Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 68

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

          Нарийн бичгийн дарга А.Энхбаяр

          Улсын яллагч Э.Нямбилэгт

                  Шүүгдэгч Ц.Хастунгалаг, түүний өмгөөлөгч С.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

           Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Хастунгалагт холбогдох 201608000121 тоот хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт

 

         Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 20-ны  өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхэд, дүүгийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 86А-84 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх, хэрэг хариуцах чадвартай, Давга сүндэл овгийн Цогтсүрэнгийн Хастунгалаг /РДЕЮ94112019/

Холбогдсон хэргийн талаар

/ яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр /

 

           Шүүгдэгч Ц.Хастунгалаг нь 2016 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 02 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутагт байрлах Улаанбаатар, Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай засмал замын 433/240 дугаартай километрийн шонгийн орчимд Тоёота приус-20 маркийн 07-01 УНС улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1  Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд

тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, 9.2  Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.  Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэснийг тус тус зөрчсөний улмаас онхолдож зорчигч С.Бямбацэцэгийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь

 

 Шүүгдэгч Ц.Хастунгалаг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Би 2016 оны 05 дугаар сард Улаанбаатар их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн байсан. 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Замын-Үүдийн Прокурорын газар ажилд ор, ярилцлага өг гэхээр нь 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн оройн 20 цагийн үед Замын-Үүд явах гэтэл 20 цаг болчихсон вагон явчихсан байхаар нь найз Эрдэнэсүхийн Приус-20 машиныг гуйж аваад 21 цагийн үед Улаанбаатар хотоос гараад 06 дугаар сарын 30-ны үүрээр 04 цагийн үед Замын-Үүдэд нагац эгч Одончимэгийнд очиж хоносон. Унтаж байгаад өдрийн 12 цагийн үед босоод 14 цагийн үед Замын-Үүдийн Прокурорын газар очиж уулзчихаад, эргэж эгчийндээ очиж амарч байгаад, оройн 19 цагийн үед Замын-Үүдийн төв талбайгаас Бямбацэцэг гэдэг эгчийг хань болгоод, замын зардал гэхгүй хамт яваач гээд хөдлөх гэтэл хот явах гэж байгаа юмуу гээд хүүхдүүдээ дагуулсан эрэгтэй ирэхээр нь тийм гэхэд би чамд 3 хүүхдээ өгөөд явуулчихья гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө 12 цагийн үед Айраг сумын “Бабу” гэх гуанзанд хоол идээд, нойр хүрээд байхаар нь гуанзны орон дээр жаахан унтаж амраад, сэрээд Улаанбаатар хотруу явж байхад шөнийн 02 цаг 30 минутын үед Чойроос урагш 15 км зайд осол гарсан. Осол гарсаны дараа би машинаас буугаад 14, 6, 3 настай 3 хүүхдийг машинаас буулгаж, хамгийн эхэнд зогссон замын машинд гуйж суулгаад Чойрын эмнэлэг рүү явуулсан. Бямбацэцэг эгчийг буулгах гэтэл босож чадахгүй байхаар нь машиндаа хэвтүүлээд цагдаа болон эмнэлгийн байгууллагыг дуудсан. Бямбацэцэг эгчийг эмнэлгийн машинаар Чойрын эмнэлэг рүү явуулсан. Эмч Бямбацэцэг эгчийн 1 хавирга хугарсан гэж байсан. Өглөөний 11 цагийн үед Бямбацэцэг эгчийг Улаанбаатар хот руу эмнэлгийн машинаар явуулсан. Өглөөний 10 цагийн үед манай найз Эрдэнэсүх Улаанбаатар хотоос ирсэн гэсэн мэдүүлэг.

 

