| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амаржаргалын Алтанхуяг |
| Хэргийн индекс | 106/2023/0013/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/23 |
| Огноо | 2023-01-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Тэгшбаяр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,
улсын яллагч Б.Тэгшбаяр,
хохирогч Н.Нарангоогийн өмгөөлөгч Г.Нямхүү,
шүүгдэгч З.Түвшиндорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Шарнууд овогт Зүнзиндоржийн Түвшиндоржид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205025832307 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймаг Хэрлэн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, үнэт цаасны мэргэжилтэн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймаг Хэрлэн сум 7 дугаар баг 76б байр 36 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо 71 дүгээр байр 03 тоотод түр оршин суух, урьд Дорнод аймаг Хэрлэн сумын шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,
Дорнод аймгийн прокурорын газрын прокурорын 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 5/84 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар 208.1.3 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон,
Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2018/ШТ/353 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,400,000 төгрөгөөр торгосон, Шарнууд овогт Зүнзиндоржийн Түвшиндорж. /РД:ШВ75112270/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Түвшиндорж мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Үзлэг хийсэн тухай “... Хуулийн байгууллагаар яваарай, чи албаар хэрүүл хийж хувцас хунар урж өөртөө гар хүргүүлж цохиулж байгаад чи цагдаад өргөдөл өгдөг муу санаатай аргатай юм байна лээ ш дээ“ гэж бичсэн байв. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 16-18 дахь тал/
Хохирогч Ц.Нарангоогийн “... Би Түвшиндорж гэх хүнтэй 2022 оны 02 дугаар сард Sunjin Grand дээр танилцаад 2022 оны 03 дугаар сараас нэг гэрт хамтран амьдарч эхэлсэн. Тэгээд Түвшиндорж нь надад эхнэр хүүхдээсээ салсан, тусдаа амьдардаг гэж байсан боловч 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр би Түвшиндорж эхнэр хүүхдээсээ салаагүй байгаа талаар мэдсэн. Тэгээд энэ талаар би Түвшиндоржид эхнэр хүүхэд чинь салаагүй байна гэсэн чинь чи эхнэр рүү чат бичсэн байна гээд уурлаад байсан ба 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Түвшиндорж гэрээс хувцас хунараа аваад манай гэрийн түлхүүрийг үлдээгээгүй аваад явчихсан байсан. Тэр үед би Түвшиндоржид гэрийн түлхүүр буцааж өг гэсэн чинь би гэрийн түлхүүр аваагүй гээд байсан. Тэгэхээр нь би 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр өглөө 10 цагийн орчим Түвшиндоржийн ажил болох Баянгол дүүрэг 24 дүгээр хороо Алтай хотхон Дельта групп ХХК дээр очоод Түвшиндоржтой уулзаад гэрийн түлхүүр өг гэсэн чинь цай ууж байснаа ажлынхаа байрнаас гараад явахаар нь би араас нь дагаад ажлаас нь гараад хашаанаас гараад Түвшиндоржтой уулзаад гэрийн түлхүүр, ажлын түлхүүрийг авъя гэсэн чинь байхгүй гээд байсан ба гэнэт уурлаад чи намайг дагаад яадаг юм, битгий дагаад бай гэснээ чи яах гээд дургүй хүргээд байгаа юм, би чамайг газартай нялаад хаяна шүү гээд нэг гараараа багалзуурдаад байсан ба тэр үед замын хажуугаар явж байсан автомашинтай хүн болиоч гэж хэлээд болиулсан чинь Түвшиндорж нөгөө боль гэсэн жолоочтой маргалдаад байсан. Тухайн үед цаашаагаа алхаад явж байсан чинь араас хүрч ирээд дахиж багалзуурдсан ба би тэр үед болиоч гэж арай гэж болиулаад Алтай хотхоны орчим ирээд цагдаад дуудлага өгсөн ба би ажил дээрээ ирсэн чинь Түвшиндорж дагаж ирээд би ажлынхаа түлхүүрийг нэхсэн чинь манай ажлын газрын түлхүүрийг өгсөн. Би надад учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Надад хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна. Тухайн надад учирсан хөнгөн гэмтлийг Түвшиндорж 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр намайг багалзуурдан зодож надад учруулсан. ... Эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна. Эмчилгээний зардал мөнгөө нэхэмжилнэ. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 27-28 дахь тал/
“ ... Түвшиндорж эхлээд энэ шонгийн модыг мөргүүлнэ шүү гээд миний шилэн хүзүүнээс гараараа чанга барьсан юм. Тэгэхэд гараараа чих давхар атгачихсан юм шиг байгаа юм. Дараа нь чих хөндүүр оргиод байсан ба улайчихсан байсан. Түүний дараа нь хоёр удаа намайг гараараа хоолойноос боож багалзуурдсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 30-31 дэх тал/
“ ... Өмнө нь хамт амьдрах 6 сарын хугацаанд надад огт гар хүрч байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 34-35 дахь тал/
Гэрч Т.Мөнхцэцэгийн “ ... Би өглөөдөө очиж ажлаа онгойлгодог юм. 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр би ажлаа онгойлгочхоод ажлын бэлтгэлээ хийгээд төмс ногоогоо арилгаад байж байтал Түвшиндорж, Нарангоо хоёр 09 цаг өнгөрч байхад цуг орж ирээд шууд VIP өрөө рүү орчихсон юм. Тэгэхээр нь ирж байгаа юм байна гэж бодоод байж байтал Түвшиндорж чанга чанга дуугараад байхаар нь юу болж байгаа юм бол гэж бодоод өрөөнийх нь гадаа очоод сонссон чинь Түвшиндорж газартай нялна шүү, чамайг алчихна шүү гэх мэтээр чанга дуугараад байхаар нь би хоорондоо муудаад байгаа юм байна гэж бодоод өрөөнд нь оролгүй буцаад явсан. Тэгээд удаагүй Түвшиндорж гараад явчихсан юм. Тэгээд Нарангоо ажлаа хийх гээд орж ирэхэд нь би юу болоод байгаа юм бэ гэж асуухад Нарангоо бид хоёр жаахан муудчихсан байсан юм, тэгсэн чинь өглөө намайг Түвшиндорж зодчихлоо гэж хэлэхээр нь харахад хүзүү нь хажуу талаараа улайчихсан, гар нь хүн барьсан хэсгээрээ улайгаад цус хурчихсан байсан. Тэгээд Нарангоо хагас өдөр ажиллачхаад бие өвдөөд байна, би эмнэлэгт үзүүллээ гэж хэлээд яваад өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 40-41 дэх тал/
Гэрч Э.Солонгын “... Тэгэхэд Нарангоогийн хүзүү нь гарын мөр гараад улайчихсан байдалтай байхаар нь чи чинь Түвшиндоржийг идэж уудаггүй гээд магтаад байдаг байсан наадах чинь яаж байгаа юм гэхэд харин тиймээ л гэж хэлж байсан. Түүнээс өөр надад хэргийн талаар мэдэх зүйл алгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 43 дахь тал/
Гэрч Т.Төмөрболдын “... 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн өглөө ажил дээрээ 10 цагийн орчим ирэхэд Нарангоо эгч гал тогооны өрөөнд гадуур хувцастайгаа уйлчихсан сууж байхаар нь би хүүе та зүгээр үү, яасан бэ гэхэд Нарангоо эгч хүзүүгээ надад харуулаад Түвшиндоржид ажлынх нь гадаа зодуулчихлаа гэхээр нь согтуу байсан юм уу, яагаад зодож байгаа юм гэхэд Нарангоо эгч эрүүл, учир зүггүй хоолой багалзуурдаад намайг унагаахад хүзүү, хоолой, хөх эрээн болгочихлоо, эгч нь эмнэлэг явлаа гэж хэлээд гарсан. Тухайн үед Нарангоо эгч надад хүзүүгээ харуулахад хүзүү нь улайчихсан, гар нь хөхөрчихсөн байсан. Тэр өдөр Түвшиндорж нь надтай таараагүй ба түүнээс хойш ч ажил дээр бараг ирээгүй санагдаж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 45-46 дахь тал/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11298 дугаартай:
“...1. Ц.Нарангоогийн биед баруун чихний зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн бугалга, шууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 56-57 дахь тал/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн №2827 дугаартай:
“...1. Шинжилгээнд ирүүлсэн ногоон хүрмэнд ханзралт, урагдалт татаж чангаах хүчний үйлчлэлээр шинээр үүссэн байна. ...” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 62-66 дахь тал/
