Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2024/0795

 

 

 

 

 

 

 

 

 “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “К” ХХК

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/*** дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Сонгон шалгаруулалтын комисс

Гуравдагч этгээд “Ж” ХХК

Гуравдагч этгээд “Н” ХХК

Гуравдагч этгээд “Э” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас СШ-106-*, СШ-106-* сонгон шалгаруулалтын талбайд зарласан сонгон шалгаруулалтад “К” ХХК-ийн техникийн саналыг хүлээн авахаас татгалзсан Сонгон шалгаруулалтын комиссын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ** тоот дүгнэлтийн “К” ХХК-д холбогдох хэсэг, Сонгон шалгаруулалтын техникийн болон үнийн саналыг үнэлсэн сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийн 106-*, 106-* дахь хэсэгт “Н” ХХК, “Ж” ХХК-ийг шалгаруулсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах, СШ-106-*, СШ-106-* сонгон шалгаруулалтын талбайд дахин сонгон шалгаруулалт явуулахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгож, дахин сонгон шалгаруулалт явуулахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0727 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, С.Д

Гуравдагч этгээд “Ж” ХХК-ийн захирал З.Ц

Гуравдагч этгээд “Н” ХХК, “Э” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г

Хэргийн индекс: 128/2023/0566/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “К” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/*** дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Сонгон шалгаруулалтын комисст тус тус холбогдуулан “2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас СШ-106-*, СШ-106-* сонгон шалгаруулалтын талбайд зарласан сонгон шалгаруулалтад “К” ХХК-ийн техникийн саналыг хүлээн авахаас татгалзсан Сонгон шалгаруулалтын комиссын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 01 тоот дүгнэлтийн “К” ХХК-д холбогдох хэсэг, Сонгон шалгаруулалтын техникийн болон үнийн саналыг үнэлсэн сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийн 106-*, 106-* дахь хэсэгт “Н” ХХК, “Ж” ХХК-ийг шалгаруулсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах, СШ-106-*, СШ-106-* сонгон шалгаруулалтын талбайд дахин сонгон шалгаруулалт явуулахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгож, дахин сонгон шалгаруулалт явуулахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0727 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.4, 20 дугаар зүйлийн 20.2, 20.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газар, сонгон шалгаруулалтын комисст холбогдуулан гаргасан “2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас СШ-106-*, СШ-106-* сонгон шалгаруулалтын талбайд зарласан сонгон шалгаруулалтад “К” ХХК-ийн техникийн саналыг хүлээн авахаас татгалзсан Сонгон шалгаруулалтын комиссын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 01 тоот дүгнэлтийн “К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, СШ-106-*, СШ-106-* сонгон шалгаруулалтын талбайд дахин сонгон шалгаруулалт явуулахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.5-д зааснаар Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийн 106-*, 106-* дахь хэсэгт “Н” ХХК, “Ж” ХХК-ийг шалгаруулсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н давж заалдах гомдолдоо:

3.1 “...2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр зарласан СШ-106-*, СШ-106-* сонгон шалгаруулалтын талбайд ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохоор хүргүүлсэн “К” ХХК-ийн техникийн санал /сонгон шалгаруулалтын баримт бичиг/-ыг хүлээн авахаас татгалзаж, сонгон шалгаруулалтаас хасаж сонгон шалгаруулалтыг үнэлсэн Сонгон шалгаруулалтын комиссын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №** тоот дүгнэлтийн “К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, СШ-106-*, СШ-106-* сонгон шалгаруулалтын талбайд дахин сонгон шалгаруулалт явуулахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгож, дээрх 2 талбайд дахин сонгон шалгаруулалт явуулахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна.