 Хохирогч С.Бямбацэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 19 цаг 40 минутын үед Улаанбаатар хот орохоор унаа хайгаад явж байхад 07-01 УНС улсын дугаартай Приус-20 маркийн авто машинтай залуу хот явна гэхээр нь тэр машинаар Улаанбаатар явахаар болсон. Намайг тэр машинд суухад жолооч нь ганцаараа байсан ба яг гарах гэж байхад 2 жоохон хүүхэд дагуулсан 16 орчим насны хүү миний суусан машинд сууж Улаанбаатар хот орохоор болсон. Бид нарыг Замын-Үүдээс хөдлөхөд 20 цаг болж байсан, анх хөдлөхөд би жолоочийн хажууд сууж явж байгаад Дорноговь аймаг орох үед миний нойр хүрээд байхаар нь би хойд суудал дээр суугаад явсан урд суудал хүнгүй явсан. Ард надтай хамт 3 хүүхэд явсан. Тэгээд Дорноговь өнгөрөөд би арын суудал дээр унтчихсан байсан. Тэндээс хөдлөхөд цаг хэд болж байсныг би мэдэхгүй байна. Ямар ч байсан харанхуй болчихсон байсан. Унтаж явахад гэнэт машин эвгүй дуугараад шарчигнах чимээ гарахаар нь сэрсэн. Тэгээд намайг сэрэхэд жолооч баруун гар талруугаа дарах шиг болоход машин замаас гарч нэг бүтэн өнхрөөд дөрвөн дугуйн дээрээ буусан. Тэгээд жолооч сандраад буугаад миний хажууд явсан хүүхдүүдийг буулгасан. Намайг түшээд машинаас гаргах гэсэн боловч би хөдлөж чадахгүй гэмтчихсэн юм шиг байсан. Тэгээд арын суудал дээр хэвтүүлээд эмнэлэг дуудаж үзүүлсэн. Миний бие аваарт ороод баруун талын 4 хавирга хугарсан, уушгинд бага зэргийн бяцралт, шингэн үүссэн, толгой бага зэрэг хавагнасан гэсэн эмч нарын дүгнэлт гарсан. Надад жолооч Хастунгалагт ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хастунгалаг цаг тухай бүр миний эмчилгээний болон эм тарианы мөнгө, аваараас болж үүдэн гарсан зардлуудыг тухай бүрт нь төлж барагдуулж байгаа. Иймээс энэ хүнд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг. /хх-н 21-р хуудас/ 

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Батбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр БНХАУ-ын Эрээн хот орохоор гэр бүлээрээ явсан. Эрээн хотоос 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хилээр орж ирсэн. Бид нарыг хилээр орж ирэхэд Улаанбаатар орох галт тэрэг хөдлөөд явчихсан байсан. Хотруу явах машин хайж явтал 07-01 УНС улсын дугаартай Приус-20 маркийн машин явна гэж байхаар нь эхнэр Алтанцог бид 2 өөрийн 3 хүүхэд болох Болор-Алтай, Бат-Алтай, Нандинцэцэг нарыг тэр машинд суулгаад 20 цагийн үед явуулсан. Харин эхнэр бид 2 үлдсэн. Шөнө 02 цагийн үед утас дуугарахаар нь авахад манай том хүү Бат-Алтай залгаад бид нарын сууж явсан машин онхолдоод замын машинд суугаад Чойрын эмнэлэг явж байна. Миний болон 2 дүүгийн бие зүгээр гэж хэлсэн…Хүүхдүүдийн биеийг гэмтлийн эмч үзээд хугарч бэртсэн яс алга, эрүүл саруул байна гэж хэлсэн. Одоо хүүхдүүдийн бие эрүүл, зүгээр байгаа. Мөн шүүх эмнэлэгт үзүүлсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр манай бага охин Нандинцэцэгийн биед хөнгөн гэмтэл тогтоогдсон байсан. Манай бага охины бие зүгээр болохоор бидний зүгээс жолооч Хастунгалагт ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид нар шүүх хуралд оролцохгүй гэсэн мэдүүлэг. /хх-н 15-р хуудас/ 

 

Гэрч Б.Амартүвшин мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ Манай дүү Хастунгалаг нь хүүхэд шиг зантай, суурь хүмүүжил сайтай, хүний үгнээс гардаггүй, дуулгавартай, найз нөхөд дундаа нэр хүнд сайтай хүүхэд байгаа юм. Мөн боловсрол мэдлэгтэй, шатар сайн тоглодог. Оросын холбооны улсад сурч байсан, архи дарс хэрэглэдэггүй муу зуршил байхгүй хүүхэд байгаа юм... гэсэн мэдүүлэг. /хх-н 23-р хуудас/ 

 

