактороо газар ухаж тэгшилж байрлуулсан. Тэгээд тэр газартаа би унтаж амарсан. Тэгээд өглөө унтаж байхад цагдаа нар ирсэн. Тэгээд миний багаж хэрэгслийг хурааж авсан...би тухайн газарт ганцаараа очиж ажилласан. Надаас өөр хүн байгаагүй, би хэн нэгэнтэй хамтран ажилласан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 110-111 дүгээр тал/ зэрэг яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэв.
Монгол Улсын хэмжээнд аливаа ашигт малтмалыг эрж хайх, ашиглах, олборлох байгаль орчин нөхөн сэргээх үйл ажиллагаа нь зохих хууль тогтоомжид заасан журмын дагуу төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явагдах хууль, эрх зүйн орчин үйлчилж байгаа бөгөөд энэ шаардлагыг хангалгүйгээр ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа явуулсан тохиолдлыг тусгай зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг гэж үзэн хууль тогтоогч эрүүгийн хуулиар хамгаалжээ. Тодруулбал Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татварт төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгохоор хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон болно.
Шүүгдэгч Г.Н-н “алт гарсан” гэх дам сургаар урьд нь хууль бус гар аргаар олборлолт хийгдэж байсан газрыг өөрийн эзэмшлийн техник хэрэгслийг ашиглан алт олох зорилгоор ухсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал, хайх, олборлох гэмт хэргийн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулах шинжийг хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Уг гэмт хэрэг нь тухайн үйл ажиллагааг явуулж эхэлснээр төгсдөг хохирол, хор уршиг заавал учирсан байхыг шаарддаггүй, өөрөөр хэлбэл ашигт малтмал хайх, олох зорилго бүхий үйлдлийг хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул ашигт малтмал олсон эсэх, олсон ашигт малтмалын болон учруулсан хохирлын хэмжээ зэрэг нь хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх
2. Шүүгдэгч Д.Н-н Байгаль орчин, уур амьсгалын санд 237,838 төгрөг төлсөн тухай Төрийн банкны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт. /хавтаст хэргийн 155 дугаар тал/
3. Иргэний нэхэмжлэгч А.Ц-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би Говь-Алтай аймгийн Чандмань сумын 2 дугаар багийн нутаг, **** буюу **** гэх газарт иргэн Д.Н үйл ажиллагаа явуулсан талбайд мөрдөгчийн тогтоолын дагуу шинжээчээр томилогдон ажиллаж Байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ гаргасан тул тус ажлын хөлс болох НӨАТ-тай 3,300,000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 2.5 дахь хэсгүүдийг үндэслэн ажлын хөлсийг нэхэмжилж байна ... Тухайн мөнгөн дүн нь ажлын зардал биш, тарифт ажлын хөлс учраас ямар нэгэн зардлын задаргаа гэж байхгүй...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 26-27 дугаар тал/
4. Иргэний нэхэмжлэгч Д.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2021 оны 05 дугаар сард Д.Н гэх хүн утсаар яриад унагалдай трактороо зарчих гэж хэлсэн. Би тухайн үед энэ трактор чинь явдаггүй талаар хэлэхэд Д.Н нь тэр хамаагүй ээ гэж хэлээд надаас аваад явсан юм. Би тухайн үед уг трактор нь явдаг байсан бол зарахгүй байсан юм. Улаанбаатар хотоос өрөндөө авч байсан юм. Ямар нэгэн бичиг баримт байхгүй. Би Н гэх хүнд 1,000,000 төгрөгөөр зарсан юм. Уг трактор нь явдаггүй хуучин муу юм байсан...Д.Н нь надад огт мөнгө өгөөгүй байгаа. Би 1,000,000 төгрөг авах ёстой. Ямар нэгэн худалдах худалдан авах гэрээ хийгээгүй...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 30 дугаар тал/
5. Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ны шинжээч А.Ц-н 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №1/102 дугаартай “... Тухайн газар нь урд өмнө эвдрэлтэй газар нэмж ухсан байсан учир сүйдсэн ургамал тогтоогдохгүй, модгүй, ус ашиглаагүй, ухсан нүхний талбай нь 136,04 м2, эзлэхүүний хэмжээ 138,93 м3 байна ... Тус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 116,690 төгрөг болж байна ... Тус талбайд нөхөн сэргээлт хийх зардлын хэмжээ 121,148 төгрөг байна...” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 66-92 дугаар тал/
6. Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “...тог баригч мотор 1 ширхэг, алт баригч гэх төхөөрөмж 2 ширхэг...” зэрэг эд зүйл хураан авсан тэмдэглэл. /хавтаст хэргийн 7 дугаар тал/
Мэргэшсэн үнэлгээчин Р.Ц-н 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 20 дугаартай “... тог баригч моторыг 92,000 төгрөгөөр, алт баригч гэх 2 ширхэг төхөөрөмжийг 87,000 төгрөгөөр, Бага оврын Доосан-55/Doosan-55/ загварын тракторыг 4,050,000 төгрөгөөр...” тус тус үнэлсэн хөрөнгийн үнэлгээ/хавтаст хэргийн 50-57 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирол, иргэний нэхэмжлэлийн хэмжээ, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авах үндэслэлийг тогтоох зорилгоор шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, байгаль орчинд учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчийг хувьд тогтоогдоогүй болно.
