Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/37

 

 

 

 

 

 

 

  2023           01            10                                        2023/ШЦТ/37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

            улсын яллагч М.Энхбаатар /томилолтоор/

   шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож /ҮД:2148/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***ын ***д холбогдох эрүүгийн 2202000000417 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, *** оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, *** ХХК-д захирал ажилтай, ам бүл 3, эх хүү нарын хамт *** дүүргийн *** дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

*** овогт ***ын *** /***/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ***нь “...2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр *** дүүргийн *** дугаар хороо, *** хотхоны *** дугаар байрны *** тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Метамфетамины агууламжтай, нийт 0.5029 гр цэвэр жинтэй, мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг, мөн дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, нийт 0.1760 гр цэвэр жинтэй шавар гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан...” гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар                    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ***нь “...2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр *** дүүргийн *** дугаар хороо, *** хотхоны *** дугаар байрны *** тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Метамфетамины агууламжтай, нийт 0.5029 гр цэвэр жинтэй, мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг, мөн дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, нийт 0.1760 гр цэвэр жинтэй шавар гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн өгсөн “...гэм буруутай, маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2202000000417 дугаартай хэргээс шинжлэн судалсан:

 

2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6 тал/,

 

2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8 тал/,

 

2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-12 тал/,

 

 

Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 370 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагааг хүчингүйд тооцох тухай” тогтоол /хх-ийн 30-31 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5245 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. “1” гэж дугаарласан гялгар ууттай шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0.1760 гр, гялгар ууттай цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйлийн цэвэр жин нь 0.5029 гр байсан ба тус бүрээс 0.02 гр-г шинжилгээнд зарцуулав. “1” гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйл, “2” гэж дугаарласан улаан өнгийн тагтай хуванцар сав 1 ширхэг, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон хагарсан тарианы шил мэт зүйл /2ш/ тус бүрээс Метамфетамин, “1” гэж дугаарласан гялгар ууттай шавар мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Метамфетамин, дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн II жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 34-37 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5246 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “*** 2022-10-19 гэж хаягласан шээсний дээжнээс Метамфетамин илэрсэн. Метамфетамин нь 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 39-41 тал/,

 

2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 535 дугаартай Мөрдөгчийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /хх-ийн 43 тал/

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 тал/, оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт /хх 96 тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Монгол улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба  “сэтгэцэд  нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд “Бэлдмэл” гэж сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодис агуулж байгаа физикийн ямар ч байдалд байгаа аливаа уусмал буюу холимгийг, эсхүл тунгийн хэлбэрт байгаа сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодисыг ойлгох ба энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглож олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцож хуульчилсан байна.

 

Иймээс энэ төрлийн сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авах, цэвэршүүлэх, дахин боловсруулж, хувирган өөрчлөх, бэлэн бүтээгдэхүүн болон түүхий эд хэлбэрээр гарган авахыг “хууль бусаар бэлтгэсэн” гэж, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж тус тус үзэх юм.

 

Шүүгдэгч ***д холбогдох хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судлахад тэрээр 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетаминийн агууламжтай “мөс”, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар “орон байр” буюу *** дүүргийн *** дугаар хороо, *** хотхоны *** дугаар байрны *** тоотод хадгалсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон  мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөргүй болохыг тэмдэглэж байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт

 

Шүүхээс шүүгдэгч ***ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталсан болохыг дурдаж байна.

 

Шүүх, шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюул, гэмт хэргийн улмаас бий болох хор уршигт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу ***д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ялыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон бөгөөд өмгөөлөгчийн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн болохыг дурдаж байна.

Учир нь шүүгдэгчийн  холбогдсон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж болон хэргийн газраас хураагдсан сэтгэцэд нөлөөлөл бодисын төрөл, хэмжээ зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгчийн  өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй байна.

 

Шүүгдэгч ***нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан эд зүйлийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулах, холбогдох газруудад хүргүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ***д шүүхээс хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

  

              Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1. *** овогт ***ын ***ийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетаминийн агууламжтай “мөс”, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  ***ийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч ***д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч ***нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан 2 гэсэн дугаартай улаан өнгийн тагтай жижиг хуванцар сав, 2 ширхэг хуруу шил, 1 гэсэн дугаартай зиплок уутанд хийсэн 0.1760 грамм шавар, 2 тусдаа гялгар ууттай 0.5029 грамм мөс зэрэг зүйлсийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ЭРДЭНЭЧИМЭГ