Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2024/0776

 

 

 

 

 

 

 

                             “В” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “В” ХХК

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дугаар тушаалын “В” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоох, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/*** дугаар тушаалын 1 дэх заалтын “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамрагдсан үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй” гэснийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дугаар илт хууль бус тушаалын улмаас учирсан хохирол 35,950,000 төгрөгийг нөхөн төлүүлэх тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2024/0780 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч “В” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ц

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г

Хэргийн индекс: 128/2024/0150/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “В” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-д холбогдуулж “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дугаар тушаалын “В” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоох, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/*** дугаар тушаалын 1 дэх заалтын “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамрагдсан үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй” гэснийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дугаар илт хууль бус тушаалын улмаас учирсан хохирол 35,950,000 төгрөгийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2024/0780 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 8 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 11 дүгээр зүйл, 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч “В” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дугаар тушаалын “В” ХХК-д холбогдох хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/*** дугаар тушаалын 1 дэх заалтын “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамрагдсан үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй” гэснийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дугаар илт хууль бус тушаалын улмаас учирсан хохирол 35.950.000 төгрөгийг нөхөн төлүүлэх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/*** дугаар тушаалыг хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

“...Нэхэмжлэгч “В” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дугаар тушаалаар Х дүүрэг, Богдхан уулын Ширдэгтийн амны хязгаарлалтын бүсэд 6,09 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг олгосон байсныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/*** дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг нь хүчингүй болгосон. Уг тушаалд Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалт болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас нэхэмжлэгч компанийн хүсэлт зэргийг баримталсан эрхийн зөрчилгүй захиргааны акт юм. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас нэхэмжлэгчийн газар ашиглалтын байдалд хяналт шалгалт явуулахад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасан зөрчил илэрсэн тул 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ** дугаар албан бичгээр нэхэмжлэгчид сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн. Улмаар Хамгаалалтын захиргаанаас 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар албан бичгээр нэхэмжлэгч “В” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, гэрчилгээг хүчингүй болгох саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт ирүүлсний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/*** дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус болох тохиолдлыг хуульчилсан байдаг. Тодруулбал, утга агуулгын илэрхий алдаатай, бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, түүний бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй зэрэг тохиолдолд тухайн захиргааны акт илт хууль бус болохоор байна. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий А/***, А/*** дүгээр тушаалуудын аль аль нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй байна.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/*** дугаар тушаалаар нэхэмжлэгчид Богдхан уулын дархан цаазат газрын Ширдэгтийн амны хязгаарлалтын бүсэд 6,09 га газар ашиглах эрхийг 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай олгосон. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаа Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасан үндэслэлээр дуусгавар болсон. Тэрээр газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтээ хуулийн хугацаанд төрийн захиргааны байгууллагад гаргаж байгаагүй. Мөн нэхэмжлэгч нь 2017 оны А/***, 2022 оны А/*** дүгээр тушаалуудын аль аль нь гарснаас хойш Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд гомдол гаргаж байгаагүй юм.

Нэхэмжлэгч нь 2017 онд тушаал нь гарсан цагаас хойш 5 жил хугацаанд ямар нэгэн байдлаар ашиглаагүй мөн газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй байдаг. Нэхэмжлэгч талаас тухайн газарт барилга байгууламж бариулаагүй, хориотой байсан гэдэг асуудлыг шүүх хуралдаан дээр ярьдаг боловч хориотой гэдгийг нотлох баримт болон ойн байгаль хамгаалагч нь оруулахгүй байсан талаар баримт хэрэгт авагдаагүй байдаг.

Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй болох нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар албан бичигт ирүүлсэн саналаар нотлогддог. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газар нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг яаманд ирүүлээгүй. Тиймээс маргаан бүхий 2017 оны А/***, 2022 оны А/*** дүгээр тушаалууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус байх шинжийг агуулаагүй, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хууль зүйн үндэслэлгүй юм.

Гэтэл анхан шатны шүүхээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дугаар тушаалын “В” ХХК-д газар ашиглуулсан шийдвэр нь илт хууль бус болох нь тогтоогдсон, ийнхүү илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа үйлчлэлгүй учраас “В” ХХК-ийг хууль ёсоор газар ашигласан гэж үзэхгүй.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/*** дүгээр тушаалын Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамрагдсан гэх үндэслэлээр тус компанийн газар ашиглах эрхийг нь хүчингүй болгож байгаа нь уг актыг эрх зүйн үндэслэл байгаагүй буюу илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ тал бүрээс нь бодитой дүгнээгүй, нотлох баримтыг дутуу шинжлэн судалсан.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2024/0780 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж   шийдвэрлэлээ.

          2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дугаар “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эрх олгох тухай” тушаалаар[1] “В” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Ширдэгтийн аманд эко сургалт судалгаа, хүүхдийн зуслангийн зориулалтаар 6.09 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэжээ.

          3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/*** дүгээр “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалаар[2] Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/*** дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Ширдэгтийн амны хязгаарлалтын бүсэд “В” ХХК-д олгосон 6.09 га газрын ашиглах эрхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамрагдсан үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.

          4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...Маргаан бүхий А/***, А/*** дүгээр захирамж нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй, нэхэмжлэгч газраа хоёр жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй” хэмээн маргасан.

          5. Нэхэмжлэгч “В” ХХК-ийн ашиглах эрхтэй тухайн газар дээр М**** бүрэн дунд сургуулийн төслийг санаачлан “И” ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж[3], 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 2017/** дугаартай Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх гэрээг[4] тус тус байгуулж, өөр бусад байдлаар газраа зориулалтын дагуу ашиглаагүй байна.

          6. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө”, 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараах үүрэг хүлээнэ”, 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж тус тус заасан.

          7. Мөн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн №4202***** актаар ... 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дугаар захирамжийг үндэслэн байгуулсан “В” ХХК-ийн 01110-2017/****** тоот газарт 2017 оны 3,4 дүгээр улиралд 2.580.347 төгрөг, 2018 онд 7.244.820 төгрөг, 2019 онд 48.902.535 төгрөг, 2020 онд 52.689.600 төгрөг, 2021 онд 26.344.800 төгрөг, 2022 оны 1, 2, 3  дугаар улиралд 15.548.244 төгрөг нийт 153.310.346 төгрөг[5], 01110-2017/14505 тоот газар 2017 оны 3,4 дүгээр улиралд 2.885.983 төгрөг, 2018 онд 8.102.952 төгрөг, 2019 онд 54.694.926 төгрөг, 2020 онд 58.930.560 төгрөг, 2021 онд 29.465.280 төгрөг, 2022 оны 3,4 дүгээр улиралд 17.389.897 төгрөг нийт 171.469.598 төгрөг[6] гэсэн баримтаас үзэхэд Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3-т заасан газар ашиглагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

          8. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаар “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр[7] “...Иргэн, хуулийн этгээдийн газар ашиглалтын байдалд хяналт шалгалт явуулахад Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг зөрчсөн ... зөрчлүүдтэй холбоотой хариу тайлбар, санал тэдгээрийг нотлох баримтуудаа 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дотор ирүүлнэ үү” гэх, 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн **** дугаар “Санал хүргүүлэх тухай” албан бичгээр[8] “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчсөн байх тул газар ашиглах эрхийг дуусгавар болгож гэрчилгээг хүчингүй болгох саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалтын бүс нутгийн удирдлагын газарт хүргүүлжээ. 

          9. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасны дагуу газар ашиглах эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор тус тус зохицуулжээ.

          10. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/*** дүгээр тушаал нь утга агуулгын хувьд хэнд ч ойлгомжтой байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай гэх илт хууль бус актын шинжийг агуулаагүй байна.

          11. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан нь захиргааны актыг гаргахдаа ямар ч хуулийн үндэслэлгүй эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр гаргаж, эрхэд халдсан, энэ нь хэн ч харсан илэрхий тодорхой алдаатай байх тохиолдлыг ойлгох бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамрагдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байх тул хуулийн энэ үндэслэлд хамаарна гэж үзэхгүй.

          12. Нэхэмжлэгч “ “В” ХХК “М” сургуулийг барьж ашиглалтад оруулах зориулалттай газар хүссэн байхад Богдхан уулын дархан цаазат газрын Ширдэгтийн аманд эко сургалт судалгаа, хүүхдийн зуслангийн зориулалтаар газар ашиглуулахаар шийдвэрлэсэн” хэмээн маргасныг хүлээн авах үндэслэлгүй болохыг дараах баримтууд нотолж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хуулийн этгээд “эко сургалт судалгааны, хүүхдийн зуслангийн зориулалтаар газар ашиглах хүсэлтийг” мөн гаргаж байсан байна.    

