Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
Хэргийн индекс | 168/2022/0377/Э |
Дугаар | 2022/ШЦТ/376 |
Огноо | 2022-12-14 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/376
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго
Шүүгдэгч У.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Удвалын Ганбатад холбогдох эрүүгийн 2221000000453 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Улз гол ХХК-д засварчин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 40-25 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигин овогт Удвалын Ганбат. /РД: ЙЗ83022819/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У.Ганбат нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 15 цагийн орчимд хохирогч Л.Батмандахтай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохих хөлөөрөө өшиглөх зэргээр зодож Л.Батмандахын биед дагзны хуйх, дээд уруулын дотор салст, гадна талд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт, дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч У.Ганбат шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээж байна...” гэв.
Хохирогч Л.Батмандахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 10 цагийн үед танил ах Тулгаатай 40 дүгээр байрны гадаа таасан. Бид хоёр 40 дүгээр байрны урд талд байдаг цементэн дээр сууж байхад цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ганбаа гэх хүн Тулгаа ахтай юм ярьж байгаад гэр рүүгээ орсон. Тэр үед цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслээс Тулгаа ахын найз нь бууж ирээд бид хоёртой хамт сууж байгаад дэлгүүрээс Цагаан нэртэй 0,75 граммын нэг шил архи авч 40 дүгээр байрны зүүн талд уугаад сууж байхад удалгүй Тулгаа ахын найз Ганбат гэрээсээ гарч ирээд бид дөрөв такси бариад 3 дугаар байшингийн гадаа очиж дахин нэг шил архи дэлгүүрээс авч байрны гадаа уусан. Тэгээд тэндээсээ Мянгат хороолол руу явж дэлгүүрээс нэг шил архи авч 38 дугаар байрны гадаа архиа уугаад сууж байхад Ганбат болон Тулгаагийн эхнэрүүд ирж хэсэг маргаж нөхрүүдээ загнаж байгаад явсан. Үүний дараа бид дөрөв 38 дугаар байрны гаднаас такси бариад 2 дугаар баг Хан-Уул сургуулийн урд талын гудманд ирээд тэр хавийн дэлгүүрээс мөнгөө нийлүүлж байгаад Их монгол нэртэй 0,75 граммын нэг шил архи авч гудманд суугаад уух гэхэд Тулгаа ах болон Ганбатын найз хоёр авсан архинаас уухгүй болилоо гэхээр нь би 2-3 хундага архи уучихаад Ганбат гэх хүн рүү хандаж одоо би боллоо, барахгүй нь гэж хэлэхэд Ганбат уурлаж чи ямар арчаагүй эр вэ, ууж чадахгүй гэхээр нь би болъё ахаа, энэ хоёр уухгүй байна гэж хэлэхэд Ганбат гараараа миний нүүр рүү цохиж хөлөөрөө өшиглөхөөр нь би зугтааж гудманд явж байсан хүний гар утсаар Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Одоо миний биед ямар нэгэн гэмтэл болон зовуурь байхгүй, ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Өвчин намдаах эм тариа ууж хэрэглэсэн. Тухайн эм тариаг У.Ганбат нь надад авч өгсөн. ...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10/
Гэрч Н.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ганбат уурлаж босож ирээд Батмандахыг гараараа толгой болон нүүр рүү нь 3-4 удаа цохихоор нь би босоод салгахад Батмандах дүү урагшаа гараад гүйгээд явсан. Тэгэхээр нь би Ганбатын хамт гэр рүүгээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/
Шүүгдэгч У.Ганбатын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ажлаасаа буугаад эхнэрийн хамт гэртээ орж байх үед манай танил Тулгаа, зүс мэдэх Батмандах хоёр нэг шил архи ууж байхад нь хажууд нь хальт машинтайгаа зогсож тэр хоёртой юм яриад эхнэр хүүхдийн хамт гэр рүүгээ орсон. Тэгээд удалгүй гэрээсээ гарч гэрийн гадаа байсан Тулгаа, Батмандах хоёртой уулзаж, архинаас нь 2 хундага татахад архи дууссан. ...бид гурав 3 дугаар байшин руу такси барьж очиж байшингийн арын дэлгүүрээс Хараа нэртэй 0,75 граммын нэг шил архи аваад байрны гадаа ууж дуусгасан. Тэгээд тухайн таксигаараа Хэрлэн сумын 2 дугаар багт байрлах Хан-Уул сургууль руу очиж урд талын дэлгүүрээс нь дахин 0,75 граммын архи авч уусан. Тэр үед Батмандах дүү нэлээн согтохоор нь чи гэр рүүгээ харь гэж хэлэхэд та архиа харамлаад байгаа юм уу гэж хэлж бид хоёр маргалдаж барьцалдсан. Би Батмандахын нүүр рүү нь толгойгоороо нэг удаа мөргөхөд Батмандах доошоо тонгойхоор нь мөн нүүр рүү нь өшиглөхөд Батмандах дүү зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 698 тоот дүгнэлтэд:
1. Л.Батмандахын биед дагзны хуйх, дээд уруулын дотор салст, гадна талд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт, дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт бүхий шинэ гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. /хх-ийн 22-23/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 35-36, 65/
- Шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 38-43, 48-52/
- Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолын хуулбарууд /хх-ийн 44-47/
- Цагдаагийн Ерөнхий газрын лавлагаа /хх-ийн 53-57/
- Шүүгдэгчийн ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 62/
- Шүүгдэгч У.Ганбат, хохирогч Л.Батмандах нарын Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 63-64/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч У.Ганбатад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч У.Ганбат нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 15 цагийн орчимд хохирогч Л.Батмандахтай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохих хөлөөрөө өшиглөх зэргээр зодож Л.Батмандахын эрүүл мэндэд дагзны хуйх, дээд уруулын дотор салст, гадна талд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт, дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч У.Ганбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч Л.Батмандах, гэрч Н.Гантулга нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 698 тоот “...Л.Батмандахын биед дагзны хуйх, дээд уруулын дотор салст, гадна талд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстд цус харвалт, дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт бүхий шинэ гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч У.Ганбат, түүний өмгөөлөгч Б.Солонго нар нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч У.Ганбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч У.Ганбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч У.Ганбатад торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч прокурорын саналд гарын үсэг зурсан байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан Боржигин овогт Удвалын Ганбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч У.Ганбатын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Л.Батмандахын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч У.Ганбатыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Удвалын Ганбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Удвалын Ганбатыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ганбат нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У.Ганбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА