| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2022/0685/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1153 |
| Огноо | 2022-12-08 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | М.Гансувд |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1153
2022 12 08 2022/ШЦТ/1153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Д.Дарьсүрэн, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,
иргэдийн төлөөлөгч Б.Хулан,
улсын яллагч М.Гансувд,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг,
шүүгдэгч Р.Ж, түүний өмгөөлөгч Э.Ганхөлөг, Б.Лхагвадорж нарыг оролцуулан эрүүгийн ... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Р.Ж, /регистрийн дугаар /, .... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, ам бүл 2, ..... оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, .... ресторанд тогооч ажилтай байсан,
2020 оны ..-р сарын 28-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2021 оны 9 дүгээр сарын 20-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Р.Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн ..-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны 4 дүгээр орцны үүдэнд амь хохирогч Н.Г“нэмж архи авна, авахгүй” гэх шалтгаанаар маргалдаж түүний нүүрэн тус газарт баруун гараараа нэг удаа цохисны улмаас хүзүүний 6 дугаар нугалмын их бие хугарч хохирогч нас барж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Р.Жийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт:
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, эд мөрийн баримтаар тооцогдон авсан СиДи 2 ширхэгт бичигдсэн камерын бичлэг, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, холбогдогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар зэргээр шүүгдэгч Р.Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн ....... орцны үүдэнд амь хохирогч Н.Г “нэмж архи авна, авахгүй” гэх шалтгаанаар маргалдаж түүний нүүрэн тус газарт баруун гараараа нэг удаа цохисны улмаас хүзүүний 6 дугаар нугалмын их бие хугарч хохирогч нас барж хүнийг алсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.Жийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр .... дүгээр орцны үүдэнд амь хохирогч Н.Г “нэмж архи авна, авахгүй” гэх шалтгаанаар маргалдаж түүний нүүрэн тус газарт баруун гараараа нэг удаа цохисны улмаас хүзүүний 6 дугаар нугалмын их бие хугарч хохирогч нас барж хүнийг алсан үйл баримт нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Жоос мэдүүлсэн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байаа. Надад үнэхээр их харамсалтай байна. Би 23-ны өдөр гэрээсээ гарч яваад дэлгүүрийн үүдэнд талийгаачтай таарсан. “Эвтэйхэн газар ороод юм ууя” гэхээр нь би “Ахаа тэгвэл манайд ороод уучих уу” гэж хэлээд бид хоёр манай гэрт орж бага зэрэг юм уусан. Би тас авах гэж байсан бөгөөд хувийн ажилтай байсан учраас явах гэтэл талийгаач “Дахиад ууя” гээд байсан. Үүнээс болж маргаан үүссэн. Надад алъя гэсэн бодол байгаагүй. Ийм зүйл болно гэж бодоогүй...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “…Миний хувьд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр амь хохирогч Н.Г тааралдаад бид хоёр хоорондоо танилцаад хүнсний дэлгүүрээс “Е- ” нэртэй 100 гр хэмжээтэй нэг шил архи аваад манай түрээсэлж байсан 1 давхрын 112 тоот байранд орж тэр архиа хувааж уугаад буцаж орцны гадна гарч ирээд би одоо ажилтай та одоо ингээд явчих гэж хэлэхэд талийгаач Г нь чи нэмээд нэг шил архи авчих хоёулаа хувааж уугаад салъя гэж хэлэхээр нь би дүү нь одоо ажилтай, та надад өгсөн банкны виза картаа ав гэж хэлээд өмнө нь манай гэрт байхдаа надад өгсөн байсан виза картыг нь гарган түүнд буцааж өгч куртикнийх нь гадна халаасанд хийж өгсөн. Гэтэл Г нь нэг шил архи аваад танайд ороод ууя л даа гээд явахгүй болохоор нь би түүнийг одоо гэртээ харь гэж хэлээд байгаа юм биш үү гэж хэлээд барын гарынхаа алганы хэсгээр түүний нүүрэн тус газар нь нэг удаа зөөлөн алгадсан. Тэгэхэд Г нь үгэнд орохгүй мөн л зөрүүдэлсэн хэвээр тэгвэл чамтай цуг явна, архи ууна, танайд орно гээд байхаар нь би түүнд хандан эндээ үлд гэж хэлээд байгаа юм биш үү, би өөр газар очих ажилтай гэж хэлээд байна шүү дээ гэж хэлээд баруун гарын сарвууны арын хэсгээр түүний толгойн урд хэсэгт нэг удаа зөөлөн дэлсээд шууд эргэж харалгүй тэндээс холбож явсан. ...Тухайн үед Гыг тэнд газар унаад нас барчихна гэж огт бодож төлөөлөөгүй би өөрөө архи хэрэглэчихсэн байсан болохоор түүнийг газар унасныг нь ч мэдэлгүй шууд явчихсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх-н 230-231/,
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н-оос мэдүүлсэн: “...Би камерын бичлэг үзсэн. 1 удаа 100 грамм архи авсан байх боломжгүй. Тухайн камерын бичлэгт миний аавын картыг Р.Ж худалдагчид өгч байгаа нь харагдана. Тэр өдрийн орой 20 цаг 00 минутын үед гурван цагдаа орж ирээд мэдэгдсэн. Оршуулгын зардал болох 14.122.830 төгрөгийг шүүгдэгч 2 хувааж төлсөн. Миний аав бизнесийн зээлтэй хүн байсан. Тухайн зээлийн үндсэн зээлдэгч нь манай аав байсан бөгөөд нийт дүн нь 40.800.000 төгрөг. Мөн 9.000.000 төгрөгийн тэтгэврийн зээлтэй байсан. Тухайн 9.000.000 төгрөг нь “П-” даатгалын 100 хувийн даатгалтай учраас шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд тухайн даатгалын компанитай холбогдох шаардлагатай байгаа. 40.000.000 төгрөгийн зээлийн сарын төлөлт 3.000.000 төгрөг. Нийт 50.479.720 төгрөг нэхэмжилж байна...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улсын төв ...-р ээр үзүүлж харуулж явж байгаад орой 18 цаг өнгөрч байх үед гэртээ ирэх үед гэрт хүн байхгүй гэр цоожтой байсан. Ингээд гэртээ ороод хувцас хунараа сольж байх үед араас ээж Г орж ирснээ аав чинь байхгүй байгаа юм уу, өдөр утсаар ярьсан чинь жаахан халамцуу архи уусан байх шиг байсан гэж хэлээд би хоёр гэр орныхоо эд зүйлсийг эмхэлж цэгцлээд байж байх үед 20 цаг 00 минутын орчимд цагдаагийн алба хаагч нар гэж хэлээд хүмүүс орж ирээд танай аавыг чинь Г гэдэг үү, энэ хүн нас барсан байна аа, гэж надад хэлэхэд нь болсон асуудлын талаар сонсож мэдсэн. Миний эцэг Н отогтой Г нь 1954 онд Улаанбаатар хотод төрсөн эцэг эхээс тавуулаа, айлын том соёлоор хүмүүжээд Улсын эм хангамжийн газарт ерөнхий нягтлан бодогч Чингэлтэй дүүргийн Татварын албанд, татварын улсын байцаагч, “Эрдэнэ зам” ХХК-д ерөнхий нягтлан гарснаасаа хойш бол тодорхой эрхэлсэн зүйлгүй гэр орныхоо ажлыг эмхэлж цэгцлээд л байж байдаг байсан. ...2022 оны 02 дугаар сарын 23-ны өглөө ээж Гүндсамбуу 10 цаг 00 минут өнгөрч байх үед Барилгын материалын дэлгүүртээ ажиллахаар гэрээс гарч яваад, би 11 цаг 10 минутын орчимд Амгалан амаржих эмнэлэгт үзүүлэхээр гэрээсээ гарч яваад аав Н.Г гэртээ ганцаараа үлдсэн. ...орой гэртээ ирээд байж байх үедээ л түүнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдад зодуулсны улмаас нас барсан болохыг нь сонсож мэдсэн. ...Аав архи уусан үедээ ямар нэгэн этгээд зан ааш гаргаад хэрүүл маргаан гаргаад байдаггүй хүн байсан. ...Зан үйлийн зардалд нийт 14.122.830 төгрөгийн зардал гарсан байдаг. Энэ хохирлыг нэхэмжилж байна..." гэсэн мэдүүлэг /1хх-н 64-67/,
гэрч Э.И-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би талийгаачтай хамгийн сүүлд 2022 оны 02 дугаар сарын 23-ны 17:14 минутад ярьсан бөгөөд ах над руу залгаж бид хоёр хоорондоо 33 секунд ярьсан юм. Надтай утсаар ярих үедээ архи согтууруулах ундааны зүйл уусан байдал анзаарагдаагүй ер нь эрүүл байсан. Би биеийг нь асуухад зүгээр гэж хэлчхээд тасалсан..." гэсэн мэдүүлэг /1хх-н 148/,
гэрч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...надтай утсаар өнөөдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг 49 минутад залгаж ярьсан. Тэгэхэд онц зүйл яриагүй ойр зуурын мэнд мэдэж хаана байгаа юм ажил нь тарсан уу гэж ярьж байсан. Тэгээд сүүлд 17 цаг 09 минутад .... гэх өөрийн дугаараас залгасан байсан би тухайн үед машин барьж явсан болохоор утсаа авч амжаагүй. ...15 цаг 49 минутад ярихад зүгээр л байсан. Хэрвээ согтуу байсан бол хэл нь ээдэрдэг учир мэдэх байсан. Тухайн үед эрүүл саруул ярьсан. Хаана байгаа, хэнтэй байгаа талаар нь асууж ярьж амжаагүй..." гэсэн мэдүүлэг /1хх-н 154-155/,
гэрч А.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Өнөөдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 18 цаг 10 минутын орчим байнга манай дэлгүүрт орж ирж үйлчлүүлдэг 60-70 орчим настай эрэгтэй хүн, араас нь бас байнга орж ирдэг өндөр ногоон өнгийн нүдтэй шар туранхай эрэгтэй хүн орж ирсэн. Тэгээд тэр өвөө 100 гр шилтэй Е- гэх нэртэй архи 1 ширхэг банан 1 ширхэг савтай Teso гэх нэртэй зайрмаг авсан. Тэгээд надтай юмны үнийн талаар ярьсан. Тэгээд ярьж байсан чинь араас нь орж ирсэн өндөр эрэгтэй тэр өвөөг харж зогсож байгаад за хоёулаа гаръя гээд аваад гарсан. Тэгээд гарахаар гадаа байдаг хяналтын камераас харсан чинь гадаа юм ярьж зогсоод байсан тэгээд би ажлаа хийсэн... Өвөөг бол нэрийн мэдэхгүй харин залууг бол Ж- гэдэг хажуу талын буюу 4 дүгээр орцонд амьдардаг гэсэн байр түрээсэлж М- тогооч хийдэг гээд үнэмлэхээ харуулж байсан... тэр хоёр маргалдаж байгаагүй хоорондоо юм яриагүй тэн өндөр залуу нь хараад л зогсоод байсан... Өвөө бол нэлээн согтуу байсан нөгөө залуу нь бас согтуу байсан. Өвөө 16 цагийн орчим ганцаараа орж ирээд 100 гр Е- аваад гарсан Харин залуу нь 17 цагийн орчим орж ирээд 100 гр Е- архи 1 ширхэг лаазтай пиво аваад гарсан..." гэсэн мэдүүлэг /1хх-н 158-159/,
гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би өнөөдөр Сүхбаатар дүүргийн ..... хороо Хангай хотхоноос охин М-ийн хамтаар машинаар гараад 18 цаг 47 минутад Сүхбаатар дүүргийн ..-р хороо ... орцны үүдний харалдаа буугаад орц руу явж байсан чинь орцны зүүн талд хар өнгийн хувцастай эрэгтэй хүн доошоо хараад хэвтэж байсан. Тэгээд ажаад харсан чинь амьсгалж байгаа шинж байгаагүй. Тэгэхээр нь 103-д дуудлага өгсөн. Тэгээд хараад зогсож байгаад 103 ирсэн. Эмч ирээд үзлэг хийгээд нас барсан байна гэсэн..." гэсэн мэдүүлэг /1хх-н 161-162/,
гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Сүхбаатар дүүргийн ..-р хороо ... тоот хаягт Б, О гэж хүн албан ёсоор оршин суудаг бүртгэлтэй. Б.О нь өөрийн байрны хажуу өрөөг түрээсэлж түрээсийн хүмүүс суулгадаг. ...манай 1 дүгээр байрны 4 дүгээр орцны тухайд орцны гадна хэсэгт орцны хэсэг орж гарч байгаа хүмүүсийг харах зорилгоор байршуулсан камерын хяналттай. Орцны дотор хэсэг болон давхрын хэсгүүдэд ямар нэгэн камерын хяналт байхгүй гэдгийг хэлэх байна..." гэсэн мэдүүлэг /1хх-н 165/,
гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2022 оны 01 дүгээр сарын сүүлчээр фэйсбүүк хаягаараа хажуу өрөө түрээслэн гэсэн зар байршуулсны дагуу Ж- гэх залуу натай утсаар холбогдон хажуу өрөөг сарын 280.000 төгрөгөөр түрээслэн амьдрахаар тохирч 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байрандаа орсон байдаг. Ингээд хэсэг хугацааны дараа Ж надад хэлэхдээ манай найз надтай хамт амьдрах юмаа гэж хэлээд нэг залууг гэртээ дагуулан ирээд гэртээ цугтаа амьдарч байсан... орой 18 цаг 30 минутын орчимд гэртээ ирэхэд гэрт хүн байхгүй гэр эзэнгүй байсан бөгөөд хэсэг хугацаа өнгөрсний дараа буюу 19 цаг 40 минутын орчимд Ж-той цугтаа амьдардаг С гэх залуу гаднаас орж ирээд өрөөндөө орж байгаа харагдсан..." гэсэн мэдүүлэг /1хх-н 167/,
гэрч А.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Ж-той цуг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд цуг амьдарч байх үед нэг их дотно танилцаж найзлан нөхөрлөөд байсан зүйл байхгүй. Миний ажил ихэвчлэн орой 19 цагийн орчимд тардаг байсан бөгөөд ажлаасаа явсаар гэртээ 20 цагийн орчимд ирдэг байсан... 2022 оны 02 дугаар сарын 23-ны орой 19 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн ..-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай бидний хэлж ярьж заншсанаар “Х-”-н автобусны буудал дээр буучхаад алхаж явах үед Ж нь араас ирж уулзаад мөнгө байна уу гэж асуухаар нь надад мөнгө алга байна аа гэж хэлэхэд ядаж 2.000, 3.000 төгрөг ч байхгүй юу гэж асуухаар нь надад автобусны карт цэнэглэдэг 3.000 төгрөг байна гэж хэлэхэд надад наад мөнгөө өгчих гэж хэлж аваад, гар утсаа өгчих би утсаар ярих хэрэгтэй байна гэж хэлээд аваад явсан. Тухайн үед архи хэрэглэсэн бололтой нэлээд архи үнэртүүлсэн согтуу явж байсан... Р.Ж нь куртикнийхээ хоёр талаар цагаан өнгийн канттай урт хар өнгийн куртик өмссөн явсан. Харин ямар малгайтай байсныг сайн санахгүй байна. Тухайн үед ямар нэгэн хүнтэй яваагүй ганцаараа явж байсан. Түүнээс хойш дахин тааралдаагүй, гэртээ ирж хоноогүй байна. ...Ж-ид өгч явуулсан Ай фоне 7 маркийн гар утасны мөнгө болох 250.000 төгрөгийг Ж-ийн төрсөн эгч Ц-ш нь надад хүлээлгэн өгч намайг бүрэн хохиролгүй болгож өгсөн байгаа..." гэсэн мэдүүлэг /1хх-н 138/,
гэрч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагийн орчимд Н.Г гуай байрны гадна талын талбайн хэсэгт сууж байгаа л харагдаж байсан. Яг ямар хүмүүстэй сууж байсныг хэлж мэдэхгүй байна. Би тухайн үед Н.Г гуайтай нүүр тулж ярилцаж уулзалдаагүй болохоор тухайн өдөр түүнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэх болон ямар ямар хүмүүстэй явж байсан болох талаар нь хэлж мэдэхгүй байна..." гэсэн мэдүүлэг /1хх-н 173/,
гэрч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Р.Ж гэж танина 2012 онд Улаанбаатар хотод би хувийн бизнес хийж ажиллаж амьдарч байгаад танилцаж улмаар Ө-аймгийн баруун баян улаан суманд мал дээр гарч хамтран амьдарч эхэлсэн. Тэгээд голоосоо 2014 онд хүүтэй болоод О- гэж нэр өгсөн. Тэгээд тухайн үед мана хүүг 10 сартай байхад манай хуучин нөхөр Ж-ж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ миний ташаан тус газар хутгалсны улмаас салаад би Д- аймгийн Д- сумандаа ирж амьдарч эхэлсэн. Тэгээд байж байтал Р.Ж хүү О-ыг аваад араас хүрч ирээд Д- суманд мал маллан амьдарч байгаад дахин голоосоо охинтой болсон бөгөөд С- гэж нэрлэсэн. Тэгээд 2018 он хүртэл энд амьдарч байгаад хүү О-ыг аваад мөр хөрөнгөө аваад буцаад ирье гээд Ө-аймаг руугаа яваад ирээгүй тэр чигтээ явсан... Би О-ыг өөр дээрээ авах бүрэн боломжтой..." гэсэн мэдүүлэг /1хх-н 176-177/,
гэрч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн тасагт дуудлагын эмчээр ажиллаж байх үед оройн 19 цаг 00 минутын орчимд .... дүгээр орцны гадна 60-65 насны эрэгтэй ухаангүй доош харсан байдалтай хэвтэж байна гэсэн дуудлага ирсний дагуу дуудлагад 19 цаг 09 минутад очиход тус байрны 4 дүгээр орцны ертөнцийн зүгээр зүүн хойд талын хэсгийн газарт цутгасан бетоны хэсэгт цээжин хэсгээрээ доош харсан байдалтай унасан түрүүтэй хар өнгийн гутал, цэнхэр өнгийн жинсэн өмд, дээд хэсгээрээ саарал өнгийн куртик өмссөн, толгойдоо саарал өнгийн үстэй 60-65 орчим насны эрэгтэй хүн хэвтэж байсан... Тухайн үед би амь хохирогчийн цээжин хэсэгт баруун гараараа зөөлөн хүрч хиймэл амьсгаа хийх зорилгоор цээж шахалт хийхэд ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй амь хохирогч хэдий нь амьсгал хураасан болох нь тодорхой байсан боловч эмч хүний зүгээс хэрвээ олон удаагийн давтамжтайгаар хиймэл амьсгаа хийх бол сэргэж юу магад гэж үзсэний учир баруун зүүн хоёр гарын алганы хэсгээр цээжин хэсэгт нь хэд хэдэн удаагийн хүчтэй шахалтыг хийсэн боловч ямар ч хариу үйлдэл өгөөгүй тул цээж шахалтын ажиллагааг зогсоосон байдаг..." гэсэн мэдүүлэг /1хх-н 171/,
Шинжээч эмч Н.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...хүзүүний 6 дугаар нугалмын их биеийн хугарал гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүснэ. Тухайлбал талийгаачийн нүүр хэсэг буюу толгойн урд хэсэгт арагш савагдаж цохигдох үед үүсгэгдэнэ. Унах үед бол үүсгэгдэх боломжгүй... Амь хохирогчийн цээжний баруун 3, 4, 5, 6, 7-р хавирга зүүн талын 2, 3, 4, 5 дугаар хавирганы шууд хугарлууд нь цээжний урд хэсэгт дарах, шахах хүчний үйлчлэлээр буюу сэхээн амьдруулах арга хэмжээ авах үед цээжинд шууд массаж хийх үед үүсгэгдсэн гэмтэл байна... Хүзүүний урд хана болон хүзүүний урд булчингийн цус хуралт төвөнх, улаан хоолойн цус хуралт, тархины аалзан хальсны цус харвалт зэрэг нь хүзүүний 6 дугаар нугалмын их биеийн хугарлын улмаас шууд үүсгэгдэнэ. Харин баруун хөмсөгт няцарсан шарх, баруун хацар, хамрын баруун хажуу хэсгийн зулгаралт дээд уруулд шарх, зулгаралт гэмтэл нь нүүр хэсгээр урагш унах үед үүсгэгдэх боломжтой..." гэсэн мэдүүлэг /1хх-н 181-182/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №723 тоот актын “…Талийгаач Н.Гын цогцост хүзүүний 6-р нугалмын их биеийн хугарал, хүзүүний урд хана болон, хүзүүний барын баруун булчингийн цус хуралт, төвөнх, улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолойн гадна цус хуралт, тархины зүүн зулайн хэсгийн аалзан хальсны цус харвалт, цээжний баруун 3, 4, 5, 6, 7-р хавирга, зүүн талын 2, 3, 4, 5-р хавирганы шууд хугарлууд, цус хуралт, баруун хөмсөгт няцарсан шарх, баруун хацар, хамрын баруун хажуу хэсэгт зулгаралт, дээд уруулд шарх, зулгаралт, баруун хажуу хэсэгт зулгаралт, дээд уруулд шарх, зулгаралт, баруун хавирганы нуманд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. ...Талийгаачийг үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй. ...Шүүх хэмийн шинжилгээгээр цусанд 2.9 промилл, шээсэнд 2.4 промилл спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй байна. Шүүх биологийн шинжилгээгээр О I бүлгийн цустай байна. Хүзүүний 6-р нугалмын их биеийн хугарал гэмтлийн улмаас нас баржээ. ...2022 оны 21 цаг 20 минутын цогцост хийсэн анхны үзлэгээр нас бараад 2-3 цаг болсон байна...