Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/30

 

                    

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн

улсын яллагч А.Ариунаа

шүүгдэгч ************, түүний өмгөөлөгч А.Ариунтуул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт ************ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203005410543 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дугаар сарын -нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “************” ХХК-д тогооч ажилтай, ам бүл 2, охины хамт Баянгол дүүргийн  дүгээр хороо, Алтай хотхоны  дугаар байрны  тоотод оршин суудаг, урьд нь 3 удаагийн ял шийтгэлтэй;

         -2000 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн шүүхийн 10 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн б,в,н-д зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял,

         -2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Увс аймаг дахь сум дундын шүүхийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,

        -2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, /РД:************/, ************.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ************ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй бөгөөд архи согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 22 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, Нарны гүүрэн дээр “Nissan Wingroad” маркийн 00-00 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй.../...согтууруулах ундаа хэрэглэсэн.../...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Lexus HS 250h” маркийн 00-00 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлэн “Toyota Prius” маркийн 00-00 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, “Toyota Prius” маркийн 00-00 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч **************ийн /1 нас 5 сартай, эмэгтэй/ эрүүл мэндэд хүнд хохирол, иргэний нэхэмжлэгч **************д 650.000 төгрөг, **************ад 3.765.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************ мэдүүлэхдээ “2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн төгсөгчдийн уулзалт болоод тэнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд ийм асуудал гаргасан байна.  Хохирлоо нөхөн төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. ” гэсэн мэдүүлэг,

 

            Хоёр: Эрүүгийн 2203005410543 дугаартай хэргээс.

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 04 дэх тал)

 

2. Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал (хавтаст хэргийн 06-10 дахь тал)

 

3. Хэргийн газарт үзлэг хийсэн, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-12 дахь тал)

 

4. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэлд “************ нь 2.01 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13 дахь тал)

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад **************ын хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн: “Би 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 22:00 цаг өнгөрч байхад Toyota Prius 30 маркийн 00-00 УАХ улсын дугаартай автомашинд охин **************ийн хамт нарны гүүрнээс урагшаа нэг талдаа 2 эгнээтэй замын 1 дүгээр эгнээнд явж байхад гэнэт араас машин мөргөж осол гаргасан. Тухайн үед автомашиныг манай дүү ************** жолоодож би жолоочийн хажууд талын урд суудалд охиноо тэврээд сууж явсан ба ослоос болж манай охин урагшаа хаалганы хажуу талын баганыг духаараа мөргөж гэмтсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд духны яс цөмөрсөн байна гээд гэмтлийн эмнэлгийн гавал тархины тасагт 3 хоног хэвтэн эмчлүүлээд гарсан. Одоо манай охины биеийн байдал хэвийн байгаа. Гэнэт хойноос хүчтэй мөргөх чимээ гараад явчихсан тэгээд машинаас буугаад харахад хар хөх өнгийн суудлын автомашин миний зорчиж явсан машины араас мөргөсөн жолооч нь 50 орчим насны эрэгтэй, согтуу байдалтай байсан. Тэгээд замын цагдаа ирээд тэр хүнийг үлээлгэж шалгасан. Уг нь миний машины арын суудалд зориулалтын суудал байсан. Тухайн үед манай дүү машин жолоодож би өөрөө явж байсан болохоор хүүхдээ зориулалтын суудалд суулгаагүй тэврээд явж байсан. Хэрэгт хавсаргаж өгөх баримт байхгүй. Гэмтлийн эмнэлэгт охиноо 170.000 төгрөгөөр тархины зураг авхуулсан зардлыг гаргуулна. Мөн 2 сарын дараа тархины томограф зураг авхуул гэсэн зардал нь 270.000 төгрөг байдаг тэр зардлыг нэхэмжилж байна. Осол гаргасан жолооч тухайн үед манай хүүхдийг Мөнгөн гүүр эмнэлэгт 3 хоног хэвтэн эмчлүүлсэн зардалд 400.000 төгрөг өгсөн байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал)