Шийдвэрийн 17 дахь нүүрт: 2.9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Сонгон шалгаруулалтын комиссын техникийн санал солигдохоос сэргийлж саналын хуудас бүрийг дугаарлан үзэглэсэн байх ёстой. Техникийн санал гэдэг нь тухайн оролцож байгаа компанийн бүрдүүлэн өгч байгаа материалыг хэлж байгаа юм. Энэ нь оролцож байгаа бүх аж ахуй нэгжүүдтэй хамраалтай асуудал юм. Жишээ нь гуравдагч этгээдийн материал солигдох боломжтой. Үүнээс сэргийлж хуудас бүрийг үзэглэнэ гэсэн шаардлага тавьж байгаа юм. Энэ шаардлага 2017 оноос хойш явагдаж байгаа бүх сонгон шалгаруулалтад тавигдаж байгаа” гэх тайлбар үндэслэлтэй гэж, 2.10. Хариуцагч сонгон шалгаруулалтын комисс нь “К” ХХК-ийн ирүүлсэн санал нь А/** дугаар тушаалаар батлагдсан “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний баримт бичиг”-ийн 4 дэх зүйлийн 4.4-т “Дээрх этгээд саналын хуудас бүрийг дугаарлан үзэглэсэн байна. Итгэмжлэгдсэн этгээдийн хувьд гарын үсэг зурах итгэмжлэлийг саналд хавсаргана...” гэх шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь хуульд нийцсэн байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Учир нь анхан шатны шүүх нотлох үүргээ хэрэгжүүлэхгүй зөвхөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбараар хэргийг шийдэж байгаа нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, А/** дугаар тушаалаар батлагдсан “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний баримт бичиг”-ийн 4 дэх зүйлийн 4.4-т “Дээрх этгээд саналын хуудас бүрийг дугаарлан үзэглэсэн байна. Итгэмжлэгдсэн этгээдийн хувьд гарын үсэг зурах итгэмжлэлийг саналд хавсаргана...” гэх заалтын шаардлага нь техникийн саналын хуудас бүрийг гараар дугаарлах тухай зохицуулалт уу? Эсхүл техникийн саналын хуудас бүрд гарын үсэг зурах тухай зохицуулалт уу? гэдэгт үндэслэл бүхий, эргэлзээгүй дүгнэлтийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоож чадаагүй. Хэрэв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж шүүх үзэж байгаа бол 2017 оноос хойш явагдсан бүх сонгон шалгаруулалтад уг шаардлага тавигдсан буюу техникийн саналын хуудас бүрд гарын үсэг зурсан байсан гэдгийг нотлох ёстой байсан. Нэхэмжлэгчийн зүгээс үүнд эргэлзэж байгаагийн учир нь маргаан бүхий 2 талбайн нэг болох СШ-106-* талбайд шалгарсан гэх гуравдагч этгээд “Н” ХХК-ийн техникийн санал нь хуудас бүрд гарын үсэг зурсан байх шаардлагыг хангаагүй байхад түүнийг шалгаргуулж, тусгай зөвшөөрөл олгосон явдал юм. Гэтэл, анхан шатны шүүх үүнд дүгнэлт хийгээгүй.

Түүнчлэн, анхан шатны шүүх А/** дугаар тушаалаар батлагдсан “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний баримт бичиг”-ийн 4 дэх зүйлийн 4.4-т “Дээрх этгээд саналын хуудас бүрийг дугаарлан үзэглэсэн байна. Итгэмжлэгдсэн этгээдийн хувьд гарын үсэг зурах итгэмжлэлийг саналд хавсаргана...” гэх заалтыг тайлбарлахдаа зөвхөн “үзэглэх” гэдэг үгээр нь тайлбарласан нь тухайн зохицуулалтын агуулгыг явцууруулж, хариуцагчийн тайлбарт нийцүүлсэн явдал болжээ. Тодруулбал, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 18-р нүүрт, 2.12. Түүнчлэн Я.Ц-ийн Монгол хэлний товч тайлбар тольд “үзэглэх” гэдэг үгийг “үсэглэх; номоо үзэглэж унш, сайн харж үзэглэх ...” гэж тайлбарлажээ.

Уг тайлбараас үзэхэд тухайн баримтыг үзэглэж унших нягтлах гэсэн утгыг агуулж байх бөгөөд сонгон шалгаруулалтын журамд заасан “үзэглэх” гэсэн шаардлага нь нягталсан гэдгийг баталгаажуулах өөрөөр хэлбэл гарын үсэг зурж баталгаажуулахаар зохицуулсан гэж үзэхээр байна гэж дүгнэжээ. Анхан шатны шүүх тухайн зохицуулалтын гол утга нь үзэглэсэн гэдэг үгийн өмнө байгаа “дугаарлан” гэдэг үгээс нь салгаж тайлбарлаж байгаа нь зохицуулалтын утгыг алдагдуулсан явдал юм.

