Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 1058

 

2019            10             22                                           2019/ДШМ/1058

 

Г.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнхцэцэг,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулж,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 723 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Мөнхцэцэгийн бичсэн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 32 дугаартай эсэргүүцлээр Г.Эт холбогдох эрүүгийн 1905019540800 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн  Г.Э, 1989 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт ....................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......................../;

Г.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сондор” дэлгүүрийн орчим иргэн Э.С-н барьж явсан “Iphone 6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн 1 жилийн хугацаанд засарч хүмүүжих үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон ял оногдуулж болохыг анхааруулж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Мөнхцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3, 4 дэх заалтад “шүүгдэгчийг ял эдлэхээс чөлөөлсөн болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үндэслэл”-ийн талаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ хуульд байхгүй, засарч хүмүүжих үүрэг хүлээлгэх үндэслэлтэй хэмээн дүгнэсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүгдэгчид хэрэглэсэн албадлагын арга хэмжээ, оногдуулах ялын төрөл, хэмжээ, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу эдэлбэл зохих ялын хэмжээг тусгана” гэж заасан шаардлагад нийцэхгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7  дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” бол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ гэснийг баримтлан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 723 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Г.Эт холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Г.Э нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сондор” дэлгүүрийн орчим иргэн Э.С-н “Iphone 6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Г.Эын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-37-38/ болон хохирогч Э.С-н “... араас нэг зүйл шүргэх шиг болохоор нь хажуу тийш харахад 160 см өндөртэй, туранхайвтар биетэй, хар үүргэвч үүрсэн, малгайтай цамц өмссөн, эрэгтэй хүн байсан. Эргээд хартал тэр залуу “хаачих гэж байгаа юм” гэхээр нь би айсандаа дэлгүүр орно гээд дэлгүүр лүү явах гэтэл гарт байсан гар утсыг авах гээд булаацалдсан. Би гар утсаа алдахгүй гээд сайн барьж чирэгдээд, сүүлдээ газарт унасан. Тэр хүн миний гар утсыг булааж аваад цааш гүйх гэж байгаад газарт унахаар нь араас нь очоод зууралдаад байж байтал машины гэрэл тусаад манай гэрийн ойр амьдардаг Тулгаа машинаасаа буугаад ирсэн. Тэгээд Тулгаа миний гар утсыг дээрэмдсэн залууг бариад авсан. ...” /хх-9/,

гэрч Б.Х-ийн “... найз С-той утсаар ярьж байтал цаана нь нэг хүн юм асууж байгаа бололтой, найз маань эргээд гэр лүүгээ орлоо гэж хэлээд удаагүй орилоод “болиочээ” гээд утас нь тасарсан. Би ямар нэгэн зүйл боллоо гэж бодоод ах руу нь залгаад хурдан гараарай гэж хэлсэн. Дараа нь С-ой ярихад танихгүй хүн утас булаах гээд зууралдсан гэж байсан. ...” /хх-13/,

гэрч Э.Э-ын “... тухайн өдөр миний утас руу манай үеэл дүү, С-ын найз Х залгаад “С-той утсаар ярьж байтал муухай орилоод байна, худгийн хажууд явж байгаа гэсэн, хурдан гараарай” гэхээр нь гараад худгийн хажууд очсон. ...” /хх-44-45/ гэх мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /хх-15-16/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхээс үнэлэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс, шүүгдэгч Г.Эыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Г.Эын бусдын барьж явсан гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна гэж үзэв.

Харин анхан шатны шүүх Г.Эт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд засарч хүмүүжих үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн нь хуульд заасан үг, хэллэг, зохицуулалтын агуулгатай зөрчил бүхий болжээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ... үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно.” гэж тодорхойлоод,

мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-2.5 дахь заалтуудад шүүгдэгчид шүүхээс хүлээлгэж болох үүргийн талаар нарийвчлан заасан байна.

Гэтэл шүүх Г.Эт “засарч хүмүүжих” гэх хуульд заагаагүй үүрэг хүлээлгэсэн, үүрэг хүлээлгэхдээ хуулийн зүйл, хэсэг, заалтыг баримтлаагүй байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж бичсэн прокурорын эсэргүүцлийг хангах үндэслэл болж байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 723 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, прокурор Н.Мөнхцэцэгийн бичсэн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 32 дугаартай эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 723 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн 1 жилийн хугацаанд засарч хүмүүжих үүрэг хүлээлгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Эт “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН