Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2025/0001

 

 

 

 

 

 

 

 

Г.Э-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Э

Хариуцагч Архангай аймгийн ГХБХБГД 

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн ГХБХБГ-ын  2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/** дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 109/ШШ2024/0029 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Э

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Е

Хэргийн индекс: 109/2024/0015/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Г.Э нь Архангай аймгийн ГХБХБГД-д холбогдуулж “Архангай аймгийн ГХБХБГД-ын 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/** дугаартай тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 109/ШШ2024/0029 дүгээр шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.6, 62 дугаар зүйлийн 62.1.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 57.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Э-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн ГХБХБГД-ын 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/** дугаартай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т давж заалдах гомдолдоо:

“...Ажлын хэсгийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлтээр нотариатын гэрээгүй эрх шилжүүлэх захирамж гаргасан 9, иргэн М.Д-д газар эзэмших шилжүүлэхдээ газрын хэмжээг үндэслэлгүйгээр 625 м.кв-аас 2374 м.кв болгож нэмэгдүүлсэн 1, Ш.Ө-т 5025 м.кв газрыг худалдаа үйлчилгээний төв цогцолборын зориулалтаар эзэмшүүлсэн 1, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй 1, эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр зөвшөөрөлгүй хашаа бариулсан 7, улсын чанартай зам дагуу зөвшөөрөлгүй байшин бариулсан 1 нийт 19 зөрчил илэрсэн. Үүний нотариатын гэрээгүй эрх шилжүүлэх захирамж гаргасан 9, Ш.Ө-т 5025 м.кв газрыг худалдаа үйлчилгээний төв цогцолборын зориулалтаар эзэмшүүлэхдээ хавсралтад нэрийг дурдаагүй 1 нийт 10 зөрчил нь зөрчлийн шинж байдлын хувьд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 36/** дугаартай тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын зөрчил ногдуулах түүнд гомдол гаргах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан хариуцлага ногдуулах үндэслэл бүхий зөрчил байсан бол дүгнэлтэд дурдагдсан 1. иргэн М.Д-д газар эзэмших шилжүүлэхдээ газрын хэмжээг үндэслэлгүйгээр 625 м.кв-аас 2374 м.кв болгож нэмэгдүүлсэн 1 зөрчил, 2. эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр зөвшөөрөлгүй хашаа бариулсан 7 зөрчил, 3. Голын онцгой хамгаалалтын бүс мөн улсын чанартай зам дагуу зөвшөөрөлгүй байшин бариулсан 1 зөрчил нийт 9 зөрчил нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 болон тухайн журмын 6 дугаар зүйлийн 6.1-д заасан ажлаас халах хариуцлага ногдуулах үндэслэл бүхий зөрчил байсан.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 48.6 /Сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно/ гэснийг зөрчсөн гэж дүгнэснийг хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Хариуцагч Г.Э-т 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр газрын даргын Б/** дугаартай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулахдаа ажлын хэсгийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлтэд дурдсан 2023 оны газар олголтын асуудлаас шинж байдлын хувьд халах үндэслэл болохгүй 10 зөрчлийг үндэслэж цалингийн хувь бууруулах арга хэмжээ авсан. Мөн Г.Э-т шинж байдлын хувьд ялгаатай нийт 19 зөрчил арилгах хугацаатай үүрэг даалгаврыг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр амаар 2023 оны  01 дүгээр сарын 05-ны өдөр бичгээр тус тус хүргүүлсэн ч Г.Э тухайн үүрэг даалгавраар хүргүүлсэн зөрчлийг хэрхэн арилгасан талаар ГХБХБГ-т албан хариу ирүүлээгүй мөн шинж байдлын хувьд ноцтой зөрчил арилгах талаар арга хэмжээ аваагүй болохыг Тариат суманд ажилласан үүрэг даалгаврын хэрэгжилт шалгах ажлын хэсгийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн илтгэх хуудсаар илтгэгдсэн тул 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Г.Э-т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа ажлын хэсгийн илтгэх хуудаст дурдагдсан өмнө ямар нэгэн хариуцлага арга хэмжээ аваагүй ажлаас шууд халах үндэслэл бүхий З үйлдэл бүхий 10 зөрчлийг үндэслэсэн. Мөн шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн байна. Гэвч Г.Э-ын ноцтой зөрчил гаргасан зөвшөөрөлгүй 7 иргэнд хашаа бариулсан, 1 иргэнд байшин бариулсан, 1 иргэний газрыг хуулийн үндэслэлгүйгээр нэмэгдүүлж давуу байдал үүсгэсэн үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2. 37.1.6. 37.1.14, 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь заалтыг зөрсөн нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон бол тухайн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэх нь одоо ч хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа юм.

Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.2 /тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах/, 33 дугаар зүйлийн 33.1.1 /энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана/, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 /Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө/, 57.4 /Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна/-д заасны дагуу тухайн шатны Засаг дарга дангаараа дээрх зөрчлийг арилгах үүрэгтэй байсан мэтээр дүгнэсэн байгаа нь учир дутагдалтай байна.

Учир нь Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т “Сум, нийслэл, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх, байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна” гэж заасны дагуу суманд төлөвлөгөөний дагуу тухайн жилдээ газар олголт хийгдэхийг мөн Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараах эрх хэмжээтэй байна”, 23.4.2-т “эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах”, 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж мөн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.15-д “харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах” гэж тус тус заасны дагуу сумын газрын даамал Засаг даргыг үнэн зөв мэдээллээр хангах, хуульд нийцүүлсэн шийдвэр гаргуулах, хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, сум орон нутагт газар түүнтэй холбоотой бусад хуулийн биелэлтийг бүрэн хариуцаж хэрэгжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, хэрэгжүүлээгүй бол хариуцлага хүлээх зэрэг эрх үүрэгтэй болохыг Газрын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, бусад хууль, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргаас гаргасан дүрэм журам, тушаал шийдвэр, мөн Төрийн албаны зөвлөлөөс баталсан газрын даамлын ажлын байрны тодорхойлолтод зорилт, үндсэн чиг үүрэгт тодорхой заасан байхад тухайн зөрчлийг таслан зогсоох албан тушаалтан нь Засаг дарга дангаараа байсан гэж дүгнэж байгаа нь буруу юм.

Иймд дээрх үндэслэлээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 109/ШШ2024/0029 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Э-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Хариуцагчаас “...2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр газрын даргын Б/** дүгээр тушаалаар Г.Э-т цалингийн хувь бууруулах арга хэмжээ авсан... нийт 19 зөрчил арилгах хугацаатай үүрэг даалгаврыг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр амаар, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр бичгээр хүргүүлсэн ч Г.Э зөрчлийг хэрхэн арилгасан талаар хариу ирүүлээгүй... 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Г.Э ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа ажлын хэсгийн илтгэх хуудаст дурдагдсан өмнө ямар нэгэн хариуцлагын арга хэмжээ аваагүй ажлаас шууд халах үндэслэл бүхий 3 үйлдэл бүхий 10 зөрчлийг үндэслэсэн” хэмээн маргасан.

3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Архангай аймгийн Тариат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ** дугаар “Хүсэлт хүргүүлэх тухай” албан бичгийн[1] дагуу 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хяналт хийсэн тухай” шалгалтаар[2] нийт 5 зөрчил илэрч, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Сахилгын зөрчил ногдуулах талаар танилцуулах хуудас”-аар[3] “Тариат сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Ө-ы 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн “Хүсэлт хүргүүлэх тухай” ** дугаартай албан бичгийг үндэслэн, газрын даргын *** дугаартай албан томилолтоор томилогдсон ажлын хэсгийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гаргасан дүгнэлтээр Тариат сумын газрын даамал нь Төрийн албаны тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй мөн хориглох зүйлийг зөрчсөн нь тус тус тогтоогдсон тул ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэсэн сахилгын шийтгэл ногдуулав” хэмээн нэхэмжлэгч Г.Э-т танилцуулжээ. 

4. Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/** дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар[4] “Тариат сумын газрын даамал Г.Э нь 2023 оны газар олголтын асуудлыг зохион байгуулахдаа Төрийн албаны тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй хориглох зүйлийг зөрчсөн болох нь ажлын хэсгээр тогтоогдсон тул 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд албан тушаалын цалинг 10 хувь бууруулах сахилгын шийтгэл” ногдуулсан байна.

5. Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02-14-01/**/** дүгээр “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” албан шаардлагаар[5] нийт 13 албан шаардлагыг хэрэгжүүлэх арга хэмжээг авч, биелэлтийг нэг бүрээр гарган 2024 оны 3 дугаар сарын 15-ны дотор Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт албан бичгээр ирүүлэхийг Тариат сумын Засаг дарга, Г.Э нарт хүргүүлж, нэхэмжлэгч Г.Э нь 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр дээрх албан шаардлагад тайлбар[6] хүргүүлжээ.

6. 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Сахилгын зөрчил ногдуулах талаар танилцуулах хуудсаар[7] “Тариат сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Ө-ы 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн “Хүсэлт хүргүүлэх тухай” ** дугаартай албан бичгийг үндэслэн, газрын даргын *** дугаартай албан томилолтоор томилогдсон ажлын хэсгийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гаргасан дүгнэлтээр Тариат сумын газрын даамал нь Төрийн албаны тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй мөн хориглох зүйлийг зөрчсөн нь тус тус тогтоогдсон тул албан тушаалын цалинг бууруулах сахилгын шийтгэлийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ногдуулсан. Түүнчлэн зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгсөн боловч тухайн зөрчил арилаагүй тул холбогдох арга хэмжээг авчээ.