Өөрөөр хэлбэл “дугаарлан үзэглэсэн байна.” гэх үгс нь хамтдаа нэг утгыг илэрхийлж байгаа юу, үзэглэсэн гэдэг үгийн өмнөх дугаарлан гэдэг үг ямар ач холбогдолтой вэ гэдэгт дүгнэлт хийгээгүй. Үг тус бүрийг салгаж тайлбарлах нь утгыг алдагдуулж, тайлбар хийж буй этгээдийн үзэмжээр олон салаа утгыг илэрхийлэх боломжтой болж буйг анхаарч үзээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, эргэлзээгүй байх хуулийн шаардлагыг хангагүй байна.

3.2 Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийн СШ-106-*, СШ-106-* дахь хэсэгт “Н” ХХК, “Ж” ХХК нарыг шалгаруулсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй тухайд:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 18-р нүүрт “3.4. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч “К” ХХК нь сонгон шалгаруулалтын шатанд оролцоогүй саналыг хүлээн авч нээх шатнаас шаардлага хангаагүй үндэслэлээр хасагдсан тул СШ-106-*, СШ-106-* талбайд “Н” ХХК, “Ж” ХХК нарыг шалгаруулсан Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийг хүчингүй болгуулахаар маргах эрхгүй” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

Учир нь гуравдагч этгээд “Н” ХХК нь мөн адил техникийн саналын хуудас бүрд гарын үсэг зураагүй байхад түүний техникийн саналыг нь хүлээн авч, сонгон шалгаруулалтад оролцуулсан, улмаар тухайн компанийг шалгаруулж тусгай зөвшөөрөл олгосон байхад түүнээс өндөр үнэ санал болгосон “К” ХХК хуудас бүрд гарын үсэг зураагүй гэх шалтгаанаар сонгон шалгаруулалтаас хасагдаж байгаа нь шударга бус юм. Хэрэв “Н” ХХК-тай адил “К” ХХК сонгон шалгаруулалтад оролцсон бол техникийн саналаа шударгаар үнэлүүлэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл техникийн саналыг нь үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсаны улмаас нэхэмжлэгч техникийн саналаа үнэлүүлж чадаагүй.

Үүнд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбарыг шүүх нотлоогүй. Тодруулбал, сонгон шалгаруулалтад оролцогчдын материал солигдохоос сэргийлж хуудас бүрд гарын үсэг зуруулж авдаг гэх боловч техникийн саналыг анх хүлээж авахдаа шалгаж, битүүмжлээд хариуцагч өөрөө бүртгэж хүлээж авсан. Ингээд нээлтийн өдөр болоход битүүмжилж хурааж авсан саналуудаа оролцогчдын нүдэн дээр нээж байгаа. Энд хэрэв, оролцогч өөрөө миний материал солигдсон байна гэх гомдлыг гаргаагүй бол түүний материалыг хүлээж авахаас татгалзаж байгаа нь өөрөө бодит байдалд нийцэхгүй шийдвэр юм.

Мөн түүнчлэн, хэрэвзээ оролцогчийн материал хариуцагчийн эзэмшилд байхдаа солигдох боломжтой байдаг гэж үзвэл энэ нь захиргааны байгууллагад итгэх иргэдийн итгэлийг бууруулж, цаашлаад захиргааны үйл ажиллагаанд иргэдийн итгэлийг хамгаалах ямар ч боломжгүй тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байгаа юм. Үүнд шүүх дүгнэлт хийгээгүй.

