Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 50

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч С.Батгэрэл, шүүгч С.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Б.Батбаяр

     Улсын яллагч: З.Энхжаргал

Иргэдийн төлөөлөгч: Л.Дэмбэрэлсүрэн

Хохирогч Д.Баасансүх

Шүүгдэгч Ю.Батзориг, Б.Цацрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Юндэн овогтой Батзориг, Батаагийн Цацрал нарт холбогдох эрүүгийн 20840094 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1965 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-1, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 427 дугаар ангийн хоригдол, улсаас авсан гавъяа шагналгүй, 1999 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 105 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 123 дугаар зүйлийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 2 жил тэнсэн харгалзах ял, 1999 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 261 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, 2000 оны 14  дүгээр сарын 11-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 237 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял, 2010 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон, хэрэг хариуцах чадвартай Хорь овогт Батаагийн Цацрал /РД:ЖЖ65082911/

2. Монгол Улсын иргэн, 1960 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 56 настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл-1 Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 409 дүгээр ангийн хоригдол, улсаас авсан гавъяа шагналгүй, 2010 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 142 дугаартай тогтоолоор 11 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Чонос овогтой Юндэнгийн Батзориг/РД:СЩ60011012/ нарт

Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Ю.Батзориг, Б.Цацрал нар нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэн анхан шатны шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 142 тоот шийтгэх тогтоол гарахаас өмнө бүлэглэн 2007 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Баасансүхээс нөхрийг чинь Солонгос улсруу явах виз гаргаж өгнө гэж 1.052.720 төгрөг, Я.Бурмаагаас 2007 оны 11-12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд өөрийг нь болон дүү нарыг чинь Солонгос улс руу явуулна, виз гаргаж өгнө гэж 11.225.289 төгрөг,  иргэн Ч.Галбадрахаас Эрдэнэтээс баяжмал авч өгнө гэж   5.000.000 төгрөг тус тус итгүүлэн хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар давтан үйлдэлээр залилан авч бусдад нийт  17.278.009 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Цацралын: 2007 оны 11 дүгээр сарын 20-ноос хойш л хохирогч нараас залилаж мөнгө авж хэрэглэсэн.Тухайн үед мөнгөний хэрэгцээ гарсан.Энэ мөнгөөрөө мөрийтэй тоглож хэрэглэсэн гэсэн мэдүүлэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ю.Батзоригын: Миний хувьд анх энэ хэргийг үйлдэхдээ Цацралтай үгсэн тохиролцож хуйвалдаж оролцоогүй.Хэрэг үйлдсэний хэсэг хугацааны дараа гэм буруутай гэж ойлгосон.Визний талаар ямар ч ойлголтгүй.Виз гаргана гэж ярьж байгаагүй.Энэ талаар ямар ч мэдлэггүй.Дүүтэйгээ байнга уулзалдадгүй байсан.Уулзаад ажил байна гэхээр нь ямар ажил юм гээд явж байгаад хамтраад залилчихсан байдаг.Хохиролын тал дээр ямар ч маргаангүй хамтраад төлнө.Өөрийгөө гэм буруутай л гэж үздэг гэсэн мэдүүлэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Баасансүх мэдүүлэхдээ:Би анх удаа хамт ажилдаг Одко гэдэг хүнээр дамжуулан түүний найз Галбадрах гэдэг хүн энэ хүнийг манай ажил дээр дагуулж ирж байсан.Хэд хоногийн дараа Отгоо эгч бид хоёрыг хоолонд урьсан.Батзориг одоо манай хуурай дүү ирнэ гэсэн, удалгүй Цацрал ирсэн.Цацрал ирээд гадагшаа хувиарай виз гаргадаг гэж ярьж байсан.Гэртээ хариад нөхөртөө виз гаргадаг нэг ахтай танилцсан, виз хямд гаргаж өгнө гэсэн гэж ярихад нөхөр виз гаргуулах талаар зөвшөөрөөд, утсаар Батзориг ахтай яриад манай нөхрийг Солонгос гаргаад өгөөч гэсэн чинь, ах нь чаднаа, өөрийнхөө дүү шиг чадна гэж хэлсэн.Тэгээд энэ Батзориг ах надаас 900 доллар 3 хувь зураг, гадаад паспортийг ирж гардаж авсан.Нийт 1.052.720 төгрөгийг одоо нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг.

Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Галбадрахын: ...Би Батзоригийг олон жилийн өмнөөс таньдаг бөгөөд Хэнтий аймгийн Бор-Өндөрийн уурхайд ажилладаг байсан, мөн Дэвшил нэртэй хувийн жижиг компанид ажиллах болсноос таних болсон юм. Ер нь бол байнга уулзаад байгаагүй. 2007 оны 08 дугаар сард Батзориг  надтай нэг уулзахад нь мал бэлтгэлийн ажлаар хөдөө явах гэж байна гэхэд хамт яваад ажилд чинь туслъя гэж санал тавихад нь би зөвшөөрөлгүй ганцаараа явж байсан юм. Үүний дараа 2007 оны 11 дүгээр сарын 03-04-ний өдрүүдийн орчим Батзоригтой уулзахад надаас ямар наймаа, бизнес байна, хамтран ажиллая гэхэд анх уг саналыг буюу Хятадын компани баяжмал авъя гээд байна, уг баяжмал нь олдвол наймаан дээр хамтран ажиллаж болох юм гэж хэлсэн. Тэгэхэд Батзориг баяжмал олдох эсэх талаар хүнээс суръя асууя гэж хэлээд энэ яриа өнгөрсөн. Түүнээс 10 гаран хоногийн дараа Батзориг утсаар яриад чи манай нэг дүү хүүтэй танилц, мөнгө төгрөгтэй гайгүй залуу байгаа юм гэж хэлээд СУИС-ын хажуу талын кафед дуудсан. Ингээд яваад очиход Батзориг нэг залуутай сууж байсан бөгөөд тэр залуу нь өөрийгөө Цацрал гэж танилцуулсан. Ингээд танилцаад яриад сууж байхад Батзориг уг залууг их мөнгө төгрөгтэй мэтээр ярьж, Улайстайд 2 давхар хувийн байшинтай, ямар нэгэн наймаа эрхлэхэд манай дүү мөнгө төгрөгний асуудлыг зохицуулж чадна гэж ярьж байсан. Тэгэхэд Батзориг өмнө нь миний тавьсан саналыг Цацралдаа хэлчихсэн байсан бөгөөд Цацрал нь Эрдэнэтэд манай нэг найз бий, найзтайгаа уулзаж асууя гэж хэлж байсан. Тэгээд 2007 оны 11 дүгээр сарын дундуур бид 3 хамт Эрдэнэт хотруу явж Цацралын найзтай нь уулзсан боловч баяжмал олдох боломжгүй, бүтэхгүй юм байна гэдгийг мэдээд буцаж ирээд утсаар ярих болоод салсан. Гэтэл 2007 ны 11 дүгээр сарын 24-ний өдрийн орой Батзориг утсаар яриад Ханасама зоогийн газар байна хүрээд ир, яриа байна уулзая гэж хэлсэн. Ингээд яваад очиход Батзориг нэг эмэгтэйн хамт сууж байсан бөгөөд Эрдэнэтээс нөгөө хүн нь Цацрал руу яриад баяжмал бүтэж байна гэж хэлсэн юм байна гэж ярьсан. Ингээд Батзориг тооцоо хийх үед нилээд их хэмжээний доллар харагдахаар нь би Батзоригоос та яагаад их мөнгөтэй явж байгаа юм гэж хэлэхэд дуугүй өнгөрсөн. Гэтэл Цацрал нь над руу утсаар яриад чи хаана байна гэж асуухаар нь Батзориг ахтай Ханамаса дотор уулзаад сууж байна гэж хэлэхэд, Цацрал нь наанаа байж байгаарай би одоо очлоо гэж хэлээд хүрч ирснээ та одоо яаж байгаа юм бэ гээд Батзоригтоо уурлан бөөн уур ороод ирсэн. Тэгэхээр нь би гайхаад яасан болохыг асуухад, наад Батзориг ах чинь өдөр миний 20.000 долларыг цүнхтэй авч гараад Хятадын барилгын компаний захиралтай уулзаж ажил ярихдаа үзүүлнэ гэж хэлчихээд тэр чигээрээ алга болчихлоо гэж уурласан. Тэгэхээр нь та 2 чинь ямар сонин юм бэ, хоорондоо уулзалдаад ажлаа яриад байна гэчихээд худлаа яриад байгаа юм уу, би ийм хүмүүстэй хамтарч ажиллаж чадахгүй гээд салаад явсан. Учир нь аль аль нь итгэлгүй санагдсан. Гэтэл маргааш нь Батзориг утасдаад, Цацрал ийм зантай залуу байгаа юм, зүгээрээ ярьсан ажлаа амжуулъя, нөгөө баяжмал чинь бүтсэн байна, хэд хоногоос явъя гэж хэлсэн. Ингээд 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн орой Эрдэнэт явахаар Анод банкин дээр Батзоригтой уулзсан...Тэнд Цацрал ирээд бид 3 хамтдаа товчоо явахаар таксинд суухад Батзориг, чиний мөнгө бэлэн байгаа юу, бид 2-ын мөнгө бэлэн байна гээд боодолтой мөнгө харуулсан. Тэгэхээр нь миний мөнгө банкинд байгаа ажил бүтвэл Эрдэнэтэд очоод авъя гэхэд хөдөөний банк зарим  үед ажилладаггүй юм, одоо эндээс ав гэхээр нь Ардын хажуу талын Хаан банкнаас 5 сая төгрөгийг бэлнээр авсан. Ингээд машинд суухад бүх мөнгөө нийлүүлээд Цацралын цүнхэнд хийе гээд өөрөө 5 сая төгрөгөө Цацралд өгөхөд нь би мөн адил мөнгөө нийлүүлэн Цацралын цүнхэнд хийлгэсэн. Ингээд Эрдэнэт явж тэндээ хоноод маргааш өглөө нь Цацрал бид 3 хамтдаа Орхон аймгийн Мэргэжилийн хяналтын албан дээр очсон бөгөөд Цацрал, дарга нь манай найз байгаа юм, бид 2 нэг сургууль төгссөн, уг ажлаа ярина гээд дотогшоо ганцаараа орсон. Батзориг бид 2 гадаа үлдсэн. Нэлээд хугацааны дараа Цацрал гарч ирээд намайг дуудан Батзоригоос тусдаа уулзан баяжмал бүтээгүй байна, хэд хоногоос бүтээгээд араас аваад очъё мөнгөө үлдээгээд яв гээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь энэ хүн чинь найдвартай юм уу, мөнгөө үлдээгээд явж болж байна уу гэхэд том албан тушаалтай хүн найдвартай, тэгээд ч би хуулийн сургууль төгссөн хүн, хашир байлгүй яахав гэж хэлэхээр нь итгээд за за үлдээгээд явъя гэж хэлэхэд Цацрал мөнгөө үлдээнэ гээд ганцаараа дотогшоо орчихоод гарч ирсэн. Гарч ирэхдээ мөнгөө үлдээчихлээ, гарын үсгийг нь зуруулаад гараад ирлээ гэж хэлэхээр нь бид 3 хот руу буцсан. Замдаа Дархан хотоор дайрсан бөгөөд нэг эмэгтэйтэй утсаар яриад Дархан зочид буудлын үүдэн дээр уулзсан. Цацралаас уг эмэгтэйг юун хүн болохыг асуухад хуулийн сургуулийн нэг анги байгаа юм, би ангийнх нь дарга нь юм гэж хэлсэн.

Батзориг уг эмэгтэйг таньж байсан бөгөөд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн даргын эхнэр нь байгаа юм гэж хэлж байсан.

Гэтэл дараа нь би өөрийн таньдаг хүнээс уг хүүхэн хэн болохыг лавлаж асуухад Дарханд хувийн оёдолын үйлдвэртэй Оюунчимэг гэдэг хүүхэн байна гэж хэлсэн. Ингээд хотод ирээд хариу хүлээхээр болоод салсан бөгөөд 6 хоногийн хугацаанд баяжмал яасан болохыг асуухад ирээгүй байна, болоогүй байна гэж хэлсээр байж өнгөрсөн. Гэтэл надад хөдөө 7 хоног явах ажил гарсан бөгөөд хөдөө явахаасаа өмнө Батзориг, Цацрал 2-т наад юм чинь бүтэхгүй юм байна, мөнгөө авъя, энэ ажлын зээллэгийн мөнгө, үүнийг эргүүлж төлөхгүй бол болохгүй байна гэж хэлэхэд за за гэж хэлээд өнгөрсөн. Хөдөө байх хугацаандаа 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Цацралтай яриад юу болж байна гэхэд баяжмал ирсэн, грашт хийгээд цоожилчихсон ирээд цаад компанидаа үзүүл гэж хэлсэн. Тэгэхээр нь за яахав наад юмаа очиж байгаад болъё наана нь зээлээ төлөхгүй бол болохгүй байна, мөнгө зохицуулна гэсэн яасан бэ гэхэд би Сэлэнгэ рүү ажил гараад явах боллоо манай хамаатны хүн нас барсан байна, ирээд уулзъя гээд өнгөрсөн. Үүнээс хойш хотод ирээд 2007 оны 12 дугаар сарын 17-ноос хойш 2-3 удаа утсаар ярьж яасан бэ гэж асуухад Цацрал, би Сэлэнгэд байна, хэд хоногоос гарна гээд аргалаад Батзориг болохоор би хотод байна, Цацралыг хөдөөнөөс ирэхээр уулзъя гээд аргацааж байгаад хэд хоногоос аль аль нь утсаа салгаад тэр чигээрээ алга болсон. Ингээд цагдаагийн байгууллагад хандах болсон гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх38-39/

Хохирогч Д.Баасансүхийн мөрдөн байцаалтанд өгсөн:...2007 оны 11 дүгээр сарын 25-ны орчим анх хамт ажилладаг Отгоо эгчийн танил гээд манай ажил дээр ирэхэд нь уг Батзориг гэдэг хүнийг таних болсон. Отгоо эгч өмнө нь Галбадрах гэж хүнийг таньдаг байж байгаад түүгээр дамжин уг Батзориг гэж хүнтэй танилцсан юм байна лээ. Үүнээс 4-5 хоногийн дараа Отгоо эгч рүү Батзориг гэж хүн нь яриад Баасансүх та 2-той цуг хоолонд оръё гэж ярихаар нь Отгоо эгч бид 2 хамтдаа Багшийн дээдийн орчим Орос нэртэй ресторанд очсон. Тэнд Батзориг нь ганцаараа сууж байсан бөгөөд удахгүй миний хуурай дүү болох найз маань ирнэ гэж хэлээд нэг их удалгүй нэг залуу нь гаднаас орж ирсэн. Тэр залуу өөрийгөө Цацралт гэж танилцуулаад би өмнө төрийн албанд ажиллаж байсан одоо хувиараа Солонгосын виз гаргадаг, оноос өмнө багтаж 24 хүнийг Солонгос улс руу явуулна гэж хэлээд нэг ажлын үнэмлэхийг Отгоо эгчид үзүүлж байсан миний хувьд үнэмлэхийг нь анзаарч үзээгүй. Үүнээс үүдэн анх Солонгос руу нөхөрөө явуулж болох юм байна гэсэн ойлголт авсан байсан. Ингээд 2-3 хоногийн дараа нөхөр Даажамбатай ярилцаж байгаад гэнэт Батзориг, Цацралт нарыг Солонгос улсруу явуулж чадна гэж ярьж байсан асуудлыг санаад нөхөртөө хүмүүсийн ярьж байсан асуудлыг хэлтэл нөхөр маань боломжийн юм бол явсан нь дээр юм байна гэж хэлсэн. Тэгээд л Батзориг гэгчийн 99113194 дугаарын утас руу яриад Батзориг ахаа би Солонгос улс руу нөхөрөө явуулах гэсэн юм, таньдаг хүн амьтан байвал яриад туслаад өгөөч гэж хэлсэн. Гэтэл Батзориг нь би чамайг өөрийн дүү шиг бодоод цаад хүндээ хэлж өгөн уг асуудлыг чинь бүтээж өгье гэж хэлсэн. Ингээд 2007 оны 12 дугаар 11-ний өдөр өглөө Батзориг өөрөө утсаар яриад нөхрийнхөө 3 хувь зургийг, гадаад паспорттой нь, мөн ажлын гэрээний хөлс 30 доллартай өг гэж хэлэхээр нь би, та ажил дээр ирээд авчих гэж хэлсэн. Ингээд 11 цагийн үед би ажлын чинь гадаа ирчихсэн байна хурдан ирээд юмнуудаа өгчих гэхээр нь Батзоригт нөхрийнхөө гадаад паспорт 30 доллар, 3 хувь зургийг өгсөн. Тухайн үед Батзориг нь такситай явж байсан. 2007 оны 12 дугаар 15-ны өдрийн өглөө 09 цагийн үед Батзориг нь өөрөө утсаар яриад нөхрийн чинь явах юмнууд бүтсэн, ажиллах гэрээ нь ирсэн урьдчилгаа мөнгө 870 доллараа бэлдээд өг гэж хэлэхээр нь тухайн үед мөнгө бүтээгүй байсан болохоор оройхон өгье гэж хэлээд 20 цагийн үед манай ажлын гадаа Батзориг ирчихлээ мөнгөө өг гэхээр нь нөхөр Даажамбын хамт уулзан машин дотор уг мөнгийг өгсөн. Мөнгийг Батзориг тоолж аваад яваад өгсөн. Батзориг мөнгө бичиг баримт авах үедээ дандаа ганцаараа такситай ирж байсан. Ингээд би маргааш нь Батзориг руу утсаар яриад уг ажлыг хэн бүтээж байгаа юм бэ, тэр хүнийхээ утсыг өгчих гэж хэлэхэд Цацралт бүтээж байгаа гэж Батзориг хэлээд утасных нь дугаарыг өгсөн. Гар утас нь 99608252 гэсэн дугаартай байсан. Цацралттай яриад чи манай нөхөрийг Солонгос улс руу гэрээгээр явуулах ажлыг хөөцөлдөж байгаа юм уу, ажлын гэрээ нь ирсэн гэсэн гэрээтэй нь танилцмаар байна гэхэд маргааш үзэж болно, наад ажлыг чинь би бүтээж байгаа, хэрэгтэй юмнуудыг Батзориг ахаар дамжуулж чамд хэлнэ гэж хэлсэн. Ингээд 2007 оны 12 дугаар сарын 17-ны орой Галерей нэртэй бааранд нөхөрийн хамт Цацралтай уулзан уг ажлын гэрээг үзсэн. Гэхдээ ажлын гэрээ гэж ойлгоогүй, хавтастай гадаад бичгээр бичсэн цааснууд үзүүлээд маш яаруу яваад өгсөн. Ингээд уүнээс хойш 2-3 удаа Цацралттай утсаар яриад юу болж байна гэж асуухад тодорхой хариу хэлэхгүй байж байгаад гар утас нь холбогдохоо больчихсон. Батзоригийн утас нь мөн адил холбогдохгүй байсан. Үүнээс хойш уулзаж чадаагүй. Ингээд бүр олдохоо байхаар нь Отгоо эгчид хэлээд Батзоригийн найз Галбадрахтай яриулахад, наад Батзориг чинь миний мөнгийг бас залилаад авчихсан, би Батзоригийг хайгаад огт олохгүй байна гэж хэлсэн гэж мэдүүлсэн мэдүүлэг. /хх-40-41/

