Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/12

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож, шүүгдэгч А.Адууч, түүний өмгөөлөгч Ж.Жаргалбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2236000000194 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Зээгийнхэн ургийн овогт Аюушийн Адууч, 1978 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл тав, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Манхан сумын 03 дугаар (Улаан хүрээ) багт оршин суудаг, урьд Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар: пж78080417.

Холбогдсон хэргийн талаар:

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож “шүүгдэгч А.Адуучийг 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан сумын 02 дугаар (Борт) багийн нутаг Мааньтын ар гэх газраас ховор амьтан буюу нэг тооны эр аргаль хонийг тусгай зөвшөөрөлгүйгээр Сайга-М загварын буугаар агнасан нь тогтоогдсон” гэж дүгнэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

А. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Булганчимэгийн “...Би Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багийн нутагт 2022 оны 07 дугаар сарын 17-ний өдөр 1 тооны аргаль агнагдсан талаар 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мэдсэн. Тухайн өдрөө цагдаагийн байгууллагад мэдэгдэж шалгуулах арга хэмжээ авсан. Тухайн 1 тооны аргаль агнагдсан Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багийн нутаг “Мааньтын ар” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82 дугаар хуудас);

- Хэргийн газар үзлэг хийсэн “...Уг хэрэг учрал болсон газар нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багийн нутаг дэвсгэр Мааньтын ар гэх газар байсан байх ба зүүн урд хойд талаараа уултай баруун талаараа уруу хавцал хэсэг байна. Үхсэн аргаль хонь байгаа газрыг 1 тоогоор тэмдэглэж GPS-ээр байрлалыг үзэхэд N 41⁰55406 E092⁰00087 зааж байв. Үхсэн аргалийн толгой нь баруун урд зүгт зүүн талаараа хэвтсэн хоёр нүд, баруун шанаа, зүүн талын гэдэс, баруун урд хэнхдэг, өвчүүний урд хэсгийг шувуу амьтан идсэн байдалтай гэдэс дотор нь баас нь холилдсон байдалтай байв. ...тухайн газар 1 ширхэг сум 7.62 голчтой 5.5 см урттай бөгс хэсэг нь 1 см диаметртэй бөгсний хэсэгт 60, 73 гэсэн тоотой сум байсныг 2 тоогоор, ...баруун урд зүгт 9 м 30 см зайд байгаа 3,8 см урттай 1 см диаметртэй бөгсөн хэсэгт 60, 73 гэсэн бичвэртэй сумны хонгио байсныг 3 тоогоор. 2 тоогоор тэмдэглэсэн бууны сум 1 ширхэг, 3 тоогоор тэмдэглэсэн сумны хонгио 1 ширхэг, ...үхсэн амьтны эвэртэй толгой 1 ширхэг, арьс 1 ширхэг, шийр 4 ширхэг тус тус хураан авав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-11 дүгээр хуудас);

 - Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүдийн гаргасан 11 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дөрвөн ширхэг шийр, нэг ширхэг толгой, нэг ширхэг арьс нь эр аргаль хонины сэг зэм. Тухай шинжилгээнд ирүүлсэн амьтны сэг зэмийг харахад эвэр, толгойны хэлбэрээр эр аргаль хонь бөгөөд 8 шүдтэй нас гүйцсэн угалз байна. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-ээр эр аргаль хонь /Ovis ammon/ нь 11’000’000 төгрөг” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 44-46 дугаар хуудас);

- Гэрч Д.Энхтайвангийн “Би идэвхтэн байгаль хамгаалагч А.Буянтогтохын хамт хяналт шалгалт судалгааны ажил хийгээд 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багийн нутаг Мааньтын ар гэх газарт аргалийн тооллого хийгээд зураг аваад явж байхад гэнэт буун дуу гараад зураг авах гэж байсан угалзнууд үргээд явахад нэг угалз шархдаж сүргээсээ тасарч хоцорсон. Буун дуу гарсан газар буюу угалзнууд байгаа газрын баруун хойд чиглэлд хэсэг хадтай толгой тойроод очиход цагаан өнгөтэй Мустанг-5 загварын 200 хөдөлгүүртэй мотоцикл байсан ба хүн байхгүй байсан. ...би өөрийгөө танилцуулаад хаанаас ямар ажлаар явж байгаа талаар асуухад Манхан сумаас явж байгаа Аюушийн Адууч гэж өөрийгөө танилцуулсан. Зөрчил гаргасан талаар тухайн хүнд хэлээд галт зэвсгийг хурааж авах гэсэн боловч галт зэвсгээ хураалгахаас татгалзсан тул галт зэвсгийг аюулгүй болгох зорилгоор тухайн хүнд байсан 6 ширхэг 7.62 маркийн голчтой сумыг хураан авсан. ...тус иргэний утасны дугаар, овог нэрийг тэмдэглэж /Аюушийн Адууч 98116959, 96432543 гэсэн дугаар тэмдэглүүлсэн/ аваад сумын төв рүү орж ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас);

