Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,

Улсын яллагч Ц.Батзаяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Энхбат,

Шүүгдэгч Г.Б-Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б ургийн овогтой Г-ын Б-Э-д холбогдох 2216002120196 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Б-Э нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хөх сайр гэх нэртэй газарт 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бага оврын трактор (Унагалдай) 1 ширхэг, тог баригч мотор 1 ширхэг, шороо шигшигч төмөр шигшүүр 1 ширхэг, алт баригч 2 ширхэг зэргийг ашиглаж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсныг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нөхцөл байдлаас дүгнэвэл шүүгдэгч Г.Б-Э нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хөх сайр гэх нэртэй газарт 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бага оврын трактор (Унагалдай) 1 ширхэг, тог баригч мотор 1 ширхэг, шороо шигшигч төмөр шигшүүр 1 ширхэг, алт баригч 2 ширхэг зэргийг ашиглаж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримт нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Г.Б-Э гэм буруутай болох нь:

 

1.Хохирогч Б.Ө-ний мөрдөн байцаалтад өгсөн: “...Говь-Алтай аймгийн Чандмань сумын 2-р багийн нутагт 2010 оноос хойш Хөх сайр гэх газарт алтны илэрц илэрсэн. Мөн 4-р багийн нутаг Бор хайрханы ар бэл гэх газарт алтны илэрцтэй газар 2020 оны 09 сараас, 1-р багийн нутаг аараг гэх газраас 2019 оны 09 сард алтны илэрцтэй газар илэрсэн. 2016 оноос Чандмань сумын 3-р багийн нутаг Эрдэнэ-Уулын доод аараг гэх газруудад алтны илэрцүүд илэрсэн юм. ...Хөх сайр гэх уг алтны илэрцтэй газарт 2010 оноос хойш нинжа болон бага оврын трактор ажиллаж байгаа юм. Уг газар нь тусгай хамгаалалттай газарт хамаардаггүй юм. ...ямар нэгэн тусгай зөвшөөрөл олгосон асуудал огт байхгүй. 2010 онд гар нинжа нар ажиллаад, 2011 оноос Баянхонгорын голдуу бага оврын трактор ажиллаж эхэлсэн. 2019 оны 04 сард уг газарт 10 гаран бага оврын трактор тогтмол ажиллаж байсныг ЗДТГ, Цагдаагийн хэсэгтэй хамтран бүрэн чөлөөлсөн. Тэрнээс хойш ямар нэгэн трактор ажилласан зүйлгүй юм. Хаяа ганц нэг гар нинжа нар очсон талаар мэдээлэл ирдэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

            2.Иргэний нэхэмжлэгч А.Ц-А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би Говь-Алтай аймгийн Чандмань сумын 2 дугаар багийн нутаг, Хөх сайр буюу Элсний ам гэх газарт иргэн Г.Б-Э-ийн үйл ажиллагаа явуулсан талбайд мөрдөгчийн тогтоолын дагуу шинжээчээр томилогдон ажиллаж, Байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ гаргасан тул тус ажлын хөлс болох 3,300,000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 2.5 дахь хэсгүүдийг үндэслэн ажлын хөлсийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

 

          3.Иргэний нэхэмжлэгч Н.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 онд Чандмань сумын төвд би өөрийн эзэмшлийн бага оврын унагалдай тракторыг 3,500,000 төгрөгөөр зарсан. Г.Б-Э-ээс 2,000,000 төгрөгийг авсан, 1,500,000 төгрөгийн авлагатай. ...бичиг баримт байхгүй хуучин муу трактор байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

 

          4.Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн шинжээч А.Ц-А-ийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №1/101 дугаартай “...Тухайн газар нь урьд өмнө эвдрэлтэй газар, нэмж ухсан байсан учир сүйдсэн ургамал тогтоогдохгүй, модгүй, ус ашиглаагүй, ухсан нүхний талбай нь 190,09 м2, эзлэхүүний хэмжээ 38,04 м3 байна. Тус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 34,766 төгрөг болж байна. Тус талбайд нөхөн сэргээлт хийх зардлын хэмжээ 181,980 төгрөг байна...” гэх дүгнэлт, шинжээчийн дүгнэлтийн ажлын хөлсний №71 дугаартай нэхэмжлэх, Говь-Алтай аймгийн Чандмань сумын 2 дугаар багийн нутаг, Хөх сайр буюу Элсний ам гэх газарт иргэн Г.Б-Э-ийн эвдсэн 0,019 га талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлын тооцоо болон холбогдох баримтууд /нийт 25 хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд /хх-ийн 68-96 дугаар хуудас/,

 

          5.Мэргэшсэн үнэлгээчин Р.Цанжидмаагийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дугаартай “...Тог баригч мотор 1 ширхэг 92,000 төгрөг, шороо шигшигч төмөр шигшүүр 1 ширхэг 197,000 төгрөг, нэг бүр нь 43,500 төгрөгийн үнэлгээ бүхий нийт 87,000 төгрөгийн үнэлгээтэй алт баригч 2 ширхэг, бага оврын Doosan-55 маркийн трактор 1 ширхэг 4,320,000 төгрөг, нийт 4,696,000 төгрөг гэх...” үнэлгээний тайлан дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд /хх-ийн 52-61 дүгээр хуудас/,

 

6.Иргэний нэхэмжлэгч Д.П-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.”, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төр нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар гомдол, гаргана.” гэж тус тус заасан. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ.” гэж заасны дагуу төр нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан үйлдэлтэй уг эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон оролцож байна. Шинжээчийн дүгнэлтээр яллагдагч Г.Б-Э нь байгаль орчинд учирсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээгээр 34,766 төгрөг, тус талбайд нөхөн сэргээлт хийх зардлын хэмжээ нь 181,980 төгрөг, нийт 216,746 төгрөгийн хохирол учруулж, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан тул дээрх төлбөрийг нэхэмжилж оролцоно...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

 

          7.Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-11 дүгээр хуудас/,

 

          8.Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “...Г.Б-Э-ийн эзэмшлийн бага оврын Dооsаn-55 маркийн трактор 1 ширхэг, шороо шигшигч төмөр пүүнхэр 1 ширхэг битүүмжилсэн..." тухай тогтоол /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

          9.2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Бага оврын трактор буюу унагалдай 1 ширхэг, тог баригч 1 ширхэг, алт баригч 2 ширхэг” зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /хх-ийн 13 дугаар хуудас/,

 

          10.Шүүгдэгч Г.Б-Э-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 125-129 дүгээр хуудас/,

 

11.Шүүгдэгч Г.Б-Э-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн үед Говь-Алтай аймгийн Чандмань сумын 2 дугаар багийн нутаг болох Хөх сайр гэх нэртэй газарт Энхнасан гэх хүний машиныг хөлсөлж трактороо ачиж очсон. Тэгээд орой нь очоод хуучин ухсан байсан газартаа 1 цаг орчим ажиллаад тэгээд амарсан. Тэгээд маргааш нь цагдаагаас хүмүүс ирж, тоног төхөөрөмжийг авч, үйл ажиллагааг зогсоосон. Тухайн үедээ 5 метр урт, 1 метр гүнтэй газар ухсан. ...би газрын хэвлийд ямар нэгэн зөвшөөрөлгүй халдсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 123-124 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч болон өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б-Э нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

   Иймд шүүгдэгч Г.Б-Э-ийн энэхүү үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар талуудаас хүсэлт гаргаагүй болно.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Б-Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Улсын яллагч Ц.Батзаяа: “...шүүгдэгч Г.Б-Эд 5400 нэгж буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...”,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Энхбат: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж тус тус хуульчилсан. ...Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж тэнсэх эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

 

Шүүгдэгч Г.Б-Эд холбогдох 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгуулах хуудас /хх-ийн 132 дугаар хуудас/-т урьд ял шийтгэгдсэн эсэх талаар тэмдэглэгээгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Б-Э-ийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн зэргийг тус тус харгалзан Эрүүгийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Г.Б-Э-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 (Таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (Таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Б-Эд оногдуулсан торгох ялыг 1 (Нэг) жил, 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.”, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Г.Б-Э-ийн эхнэр Ч-ын Д-ийн эзэмшлийн ХААН банк дахь 5330108388 тоот данснаас Нуман-Алтай ХХК-ийн захирал А.Ц-А-ийн ХААН банкинд эзэмшдэг 5063302898 тоот дансанд 3,000,000 (Гурван сая) төгрөгийг төлсөн талаар 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 156 дугаар хуудас/ хэрэгт авагдсан.

 

Хавтаст хэргийн 69 дүгээр хуудаст Нуман-Алтай ХХК-ийн иргэн Г.Б-Ээс Байгаль орчны үнэлгээ, шинжилгээний 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/101 тоот дүгнэлтийн ажлын хөлсөд 3,300,000 (Гурван сая гурван зуун мянга) төгрөг нэхэмжилсэн №71 дугаартай нэхэмжлэх баримтаар авагдсан бөгөөд тус ажлын хөлснөөс 3,000,000 (Гурван сая) төгрөгийг төлсөн нь ХААН банкны дээрх дансны хуулгаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Б-Э нь Нуман-Алтай ХХК-д Байгаль орчны үнэлгээ, шинжилгээний 1/101 тоот дүгнэлтийн ажлын хөлсний үлдэгдэлд 300,000 (Гурван зуун мянга) төгрөгийг төлөхөөр байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-Э-ийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 4,320,000 (Дөрвөн сая гурван зуун хорин мянга) төгрөгийн үнэлгээ бүхий бага оврын Doosan-55 маркийн трактор 1 ширхэг, 92,000 (Ерэн хоёр мянга) төгрөгийн үнэлгээ бүхий Тог баригч мотор 1 ширхэг, 197,000 (Нэг зуун ерэн долоон мянга) төгрөгийн үнэлгээ бүхий Шороо шигшигч төмөр шигшүүр багаж 1 ширхэг, нэг бүр нь 43,500 (Дөчин гурван мянга таван зуу) төгрөгийн үнэ бүхий нийт 87,000 (Наян долоон мянга) төгрөгөөр үнэлэгдэх Алт баригч 2 ширхэг зэргийг тус тус битүүмжлэлээс чөлөөлөн Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, эдгээр хөрөнгийг худалдан борлуулсны орлогоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох Байгаль орчны үнэлгээ, шинжилгээний 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/101 тоот дүгнэлтийн ажлын хөлсний үлдэгдэл 300,000 (Гурван зуун мянга) төгрөгийг Нуман-Алтай ХХК-д олгож, үлдсэн 4,396,000 (Дөрвөн сая гурван зуун ерэн зургаан мянга) төгрөгийг улсын орлого болгох үндэслэлтэй байна.

 

Дээрх ажиллагааг хангах үүднээс мөрдөн байцаалтын ажиллагааны явцад мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Б-Э-ийн өмчлөлийн бага оврын Dооsаn-55 маркийн трактор 1 ширхэг, Шороо шигшигч төмөр шигшүүр 1 ширхэг, Алт баригч 2 ширхэг, Тог баригч мотор 1 ширхэг зэргийг тус тус битүүмжлэлээс чөлөөлөн Говь-Алтай аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв.

 

Иргэний нэхэмжлэгч Н.М нь бага оврийн Doosan-55 маркийн тракторыг шүүгдэгч Г.Б-Эд худалдсаны үлдэгдэл төлбөр 1,500,000 (Нэг сая таван зуун мянга) төгрөгийг нэхэмжилж байгаа боловч энэ талаарх нотлох баримтуудаа мөрдөн байцаалтын ажиллагаанд болон шүүхэд гаргаж өгөөгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Н.М-ийн нэхэмжилсэн 1,500,000 (Нэг сая таван зуун мянга) төгрөгийн иргэний нэхэмжлэлийг шүүхээс хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Хохирлын тухайд:

 

Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Байгаль орчин, уур амьсгалын сангаас буцаан олгоно.”, 49.5.1 дэх заалтад “газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;” гэж тус тус заажээ.