Хохирогч Я.Бурмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2007 оны 11 дүгээр сард Оргил сувилалд амарч байхад миний хуучин танил Батзориг намайг эргэх гэж ирсэн юм. Батзориг ирэхдээ Цацрал гэх залууг дагуулж ирсэн бөгөөд зуучлах товчоонд хуулийн зөвлөх хийдэг гэж танилцуулж байсан юм. Би Батзоригт Солонгос улс руу явах юмсан гэж тухайн үед ярьж байсан юм. Тэгтэл 2 хоногийн дараа Батзориг над руу яриад манай найз үнээр нь гаргаж өгье гэж байна. Эхний удаа 105 ам доллар өгчих гэсэн. Тэгээд маргааш нь би Батзориг, Цацрал 2-той уулзахад Цацрал надад үнээр нь Солонгосын виз гаргаж өгнө. Та Батзоригтой уулзаж бай. Түүгээр дамжуулж харьцаж байя гэсэн. Тэгээд 105 ам долларыг Батзоригт Баянзүрх дүүргийн 13-р хорооллын "Сириус" ресторанд уулзахдаа өгсөн юм. Дараа нь Батзоригийн Чингэлтэй дүүргийн 5-р хороо 6-56 тоотод байх гэрт нь Цацрал, Батзориг бид 3 очиж би мөн өөрийн ээжийн дүүгийн 2 хүүхэд болох Орхон-Урсгал, Орхонмөрөн нарын гадаад паспортуудыг 2250 ам доллартай хамт, өөрийн 900 ам доллар.мөн манай дүүгийн найз гэх 2 хүүхдийн нэг нь 2500 ам доллар, нэг хүүхэд нь 1200 ам доллар нийт 6850 ам долларыг Цацралд өгсөн. Манай дүүгийн найз гэх 2 хүүхдийн нэрийг нь би одоо санахгүй байна. Энэ хүүхдүүдийн гадаад паспорт нь олдохгүй байна гэхэд "За яахав. Бид өөрсдөө гадаад паспортыг нь гаргуулаад авъя гээд иргэний үнэмлэх, гадаад паспортны мөнгө гэж 130.000 төгрөгийг авсан юм. Тэд 2007 оны 12 дугаар сарын 23-ны өдөр явна. Явах бэлтгэлээ сайн хийгээрэй гэж захиад байсан. Үүний дараа өдрийг нь сайн санахгүй байна Цацрал над руу яриад дахиад нэг хүн 2500 ам доллараар явуулахаар олоод өг гэхээр нь би өөрийн эгчийн охин Б.Ням-Эрдэнийн бичиг баримт 2500 ам долларыг Баянзүрх дүүргийн 13-р хорооллын 10-р байрны гадаа Цацралтай уулзаад өгсөн. Тэр үед мөн 2007 оны 12 сарын 23-ны өдөр явна. Бэлтгэлээ сайн хийгээрэй гэж захиад байсан юм. Тэрнээс хойш Батзориг, Цацрал нар 2-3 удаа утсаар ярьж байгаад 2007 оны 12 сарын 21-ний өдрөөс хойш утсаа салгаад алга болсон. Тэгэхээр нь Зуучлах товчоонд очиж Цацралыг асуухад тийм хүн байдаггүй гэсэн. Би 1986 оны үед Бор-Өндөрт амьдардаг байсан бөгөөд тэнд Батзориг мөн амьдардаг байсан. Тэр үеэс таних болсон. Гэхдээ сайн танихгүй. Тунгалаг гэж найзаас нь овог нь Юндэн, 1957 онд төрсөн гэдгийг мэдсэн юм. Гэхдээ Тунгалаг бол Батзоригтой ямар ч холбоогүй гэж би бодож байна. Цацралыг бол би танихгүй. Батзориг л дагуулж ирсэн юм. 35-40 орчим насны залуу байсан. Би эрүүгийн төлөөлөгч хийж байсан гэж ярьж сайсан. Эхний 105 ам долларыг Баянзүрх дүүргийн 13-р хорооллын "Сириус" ресторанд уулзахдаа Батзоригт өгсөн. Дараагийн удаа 6850 ам долларыг Чингэлтэй дүүрэгт байрлах Батзоригийн гэрт нь уулзахдаа Цацралд өгсөн юм. Тэр үед Батзориг хажууд байсан. Дараагийн 2500 ам долларыг Баянзүрх дүүргийн 13-р хорооллын 10-р байрны гадаа Цацралд өгсөн юм. Чингэлтэй дүүргийн 5-р хороо 6-56 тоот байрыг Батзориг миний байр гэж ярьж байсан. Сүүлд нь Батзоригийг хайгаад явж байхад түрээсийн байр гэж байсан. Бид нарыг гэрээгээр явуулна гэж байсан. Тухайн үед миний цээж зургийг наасан Солонгос хэлээр бичсэн канондсан 2-3 ширхэг цаас үзүүлж байсан. Эдгээр хүмүүс бүлэглэж худлаа ярьж надаас 9455 ам доллар, 130.000 төгрөг авсанд гомдолтой байна. Би тэдэнд маш их итгэсэн, Ю.Батзоригтой Хэнтий аймгийн Бор-Өндөрт байхдаа танилцаж байсан учир түүнд итгээд мөнгө бичиг баримтыг гарын үсэг зуруулахгүйгээр өгсөн юм, мөн Цацрал нь зуучлалын товчоонд ажилладаг гээд олон хүний анкет бичиг баримтийг үзүүлж байсан, шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцоно. Хохиролоо бүрэн төлүүлж авмаар байна гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-43-44, 156/