“ гэх дүгнэлт /хх-н 150-154/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 9, 16-18/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 50-60/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 14-15, 19-20/ зэрэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Р.Жийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн ..-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны 4 дүгээр орцны үүдэнд амь хохирогч Н.Г“нэмж архи авна, авахгүй” гэх шалтгаанаар маргалдаж түүний нүүрэн тус газарт баруун гараараа нэг удаа цохисны улмаас хүзүүний 6 дугаар нугалмын их бие хугарч хохирогч нас барж хүнийг алсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Мөн тус шүух хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Б.Х “шүүгдэгч Р.Жийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.” гэсэн дүгнэлт гаргасныг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүгдэгч Р.Жид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Мөн гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзсан Эрүүгийн хуулийн ерөнхий агийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Жид оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н нь талийгаачийн оршуулгын зардал болон буяны ажилд гарсан зардал гэж нийт 14.122.830 төгрөг, бизнесийн зээл гэж 40.865.384 төгрөг, тэтгэврийн зээл 9.614.318 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь талийгаачийн оршуулгын зардал болон буяны ажилд гарсан зардал болох 14.122.830 төгрөгийг хохирогчийн хуулийн ёсны төлөөлөгчид нөхөн төлжээ.
Харин бизнесийн зээл гэж 40.865.384 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч талийгаачийг нас барснаас хойш уг зээлийг төлөх боломжгүй болсон, мөн талийгаачийн эрхэлж байсан бизнес нь доголдсон эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримтаа хэрэг гаргаж өгөөгүй байх тул бизнесийн зээлтэй холбоотой нэхэмжлэлийг энэ удаагийн шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Мөн тэтгэврийн зээл гэж 9.614.318 төгрөгийг нэхэмжилснийг энэ удаагийн шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхив. Учир нь: Талийгаач уг тэтгэвэрийн зээлийг авахдаа “П-” даатгалаар даатгуулсан, энэхүү даатгалын гэрээгээр амь нас хохирсон бол “П-” даатгал хариуцан төлөх үүрэгтэй байна.
Иймд шүүгдэгч Р.Жийг хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Р.Ж нь энэ хэрэгтээ нийт 287 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж, 2 ширхэг биологийн дээж, 2 ширхэг тамхины иш зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Р.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Р.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Р.Жид оногдуулсан 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялтан Р.Жийн цагдан хоригдсон 287 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6.Хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, харин бизнесийн болон тэтгэврийн зээлтэй холбоотой нэхэмжлэлийг гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж, 2 ширхэг биологийн дээж, 2 ширхэг тамхины иш зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, ялтан Р.Жид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Р.Жид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР
ШҮҮГЧИД Д.ДАРЬСҮРЭН
Б.МӨНХ-ЭРДЭНЭ