Энэ тохиолдолд, хариуцагч сонгон шалгаруулалтын комисс оролцогчдын техникийн саналыг 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр бүртгэж, хурааж авсан бөгөөд ийнхүү бүртгэж авахдаа дугтуйнд хийж, техникийн санал тус бүрийг битүүмжлэн лацдаж, хүлээн авч хадгалсан. Нээлтийн өдөр 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр болсон. Энэ хугацаанд оролцогчдын техникийн санал хариуцагчийн хамгаалалтад байсан болно.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй байх тул зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт зөв дүгнэлт өгч, Ашигт малтмалын тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж нэхэмжлэгч “К” ХХК-ийн гаргасан “2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас СШ-106-*, СШ-106-* сонгон шалгаруулалтын талбайд зарласан сонгон шалгаруулалтад “К” ХХК-ийн техникийн саналыг хүлээн авахаас татгалзсан Сонгон шалгаруулалтын комиссын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 01 тоот дүгнэлтийн “К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, СШ-106-*, СШ-106-* сонгон шалгаруулалтын талбайд дахин сонгон шалгаруулалт явуулахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.5-д зааснаар “Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийн 106-*, 106-* дахь хэсэгт “Н” ХХК, “Ж” ХХК-ийг шалгаруулсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

          2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н нь давж заалдах гомдолдоо “...А/** дугаар тушаалаар батлагдсан “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний баримт бичиг”-ийн 4 дэх зүйлийн 4.4-т “Дээрх этгээд саналын хуудас бүрийг дугаарлан үзэглэсэн байна. Итгэмжлэгдсэн этгээдийн хувьд гарын үсэг зурах итгэмжлэлийг саналд хавсаргана...” гэх заалтын шаардлага нь техникийн саналын хуудас бүрийг гараар дугаарлах тухай зохицуулалт уу, эсхүл техникийн саналын хуудас бүрд гарын үсэг зурах тухай зохицуулалт уу гэдэгт үндэслэл бүхий, эргэлзээгүй дүгнэлтийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоож чадаагүй ... маргаан бүхий 2 талбайн нэг болох СШ-106-* талбайд шалгарсан гэх гуравдагч этгээд “Н” ХХК-ийн техникийн санал нь хуудас бүрд гарын үсэг зурсан байх шаардлагыг хангаагүй байхад түүнийг шалгаргуулж, тусгай зөвшөөрөл олгосон” хэмээн маргажээ.

          3.  Ашигт малтмал, газрын тосны газраас 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр СШ-106-*, СШ-106-* сонгон шалгаруулалтын талбайд зарласан сонгон шалгаруулалтад “К” ХХК-ийн техникийн саналыг хүлээн авахаас татгалзсан Сонгон шалгаруулалтын комиссын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ** тоот дүгнэлтийн “К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, СШ-106-*, СШ-106-* сонгон шалгаруулалтын талбайд дахин сонгон шалгаруулалт явуулахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах шаардлагын тухайд:

          4. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/** дугаартай “Сонгон шалгаруулалтын талбай батлах тухай” тушаалаар[1] Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны А/** дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн босго үнийг баталгаажуулж ирүүлсэн сонгон шалгаруулалт зарлах талбайг хавсралтаар баталж, Ашигт малтмал, газрын тосны газраас 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр СШ-106-*, СШ-106-* сонгон шалгаруулалтын талбайд ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалт зарласан байна.

          5. Сонгон шалгаруулалтын комиссын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №** дүгээр дүгнэлтээр[2] СШ-106-* талбайд “Н” ХХК, СШ-106-* талбайд “Ж” ХХК нар шалгарч, харин “К” ХХК-ийн хувьд “СШ-106-*, СШ-106-* талбайд “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М техникийн саналын битүүмжлэлийг шалгуулан задалж саналыг бүрдлийг шалгаж үзэхэд үнэлгээний баримт бичгийн 4.4 дүгээр хэсэгт “Дээрх этгээд саналын хуудас бүрийг дугаарлан үзэглэсэн байна. Итгэмжлэгдсэн этгээд хувьд гарын үсэг зурах итгэмжлэлийг саналд хавсаргана” гэсэн шаардлагыг хангаагүй гэж комиссын бүрэлдэхүүн 100 хувийн саналтайгаар хүлээн авахаас татгалзаж, захирал болох Б.М-д ирүүлсэн материалын хуулбар хувь, үнийн саналыг бүрэн бүтнийг шалгуулан хүлээлгэн өгсөн болно” гэсэн үндэслэлээр материалыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

