Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1823

 

 

 

 

 

 

  2022        12         15                                  2022/ШЦТ/1823

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Ц.Ганцэцэг,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

шүүгдэгч С.У  нарыг оролцуулан тус шүүхийн Е танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.У ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 05483 3830 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.У ыг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Хууль Сахиулахын их сургуулийн автобусны буудлын хажууд иргэн Т.Ц той “автомашины зургийг дарж police.mn рүү явууллаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөл рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь зүүн шанаа, зүүн гуя, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 05483 3830 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:

шүүгдэгч С.У  нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хороонд хохирогч Т.Ц гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Т.Ц гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Манай хажуу талын түцний залуу машинаа байнга манай түцний урд тавьдаг. Адилхан амьдрах гэж байж манай орлогыг хааж машинаа тавьж байх юм гээд өмнө нь хэлж байсан. Өнөөдөр мөн ялгаагүй манай түцний урд тавьсан байхаар нь хэлсэн чинь эхнэр нь түцнээс гарч ирж хэл амаар доромжлоод, нөхөр нь миний нүүр рүү цохиж өшиглөсөн. Би уг түцийг нэг сарын хугацаанд ажиллуулж байна. Өмнө нь манай түцний хажууд хогоо хаяснаас болж маргаж байсан. Тэр залуу намайг мөн хэл амаар доромжилж заналхийлж байсан... Эхнэр нь намайг түлхсэн, нөхөр нь араас ирж миний зүүн шанаа руу заамдаж байгаад цохисон. Зүүн хөл рүү 2 удаа өшиглөсөн. Би маш их гомдолтой байна...”, Би 2022 оны 11 дүгээр сарын 08-ны оройн 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хууль Сахиулахын их сургуулийн автобусны буудал дээр байрлах түцээ ажиллуулаад байж байхад манай хажуу талын түцний залуу манай түцний урд талд машинаа байрлуулахаар нь би гараад уг машины зургийг дараад замын цагдаагийн фейсбүүк хуудас руу явуулсан. Тэгээд би ариун цэврийн өрөө орох гээд гарч байтал хажуу талын түцний залуу гарч ирээд над руу хандаж “муу пизданы авгай чи ахиад машины зураг дараад явуулж байна уу” гэхэд нь би “тийм” гэж хэлэхэд “чам шиг гуйлгачин авгай амжихгүй шүү, ална шүү” гэж хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би “машинаа манай түцийг хааж тавихгүй байвал би зургийг нь дарахгүй шүү дээ” гэхэд ахин хэл амаар доромжилж байхад араас нь нөгөө залуугийн эхнэр гарч ирээд намайг “гичий минь чи муу яагаад байгаа юм бэ” гээд үгийн зөрүүгүй ирэд түлхэх үед нь би зөрүүлээд “чи надад битгий хүрээд бай” гээд гарыг нь түлхсэн. Энэ үед нөгөө залуу над руу дайрч “чи миний эхнэрийг зоддог хэн бэ” гээд гараараа миний шанаа хэсэгт 2-3 удаа цохисон, цээж хэсэгт нэг удаа, зүүн гарын булчин хэсэгт нэг удаа цохисон. Зүүн хөлний гуя, шилбэ, өвдөг хэсэгт хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд намайг заамдаж аваад түц рүү шахаад ална гээд байсан. Тэр үед автобусны буудал дээр явж байсан үл таних хүн салгахаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд намайг “утас аваад ир авгай минь, чи согтуу байна” гэж хэл амаар доромжилсон. Би энэ түцийг аваад 1 сар болж байна. Энэ хугацаанд хажуу талын түцний үмүүс манай үүдэнд хогоо хаясан байхад нь би нэг удаа орж “хогоо зориулалтын хогийн цэгт хая” гэж хэлэхэд намайг зоддог залуу миний өөдөөс хэрэлдэж хэл амаар доромжилж байсан. Дараа нь манай түцний үүдэнд байнга машинаа хааж тавьдаг энэ талаар хэлэхээр бас хэл амаар доромжлоод тоосон шинжгүй машинаа байнга хааж байршуулаад байсан. Тэгэхээр би энэ хажуу түцний залууд хэлээд нэмэргүй юм байна гэж бодоод машиных нь зургийг нь дараад 2 удаа epolice.mn рүү явуулсан. Тэгээд ахин хааж байршуулахаар нь 3 дахь удаагаа явуулахад намайг хэл амаар доромжилж зодсон. Хажуу талын түцний хоёр харилцаа муутай хүмүүс байгаа гэж өмнө манай түцийг түрээсэлж ажиллуулж байсан хүмүүс надад сануулж хэлж байсан. Миний зүүн хөлний булчингийн бэхэлгээ тасарсан оноштой, өвдөг хөхөрсөн, зүүн шанаа хэсэг хөхөрсөн, цээж хэсэгт хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5, 25-26/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Ц.Оюун-Эрдэнийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15378 дугаар:

“Т.Ц гийн биед зүүн шанаа, зүүн гуя, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 28-30/,

 

Гэрч Э.С ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:

“Би Хууль сахиулахын их сургуулийн автобусны буудал дээр хувиараа түц ажиллуулдаг юм. Тэр хажуу талын түцний эгч гадаа манай нөхөртэй маргалдаад байсан. Тэгэхээр нь би гарч очин нөгөө эгчид та гуравдахь удаагаа ингэж хэл ам хийж байна шүү дээ гэж хэлэхэд нөгөө эгч “чи дуугүй бай” гэж хэл амаар доромжилж байгаад над руу ирээд миний баруун шанаа хэсэгт гараараа 2 удаа цохиход нь “та болиоч” гэхэд намайг зуураад тавихгүй байсан. Тэр үед манай нөхөр бид хоёрыг салгахад нөгөө эгч манай нөхөртэй зууралдаад цохиод өшиглөөд байсан. Манай нөхрийг өшиглөж байгаад хөлөө гэмтээсэн байх. Тэгээд нөхөртэй зууралдаад байж байхад автобусанд суух гэж буудал дээр явж байсан. Нэг хүүхэд ирээд салгасан. Тэгээд нөгөө эгч цагдаа дуудсан. Би нөхөртэйгээ энэ түцийг ажиллуулаад 5 жил болж байна. Хажуу талын эгч ажиллуулаад удаагүй байгаа. Урьд өмнө манай нөхөр түцэндээ сууж байхад нөгөө эгч орж ирээд манай түцний гадаа хогоо хаялаа гэж орж ирээд загнаж, хэл амаар доромжилж, манайх машинаасаа бараагаа буулгах үедээ буудал дээр хальт тавиад машинаа холдуулдаг. Энэ асуудлаас болж хоорондоо үл ойлголцож нөхөр бид хоёрыг загнаад хэл амаар доромжлоод байсан. Тухайн өдөр би түцэндээ байж байхад гадаа манай нөхрийг загнаад байхаар нь гарч маргалдсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/,

 

Шүүгдэгч С.У ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:

“...Би 2022 оны 11 дүгээр сарын 08-ны оройн 22 цагийн орчим Хууль Сахиулахын их сургуулийн автобусны буудалд байдаг түц рүүгээ халаагч оруулаад гарч ирэхэд хажуу талын түцний эгч миний машины зургийг дараад байж байхаар нь “та болиоч яагаад миний машины зургийг дараад байгаа юм бэ” гэхэд нөгөө эгч “наад сэгээ холдуул” гэхэд нь би “та дандаа ийм сонин зан гаргаж байх юм, түц рүү юм оруулаад минут ч болоогүй гараад ирсэн шүү дээ” гэж хэлээд байж байтал миний араас манай эхнэр С  гарч ирээд нөгөө эгчтэй маргалдаад барьцалдан манай эхнэрийн хоолойг нь боогоод гараараа нүүр хэсэгт нь 2-3 удаа цохиход нь би тэр хоёрын голоор ороод салгахад нөгөө эгч намайг өшиглөөд, 2-3 удаа зүүн талын шанаа хэсэгт цохиход нь би өвдгөөрөө нөгөө эгчийн зүүн хөлийг түлхэж холдуулсан. Гараараа мөр хэсэгт нь түлхэн эхнэрээсээ холдуулсан. Би эхнэрийн хамт Хууль Сахиулахын их сургуулийн автобусны буудал дээр түц ажиллуулдаг юм. Тэр эгч манай хажуу талын түцийг ажиллуулдаг. Байнга хэл ам хийж манайхаар орж ирдэг. Тэр өдөр миний машины зургийг дараад байж байхаар нь “та яагаад миний машины зургийг дараад байгаа юм бэ, та дандаа хэл ам гаргах юм аа” гэж хэлээд маргалдах болсон..” гэх мэдүүлэг /хх-ийн 55/,

 

Шүүгдэгч С.У  Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хандан “С.У  би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Хэргийг маань хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү..” гэх хүсэлт /хх-ийн 56/,

 

Хохирогч Т.Ц  Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хандан “Т.Ц  би С.У аас хохирол 1.000.000 төгрөгийг хүлээн авлаа. Гомдол санал байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү..” гэх хүсэлт /хх-ийн 57/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: С.У ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 39/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 40/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 41/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч С.У  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Гэм буруугийн талаар:

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч С.У  нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохиролыг санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар С.У т холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлжээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

            Иймд шүүгдэгч С.У  нь хохирогч Т.Ц гийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Т.Ц  нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар хохирол нэхэмжлээгүй боловч шүүгдэгч С.У  нь түүнд 1.000.000 төгрөгийн хохирол төлсөн гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгч С.У ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал, хэрэгт тогтоогдсон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.У ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.У ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.У т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.У т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