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад **************ын иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “Би 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр болсон ослын асуудлыг сүүлд цагдаагийн байгууллагаас дуудаж уулзахад мэдсэн. Toyota Prius 30 маркийн 00-00 УАХ улсын дугаартай автомашин миний эзэмшлийн “Их Алтайн Хүрд”  ХХК-ийн нэр дээр А.Алтанчимэг гэх хүнд өдрийн түрээсийн гэрээ байгуулж түрээсээр авсан байсан. Осол болох үед Алтанчимэгийн дүү жолоо барьж байсан. Осол гаргасан жолоочтой ярилцаад даатгалаас хохирлоо барагдуулахаар болсон. Гэхдээ даатгалын асуудал шийдэгдэхгүй бол гэрээ хийж автомашин түрээсээр авсан болон автомашиныг унаж явсан, мөргөсөн жолооч нараас хохирлоо нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал)

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад **************ын иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “Би 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 22 цаг өнгөрч гэрээс гараад өөрийн эзэмшлийн Toyota Lexus 250 маркийн 00-00 УАУ улсын дугаартай автомашиныг жолоодон шинэ яармаг хороолол орохоор явсан. Тэгээд нарны гүүрээс ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд 2 эгнээтэй замын 1 дүгээр эгнээгээр гүүр уруудаад явж байхад миний ард явж байсан машин гэнэт өндөр хаазлаад хажуугаар гарахаар нь энэ намайг мөргөчхөж магадгүй гээд хурдаа хасах үед гүйцэж түрүүлээд урдуур орохдоо зүүн талын крыло буфер шүргээд урд ороод зогссоноо удаагүй хаазалж зугтаагаад 1-р эгнээнд явсан Toyota Prius 30 маркийн автомашины араас мөргөөд тойрч гараад цааш хэсэг яваад бетон хашлага мөргөөд зогссон. Би машинаас буугаад Toyota Prius 30 маркийн автомашин дээр очиход эмэгтэй жолооч миний хүүхэд урагшаа юм мөргөөд толгойн хавдчихлаа гэж хэлээд машинаасаа гарч ирээд тэр машины урд хүүхдээ тэврээд очсон. Осол гаргасан жолооч нь согтуу байсан ба машинаасаа буухгүй цааш зугтаах гээд урагшаа хаазлаад нөгөө эмэгтэйг мөргөчих гээд байхаар нь тэр машины хажуу талын суудалд сууж байсан хүнийг нь татаж гаргаад чи хөдлөөд явах юм бол энэ хүнийг чинь татаад унагаачихна шүү гэж хэлэхэд машинаа унтраагаад явахаа болиод машинаасаа буухаар нь машиных нь  түлхүүрийг сугалж авсан. Би өөрийн утсаар цагдаа болон түргэн дуудахад удаагүй замын цагдаа ирээд 10 орчим минутын дараа түргэний эмч ирээд хүүхдийг үзчихээд гэмтлийн эмнэлэгт үзүүлээрэй гэж хэлээд явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал)

 

8.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Хатанбаатарын иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “Би уг автомашиныг 2010 онд худалдаж аваад өөрийн нэр дээр аваад унаж байгаад эхнэрийн дүү ************ад 2021 оны 7 дугаар сард 4.000.000 төгрөгөөр зараад нэр дээр нь шилжүүлж өгч чадаагүй байсан.  Миний нэр дээр боловч бид хоёрын дунд төлбөр тооцооны асуудал байхгүй болохоор ************ ахын машин гэж ойлгож болно.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал)

 

        9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Хатанбаатарын иргэний хариуцагчаар өгсөн: “Би иргэний хариуцагчаар татах тогтоолтой танилцлаа. Миний зүгээс иргэний хариуцагчаар татагдаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би уг автомашинаа хүргэн ах Чинбатад зарчихсан болохоор бусдад учирсан хохирлын асуудлыг энэ хүн өөрөө хариуцна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал)

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 12613 дугаартай дүгнэлтэнд “**************т хүзүү савагдах гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн сунах, татагдах үйлдлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтэл нь нэг хоногийн өмнө үүссэн байна. Цаашид эрүүл мэндэд, хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй.” гэжээ. (хавтаст хэргийн 49-50 дахь тал)

 

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 12615 дугаартай “**************т дух ясны зүүн хэсгийн хугарал, зүүн дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэг тогтоов. Дээрх гэмтэл нь 3-4 хоногийн өмнө үүссэн байна. Цаашид эрүүл мэндэд, хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 52-53 дахь тал)

 

12. Ашид Билгүүн ХХК-ийн “Toyota Prius 30 маркийн 00-00 УАХ автомашины эвдэрсэн эд ангийн зардал 3.495.000 төгрөг, 850 грамм будаг 170.000 төгрөг, эд анги солих 100.000 төгрөг нийт 3.765.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 56-57 дахь тал)

 

13. Виннер Вэй ХХК-ийн “Toyota Lexus HS 250 маркийн 00-00 УАУ улсын дугаартай автомашинд урд буфер, зүүн урд крыло, буферын нэмэлт хормой, гэрлийн сэнж зэргийг нийт 650.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 65 дахь тал)

 

14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.**************ийн гэрчээр өгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр эгч **************ын Toyota Prius 30 маркийн 00-00 УАХ улсын дугаартай автомашиныг жолоодон миний хажуу талын урд суудалд эгч **************, охин **************ийн хамт суугаад нарны гүүрнээс ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд нэг талдаа 2 эгнээтэй замын 1-р эгнээнд явж байхад гэнэт араас маш хүчтэй мөргөх чимээ гарсан. Тэгээд зогсоод бууж харахад манай машины араас хөх өнгийн суудлын автомашин мөргөөд эрчиндээ хажуугаар өнгөрч урд зогссон, жолооч нь нэлээн согтуу байдалтай байсан. Миний биед учирсан гэмтэл байхгүй байсан болохоор шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Зориулалтын суудалд суулгаж тээвэрлэнэ гэдэг дүрмийн заалтыг мэднэ. Тухайн үед автомашинд зориулалтын суудал байхгүй байсан болохоор манай эгч хүүхдээ өвөр дээрээ суулгаад авч явж байсан юмаа. Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 122 дахь тал)

 

15. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ын яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 9 дүгээр сарын 30-нд гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар дэлгэрэнгүй ярьсан болохоор одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргасан гэм буруугаа ойлгож ухамсарлаж байна. Хүүхдийг эмнэлэгт хэвтэх үед 400.000 төгрөг, эмнэлгээс гарах үед 287.000 төгрөг, эм худалдан авахад зориулж 473.000 төгрөг нийт 1.160.000 төгрөг өгсөн байгаа. Би бусдад учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулна. Өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж ойлгож ухаарч байгаа. Хэргийг хөнгөн шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 122 дахь тал)

 

16. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 76 дахь тал), Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хяналтын төвөөс жолоодох эрхгүй гэсэн лавлагаа (хавтаст хэргийн 78 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 80 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.  

Гурав: Шүүхийн дүгнэлт.

 Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ************ нь 2022 оны 9 дүгээр сарын 09-ний шөнийн 22 цаг 50 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны гүүрэн дээр “Nissan Wingroad” маркийн 00-00 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо **************ын эзэмшлийн “Lexus HS 250h” маркийн 00-00 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөөд цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлэн явахдаа **************ын эзэмшлийн  “Toyota Prius” 30 маркийн 00-00 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөсөн хэргийн үйл баримт тогтоогджээ.

 

 Дээрх зам тээврийн ослын улмаас “Toyota Prius 30” маркийн 00-00 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан бага насны хохирогч буюу 1 нас 5 сартай **************ийн биед хүнд гэмтэл, түүний эх **************ын биед хөнгөн гэмтэл, иргэний нэхэмжлэгч **************ын “Toyota Prius 30” маркийн 00-00 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.765.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч **************ын “Toyota Lexus HS 250” маркийн 00-00 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 650.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 04 дэх тал), Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал (хавтаст хэргийн 06-10 дахь тал), Хэргийн газарт үзлэг хийсэн, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-12 дахь тал), Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 13 дахь тал), бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **************ын өгсөн: “ Би 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 22:00 цаг өнгөрч байхад Toyota Prius 30 маркийн 00-00 УАХ улсын дугаартай автомашинд охин **************ийн хамт нарны гүүрнээс урагшаа нэг талдаа 2 эгнээтэй замын 1 дүгээр эгнээнд явж байхад гэнэт араас машин мөргөж осол гаргасан. Тухайн үед автомашиныг манай дүү ************** жолоодож би жолоочийн хажууд талын урд охиноо тэврээд сууж явсан ба ослоос болж манай охин урагшаа хаалганы хажуу талын баганыг духаараа мөргөж гэмтсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал), Мөрдөн шалгах ажиллагааны явцад **************ын иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “Би 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 22 цаг өнгөрч гэрээс гараад өөрийн эзэмшлийн “Toyota Lexus 250” маркийн 00-00 УАУ улсын дугаартай автомашиныг жолоодон шинэ яармаг хороолол орохоор явсан. Тэгээд нарны гүүрээс ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд 2 эгнээтэй замын 1 дүгээр эгнээгээр гүүр уруудаад явж байхад миний ард явж байсан машин гэнэт өндөр хаазлаад хажуугаар гарахаар нь энэ манай намайг мөргөчхөж магадгүй гээд хурдаа хасах үед гүйцэж түрүүлээд урдуур орохдоо зүүн талын крыло буфер шүргээд урд ороод зогссоноо удаагүй хаазалж зугтаагаад 1-р эгнээнд явсан “Toyota Prius 30” маркийн автомашины араас мөргөөд тойрч гараад цааш хэсэг яваад бетон хашлага мөргөөд зогссон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал), Т.**************ийн гэрчээр өгсөн: “...************** эгч охин **************ийн хамт суугаад нарны гүүрнээс ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд нэг талдаа 2 эгнээтэй замын 1-р эгнээнд явж байхад гэнэт араас маш хүчтэй мөргөх чимээ гарсан...манай машины араас хөх өнгийн суудлын автомашин мөргөөд эрчиндээ хажуугаар өнгөрч урд зогссон, жолооч нь нэлээн согтуу байдалтай байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 122 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 12613 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 49-50 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 12615 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 52-53 дахь тал), Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 56-57 дахь тал), Виннер Вэй ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 65 дахь тал), ************ын яллагдагчаар өгсөн: “Би...Хүүхдийг эмнэлэгт хэвтэх үед 400.000 төгрөг, эмнэлгээс гарах үед 287.000 төгрөг, эм худалдан авахад зориулж 473.000 төгрөг нийт 1.160.000 төгрөг өгсөн байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 122 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч ************ нь согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасны улмаас  1 нас 5 сартай **************ийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос ************ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй  хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,  

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...энэ гэмт хэрэг санаатайгаар үйлдэгдээгүй бөгөөд хохирол төлбөрөө нөхөн төлсөн, бага насны хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, насанд хүрээгүй охинтойгоо хоёулаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн тайлбар дүгнэлтийг тус тус гаргалаа.

Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас түүний хувийн байдалд хамаарах урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож хорих ял шийтгэгдэж байсан байдал, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

************ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч ************ын гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр зам тээврийн хөдөлгөөнд оролцсон байдал нөлөөлсөн байх ба бага насны хохирогч **************ийн бие махбодид нь хүнд гэмтэл учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, хорих ял шийтгэгдэж байсан атлаа өөрийнхөө алдаа дутагдалд дүгнэлт хийгээгүй зэргийг харгалзан шүүгдэгч ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

Эдгээр үндэслэлүүдээр тухайн зүйл хэсэгт заасан ялуудаас шүүх хорих ялыг сонгож хэрэглэсэн тул өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал дүгнэлтийг хүлээн аваагүй болно.

 ************ үйлдсэн хэргээ шударгаар мэдүүлж гэмшиж байгаа хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Хохирол, хор уршгийн тухайд хавтаст хэрэгт хохирогч **************ийн хууль ёсны төлөөлөгч **************аас “шүүгдэгч ************аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн нөхөн төлбөрт тооцон эмчилгээ, оношилгооны зардалд нийт 1.630.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул гомдол саналгүй” гэсэн,

иргэний нэхэмжлэгч **************аас “700.000 төгрөг хүлээн авсан. Цаашид ************аас  нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн хүсэлтүүд,

“Бодь Даатгал” ХК-аас  даатгалын гэрээний дагуу иргэний нэхэмжлэгч **************ад учирсан 3.765.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн гэсэн албан бичгийг тус тус ирүүлсэн байх тул тэдгээрийн гаргасан дээрх албан бичиг, хүсэлтүүдийг харгалзаж шүүгдэгч ************ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсан улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. 

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар  бага насны хохирогч **************ийн хууль ёсны төлөөлөгч эх ************** нь гэмт хэргийн улмаас өөрийн хүүхдэд учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

 

Өөрөөр хэлбэл бага насны хохирогч **************ийн хууль ёсны төлөөлөгч ************** нь  “гомдол саналгүй” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан байх боловч бага насны хохирогчид хүнд зэргийн гэмтэл учирсан байдлыг шүүх харгалзан үзэж энэ хэрэгт хамааралтай цаашид гарах эмчилгээ, сувилгаатай холбогдох бусад зардал гарвал нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч ************аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрх ослын улмаас **************ын биед хөнгөн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор тодорхойлж заагаагүй тул ************ын үйлдсэн авто тээврийн хэрэгсэл жолоодох үедээ осол гаргаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохгүй.

 

Харин  ************ын буруутай үйлдлийн улмаас биедээ хөнгөн гэмтэл авсан ************** нь өөрт учирсан хохирол хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь мөн нээлттэй болно.

 

Бусад асуудлын талаар.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************ын бага насны охин **************гийн сургуулийн тодорхойлолт болон бусад баримтыг гаргасан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хорих ял шийтгэгдсэн этгээдийн бага насны хүүхдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой зохицуулалт байхгүй боловч Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж,

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй ...хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална” гэж,

Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна”, 2 дахь хэсэгт “...хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна” гэж тус тус заажээ.

 

Иймд шүүгдэгч ************ын бага насны хүүхэд болох /РД:/, /охин/ 13 настай **************г асран хамгаалахыг түүний төрсөн эх **************д хариуцуулж, шийтгэх тогтоолын хувийг түүнд хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгав.

 

Хэрэв шүүгдэгч ************ын хүүхдийн асран хамгаалах харгалзан дэмжигчтэй холбоотой маргаан үүсвэл **************д асран хамгаалах, харгалзан дэмжигч тогтоохыг Баянгол дүүргийн Засаг даргаар шийдвэрлүүлбэл зохино.

 

Хэрэгт ************ нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүхээс хорих ял шийтгэгдсэн шүүгдэгч ************ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

     

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. ************ыгтээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2.  Шүүгдэгч ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  3. ************ад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

 

 5. ************ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

 6.  Бага насны хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч цаашид гарах эмчилгээ, сувилгаатай холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч ************аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Хэрэгт ************ нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шүүгдэгч ************ын бага насны хүүхэд болох /РД:*************** /, /охин/ **************г асран хамгаалахыг түүний төрсөн эх **************д  хариуцуулсугай.

 

9. ************ын хүүхдийн асран хамгаалах харгалзан дэмжигчтэй холбоотой маргаан үүсвэл **************д асран хамгаалах, харгалзан дэмжигч тогтоохыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгасугай

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ************ыг цагдан хорьсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.ДАЙРИЙЖАВ