Мөрдөн байцаалтад гэрч Ш.Отгоны мөрдөн байцаалтанд өгсөн: … Яг Батзориг гэж танихгүй, анх Галбадрахаар дамжуулж 2007 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улс тунхагласаны баярын өдөр манай ажил дээр ирэн баярын өдрийг тэмдэглэн эргэн дурсахуйд орсоноор анх танилцсан. Тийм дотно бол танихгүй байна. Ямар нэгэн хувийн болон, өс хонзон өр авлаганы асуудал байхгүй, Баасансүх бид 2 яг адилхан тэр өдөр анх танилцсан юм. Миний хувьд нарийн сайн зүйл мэдэхгүй юм. Улс тунхагласаны баярын өдөр анх танилцсанаас хойш 3-4 хоногийн дараа Батзориг миний гар утас руу 99113194 дугаарын утаснаас залгаад хоолонд оръё гэж уриад, ирэхдээ Баасансүхийг дагуулаад хүрээд ир гэж хэлсэн. Ингээд Баасансүх бид 2 тэнд очсон. Очоод хоол захиалаад сууж байхад Батзориг нь одоо манай нэг найз ирнэ хэдүүлээ жоохон сууя гэж ярьсан. Удаагүй нэг намхан нуруутуй, махлаг шар залуу хүрч ирээд сууж байснаа, өөрийгөө төрийн албанд ажилладаг, Солонгос руу ажиллах хүч гаргах газарт аижлладаг гээд нэг үнэмлэх үзүүлсэн. Тэрнийг нь сайн анзаарч хараагүй. Өөрийгөө Цацрал гэж танилцуулснаа би уг нь Солонгос руу явах хүмүүс ирчихээд уулзах гээд байгаа юм байх гэж бодсон чинь өөр хүмүүс байсан юм уу гэж ярьж байсан. Тэгээд жаахан ярьж хөөрч хоол унд идэж байгаад тухайн өдөр салсан. Үүнээс хойш Батзориг, тэр Цацрал нартай ахиж уулзаагүй. Гэтэл сая хэд хоногийн өмнөөс л Баасансүхийн амнаас л Батзоригт нөхрөө Солонгос улс руу явуулахаар 900 доллар өгөөд алдчихлаа гэж сонссон. Миний хувьд Баасансүхийг хэзээ яаж Батзоригтой уулзаад мөнгө төгрөгөө өгсөнийг мэдэхгүй юм. Өөрөө ч надад хэлээгүй. Батзориг надруу дахиж огт яриагүй. Хувиараа наймаа хийдэг, Эрдэнэтийн Гок руу явж удахгүй наймаа хийх гэж байгаа мэтээр ярьж байсан. Өөр нарийн юм огт яриагүй гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-45/

      Мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагч Ю.Батзоригийн: …Энэ 3 хүнийг танина нарийн яаж танилцаж байсанаа санахгүй байна. Би мөнгө авахаар Б.Цацрал нь дээрхи хүмүүстэй уулзахад нь хамт байсан. Миний хувьд энэ хүмүүсийн мөнгийг би аваагүй. Хохирогч Баасансүхийн нөхрийн гадаад паспорт 900 ам долларыг би авсан. Бурмаа, Галбадрах нарын мөнгийг авах үед байгаагүй. Эрдэнэт хотруу хамт явсан нь үнэн. За тэгээд ч хамт явж байсан юм чинь авсан аваагүй нь ялгаагүй л дээ. Энэ хохирогч нарын өгсөн мөнгөний дүнгээс бусад зүйлийг сайн мэднэ үнэн зөв мэдүүлж байна. Б.Цацрал бид 2 Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст 2009 онд залилангийн хэргээр шалгагдаад 2010 онд Эрүүгийн Хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 10, 11 жилийн хорих ялаар шийтүүлсэн. Одоо Б.Цацрал нь Багануурын хориход ял эдэлж байгаа гэсэн. Таслагдсанаас хойш уулзаагүй. Миний хувьд Баасансүхийн мөнгийг л аваад хувийн хэрэгцээнд зарцуулж дуусгасан. Б.Цацрал нь хохирогч нарын мөнгөөр мөрийтэй тоглоом Дорнод, Улаанбаатар зэрэг газруудаар явж тоглоод дуусгасан. Хүмүүсээс авсан бичиг баримтуудаа Б.Цацралд өгсөн санагдаад байна. Ер нь бол Цацрал явуулж чадна гэж хэлээд л би тэр хүмүүст хэлсэн байх Цацрал яг явуулдаг байсан эсэхийг нь би мэдэхгүй байна. Тийм зүйл байгаагүй. Ар гэрийнхэнтэйгээ ярьж байгаад шийд өгье. Бололцоо хайгаад төлөх бодолтой байна. Би мөнгийг авсанаас хойш хохиролгүй болгоно...Би эхнэрээ өнгөрсөнөөс хойш жоохон уудаг байсан. Тэр үеэс л Цацрал нь ирээд хамтарч юм хийе гэж, би ямар нэгэн нэр хүндгүй, та хүмүүс олж өгч би цааш нь ярьж байя гээд л би найз нөхөд танил хүмүүсээ уулзуулаад Цацрал худлаа яриад мөнгө авсан. Ингээд мөнгөө хувааж авсан ч ихэнх хэсгийг Цацрал үрсэн. Мөрийтэй л тоглодог байсан гэсэн. Миний хувьд ямар нэг эд хөрөнгө болгоогүй бусдад зээлж өгөөгүй. Байр хоолны дундын зардал зарцуулж явсан гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-110-114/

                  Мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагч Б.Цацралын: ...Олон жилийн өмнө болсон болохоор зарим зүйлээ санахгүй байна. Галбадрах, Бурмаа хүмүүсийг санаж байна. Тэднээс мөнгө авсан үнэн. Намайг энэ ялыг авч шүүх хуралдаанаар орж таслагдаж байхад Галбадрах ирчихсэн сууж байсан. Дараа нь шүүгчтэй хүртэл уулзаж байсан. Тухайн үед шүүгчид энэ үйлдлээ ярьж шалгуулах гэсэн боловч хүлээн аваагүй. Намайг онцгой дэглэмд 10 жилийн ял оноосон. Булган аймагт ял эдэлж байгаад дэглэм буурч 2014 оны 08 дугаар сарын 29-нд Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 427 дугаар ангид ирсэн байна. Тухайн үед Батзориг Солонгос руу явуулдаг зуучлалын компанид ажилладаг л гэж байсан. Батзориг бид 2 төрлийн холбоотой. Бичиг баримтууд нь цүнх саван дотор байж л байсан. Одоо алга болсон байх. Би зуучлалын компанид ажиллаж байгаагүй. Мөнгийг нь тухайн үед үрээд дуусгасан. Батзориг л тэгж хэлээд байдаг байсан. Одоо шоронд байгаа учир төлөх боломжгүй. Хугацаагаа дуусаж гарахад хохирогч нар Иргэний шүүхэд хандвал төлж барагдуулна гэсэн бодолтой байна. Уг нь сүртэй хохирол биш дээ...Д.Баасансүхийн хохирлыг ...тухайн үед Батзоригтой цуг явж л байсан юм чинь цуг л үрж дуусгасан учир хүлээхгүй гээд яахав дээ сонсгосон ялыг зөвшөөрч байна. Төлж барагдуулах хүсэлтэй байгаа гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-118-121/, иргэний бүртгэл мэдээллийн албаны хуулбар /хх-34-36, 65/, хил хамгаалах ерөнхий газрын албан бичиг /хх-61/, монгол банкны лавлагаа /хх-63, 82/, түдгэлзүүлсэн эрүүгийн хэргийг сэргээх тухай санал /хх-78, 94/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч Ю.Батзориг, Б.Цацрал нарыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэн анхан шатны шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 142 тоот шийтгэх тогтоол гарахаас өмнө бүлэглэн 2007 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Баасансүхээс нөхрийг чинь Солонгос улс руу явах виз гаргаж өгнө гэж 1.052.720 төгрөг, Я.Бурмаагаас 2007 оны 11-12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд өөрийг нь болон дүү нарыг чинь Солонгос улс руу явуулна, виз гаргаж өгнө гэж 11.225.289 төгрөг,  иргэн Ч.Галбадрахаас Эрдэнэтээс баяжмал авч өгнө гэж 5.000.000 төгрөг тус тус итгүүлэн хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар давтан үйлдлээр залилан авч бусдад нийт 17.278.009 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг болон дээрх шинжлэн судалсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч нар өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлж байгаа нь хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдаж яллах үндэслэл болж байгааг дурьдах нь зүйтэй байна.

Прокуророос шүүгдэгч Ю.Батзориг, Б.Цацрал нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийг зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ю.Батзориг, Б.Цацрал нарыг  нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэн анхан шатны шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 142 тоот шийтгэх тогтоол гарахаас өмнө бүлэглэн 2007 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Баасансүхээс нөхрийг чинь Солонгос улсруу явах виз гаргаж өгнө гэж 1.052.720 төгрөг, Я.Бурмаагаас 2007 оны 11-12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд өөрийг нь болон дүү нарыг чинь Солонгос улс руу явуулна, виз гаргаж өгнө гэж 11.225.289 төгрөг,  иргэн Ч.Галбадрахаас Эрдэнэтээс баяжмал авч өгнө гэж   5.000.000 төгрөг тус тус итгүүлэн хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар давтан үйлдлээр залилан авч бусдад нийт 17.278.009 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ю.Батзориг, Б.Цацрал      нарын үйлдсэн хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр шунахай зорилгоор үйлдэгдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Цацралыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэж, хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Цацрал, Ю.Батзориг нар нь 2007 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын 20-ний өдрийн хооронд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь хэсэгт зааснаар өршөөлд хамааруулахгүй нөхцөлд хамаарч байх ба харин  дээрх гэмт хэрэг нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул шүүгдэгч нарт ашигтай байдлаар нь дээрх  хуулийг хэрэглэж   шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч Ю.Батзориг, Б.Цацрал нарын үйлдэл нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулж 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байх боловч шүүгдэгч Б.Цацрал 2010 оны 4 сарын 06-ны өдрийн Баянгол дүүргийн 142 дугаар шийтгэх тогтоолоор онц аюултай гэмт хэрэгтэнд тооцогдсон нь /хх128-131/ нотлогдож байх тул 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь хэсэгт заасны дагуу өршөөлд хамрагдахгүй байх хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Ю.Батзоригийн үйлдлийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулж 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн  10.10 дах хэсэгт заасан “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулна гэснийг баримтлан, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Батзоригийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дэх хэсэгт заасан бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Ю.Батзориг, Б.Цацрал нар нь Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар тус бүр 100.000 төгрөгний эд хөрөнгө хурааж, шүүгдэгч Ю.Батзориг 11 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Цацралыг 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж оногдуулсан хорих ялыг биечлэн эдэлж байгаа болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-124,135/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-128-131/, ялтнуудын ялын тооцооны тодорхойлолт /хх-134, 137/ зэрэг баримтаар тогтоогдож байх тул Б.Цацралд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг журамлан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ю.Батзориг, Б.Цацрал нарын гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ю.Батзориг, Б.Цацрал нараас нийт 17.278.009 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэгдсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.