Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 290

 

Г.Мгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/02107 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Мгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Н-арт холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16 394 720 төгрөгийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг

 

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.М

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2003 оноос М ерөнхий газарт Хүнсний чанар, стандартын хяналтын Улсын ахлах байцаагчаар ажиллаж байгаад тус газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 96 дугаар тушаалаар Н-арт шилжсэн. Н-рын даргын 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/110 дугаар тушаалаар намайг Сүхбаатар дүүрэг дэх М хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын байцаагчаар хүүхэд асрах чөлөөтэй байгаа Т.Түмэнжаргалын оронд түр томилон ажиллуулж, улмаар 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Б/393 дугаар тушаалаар ахлах байцаагчаар томилсон.

            Гэтэл Н-рын даргын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/643 дугаар тушаалаар намайг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн.

            Би Б/643 дугаар тушаалыг эс зөвшөөрч, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

            Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 400 дугаар шийдвэрээр Н-рын даргын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/643 дугаар тушаалыг захиргааны шинэ акт гартал түдгэлзүүлсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Хариуцагч Н-раас шүүхийн дээрх шийдвэрийн дагуу намайг үндсэн ажлын байранд томилсон тушаал гаргахгүй миний эрхийг зөрчсөөр байсан учир шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа явагдаж Н-рын даргын 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/415 дугаар тушаалаар Сүхбаатар дүүрэг дэх М хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагчаар чөлөөтэй байгаа А.Нарангэрэлийн оронд 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилсон.

            Иймд ажилгүй байсан 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалинтай тэнцэх олговорт 16 394 720 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Н-рын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.М нь Сүхбаатар дүүрэг дэх М хэлтсийн Хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Т.Түмэнжаргалыг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түр томилогдон ажиллаж байсан. Т.Түмэнжаргал ажилдаа орох хүсэлтээ өгсний улмаас Г.Мг ажиллуулах сул орон тоо байхгүй болж, түүнийг ажлаас нь чөлөөлсөн ба 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Сүхбаатар дүүрэг дэх М хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагчаар чөлөөтэй байгаа А.Нарангэрэлийн оронд түр томилсон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Н-раас 16 394 720 төгрөг гаргуулан, Г.Мд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны Г.Мгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Н-рын удирдлагад үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 000 төгрөгөөс 239 924 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 76 төгрөгийг, хариуцагчаас 239 924 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч Н-рын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан судалж, үнэлээгүй. Өөрөөр хэлбэл шүүх Н-рын даргын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/643, 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/415 дугаар тушаалуудыг үнэлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Н-арт холбогдуулан ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 16 394 720 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Нэхэмжлэгч Г.Мг Н-рын даргын 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/110 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөнийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 400 дугаар шийдвэрээр буруу гэж дүгнэн уг тушаалыг хүчингүй болгож, Б/643 дугаартай тушаалын үйлчлэлийг “нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсний дараа түүний ажлын байранд ажилтан шинээр авсан нь тогтоогдсон, мөн хариуцагч эвлэрэх хүсэлт гаргаж байсан” зэрэг нөхцлийг үндэслэн Н-рын даргаас захиргааны шинэ акт гартал түдгэлзүүлсэн. Энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-6, 7-16 дахь тал/

 

Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, Н-рын даргын 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Б/415 дугаар тушаалаар Г.Мг чөлөөтэй байгаа ажилтны оронд Сүхбаатар дүүрэг дэх М хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагчаар 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс томилсноор шүүхийн шийдвэр биелэгдсэн байна. /хх-17, 35-37 дахь тал/ Энэ үйл баримтад талууд маргаагүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “... эзгүй байсан ажилтан ажилдаа эргэж орсон учир ажлаас чөлөөлсөн, одоо чөлөөтэй байгаа ажилтны оронд түр томилсон нь олговор олгох үндэслэл болохгүй” гэж агуулгаар нь тайлбарлажээ. 

Нэхэмжлэгч Г.М нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан 3 сарын хугацааны дотор гаргасан байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй уг үүргээ биелүүлээгүйгээс ажилтанд учирсан хохирлыг ажил олгогч хариуцах ёстой.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч байгууллагын даргын 2015 оны Б/643 дугаар тушаалын үйлчлэлийг түдгэлзүүлсэн учир хариуцагчийг 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзнэ.

Иймээс нэхэмжлэгч нь дээрх ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хариуцагчийг нэхэмжлэгчийн нэхэмжилж буй цалин хөлсний хэмжээнд маргаагүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь талуудын зарчимд нийцсэн байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/02107 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч Н-ар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Э.ЗОЛЗАЯА

           

                                          ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                 Ч.ЦЭНД