   Гэрч С.Бямбасүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ Ц.Хастунгалаг нь миний төрсөн дүүгийн хүүхэд байгаа юм. 1994 онд Дорноговь аймагт төрсөн. Эхээс хоёулаа доороо нэг дүүтэй. Айлын том хүүхэд байгаа юм. Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Эхлэл бүрэн дунд сургуулийг төгссөн. Төгсөөд ОХУ-н Эрхүү хотын Политехникийн их сургуулийн эрх зүйчийн ангид сурч байгаад 2014 оноос ар гэрийн байдлаас шалтгаалан Монгол улсын Улаанбаатар их сургуульд элсэн суралцсан. Тэгээд 2016 онд эрх зүйч мэргэжлээр төгссөн. Эхнэр нэг хүүхэдтэй. Одоо хүүхэд нь 3 настай. Хүний хувьд төлөв түвшин зантай, уур уцаар байхгүй, суурь хүмүүжил сайтай, элдэв янзын муу зуршилгүй архи хэрэглэдэггүй. Аав, ээж, ах эгч нарын үгнээс гардаггүй. Санамсар болгоомжгүйгээс болж осолд орсонд бид маш их харамсаж байна гэсэн мэдүүлэг. /хх-н 24-р хуудас/ 

 

- Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 233 тоот дүгнэлтэнд

1. С.Бямбацэцэгийн биед тархи доргилт, 2 талын плеврийн  хөндийн шингэн уушгины няцрал, баруун 8.9.10.11-р хавирганы далд, зөрөөгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. 

2.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 

3. Дээрх гэмтлүүд нь  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна.    Дүгнэлт гаргасан шинжээч эмч ахлах дэслэгч Ж.Жаргалан гэжээ. /ХХ-ийн 35-36-р хуудас/,

 

   - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 9351 тоот дүгнэлтэнд

1. Б.Болор-Алтайн  биед зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

  Дүгнэлт гаргасан ахлах зэргийн шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэжээ. /ХХ-ийн 42-р хуудас/,

 

   - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 9352 тоот дүгнэлтэнд

1. Б.Бат-Алтайн биед баруун даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

  Дүгнэлт гаргасан ахлах зэргийн шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэжээ. /ХХ-ийн 44-р хуудас/,

 

   - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 9351 тоот дүгнэлтэнд

1. Б.Нандинцэцэгийн биед духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

  Дүгнэлт гаргасан ахлах зэргийн шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэжээ. /ХХ-ийн 46-р хуудас/,

 

  • Шинжээч эмч Ж.Жаргалан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ Би 2016 оны

07 дугаар сарын 01-ний өдөр С.Бямбацэцэгийн биед шүүх эмнэлгийн үзлэг хийж, эмнэлгийн холбогдох бичиг баримтуудтай танилцаж дээрхи 233 тоот дүгнэлтийг гаргасан болно. С.Бямбацэцэгийн биед тархи доргилт, 2 талын плеврийн хөндийн шингэн, уушгины няцрал, баруун 8,9,10,11 дүгээр хавирганы далд зөрөөгүй хугарал гэмтэл тогтоогсон. Дээрх гэмтлүүдийн тархи доргилт гэмтэл нь  Гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.4.1-д зааснаар хөнгөн гэмтлийн зэрэгт, баруун 8,9,10,11 дүгээр хавирганы дал зөрөөгүй хугарал гэмтэл нь  Гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, 2 талын плеврийн хөндийн шингэн, уушгины няцрал гэмтэл нь  Гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт тус тус хамаарна гэжээ.

 

  • Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн 

шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн 04 дугаар дүгнэлтэнд Замын цагдаагийн тасгийн зохицуулагч дэслэгч Ц.Равдангийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гаргасан ослын акт хууль зүйн үндэслэлтэй байна. Үндэслэл нь МУ-н ЗХД-ийн 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.

Осол гарсан шалтгаан нь Ц.Хастунгалаг нь МУ-н ЗХД-ийн 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөнөөс зам тээврийн осол гарах шууд шалтгаан болсон.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн гэрч Д.Эрдэнэсүхийн мэдүүлэгт  Би энэ автомашиныг 06 дугаар сарын 29-ний орой өөрийн найз Хастунгалагт өгч явуулсан. Маргааш өглөө Замын-Үүд явах ажилтай болчихлоо гэсэн гэдэг мэдүүлгээс 2016 оны 06 дугаар сарын 30-ны өглөө Улаанбаатараас-Замын-Үүд, тухайн өдрөө Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд явсан нь хэт ядарсан байж болзошгүй байна. Тухайн ослын актанд тормосны мөр байхгүй байх тул тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна.

Дүгнэлт гаргасан Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч Р.Одбаяр гэжээ. /хх-50-р хуудас/

 

     - Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 4-р хуудас/,

     - Гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 5-7-р хуудас/,

     - Ашид билгүүн ХХК-ниас гаргасан автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээ

     - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 54-55-р хуудас/

 

    - Ц.Хастунгалагийн иргэний үнэмлэхний лавлагаа, сурагчийн хувийн хэргийн хуулбар, хүү Хастунгалагийн Мөнгөнболорын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг болно.