          6. Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасан “Сонгон шалгаруулалтын журам батлах” бүрэн эрхийн хүрээнд батлагдсан Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн А-** дугаар тушаалын хавсралт Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний баримт бичгийн 4.4-т “Дээрх этгээд саналын хуудас бүрийг дугаарлан үзэглэсэн байна. Итгэмжлэгдсэн этгээдийн хувьд гарын үсэг зурах итгэмжлэлийг саналд хавсаргана”, 4.11-д “Комисс нь саналыг нээсний дараа хянах ажиллагааны шатанд сонгон шалгаруулалтын санал түүнд хавсаргасан баримт бичиг шаардлага хангаагүй бол үнэлгээ хийхээс татгалзан тэмдэглэл үйлдэнэ” гэж тус тус заажээ.

          7. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Монгол хэлний их тайлбар тольд[3] “үзэглэх” гэдэг үгийг “Гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах: гэрээ үзэглэх (гэрээнд гарын үсгээ зурах)” гэж тайлбарласан байна.

          8. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “К” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн Д аймгийн С сумын нутаг дахь 1777.27 га бүхий Х нэртэй сонгон шалгаруулалтын талбай СШ-106-*[4] материалаа 1-127 хүртэл дугаарласан, Д аймгийн С сумын нутаг дахь 1865.47 га бүхий “Ш” нэртэй сонгон шалгаруулалтын талбай СШ-106-*[5] материалаа 1-127 хүртэл дугаарласан боловч тус тус үзэглээгүй буюу гарын үсэг зураагүй байх тул итгэмжлэгдсэн этгээд хуудас бүрийг үзэглээгүй үндэслэлээр үнэлгээ хийхээс татгалзсан нь Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний баримт бичгийн 4.4, 4.11-д заасантай нийцжээ. 

          9. Харин гуравдагч этгээд “Н” ХХК-ийн хувьд СШ-106-*[6] дугаар талбайд ирүүлсэн 162 хуудас материалд хуудас бүрд гарын үсэг зурж, дугаарласан ба нэг баримт 2 хуудастай[7] байгаа тохиолдолд эхний хуудаст гарын үсэг зурсныг шаардлага хангасан гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.  

          10. Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийн 106-*, 106-* дахь хэсэгт “Н” ХХК, “Ж” ХХК-ийг шалгаруулсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

          11. Нэхэмжлэгч “К” ХХК нь СШ-106-*, СШ-106-* дугаар талбайд ирүүлсэн саналын баримт бичгийг Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтээр комиссын бүрэлдэхүүн 100 хувийн саналаар хүлээн авахаас татгалзаж, СШ-106-* талбайд “Н” ХХК, СШ-106-* “Ж” ХХК нар шалгарсан талаарх баримт хэрэгт авагдсан.

          12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж заасны дагуу 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас СШ-106-*, СШ-106-* сонгон шалгаруулалтын талбайд зарласан сонгон шалгаруулалтад “К” ХХК-ийг оролцсон гэж үзэхгүй.

          13. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч “К” ХХК нь сонгон шалгаруулалтын шатанд оролцоогүй саналыг хүлээн авч нээх шатнаас шаардлага хангаагүй үндэслэлээр хасагдсан тул СШ-106-*, СШ-106-* талбайд “Н” ХХК, “Ж” ХХК нарыг шалгаруулсан Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийг хүчингүй болгуулахаар маргах эрхгүй” хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

          Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй талаар зөв дүгнэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0727 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                  ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

 

                        ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

 

[1] 1 хавтаст хэргийн 50 хуудас

[2] 1 хавтаст хэргийн 32-39 хуудас

[3] https://www.mongoltoli.mn/

[4] Сонгон шалгаруулалтын талбай: СШ-106-* /эх хувь баримт/

[5] Сонгон шалгаруулалтын талбай: СШ-106-* /эх хувь баримт/

[6] 1 хавтаст хэргийн 204-250, 2 хавтаст хэргийн 1-125 хуудас

[7] 1 хавтаст хэргийн 210-211 хуудас