7. Архангай аймгийн ГХБХБГД-ын 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/** дугаар “Г.Э-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар[8] “Тариат сумын газрын даамал Г.Э-ыг албан ажлаа хангалтгүй гүйцэтгэж байгаа талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, иргэдээс удаа дараа гомдол, санал ирүүлснийг үндэслэн хяналт шалгалтын ажлыг газар дээр нь 3 удаа хийж, ажлын хэсгийн дүгнэлтүүд гарсан ба 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ажилласан ажлын хэсгийн илтгэх хуудаст дурдагдсан зөвшөөрөлгүй газар олгосон үйлдэл, Х уулын орчим улсын чанартай зам дагуу, Ч голын онцгой хамгаалалтын бүсэд 8*10 хэмжээтэй дүнзэн барилга зөвшөөрөлгүй бариулсан зэрэг газрын даамлын удаа дараагийн үйлдэл нь Төрийн албаны тухай хууль, холбогдох бусад хууль, тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл байх тул Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын зөвлөлийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэж, Тариат сумын газрын даамал Г.Э-ыг 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж” шийдвэрлэжээ.

8. Архангай аймгийн ГХБХБГД-ын 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/** дугаар “Захиргааны актын илэрхий алдааг засах тухай” тушаалаар[9] “Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Г.Э-ыг ажлаас чөлөөлөх тухай Б/** дугаартай тушаалын гарчиг хэсгийн чөлөөлөх гэснийг “халах” гэж, нэг дэх хэсгийн чөлөөлсүгэй гэснийг “халсугай” гэж, хоёр дахь хэсгийн Чөлөөлөгдсөн гэснийг “Халагдсан” гэсэн бичилтээр тус тус өөрчилж хуульд нийцүүлэн тушаалыг зассан” байна.

9. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, 48 дугаар зүйлийн 48.6-д “Сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно” гэж тус тус заасан.

10. Анхан шатны шүүх “...2024 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн Б/** дугаартай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулахдаа үндэслэл болгосон ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан зөрчил, сумын 2023 оны газар зохион байгуулалтын асуудал зэрэг нь мөн сүүлд маргаан бүхий 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/** дугаартай тушаалд үндэслэл болгосон ...хяналт шалгалтын ажлыг газар дээр нь 3 удаа хийж, ажлын хэсгийн дүгнэлтүүд гарсан гэж үндэслэх боловч үндэслэлд дурдсан зөрчил, ногдуулсан сахилгын шийтгэл нь өмнө ногдуулсан зөрчлөөс чухам хэдэн оны дүгнэлтэд хамаарах ямар зөрчил, зөрчлийн аль хэсэг нь шинээр илэрсэн зөрчил болох талаар ялгамжтайгаар авч үзэж тусгаагүйн дээр тухайлсан зарим зөрчилд давхардуулан сахилгын шийтгэлийг хүлээлгэсэн байна” хэмээн үндэслэлтэй дүгнэжээ.

11. Өөрөөр хэлбэл маргаан бүхий 2024 оны Б/** дугаар захирамжаар нэхэмжлэгч нь зөрчил гаргасан гэх нөхцөл тогтоогдож байх боловч өмнө нь /3 сар, 14 хоногийн өмнө/ уг зөрчилд дээрх хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар сахилгын шийтгэл хүлээсэн байхад дахин уг үндэслэлийг заан нэхэмжлэгчийг албан тушаалаас нь халж байгаа нь хууль бус, учир нь нэг зөрчилд давхар хариуцлага ногдуулахгүй.

Иймд анхан шатны шүүх маргаан бүхий актын талаар зөрчил гарсан тухай зөрүүтэй дүгнэсэн байх боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 109/ШШ2024/0029 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ШҮҮГЧ                                              О.ОЮУНГЭРЭЛ

 

                        ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

 

 

 

[1] 1 хавтаст хэргийн 106 хуудас

[2] 1 хавтаст хэргийн 109-116 хуудас

[3] 1 хавтаст хэргийн 117 хуудас

[4] 1 хавтаст хэргийн 120 хуудас

[5] 2 хавтаст хэргийн 31-33 хуудас

[6] 2 хавтаст хэргийн 34-40 хуудас

[7] 2 хавтаст хэргийн 42-43 хуудас

[8] 1 хавтаст хэргийн 4 хуудас

[9] 1 хавтаст хэргийн 6 хуудас