Түүнчлэн шүүгдэгч Д.Н гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан бөгөөд прокурор “...5,800 нэгжээр торгох...тог баригч 1ш, алт баригч 2ш улсын орлого болгох...Доосан-55 /Dooosan-55/ загварын тракторын үнэ 4,050,000 төгрөгийг үнийг гаргуулан улсын орлого болгох...” санал гарган яллагдагч хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд торгох ял оногдуулах тухай прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Д.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 1(нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, иргэний нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.
1. Байгал орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д “газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус хуульчилжээ.
Иймээс Байгаль орчны үнэлгээний дүгнэлтээр “...Д.Н-н эвдсэн талбайн экологи-эдийн засгийн үнэлгээг 116,690 (нэг зуун арван зургаан мянга зургаан зуун ер) төгрөгөөр тогтоосон байх тул уг үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг 233,380 (хоёр зуун гучин гурван мянга гурван зуун наян) төгрөгөөр тогтоож, түүний Байгаль орчин, уур амьсгалын санд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 237,838 (хоёр зуун гучин долоон мянга найман зуун гучин найм) төгрөгөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол 233,380 (хоёр зуун гучин гурван мянга гурван зуун наян) төгрөгийг суутган үлдсэнийг нь шүүгдэгчид буцаан олгох, дээрх дүгнэлтээр эвдэгдсэн газрын нөхөн сэргээлтийн зардлыг 121,148 (нэг зуун хорин нэгэн мянга нэг зуун дөчин найм) төгрөгөөр тогтоосныг шүүгдэгчээс гаргуулж, Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын тамгын газарт олгохоор тус тус шийдвэрлэв.
Тодруулбал гэмт хэрэг гарсан газар нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутаг дэвсгэр бөгөөд Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх хэсэгт зааснаар нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах эрхийг сумын Засаг дарга хэрэгжүүлэхээр заасан бөгөөд бусдын хууль бус үйлдлийн улмаас газарт учирсан эвдрэлийг арилгаж, нөхөн сэргээх ажиллагааг хуульд заасны дагуу Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг дарга хэрэгжүүлэхээр байх тул нөхөн сэргээлтийн зардлын 121,148 (нэг зуун хорин нэгэн мянга нэг зуун дөчин найм) төгрөгийг Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын тамгын газарт олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.
Иргэний нэхэмжлэгч Д.П нь тус хэрэгт нийтийн эрх ашгийг төлөөлж байгаль экологид учирсан хохирол, түүний нөхөн сэргээх зардлыг нэхэмжилж оролцсон бөгөөд шүүгдэгч Д.Н-н гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг дээрх байдлаар шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Байгаль орчин үнэлгээний “Нуман-Алтай” ХХК-н шүүгдэгч Н.Э-н гэмт буруутай үйлдлийн улмаас газрын хэвлийд учирсан хохирлыг тогтоох шинжилгээний зардалд 3,300,000(гурван сая гурван зуун мянга) төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шинжээчид төлөх зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зардалд хамаарч байх бөгөөд мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж хуульчилсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 3 дугаар зүйлийн 3.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн өмнөх шатанд гарсан зардлыг мөрдөгч, прокурор, шүүхийн шатанд гарсан зардлыг шүүгч тус тус тооцож, тухай бүр тэмдэглэл үйлдэн баталгаажуулна. Мөрдөгч, прокурор, шүүгч зардлыг баталгаажуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоос бичгээр гаргасан нэхэмжлэлийг харгалзаж болно.” гэж, 3.2-т “Мөрдөгч, прокурор, шүүгч энэхүү журмын 3.1-д заасан тэмдэглэлийг үндэслэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын маягтыг бөглөн тухайн байгууллагын санхүүгийн асуудал хариуцсан нэгжийн дарга, эсхүл дээд шатны даргаар хянуулан баталгаажуулж, хавтаст хэрэгт хавсаргана” гэж, 3.3-т Мөрдөгч, прокурор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаарх баримт, маягтыг энэхүү журмын 3.2-т заасны дагуу хавтаст хэрэгт хавсарган прокурор, шүүхэд шилжүүлнэ” гэж, 3.6-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зардал тооцоогүй, эсхүл хавтаст хэрэгт тусгаагүй тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нэхэмжлэх эрх үүсэхгүй” гэж, 3.7-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг буруутай этгээдээс гаргуулах тухай шийдвэрийг гаргахдаа энэхүү журмын 3.1, 3.2-т заасан мөрдөгч, прокурор, шүүгчийн тэмдэглэл, маягт, тэдгээрт хавсаргасан нотлох баримтын эх сурвалжид үндэслэнэ.” гэж тус тус зохицуулсан байна. Үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан бол мөрдөгч, прокурор дээрх баримтуудыг үйлдэн хэрэгт хавсаргахаар, шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад гаргасан бол шүүгч хийхээр зохицуулсан гэж ойлгоно.
Гэтэл хэрэгт Байгаль орчин үнэлгээний “Нуман-Алтай” ХХК-н 72 дугаартай нэхэмжлэх авагдсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нарийвчлан тооцож үйлдсэн мөрдөгч, прокурорын тэмдэглэл, зардлын албан ёсоор баталгаажуулсан маягт хэрэгт авагдаагүй, иргэний нэхэмжлэгч А.Ц-д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд зардал төлөгдөөгүй гэж мэдэгдсэн бол шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь зардлын тодорхой хэсгийг төлсөн талаар мэдүүлсэн бөгөөд төлбөр төлсөн талаарх баримт хэрэгт байхгүй тул шүүх хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.
3. Иргэний нэхэмжлэгч Д.Э-н “...Би Н гэх хүнд 1,000,000 төгрөгөөр зарсан юм. Уг трактор нь явдаггүй хуучин муу юм байсан...Д.Н нь надад огт мөнгө өгөөгүй байгаа. Би 1,000,000 төгрөг авах ёстой...” гэж 1,000,000 (нэг сая) төгрөгийг нэхэмжилсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан.
Шүүх зөвхөн тухайн гэмт хэргийн улмаас иргэнд учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг шийдвэрлэх бөгөөд иргэний нэхэмжлэгч Д.Э болон шүүгдэгч Д.Н нарын хооронд үүссэн худалдах, худалдан авах харилцааны асуудлыг тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул хэлэлцэхгүй орхисон болно.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.
Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тусгасан гэж ойлгоно.
Иймээс шүүгдэгч Д.Н-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Доосан-55 /Doosan-55/ загварын трактор 1 ширхэг, тог баригч мотор 1 ширхэг, алт баригч гэх төхөөрөмж 2 ширхгийг хураан авч, улсын орлого болгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн зохицуулалтад нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт өмчлөх эрх үүссэн этгээдийн эзэмшилд шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохоор заасан. Үүнээс дүгнэхэд шүүгдэгч Д.Н болон иргэний нэхэмжлэгч Д.Э хоёрын хооронд трактор худалдах худалдан авах гэрээ байгуулагдан, тракторыг шүүгдэгчийн эзэмшилд шилжүүлснээр өмчлөх эрх нь шүүгдэгчид шилжсэн байна. Иймээс шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдэж олсон орлого бусдын өмчлөлд шилжсэн тохиолдолд үнийг гаргуулах...” зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж үзсэн болно.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улсын дугааргүй Доосан-55 /Doosan-55/ загварын трактор 1 ширхэг, тог баригч мотор 1 ширхэг, алт баригч гэх төхөөрөмж 2 ширхгийг цагдаагийн байгууллагаар дамжуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, газрын хэвлийд учирсан 233,380 (хоёр зуун гучин гурван мянга гурван зуун наян) төгрөгийн хохирол төлөгдсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогтой Д-н Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000(таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Н-д оногдуулсан 5,400(таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000(таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1(нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Н-д сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Д.Н-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Доосан-55 /Doosan-55/ загварын трактор 1 ширхэг, тог баригч мотор 1 ширхэг, алт баригч гэх төхөөрөмж 2 ширхгийг хураан авч, улсын орлого болгосугай.
7. Байгал орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1-д зааснаар “Байгал орчин, уур амьсгалын сан”-д тушаасан 237,838(хоёр зуун гучин долоон мянга найман зуун гучин найм) төгрөгөөс газрын хэвлийд учруулсан хохирол болох 233,380 (хоёр зуун гучин гурван мянга гурван зуун наян) төгрөгийг суутгаж, үлдэх хэсгийг шүүгдэгчид буцаан олгож, нөхөн сэргээлтийн 121,148(нэг зуун хорин нэгэн мянга нэг зуун дөчин найм) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын тамгын газарт олгож, байгаль орчин үнэлгээний “Нуман-Алтай” ХХК-н нэхэмжилсэн 3,300,000(гурван сая гурван зуун мянга) төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Э-н нэхэмжилсэн 1,000,000(нэг сая) төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхисугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улсын дугааргүй Доосан-55/Doosan-55/ загварын трактор 1 ширхэг, тог баригч мотор 1 ширхэг, алт баригч гэх төхөөрөмж 2 ширхгийг цагдаагийн байгууллагаар дамжуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, газрын хэвлийд учирсан 233,380 (хоёр зуун гучин гурван мянга гурван зуун наян) төгрөгийн хохирол төлөгдсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА