Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Б.Д,

Хариуцагч: Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Б-эд холбогдуулан гаргасан,

Увс аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Г.Бийн 2021 оны 04 сарын 19-ны өдрийн 0176472 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Б.Д, хариуцагч татварын улсын байцаагч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Гомдол гаргагч Б.Д шүүхэд ирүүлсэн гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Би 2020 онд Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцохдоо хуулийн дагуу ХААН банкинд 5822404527 тоот данс нээлгэж Төрийн аудитын газар бүртгүүлэхийг хүссэн боловч тодорхой шалтгааны улмаас бүртгүүлж амжаагүй юм.Сонгуулийн данс нээхийн гол утга учир нь сонгуулиар гаргасан зардлаа үнэн зөв бүртгэж, тайлагнах явдал.Иймд би үүргээ ухамсарлаж сонгуулийн үеийн санхүүгийн харилцаагаа уг дансаар бүртгэж орлого-зарлагын тайлангаа журмын дагуу гаргаж, хөндлөнгийн аудитын дүгнэлт хийлгэж Увс аймаг дахь Төрийн аудитын газарт хуулийн хугацаанд нь буюу 2020.11.11-ний өдөр өгсөн болно. Өөрөөр хэлбэл сонгуульд зориулж нээлгэсэн дансаа бүртгүүлж амжаагүй ч гэсэн уг дансаараа зохих гүйлгээгээ хийж,тайлангаа хугацаанд нь гаргаж өгч байгаа нь бүртгүүлж амжаагүй гэх зөрчлөө арилгасан хэрэг юм.

Би дансаа мэдүүлэх сүүлийн өдөр буюу 2020 оны 9 сарын 25-ны өдөр Төрийн аудитын газарт очиж Увс аймгийн МАХН-ын ТҮМТ-ийн 2020-09-25-ны өдрийн 66 дугаартай албан бичгээр данс бүртгүүлэхээр 16 цагийн үед очсон боловч бичиг хэргийн ажилтан З.Эрдэнэжаргал би бүртгэж авахгүй, Бат-амгалан аудитор өөрөө авна гэж хэлсэн. Тэр үед Бат-Амгалан байгаагүй бөгөөд би хүлээсээр ажлын цаг дууссан.

Гэтэл миний өчүүхэн алдааг зөрчлийн хэрэг болгож 10 сая төгрөгөөр торгон шийтгэж байгаа нь хуулийн энэрэнгүй байх зарчмыг үл хайхран, хуулийн заалтын агуулга мөн чанарыг дутмар ойлгож,механикаар хэрэглэж өршөөлгүй харгис хатуу хандаж байгаад би гомдож байна. Огт данс нээлгээгүй мөртлөө сонгуульд өрсөлдөж улмаар санхүүгийн тайлангаа ч гаргаж өгөөгүй хүмүүсийн дэргэд би илүү гэмтэй мэт болж байгаа нь яав ч оновчтой шийдэл биш бөгөөд хуулийн заалтыг агуулгаар нь ойлгоогүй байна.

Иймд өвгөн надад энэрэнгүй хандаж асар хүндэдсэн энэхүү улсын байцгаагчийн гаргасан 0176472 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч татварын улсын байцаагч Г.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн Баруунтуруун сумын 1-р тойрогт МАХН-аас нэр дэвшигч Б.Д нь сонгуулийн зардлын дансны дугаар,банкны нэрийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлээгүй гэх зөрчлийн талаар Увс аймаг дахь Төрийн аудитын газраас ирүүлсэн зөвлөмж,гомдол мэдээллийг 2021 оны 03 сарын 15-ны өдрийн 13.40 цагт хүлээн авч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тэмдэглэл үйлдэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Б.Д нь сонгуулийн зардлын дансаа бүртгүүлэх сүүлийн өдөр Аудитын газрын ажилтнууд ажил дээрээ байгаагүй гэж тайлбарладаг боловч М.Бат-Амгалангаас гэрчийн мэдүүлэг авахад 2020 оны 9 сарын 25-нд ахлах аудитор Т.Намжил, аудитор Ч.Мөнхтогтох нар ажилдаа орчихсон байсан. 2020 оны 9 сарын 25-ны өдөр дарга удирдлага бүх ажилчид ажил дээрээ байсан. Би ажил дээрээ байсан гэж мэдүүлсэн. Ажил дээрээ төрийн албан хаагчид байсан талаарх ажлын цагийн бүртгэлийг шүүхэд гаргаж өгсөн.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй“ гэж заажээ. Энэ үүрэг болгосон заалтын нэр дэвшигч Б.Д зөрчсөн тул хариуцлага хүлээлгэсэн. Хуулийг биелүүлэхдээ хойрго хандсанд харамсалтай байна.

Холбогдогч Б.Д нь сонгуулийн зардлын дансны дугаар,банкны нэрийн мэдээллийг Увс аймаг дахь төрийн аудитын газарт бүртгүүлээгүй болох нь хэрэгт авагдсан Увс аймгийн Төрийн аудитын газраас ирүүлсэн баримтууд, холбогдогчийн мэдүүлэг, тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.

Иймд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу 0176472 дугаартай шийтгэлийн хуудсаар 10 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд, прокурорын хяналтын дор ажиллагааг явуулж шийтгэлийн хуудсыг бичсэн. Гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч Б.Д нь Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Бийн 2021 оны 04 сарын 19-ний өдрийн 0176472 дугаартай шийтгэлийн хуудсыг  хүчингүй болгуулах тухай гомдлыг  шүүхэд гаргажээ.

Б.Д нь 2021 оны 04 сарын 19-ний өдрийн 0176472 дугаартай шийтгэлийн хуудсыг 2021 оны 05 сарын 10-ны өдөр гардаж авсан болох нь гомдолд хавсарган ирүүлсэн шуудан хүргэгчийн бүртгэлээр тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан гэж үзлээ.

Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан гомдол гаргагч, хариуцагчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Б-ийн үйлдсэн 2021 оны 04 сарын 19-ний өдрийн 0176472 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Гомдол гаргагчийн зүгээс “сонгуулийн зардлын дансаа хуулийн хугацаанд бүртгүүлж амжаагүй боловч санхүүгийн харилцаагаа уг дансаар бүртгэж, хөндлөнгийн аудит хийлгэн Увс аймаг дахь Төрийн аудитын газарт хуулийн хугацаандаа хүргүүлсэн тул энэрэнгүй байх зарчмыг үндэслэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай тайлбар гарган маргажээ.

Хариуцагч улсын байцаагчаас “Холбогдогч Б.Д нь сонгуулийн зардлын дансны дугаар,банкны нэрийн мэдээллийг Увс аймаг дахь төрийн аудитын газарт бүртгүүлээгүй болох нь хэрэгт авагдсан Увс аймгийн Төрийн аудитын газраас ирүүлсэн баримтууд, холбогдогчийн мэдүүлэг, тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан” гэсэн тайлбар гаргаж гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Б-ийн үйлдсэн 2021 оны 04 дугаар сарын 19-ний өдрийн 0176472 дугаартай шийтгэлийн хуудсаар Б.Дыг  Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д  заасан “ сонгуулийн зардлын дансны дугаар,банкны нэрийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлээгүй” зөрчил гаргасан нь холбогдогчийн мэдүүлэг,гэрчийн мэдүүлэг,бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэн 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Б.Д-д холбогдох зөрчлийн хэргийг эрх бүхий албан тушаалтан болох татварын улсын байцаагч Г.Б 2021 оны 03 сарын 22-ны өдрийн 11 дугаартай тогтоолоор нээсэн байх бөгөөд зөрчлийн хэрэгт зөрчлийн талаар  гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Увс аймаг дахь Төрийн аудитын газраас аймгийн Татварын хэлтэст хүргүүлсэн баримтууд,”Увс финанс аудит” ХХК-ийн 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 20 дугаартай дүгнэлт, холбогдогчий мэдүүлэг, гэрч М.Бат-Амгалангийн мэдүүлэг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, шийтгэлийн хуудас,хариу мэдэгдэх хуудас зэрэг баримтууд авагдсан байна.

Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох 2020 оны ээлжит сонгууль 2020 оны 10 сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан ба Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудиторын 2021 оны 01 сарын 14-ний өдрийн А/04 дугаартай тушаалаар Нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын санхүүжилт, түүний гүйцэтгэлд хийсэн нийцлийн аудитын тайланг баталжээ.

Аудитын тайлангаар орон нутгийн 2020 оны ээлжит сонгуульд оролцсон 2 нам,389 нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар,банкны нэрийг Увс аймаг дахь Төрийн аудитын газар бүртгүүлээгүйг хавсралтаар гаргаж Татварын хэлтсийн даргад Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээг авах тухай зөвлөмжийг хүргүүлжээ.

Аудитын тайланд Баруунтуруун сумын 1-р тойрогт МАХН-аас нэр дэвшигч Б.Д нь Сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлээгүй талаар дурдагдсан тул Татварын хэлтсийн татварын улсын байцаагчаас Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэлийн хуудсыг үйлдсэн байна.

Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй “ гэж заажээ.

