Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/01

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболд, шүүгдэгч Ө.Мөнхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2236000000303 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболд “шүүгдэгч Ө.Мөнхтүвшин 2022 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө Ховд аймгийн Жаргалант сумын 06 дугаар (Жаргалан) багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Г.Ганзоригийг пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

1.   Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:

1.1.      Хохирогч Г.Ганзоригийн “Би Б.Ганзориг гэх дүүгээсээ албан бичиг авахаар Бишрэлт караокед байна гэхээр нь очоод Б.Ганзориг гэх дүүтэйгээ 2 давхрын буланд уулзаад зогсож байтал нисэх буудалд ажилладаг Ө.Мөнхтүвшин гэх залуу хажуугийн өрөөнөөс шилтэй пиво гартаа барьж гарч ирээд над руу согтуурхаад “ногоон пиздаа минь” гэсэн. Би “эхлээд хүнтэй мэнд устай байл даа, дараа нь тэр юмаа ярилдаа” гэж хэлчхээд Б.Ганзоригтой юм яриад зогсож байтал хажуунаас гартаа барьсан байсан пивоны шилээрээ миний толгойн орой хэсэг рүү цохисон, пивоны шилэнд байсан пиво нь асгарч шал норсон, тэр шалан дээр нь халтирч унасан. Миний толгойноос цус гараад байсан тул ариун цэврийн өрөө орж цусаа цэвэрлэж байх хооронд надтай уулзаж байсан Б.Ганзориг цагдаа дуудсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас);

  • Гэрч Б.Ганзоригийн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 01-ний орой 20 цагийн үед манай найз “караокед байна ирээд машин ав” гэхээр нь очоод байж байтал урьд нь хамт ажилладаг байсан Г.Ганзориг гэх найз маань надаас бичиг авахаар залгахаар нь “Бишрэлт караокед хүрч ирээд авчих” гээд дуудчихсан юм. Удалгүй Г.Ганзориг ирээд би өрөөнөөсөө гараад коридорт уулзаж байтал нисэх буудалд ажилладаг Ө.Мөнхтүвшин гэх залуу хажуугийн өрөөнөөс гарч ирээд бид нартай мэнд мэдсэн. Тэгээд Г.Ганзоригтой тоглож шоглоод байгаа нь мэдэгдэхгүй байж байгаад сүүлдээ маргалдаад Г.Ганзоригийн толгой руу гартаа барьж байсан пивоны шилээр цохичихсон юм. Г.Ганзоригийн толгойноос цус гараад байхаар нь эмнэлэгт аваачиж үзүүлсэн, бас цагдаа дуудсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас);
  • Гэрч Т.Сэрээнэнгийн “...Би Г.Ганзориг гэх найзтайгаа Баян-Өлгий аймаг руу ажлаар явах гэж байсан бөгөөд мэргэжлийн хяналтад ажилладаг Б.Ганзориг гэх залуугаас бичиг авах гээд Бишрэлт караокены 2 давхарт гараад коридорын буланд уулзаад зогсож байтал хажуу талын өрөөнөөс нисэх буудалд ажилладаг гэсэн хэсэг хүмүүс гарч ирсэн. Тэр хооронд би утсаар ярьж байгаад харахад Г.Ганзориг Ө.Мөнхтүвшин гэх залуутай маргалдаж байгаад гадуур хувцсаа тайлаад цонхон дээр тавьчхаад заамдалцсан. Удалгүй Г.Ганзориг Мөнхтүвшиний ууж байсан пивыг хараад “пивоо өгчих” гэтэл Ө.Мөнхтүвшин шууд толгой руу нь пивоны шилээр цохисон, шил нь бутраад газар унасан. Г.Ганзоригийн толгойноос цус гараад байсан тул Б.Ганзориг бид хоёр ариун цэврийн өрөө рүү дагуулж ороод цусыг нь угаагаад эмнэлэгт аваачиж үзүүлсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас);
  • Хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдсон, шүүгдэгч Ө.Мөнхтүвшиний гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...Би ажлынхаа гурван ахтай 2022 оны 11 дүгээр сарын 01-ний орой 19-20 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багт үйл ажиллагаа явуулдаг Бишрэлт караокед орсон. Тэнд бага зэрэг архи, пиво ууж дуулж байгаад тамхи татах гээд гартал Г.Ганзориг гэх найз таарсан. Тэгээд хоорондоо жаахан юм яриад зогсож байснаа санаж байна. Миний санаж байгаагаар намайг 2 давхрын коридорын буланд  байх цонхны тавцан дээр сууж байтал Г.Ганзориг миний хүзүүг 2 гараараа боогоод онгорхой байсан цонхоор миний толгойг гаргаж дээрээс доош дарсан, тэгэхээр нь би босож ирээд зууралдаж байгаад гартаа барьж байсан пивоны шилээр толгой руу нь цохичихсон юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас) зэргээр Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутагт 2022 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө шүүгдэгч Ө.Мөнхтүвшин нь архидан согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Г.Ганзоригийн толгой тус газар пивоны шилээр цохисон нь нотлогдож байна.

1.2.      Хохирогч Г.Ганзоригийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 968 дугаартай “...Г.Ганзоригийн биед тархи доргилт, дух болон зулайн зүүн хэсэгт шарх, зулайн баруун хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас) гарчээ. Тодруулбал хохирогчийн толгой руу шүүгдэгч Л.Гантогтох пивоны шилээр цохисон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй.

1.3.      Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутагт 2022 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө шүүгдэгч Ө.Мөнхтүвшин нь архидан согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Г.Ганзоригийн толгой руу пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

2.   Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1.      Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. 

Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Хүний биед халдах нь ёс суртахууны хувьд болон хуулиар хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

2.2.      Шүүгдэгч Ө.Мөнхтүвшин нь үл ялих зүйлээр шалтаглаж буюу танхайн сэдэлтээр хохирогчийн биед халджээ. Мөн шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж хохирогчийн биед халдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

2.3.      Шүүгдэгч олон нийтийн газар биеэ зохистой авч явж чадахгүй хэмжээнд согтууруулах ундаа хэрэглэсэн нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

2.4.      Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ.

2.5.      Шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Ө.Мөнхтүвшинийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

1.   Шүүгдэгч Ө.Мөнхтүвшин нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

2.1.      Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 56 дугаар хуудас), шүүгдэгч Ө.Мөнхтүвшиний яллагдагчаар өгсөн “...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас), Ховд аймаг дахь нисэх буудлын даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 65 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Мөнхтүвшин нь эрхэлсэн тодорхой ажилтай, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2.      Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.3.      Шүүгдэгч нь хохирогчийг эд зүйлээр буюу пивоны шилээр толгой хэсэгт нь нэг удаа цохисон байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч халдлагын хүчээ нэмэгдүүлэх зорилгоор пивоны шилийг ашиглаж хохирогчийн амь нас, эрүүл мэндэд аюултай аргаар уг гэмт хэргийг үйлдсэн байх тул үүнийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд хамааруулан үзнэ.

3.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар прокурор нь шүүгдэгч Ө.Мөнхтүвшинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаанд Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

3.1.      Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ө.Мөнхтүвшинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь Ховд аймгийн Жаргалант сумын 12 дугаар (Цамбагарав) багийн Хан-Орд 12 айлын орон сууцны 09 тоотод байнга оршин суух хаягтай, мөн суманд байрлах Ховд аймаг дахь нисэх буудалд ажилладаг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эдлүүлэхээр тогтоосон 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоох нь зүйтэй.

4.   Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Хохирогч Г.Ганзоригийн “...Бид хоёр уулзаж тохироод хохирол болох 570’000 төгрөг авч хохирлоо бүрэн барагдуулсан байгаа. ...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар хуудас), Голомт банкны төлбөрийн баримт (хавтаст хэргийн 70 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь нотлогджээ. Иймд шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж үзнэ.

5.   Шүүгдэгч Ө.Мөнхтүвшин нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

6.   Хэргийн хамт ирсэн Ховд аймгийн Жаргалант сумын 06 дугаар багт байрлах Бишрэлт караокены 2 давхрын хяналтын камерын бичлэг бүхий си ди диск нь нотолгооны ач холбогдолтой байх тул хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

7.   Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Шүүгдэгч Галзат ургийн овогт Өлзийтогтохын Мөнхтүвшинийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Мөнхтүвшинийг 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Мөнхтүвшинд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоосугай.

4.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

5.   Шүүгдэгч Ө.Мөнхтүвшин нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

6.   Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7.   Хэргийн хамт ирсэн нэг ширхэг Си ди дискийг хэрэгт хадгалсугай.

8.   Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.МӨНХЗАЯА