Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 74

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга  О.Мөнхдэлгэрэх,

     улсын яллагч Д.Ганчимэг,

     хохирогч Б.Далхжав

     шүүгдэгч Б.Цагаандарь нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Гулууз овогт Батмөнхийн Цагаандарьд холбогдох эрүүгийн 201608000163 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Гулууз овогт Батмөнхийн Цагаандарь /РД:ЗН94031005/, Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд 1994 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, 2 дүү, хүүхдийн хамт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Лүнгийн 13 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Шүүгдэгч Б.Цагаандарь нь шунахайн сэдэлтээр 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Лүнгийн 18 тоотод оршин суух иргэн Ц.Далхжавын гэрийн авдарт байсан түүний өмчлөлийн шүрэн толгойтой дунд гарын манан хөөргийг хулгайлсны улмаас бусдад 10 000 000 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирлыг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Цагаандарь нь 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Лүнгийн 18 тоотод оршин суух  Ц.Далхжавын гэрийн авдарт байсан түүний өмчлөлийн шүрэн толгойтой дунд гарын манан хөөргийг хулгайлсны улмаас бусдад 10 000 000 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирлыг учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1. Шүүгдэгч Б.Цагаандарь мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 09 сарын 03-ны өдөр Чойрт Лүнгийн 18 тоотод Түдэвдоржийнд ирсэн. Нөхөр Түдэвдорж машины дугуй янзлуулахаар гараад явсан. Тэгэхээр нь би гэрийн зүүн хойно байдаг шар эрээн авдар цоожгүй байхаар нь онгойлгоход хар өнгийн бичиг баримт хийсэн цүнх онгорхой байхаар нь харсан чинь дотор нь цэнхэр даалинтай хөөрөг байхаар нь авсан. Түдэвдорж ирээд хөдөө явлаа гээд охин бид хоёрыг гэрийн гадаа орхиод явсан. Тэгэхээр нь би тэр өдөртөө хүүхэдтэйгээ хот яваад урт цагаанд хөөрөг, үнэт эдлэл авдаг ченжид 800 000 төгрөгөөр хөөргөө зараад хүүхэддээ хувцас, өөртөө гар утас, хувцас авсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгөөч гэж хүсч байна гэв.

 

2. Хохирогч Ц.Далхжав мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Охиноо хот явуулаад буцаад хөдөө явахдаа хөөргөө авч явъя гээд авдараа уудалсан чинь авдар дотор хөөрөг байхгүй байсан. Тэгэхээр нь миний хөөргийг хаана хийсэн талаар охин Хутагаас асуусан чинь авдар дотор байдаг бичиг хийдэг хүрэн цүнхэн дотор хийсэн байгаа гэж хэлсэн. Тэгээд би тэр хүрэн цүнхийг үзсэн чинь хөөрөг байхгүй байсан. Би Түдэвдоржоос хөөргөө асуусан чинь би үзээгүй гэсэн. Тэгэхээр нь би Цагаандариас хөөргөө асуусан чинь би хөөргийг чинь хараагүй мэдэхгүй гэсэн. Тэгээд би Цагаандарийг сэжиглээд өгчих байх гэсэн өгөхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан. Би алдсан хөөргөө 16 сая төгрөгөөр үнэлсэн. Миний хөөргийг сумын үнэлгээний комисс 10 сая төгрөгөөр үнэлсэн байна. Миний алдсан хөөрөг жижиг шүрэн толгойтой, шармал усан хээтэй хажтай, халтар манан чулуутай, хүрэн өнгөтэй, хоёр өнцөг дээрээ барын дүрстэй хөөрөг. Манай өвөг дээдсээс өвлөж ирсэн хөөрөг байгаа юм. Би хөөргөө ямар үнэтэй болохыг үнэт эдлэл зардаг таньдаг хүнээсээ асуухад шүрэн толгой нь орохгүйгээр 10 сая төгрөг болно гэж байсан. Цагаандарь хөөрөг зарсан хүнээсээ 800 000 төгрөгөөр буцаан авч миний хөөргийг өгсөн. Би хөөргөө бүрэн бүтэн хүлээн авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

3. Гэрч Д.Түдэвдорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Цагаандэлгэр сумын наадмаар аав Далхжав өөрийн хөөргөө дүү Хутагт цааш нь далд хий гэж өгсөн байсан юм. Би гэрийн авдарнаас аавын хөөрөг алга болсныг 2016 оны 09 сарын эхээр мэдсэн. Аав над руу залгаад хөөрөг хаана байна гэхээр нь би мэдэхгүй байна хөөрөг чинь хаана байсан юм гэсэн чинь аав наадмаар дүүд чинь өгөөд гэрийн авдарт хийсэн байсан нь алга болсон байна гэсэн. Би хэдэн хоногийн дараа Цагаандарийг сурсан чинь хотод байна гэхээр нь очиж Цагаандарийг хүүхэдтэй нь авч ирсэн. Тэгэхдээ би аавын хөөрөг алга болсон байна чи авсан уу гэсэн чинь аваагүй гэсэн. Сүүлд нь Цагаандарийг аавын хөөргийг авдарнаас хулгайлаад хотод зарсаныг мэдсэн. Аавын хөөрөг халтар манан хөөрөг байсан. Цагаандарьтай хотод уулзахад өөртөө шинэ богино түрийтэй хар өнгийн гутал, жинсэн өмд, цагаан өнгийн том утас, хүүхэддээ цамц, өмд, гутал авсан байсан. Цагаандарь нь урд нь хулгай хийж байгаагүй, их дөлгөөн ямар нэгэн зангүй. Харин жаахан худлаа ярих гээд байдаг гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15 дугаар хуудас/

 

4. Насанд хүрээгүй гэрч Д.Хутаг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 08 сарын 27-ны өдөр хөдөө айлаас Чойрт гэртээ ирсэн. Аав Далхжав надад урд өдөр нь хөөрөг авч яваад авдартаа хийчих аав нь малд явах болохоор хаячих байх гэж хэлсэн. Тэгээд хөдөөнөөс ах Түдэвдорж, Цагаандарь хүүхдийнх нь хамт бид нар ирсэн. Би хөдөөнөөс явахдаа аавын хөөргийг өөрийн гоо сайхны цүнхэнд хийгээд машины ард Цагаандарь эгчийн цүнхтэй хувцасанд тавьж ирсэн. Би тэр өдрөө машинаас өөрийн гоо сайхны цүнхээ аваад хөөрөгөө авч авдарт хийсэн. Аавын хөөрөг бор өнгийн хөөрөг байсан. Содон шинж тэмдгийг нь мэдэхгүй байна. Манай Чойрын гэрийн авдар цоожгүй байдаг гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16 дугаар хуудас/

 

5. Гэрч А.Отгонбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Намайг ажил дээрээ байж байхад нэг хүүхэд тэвэрсэн эмэгтэй манай урт цагааны лангуугаар хөөрөг барьчихсан үзүүлээд явж байгаад над дээр ирээд энэ хөөргийг хэдэн төгрөгөөр худалдаж авах вэ ахаа гэхээр нь би 800 000 төгрөгөөр худалдаж авна гэхэд надад хөөргөө зарсан. Хэд хоногийн дараа Говьсүмбэр аймгийн эрүүгийн төлөөлөгч байна гээд нэг хүн нөгөө хөөрөг зарсан эмэгтэйтэй орж ирээд танд 800000 төгрөгөөр энэ эмэгтэй хөөрөг зарсан уу гэж асуусан. Би 800 000 төгрөгөөр худалдаж авсан хөөрөг нь одоо байгаа гээд үзүүлсэн. Энэ хөөрөг хулгайн хөөрөг байгаа юм хөөргийг авъя гэхээр нь би 800 000 төгрөгөө авч ирээд хөөргөө ав гээд явуулсан. Сая хэд хоногийн өмнө нөгөө эмэгтэй 800 000 төгрөг өгөөд хөөргөө аваад явсан. Уг хөөрөг нь жижиг шүрэн толгойтой, халтар манан чулуутай хүрэн өнгөтэй хөөрөг байсан гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20 дугаар хуудас/

 

6. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 7-9 дүгээр хуудас/

 

7. Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /х.х-ийн 10-11 дүгээр хуудас /

 

8. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №157 дугаар дүгнэлт /х.х-ийн 22 дугаар хуудас/

 

9. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 30 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Б.Цагаандарийг бусдын эд хөрөнгийг  хулгайлсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Цагаандарийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүгдэгч Б.Цагаандарь нь 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр охин Түвдэндоржийн Энэрэлийг /1 нас 6 сартай/ төрүүлсэн бөгөөд түүнийг асарч хамт амьдардаг болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар /х.х-ийн 33/, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1636 тоот албан бичгээр нотлогдож байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, түүнд хяналт тавихыг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Цагаандарь нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гулууз овогт Батмөнхийн Цагаандарийг бусдын эд хөрөнгийг  хулгайлсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Цагаандарийн эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Цагаандарьд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Цагаандарь нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар шүүгдэгч Б.Цагаандарьд 2 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар  шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цагаандарьд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Б.БАТТУЛГА