Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/09

 

 

 

 

 

 

  

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Б.Тэгшбаяр,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Боржигон овогт************** холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205034002590 дугаартай хэргийг 2022 оны 12 сарын 19-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,************** ХХК-д ерөнхий жижүүр ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянгол дүүрэг дүгээр хороо************** 6 дугаар гудамж******* тоотод оршин суух, Боржигон овогт******* Номин-Эрдэнэ /РД:УШ01301129/

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүрэг 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвийн 5 давхрын оффист хохирогч мартаж явсан I phone 13 загварын гар утас буюу гээгдэл эд хөрөнгийг завшиж бусдад 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан “... Зураг №4 таньж олуулах ажиллагаагаар 4 дугаартай хүнийг нарийвчлан гэрэл зургаар харуулав.” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 5-8 дахь тал/

Хохирогч “... Би 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр шөнийн 02 цагийн үед Баянгол дүүрэг 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвийн 5 давхарт байрлах ажил руугаа орох гээд цахилгаан шатанд суугаад явах гэтэл цахилгаан шатны картгүй байсан болохоор ажлын хүн болох Номин-Эрдэнэ рүү залгаад цахилгаан шатаа дуудчих гээд хэлэх гэтэл Номин-Эрдэнэ гар утсаа аваагүй. Тэгээд би 5 давхарт гараад өрөө рүүгээ орох үед миний гар утас дугараад Номин-Эрдэнэ над руу залгаад өрөөнд орсон. Номин-Эрдэнэ өрөөнд сууж байсан. Тэгээд Номин-Эрдэнэ намайг чи зүгээр залгасан юм уу гэхээр нь би цахилгаан шат дуудуулах гээд чам руу залгасан гэсэн гээд би ажлын шүүгээнээсээ хувцсаа аваад гар утсаа ширээн дээр тавиад мартаж үлдээчхээд гарч яваад Өргөө орчимд явж байгаад гар утсаа үлдээснээ санаад Номин-Эрдэнэ рүү залгахад утсаа аваад чиний гар утас байхгүй байна гэхээр нь чи гараад хараад өгөөч гэсэн. Удалгүй гадаа ч гэсэн байхгүй байна гэсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. 2022 оны 6 дугаар сард I phone center дэлгүүрээс 3,000,000 төгрөгөөр худалдаж авсан, хар өнгийн I phone 13 загварын 128гб багтаамжтай ногоон өнгийн гэртэй гар утас байсан. Би ажлын газрынхаа Номин-Эрдэнэ гэх эмэгтэйг сэжиглэж байна. Учир нь тухайн үед би ажлын өрөө рүүгээ орох үед ганцхан Номин-Эрдэнэ болон ажлын газрын жолооч ах байсан. Би тэгээд гадуур хувцсаа солиод жолоочийн хамт гарч яваад Номин-Эрдэнэ өрөөнд үлдсэн. Тэгээд би 1 сарын дараа Номин-Эрдэнэ нь найзтайгаа I phone 13 зарна гэсэн чатыг олж авсан.

... Номин-Эрдэнэ нь тухайн үед миний гар утасны кодыг мэддэг байсан. Тиймээс би Номин-Эрдэнийг сэжиглэж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15 дахь тал/

 

Гэрч “Би 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Tedy худалдааны төвийн гадна талд зогсож байх үедээ үл таних эмэгтэй хүнээс I phone 13 загварын гар утсыг 1,800,000 төгрөгөөр худалдаж авсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 26-27 дахь тал/

 

Мастер үнэлгээ ХХК-ны “I phone 13 загварын гар утсыг 2,500,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнийн тодорхойлолт. /хэргийн 29-30 дахь тал/

 

Т.Номин-Эрдэнийн яллагдагчаар өгсөн “... Би гар утсыг хажуу 5 давхрын шатны хаалга орчим ирээд гар утас руу нь залгахад хаалганы буланд утас хэвтэж байхаар нь авч буцааж өгөөгүй. Удалгүй цагдаа нар ирсэн. Гар утсыг би гаргаж өгөлгүй авч яваад Tedy худалдааны төвд үл таних хүнд 1,800,000 төгрөгөөр худалдаж борлуулсан юм. Ийм зүйл болсон. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 42-43 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь гээгдэл эд хөрөнгө болох I phone 13 загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч нь I phone 13 загварын гар утсаа гээгдүүлсний улмаас 2,500,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Мастер үнэлгээ ХХК-ны хөрөнгийн үнийн тодорхойлолтоор тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Хэрэгт мөрдөн шалгах явцад хохирогчд I phone 13 загварын гар утсыг биет байдлаар хүлээлгэсэн өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр /хэргийн 48 дахь тал/ тогтоогдсон, мөн түүний “ I phone 13 маркийн гар утсыг ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй гаргуулан авсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн хүсэлт /хэргийн 49 дэх тал/ авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт******* Номин-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Номин-Эрдэнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Номин-Эрдэнийг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, ******* баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