 

       Шүүгдэгч Ц.Хастунгалаг нь МУ-н ЗХД-ийн 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэснийг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж хохирогч С.Бямбацэцэгийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан болох нь хохирогч С.Бямбацэцэгийн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/, 2016 оны 07 сарын 06-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт №9353 /хх-ийн 46-р хуудас/, 2016 оны 07 сарын 18-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт №04 /хх-ийн 50-р хуудас/, Говьсүмбэр аймгийн Замын Цагдаагийн тасгийн бүрэлдхүүнтэй шинжээчийн дүгнэлт №11 /хх-ийн 105-р хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Хастунгалагийн өмгөөлөгч С.Ганбат нь ...шүүгдэгч Ц.Хастунгалаг нь МУ-н ЗХД-ийн 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь тогтоогдоогүй, хэргийн газар үзлэг хийхэд тормосны мөр байхгүй байсан, шүүгдэгч Ц.Хастунгалаг нь замд гарахаасаа өмнө 8 цаг унтаж амарсан, энэ хэрэг нь гэмт хэргийн бүрэлдхүүнгүй тул Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж санал гаргасан боловч энэ нь шинжээч Р.Одбаярын ...жолооч зогсоох арга хэмжээ авч тормос гишгэсэн тохиолдолд тормосны мөр асфальтан зам дээр үлдэх боломжтой. Уг хэргийн газрын үзлэгийн зургаас харахад асфальтан зам нь хуурай тэгш гадаргуутай байх бөгөөд зам дээр ямар нэгэн тормосны мөр дугуйн даралтны мөр харагдахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 102-р хуудас/, шинжээч Ц.Равдангийн ...Жолооч Хастунгалаг нь зогсоох арга хэмжээ авч тормос гишгэсэн бол тээврийн хэрэгслийн дугуйн мөр үлдэх ёстой. Мөн дугуй хагарч замаас гарсан тохиолдолд засмал зам дээр обудны мөр үлдэх ёстой. Осол болсон газарт очиход тээврийн хэрэгсэл засмал замаас гарч шороон замруу орсон мөрөнд хүртэл дугуй хагарсан шинж тэмдэг байгаагүй. Дугуй хагарахад шороон зам дээр ч мөн адил хагархай дугуйгаар явсан ул мөр үлдэх ёстой... /хх-ийн 103-р хуудас/ гэх мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Замын Цагдаагийн тасгийн бүрэлдхүүнтэй шинжээчийн дүгнэлт №11 /хх-ийн 105-р хуудас/ зэргээр үгүйсгэгдэж байна.

 

     Иймд шүүгдэгч Ц.Хастунгалагийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

    Иргэний нэхэмжлэгч Ч.Батбаяр нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

     Шүүгдэгч Ц.Хастунгалаг нь хохирогч С.Бямбацэцэгт учирсан хохирлыг төлсөн болох нь хохирогч С.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэмтлийн эмнэлэгт 2 удаа томографын зураг авахуулахад 320.000 төгрөг, эмнэлгийн ор хоногийн төлбөр болон эм тарианы мөнгө 258.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Тоёота Приус-20 маркийн 07-01 УНС дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Д.Эрдэнэсүх нь шүүгдэгч Ц.Хастунгалагаас нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй гэснийг үндэслэн шүүгдэгч Ц.Хастунгалагийг бусдад төлөх төлбөргүй гэж  үзлээ.

 

     Шүүгдэгч Ц.Хастунгалаг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-т зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулах хорих ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

 

    Шүүгдэгч Ц.Хастунгалагийн 849496 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.

 

   Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 -297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ

 

1. Шүүгдэгч Давга сүндэл овгийн Цогтсүрэнгийн Хастунгалагийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар Давга сүндэл овгийн Цогтсүрэнгийн Хастунгалагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Ц.Хастунгалагт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ц.Хастунгалагийн 849496 дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Говьсүмбэр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.  

 

5. Ц.Хастунгалаг нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч

Ц.Хастунгалагт оногдуулсан 1 /нэг/  жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилээр тогтоон, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг  Нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Ц.Хастунгалагт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар  шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

      

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Хастунгалагт авсан  бусдын батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Т.ЭНХМАНДАХ