Үйл баримтын хувьд орон нутгийн 2020 оны ээлжит сонгуулийн үеэр Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд МАХН-аас нэр дэвшигч Б.Д нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг хуульд заасан хугацааны дотор Увс аймаг дахь Төрийн аудитын газарт хүргүүлээгүй талаар маргаангүй байгаа бөгөөд Б.Д шүүх хуралдаанд “Дансны дугаар, банкны нэрийг тодорхой шалтгааны улмаас бүртгүүлж амжаагүй” гэх тайлбар гаргасан болно.

Б.Д-ын сонгуулийн зардлын дансны тайланд 2020 оны 11 сарын 11-ний өдөр “Увс финанс аудит” ХХК хараат бус аудитын 20 дугаартай зөрчилгүй дүгнэлт гаргасан,зардлын дансны тайлан,дүгнэлтийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт хүргүүлсэн байна.

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно “ гэж заажээ.

“Хуульд заасан журмыг зөрчсөн” тохиолдолд Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлээгүй эс үйлдэхүйг зөрчилд тооцохоор Зөрчлийн тухай хуульд заасан тул Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтуудыг тайлбарлан хэрэглэхээр байна.

Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 8-р бүлэгт сонгуулийн зардлын талаар зохицуулсан байх ба уг хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.5-д “зардлын тайлан гаргах, хүлээн авах, нийтэд мэдээлэх, танилцуулахтай холбоотой журам, маягт батлах” бүрэн эрхийг Төрийн аудитын орон нутгийн салбар байгууллага хэрэгжүүлэхээр заасан байна.

Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудиторын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/74 дүгээр тушаалаар батлагдсан “Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх,танилцуулах журам”-ыг баталсан байна.

Уг журмын 1.1-д “энэ журмын зорилго нь Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож байгаа, нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн санхүүжилтээ хуулиар хүлээн зөвшөөрсөн, бодитой эх үүсвэрээс бүрдүүлж, зориулалтын дагуу зарцуулсан талаар тайлагнах, түүнд дүгнэлт гаргах, сонгуулийн санхүүжилтийг сонгогч иргэн, олон нийтэд нээлттэй, ил тод байлгах нөхцлийг бүрдүүлэхэд оршино” гэжээ.

Өөрөөр хэлбэл хуульд заасны дагуу сонгуулийн зардлын данстай холбогдох харилцааг илүү нарийвчлан зохицуулсан журам батлагдсан тул сонгуулийн зардлын дансаа бүртгүүлээгүй шалтгаан нөхцөл,зардлын дансны тайлагналт зэрэгт дүгнэлт хийн тухайн хууль,журмаар хамгаалагдсан харилцаа хэрхэн зөрчигдсөнийг тодорхойлох шаардлагатай.

Нэр дэвшигч сонгуулийн зардлын данс нээлгэх,бүртгүүлэх, зардлын дансны тайланг гаргах ажиллагаа, түүний үр дүн нь Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай  хуулийн болон Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудиторын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/74 дүгээр тушаалаар батлагдсан “Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайлан гаргах,зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын зохицуулалтын зорилго, агуулгад нийцсэн байхыг шаардана.

Нэр дэвшигч Б.Д-ын хувьд сонгуулийн зардалд ашиглахаар нээлгэсэн дансаа холбогдох байгууллагад бүртгүүлээгүй боловч Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн зардлын нэг данс ашиглаж,сонгуулийн санхүүжилтээ хуулиар хүлээн зөвшөөрсөн, бодитой эх үүсвэрээс бүрдүүлж,зориулалтын дагуу зарцуулж хөндлөнгийн аудитаас “Зөрчилгүй” гэх дүгнэлт гарсан,Увс аймаг дахь Төрийн аудитын газраас сонгуулийн зардлын дансны тайлан,дүгнэлтийг хүлээн авсан зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэхэд Б.Дын сонгуулийн зардлын дансны орлого,зарлага,зарцуулалт нь дээр дурдсан хууль, журмын зорилгод нийцсэн байна.

Иймд Б.Д-ын сонгуулийн зардлын дансаа бүртгүүлээгүй эс үйлдэхүйг  Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн” гэх зөрчлийн шинжийг агуулаагүй гэж дүгнэж, Увс аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Г.Б-ийн үйлдсэн 2021 оны 04 сарын 19-ны өдрийн 0176472 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул Б.Дын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч улсын байцаагчийн харьяалах Увс аймгийн Татварын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулан Б.Дд олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг,Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, 57 дугаар зүйлийн 57.2.8-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Б.Д-ын гомдлыг хангаж, Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Б-ийн үйлдсэн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0176472 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1,48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар гомдол гаргагч Б.Дын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Татварын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулан Б.Д-д олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.