- Гэрч А.Буянтогтохын “Би байгаль хамгаалагч, улсын байцаагч Д.Энхтайвангийн хамт хяналт шалгалт судалгааны ажил хийгээд 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багийн нутаг дэвсгэр Мааньтын ар гэх газарт аргалийн тооллого хийгээд зураг аваад явж байхад гэнэт буун дуу гараад зураг авах гэж байсан угалзнууд үргээд явахад нэг угалз шархдаж сүргээсээ тасарч хоцорсон. Буун дуу гарсан газар буюу угалзнууд байгаа газрын баруун хойд чиглэлд хэсэг хадтай толгой тойроод очиход цагаан өнгөтэй Мустанг-5 загварын 200 хөдөлгүүртэй мотоцикл байсан ба хүн байхгүй байсан. ...бид хоёр өөрсдийгөө танилцуулаад, хаанаас ямар ажлаар явж байгаа талаар асуухад Манхан сумаас явж байгаа Аюушийн Адууч гэж өөрийгөө танилцуулсан.  ...Тухайн үед шархадсан аргалийн зургийг Д.Энхтайван гар утсаараа аваад сумын төвд орж ирээд болсон асуудлын талаар Булган сум руу мэдэгдсэн. 2022 оны 07 дугаар сарын 18-ны өглөө 08 цагийн үед тухайн шархадсан угалз байгаа газарт яваад очиход угалз үхсэн, угалзны зүүн гуяны хэсгээр сум ороод зүүн талын хавирганы доод хэсгээр сум гарсан шархтай байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас);

- Шүүгдэгч А.Адуучийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ...өөрийн эзэмшлийн Мустанг-200 загварын мотоциклоор Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутагт өөрийнхөө адууг хайхаар явсан. Явахдаа би өөрийн эзэмшлийн Сайга маркийн ангийн бууг чоно таарч юу магад, мөн тарвага алах зорилгоор авч явсан юм. Мөнххайрхан сумын Борт багийн нутаг Хүрэлдэйн нуруу гэдэг газарт адуугаа олохгүй явж байгаад орой 19 цагийн үед адуу дурандаад сууж байтал уулын ар хэсэгт 15-16 тооны аргаль бэлчиж харагдсан. ...уулын хамар даваад гараад ирэхэд нөгөө угалзнууд надаас 500 метр орчим зайд харагдаж байхаар нь буугаа хадан дээр тавьж байгаад нэг аргалийг нь хэвлий хэсэгт нь барьж байгаад буудсан. ...босоод ирсэн чинь миний ар талын уулын энгэрт хоёр хүн ирсэн байсан. Нөгөө хоёр хүн явсаар байгаад мотоцикл дээр очоод тойрч хараад зураг аваад байх шиг болохоор нь яваад очсон чинь Мөнххайрхан сумын байгаль хамгаалагч гэсэн хоёр хүн байсан. Уг хүмүүс миний бууг авна гэхээр нь өгөхгүй гэхэд авч явсан сумнуудыг аваад, зураг хөрөг аваад явсан. Маргааш нь буюу 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хэргийн газарт цагдаа нартай ирэхэд буудсан газарт аргаль үхчихсэн, гэдэс хэсгээрээ задарсан бага зэрэг газраас нь шувуу идчихсэн байсан. Тэгээд өвчөөд арьс, толгой, шийрийг нь аваад махыг нь орхиод явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75-77 дугаар) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл А.Адууч нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан сумын 02 дугаар (Борт) багийн нутаг Мааньтын ар гэх газраас ховор амьтан буюу нэг тооны эр аргаль хонийг тусгай зөвшөөрөлгүйгээр Сайга-М загварын буугаар агнасан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т “амьтан” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа буюу түр нутагшсан ...ан амьтан ...хамаарна” гэж, Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “ховор амьтан”-д тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устгаж болзошгүй амьтныг, эсхүл ихэнх хэсэгт тоо толгой цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон амьтныг хамруулахаар тус тус хуульчилж, ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнахыг хориглосон. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар аргаль хонийг ховор амьтны жагсаалтад оруулжээ.

Шүүгдэгч А.Адуучийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан” гэх хууль бусаар ан агнах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал ховор амьтны жагсаалтад орсон амьтныг агнасан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ. Иймд шүүгдэгч А.Адуучийг хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.Адууч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 60 дугаар хуудас), шүүгдэгч А.Адуучийн яллагдагчаар өгсөн “...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75-77 дугаар хуудас), Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дугаар хуудас), Ховд аймгийн Манхан сумын Улаан хүрээ багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч нь эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Манхан сумын 03 дугаар (Улаан хүрээ) багт мал аж ахуй эрхэлж амьдардаг, урьд Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Аюушийн Адуучид 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, тус хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэх санал;

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...прокурорын эрүүгийн хариуцлагын саналыг дэмжсэн байр суурьтай байгаа” гэх санал тус тус гаргасан байна.

2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд шүүгдэгчид хорих ял оногдуулаад, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр эрх бүхий байгууллагын хяналтад нэгээс таван жил хүртэл хянан харгалзах хугацаа тогтоохыг тэнсэх гэж тодорхойлж хуульчилсан. Харин 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан тодорхой төрлийн ял оногдуулахыг таван жил хүртэл хугацаагаар хянан харгалзаж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхийг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар хянан харгалзаж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхийг тус тус тэнсэх гэж тодорхойлсон.

Өөрөөр хэлбэл 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулиар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаанд хянан харгалзахыг тэнсэх гэж тодорхойлж байсан бол 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулиар ял оногдуулахыг тодорхой хугацаанд хойшлуулж албадлагын арга хэмжээ хэрэглэхийг тэнсэх гэж тодорхойлсон. Тухайлбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж заасан нийтлэг журам нь мөн хуулийн 6.7 дугаар зүйлд нэгэн адил хамаарах бөгөөд тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж байгаа тохиолдолд ял оногдуулахгүй гэж ойлгоно. Иймд Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнсэх” гэх агуулгатай Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хангах үндэслэлгүй.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.Адуучид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь Ховд аймгийн Манхан сумын 03 дугаар (Улаан хүрээ) багт байнга оршин суух хаягтай, мөн суманд мал аж ахуй эрхэлж амьдардаг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эдлүүлэхээр тогтоосон 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Ховд аймгийн Манхан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Сайга-М загварын буу нь Д.Серёжоо гэх хүний нэр дээр бүртгэлтэй болох нь Ховд аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 47е/2327 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас)-ээр нотлогджээ. Иргэн Д.Серёжоогийн охин гэх гэрч Г.Баярмаагийн “...Манай аавын эзэмшилд Сайга-М загварын галт зэвсэг байсан. ...Манай ээжийн төрлийн хүн болох А.Адууч гэх хүнд /2019 онд шиг санагдаж байна/ ...үзүүлээд зарахаар болоод үлдээсэн гэсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас), шүүгдэгч А.Адуучийн яллагдагчаар өгсөн “...Тухайн бууг би 2005 оны үед Налайхад байдаг манай нутгийн хүн болох Д.Серёжоо гэдэг хүнээс худалдан авч байсан. Одоог хүртэл өөрийнхөө нэр дээр шилжүүлж амжаагүй байсан. Шилжүүлэх гэтэл тухайн хүн нь бурхан болчихсон болохоор шилжүүлэх боломжгүй байгаа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75-77 дугаар хуудас) зэргээр Сайга-М загварын галт зэвсэг нь шүүгдэгч А.Адуучийн өмчлөлийнх болох нь нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэх буюу үүрэг болгосон императив хэм хэмжээ юм. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг буюу гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл зэргийг заавал хураана гэж ойлгоно.

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ...галт зэвсэг ...нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний нэг хэлбэрийг хоёрдмол утгагүйгээр тодорхой хуульчилсан.

 Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Адуучийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Сайга-М загварын ангын буу 1 (нэг) ширхэг, сум 7 (долоо) ширхгийг хураан авч, худалдан борлуулж, олсон орлогыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулахаар Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхийг Цагдаагийн ерөнхий газарт, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн сумны хонгио 1 (нэг) ширхгийг, аргаль хонины толгой 1 (нэг) ширхгийг, шийр 4 (дөрөв) ширхгийг, арьс 1 (нэг) ширхгийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “эр аргаль хонины /Ovis ammon/ экологи-эдийн засгийн үнэлгээг 11’000’000 төгрөгөөр тогтоосон байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг буюу “22’000’000 төгрөгийг 36 сарын хугацаанд хувааж төлөх” хүсэлт (хавтаст хэргийн 127 дугаар хуудас) гаргажээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Булганчимэг “...Шинжээчийн дүгнэлтээр гарсан 11 сая төгрөг, түүнийг 2 дахин нөхөн төлүүлэх гэхээр 22 сая төгрөгийн нөхөн төлбөрийг Ховд аймгийн Мөнххайрхан сумын төрийн сангийн хүү торгуулийн 100111600988 тоот дансанд шилжүүлж, төлүүлж өгөхийг хүсэж байна” гэж (хавтаст хэргийн 82 дугаар хуудас), дахин “...Яг үнэхээр төлбөрийн чадваргүй, нэг дор төлж чадахгүй байвал 3 жилээр хуваагаад төлж болно. Тэгэхдээ 2022 онд буюу шүүх хурал болохоос өмнө нөхөн төлбөрийн 40 хувийг төлсөн байхыг шаардаж байна. Үлдсэн 60 хувийг үлдсэн хугацаанд хуваагаад хийхэд татгалзах зүйл алга байна. Төлбөрт төлөх 22 сая төгрөгийн 40 хувь гэхээр 8 сая төгрөгийг шүүх хурлаас өмнө хийх шаардлагатай байна” гэж (хавтаст хэргийн 82 дугаар хуудас) тус тус мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тавьсан шаардлагыг буюу 8’000’000 төгрөгийг төлөөгүй байна. Эндээс дүгнэвэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн болзол тавьсан хэлцлийн саналыг шүүгдэгч биелүүлээгүй тул хохирол, хор уршгийг нөхөн төлөх хугацааны талаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэг зорилт нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх буюу гэм хорыг гэм буруутайд этгээдээр нөхөн төлүүлэхэд оршдог. Энэ агуулгаар Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэх ойлголтыг шүүгдэгчийн илэрхийлэл төдий ойлгож хэрэглэх нь учир дутагдалтай. Тодруулбал “хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэх ойлголтыг хууль зүйн агуулгаар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг урьдач нөхцөлгүйгээр бүрэн хүлээн зөвшөөрсөн, тухайн хохирлыг төлөх эдийн засгийн боломжтой буюу эд хөрөнгөтэй, тодорхой орлоготой байх, хохирлыг нөхөн төлөх боломжит хугацааг хохирогчид мэдэгдэж, түүний зөвшөөрлийг авсан байх гэх шаардлагын нэгдлийг ойлгоно. Өөрөөр хэлбэл хохирлын талаар шүүгдэгч хохирогч нар харилцан тохиролцож хэлцэл хийсэн байхыг ойлгоно.

Мөн Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хохирол нөхөн төлөх хугацаа тогтоох эрх шүүхэд олгогдоогүй бөгөөд шүүх хохирол нөхөн төлөх хугацаа тогтоох нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх боломжийг хязгаарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг алдагдуулсан үйлдэл болно. Харин шүүгдэгч хохирогч нар сайн дураараа зөвшилцөж, хохирол нөхөн төлөх хугацааг тогтоосон бол шүүх талуудын чөлөөт байдлыг хангах зарчимд тулгуурлан уг хугацааг тогтоож болдог.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “иргэн ...нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэж, 4 дэх хэсэгт “энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно:” гэж, мөн хэсгийн 2 дахь заалтад “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;” гэж тус тус заажээ.

Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 2-т зааснаар шүүгдэгч А.Адуучаас 22’000’000 (хорин хоёр сая) төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах үндэслэлтэй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хураан авахаар шийдвэрлэсэн Сайга-М загварын бууг худалдан борлуулсан орлогыг тэргүүн ээлжид шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн 22’000’000 төгрөгөөс хасаж тооцоод, үлдэх хэсгийг шүүгдэгчээр нөхөн төлүүлэхийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч А.Адууч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Зээгийнхэн ургийн овогт Аюушийн Адуучийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Адуучийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар Ховд аймаг дахь Манхан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар:

- шүүгдэгч А.Адуучийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Сайга-М загварын ангын буу 1 (нэг) ширхэг, сум 7 (долоо) ширхгийг хураан авч, худалдан борлуулж, олсон орлогыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулахаар Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхийг Цагдаагийн ерөнхий газарт,

- хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн сумны хонгио 1 (нэг) ширхгийг, аргаль хонины толгой 1 (нэг) ширхгийг, шийр 4 (дөрөв) ширхгийг, арьс 1 (нэг) ширхгийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч А.Адууч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 2-т зааснаар шүүгдэгч А.Адуучаас 22’000’000 (хорин хоёр сая) төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

7. Сайга-М загварын ангын (гол төмрийн дугаар: м11130419, замагны дугаар: 419) бууг худалдан борлуулахаар Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлэхийг Ховд аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

8. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.МӨНХЗАЯА