Шинжээч Ц.Оюун-Эрдэнийн “... Баруун чихний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, хүзүүний цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн бугалга, зүүн шууны цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун чих болон хүзүүнд учирсан гэмтлүүд нь биеийн хажуу хэсэг, хүзүүний баруун хажуу дээд хэсэгт байрласан нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдийг базах, боох үед үүсэх боломжтой. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 71-73 дахь тал/
З.Түвшиндоржийн яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 08 цагт өөрийн ажил болох Алтай хотхоны баруун талын Дэлгэрэх хотхоны хойд талд байдаг Дельта фүүдс ХХК-ны ажлын байран дээрээ ажлаа хийгээд сууж байхад дотно харьцаатай байсан танил Нарангоо гаднаас орж ирсэн. Тэгээд над руу дайраад надаас гэрийн түлхүүрээ асуугаад хэрүүл хийгээд байсан. ... Тэгээд гадаа гараад Нарангоо хэрүүл хийгээд надаас түлхүүрээ нэхээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би ажил тарсан хойно уулзая, чи явж бай гэж хэлээд ажил руугаа орох гэтэл надаас зуураад тавихгүй оруулахгүй байсан. Тэгэхээр нь би түлхээд зууралдаад ажлаасаа холдоод алхаад явж байхад миний куртикнээс зуураад тавихгүй урсан. Тэгэхээр нь би гарыг нь тавиулах гээд хоолойг нь нэг гараараа шахаж өөрөөсөө холдуулах гэж түлхсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 96-98 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч З.Түвшиндорж, Ц.Нарангоо нар нь 2022 оны 3 дугаар сараас хамтран амьдрах хугацаандаа буюу 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Ц.Нарангоо нь З.Түвшинждорийг гэр бүлтэй гэдгийг мэдэж тэдгээрийн хооронд хувийн таарамжгүй харилцаа үүсчээ.
Хохирогч Ц.Нарангоо нь 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэрийн түлхүүрээ авах зорилгоор шүүгдэгч З.Түвшиндоржийн ажлын газар болох Дельта Фүүдс ХХК-ны ажлын байранд маргалдан, улмаар шүүгдэгч З.Түвшиндорж нь Баянгол дүүрэг 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны орчим Ц.Нарангоогийн хоолойг нь боох, багалзуурдах зэргээр түүний биед баруун чихний зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн бугалга, шууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч З.Түвшиндорж нь Ц.Нарангоогийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөө болох хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч З.Түвшиндоржийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Хохирогч Ц.Нарангоогийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11298 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Нарангоо нь өөрийн биед учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардалд 810,600 төгрөгийг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 500,000 төгрөг нийт 1,310,600 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүх хуралдаанд хохирогч Ц.Нарангоогийн “З.Түвшиндорж нь миний эмчилгээний зардал болох 1,380,000 төгрөг, мөн надаас авсан бусад мөнгөн хохирлыг барагдуулсан тул З.Түвшиндоржид гомдол саналгүй болно” гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх тул шүүгдэгч З.Түвшиндоржоос гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас шүүгдэгч З.Түвшиндоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргажээ.
Харин хохирогчийн өмгөөлөгч Г.Нямхүүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт сайн дураараа төлбөр төлсөн зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, З.Түвшиндорж баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарнууд овогт Зүнзиндоржийн Түвшиндоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Түвшиндоржийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Түвшиндоржийг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар З.Түвшиндорж торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, З.Түвшиндорж баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол З.Түвшиндоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