          13. Хавтаст хэрэгт авагдсан “В” ХХК-ийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 0017/** дүгээр албан бичиг[9] “...“М" сургуулийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна...”, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 0017/** дугаар албан бичиг[10] “... Ногоон бүс эко сургалт судалгааны хүүхдийн зуслангийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна...” хэмээн газар ашиглах хүсэлтүүдийг тус тус гаргаж байсны дагуу Богдхан уулын Дархат цаазат хамгаалалтын захиргааны 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаар албан бичээр “...М” сургуулийн зориулалтаар”, *** дүгээр албан бичгээр “Ногоон бүс эко сургалт судалгааны хүүхдийн зуслангийн зориулалтаар газар ашиглах хүсэлт ирүүлснийг” судалж үзээд тус тус дүгнэлт гаргаж Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлжээ.

       14. Анхан шатны шүүх захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т “захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох”, 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” шийдвэр гаргахаар зохицуулсан.

15. Нэхэмжлэгч “В” ХХК нь “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дугаар тушаалын “В” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоох, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/*** дугаар тушаалын 1 дэх заалтын “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамрагдсан үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй” гэснийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дугаар илт хууль бус тушаалын улмаас учирсан хохирол 35,950,000 төгрөгийг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэл гаргаж, энэхүү шаардлагаар захиргааны хэрэг үүсгэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа бичгээр[11] тодруулж өгснийг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан дээр мөн тодруулсан болно.

          16. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч захиргааны албан тушаалтан тухайн захиргааны актыг хүчингүй болгосон эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу А/*** дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх боломжтой.

          17. Гэтэл энэхүү тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 А/*** дугаар тушаалыг буюу өөрт нь газар ашиглах эрх олгосон, эерэг нөлөөлөл бүхий тушаалыг анхнаасаа шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага гаргасан бөгөөд “газрын төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх зорилготой”-оор ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа нь хуулийн дээрх шаардлагад нийцэхгүй байхын зэрэгцээ 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/*** дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгох үед А/*** дугаар тушаалаар 5 жилийн хугацаатай газар ашиглуулах эрх олгосон тушаалын үйлчлэл дуусгавар болсон байжээ.

          18. Иймд газар ашиглах эрх олгосон А/*** дугаар тушаалыг хууль бус байсан болохыг шүүхээр тогтоолгох ашиг сонирхол нэхэмжлэгчид байгаа гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2, 106.3.3 заасан үндэслэлээр хууль бус байсан болохыг тогтоолгох ...” гэсэн шаардлагын хүрээнд анхан шатны шүүх илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.           

          Иймд дээр дурдсан үндэслэлээр захиргааны акттай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байх бөгөөд захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас хохирол үүсээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 780 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасныг баримтлан В ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-д холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дугаар тушаалын “В” ХХК-д холбогдох хэсгийг хууль байсан болохыг тогтоолгох, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/*** дугаар тушаалын 1 дэх заалтын “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамрагдсан үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй” гэснийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дугаар илт хууль бус тушаалын улмаас учирсан хохирол 35,950,000 төгрөгийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтыг хасаж, 3 дахь заалтыг “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                  ШҮҮГЧ                                               О.ОЮУНГЭРЭЛ

 

                        ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

 

 

 

[1] 1 хавтаст хэргийн 98-99 хуудас

[2] 1 хавтаст хэргийн 67 хуудас

[3] 1 хавтаст хэргийн 6-8 хуудас

[4] 1 хавтаст хэргийн 10 хуудас

[5] 1 хавтаст хэргийн 154 хуудас

[6] 1 хавтаст хэргийн 155 хуудас

[7] 1 хавтаст хэргийн 144 хуудас

[8] 1 хавтаст хэргийн 101 хуудас

[9] 1 хавтаст хэргийн 123 хуудас

[10] 1 хавтаст хэргийн 49 хуудас

[11] 1 хавтаст хэргийн 214 хуудас