 

Иймд Нуман-Алтай ХХК-ийн Байгаль орчны үнэлгээ, шинжилгээний 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/101 тоот шинжээчийн дүгнэлтээр газрын хэвлийд учруулсан хохирлыг 34,766 (Гучин дөрвөн мянга долоон зуун жаран зургаа) төгрөг гэснийг 2 дахин  нэмэгдүүлж нийт 69,532 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Г.Б-Ээс 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Байгаль орчин уур амьсгалын сангийн дансанд төлсөн 216,746 (Хоёр зуун арван зургаан мянга долоон зуун дөчин зургаа) төгрөгөөс хасч тооцон, зөрүү 147,214 (Нэг зуун дөчин долоон мянга хоёр зуун арван дөрөв) төгрөгийг шүүгдэгч Г.Б-Эд буцаан олгох нь зүйтэй байна.

 

Харин газрын хэвлийн нөхөн сэргээлтийн зардал 181,980 (Нэг зуун наян нэгэн мянга есөн зуун ная) төгрөгийг шүүгдэгч Г.Б-Ээс гаргуулж, Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын тамгын газарт олгуулж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Б-Э цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлж ирүүлээгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.7 дугаар зүйлийн 2, 3, 36.8 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1.Шүүгдэгч Б ургийн овогтой Г-ын Б-Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-Э-ийг 5,400 (Таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (Таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-Эд оногдуулсан торгох ялыг 1 (Нэг) жил, 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-Э нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-Э-ийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 4,320,000 (Дөрвөн сая гурван зуун хорин мянга) төгрөгийн үнэлгээ бүхий бага оврын Doosan-55 маркийн трактор 1 ширхэг, 92,000 (Ерэн хоёр мянга) төгрөгийн үнэлгээ бүхий Тог баригч мотор 1 ширхэг, 197,000 (Нэг зуун ерэн долоон мянга) төгрөгийн үнэлгээ бүхий Шороо шигшигч төмөр шигшүүр багаж 1 ширхэг, нэг бүр нь 43,500 (Дөчин гурван мянга таван зуу) төгрөгийн үнэ бүхий нийт 87,000 (Наян долоон мянга) төгрөгөөр үнэлэгдэх Алт баригч 2 ширхэг зэргийг тус тус битүүмжлэлээс чөлөөлөн Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, эдгээр хөрөнгийг худалдан борлуулсны орлогоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох Байгаль орчны үнэлгээ, шинжилгээний 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/101 тоот дүгнэлтийн ажлын хөлсний үлдэгдэл 300,000 (Гурван зуун мянга) төгрөгийг Нуман-Алтай ХХК-д олгож, үлдсэн 4,396,000 (Дөрвөн сая гурван зуун ерэн зургаан мянга) төгрөгийг улсын орлого болгохыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Н.М-ийн нэхэмжилсэн 1,500,000 (Нэг сая таван зуун мянга) төгрөгийн иргэний нэхэмжлэлийг шүүхээс хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7.Шүүгдэгч Г.Б-Ээс Байгаль орчин уур амьсгалын сангийн дансанд төлөгдсөн 216,746 (Хоёр зуун арван зургаан мянга долоон зуун дөчин зургаа) төгрөгөөс Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.5.1 дэх заалтад тус тус зааснаар газрын хэвлийд учруулсан хохиролд 69,532 (Жаран есөн мянга таван зуун гучин хоёр) төгрөгийг тооцон, зөрүү 147,214 (Нэг зуун дөчин долоон мянга хоёр зуун арван дөрөв) төгрөгийг шүүгдэгч Г.Б-Эд буцаан олгосугай.

 

8.Газрын хэвлийн нөхөн сэргээлтийн зардал 181,980 (Нэг зуун наян нэгэн мянга есөн зуун ная) төгрөгийг шүүгдэгч Г.Б-Ээс гаргуулж, Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.

 

9.Энэ хэрэгт шүүгдэгч Г.Б-Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11.Шүүгдэгч Г.Б-Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.ЭНХБААТАР