Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/15

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Баяраа, шүүгдэгч Ш.*******, түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт *******ий *******, 1971 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл хоёр, эхнэрийн хамт ******* аймгийн ******* сумын 03 дугаар (*******) багт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: *******.

Холбогдсон хэргийн талаар:

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож “шүүгдэгч Ш.******* 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын 03 дугаар (*******) багийн нутаг Цагаан овооны сайр гэх газарт Ниссан пулсар (Nissan pulsar) загварын, 92-60 ХОА улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж, мөн дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас замын хажуу талын чулуу мөргөж онхолдсон. Уг зам тээврийн ослын улмаас тухайн автомашин шатаж, уг автомашинд зорчиж явсан бага насны буюу 4 настай Б.******* нас барсан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1. Хэргийн газар үзлэг хийсэн “Хэрэг учрал болсон гэх газар нь ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг “Цагаан овооны гүн сайр” гэх газарт ...тээврийн хэрэгслийн мөр нь шороон замаас гарсан хэсгийг тодорхойлж замаас гарсан хэсгийн баруун мөрийг “А” үсгээр, зүүн дугуйны мөрийг “2”-ын тоогоор тэмдэглэв. Уг хоёр цэгээс ертөнцийн зүгээр баруун урд зүгт чиглэлтэй шороон замын төв ховил хэсгээс гарсан мөрийг байгалийн чулуу материал ашиглан тодруулж харуулав. Анх мөр гарсан “А” цэгээс баруун урд зүгт шулуун байхаар 21.30 метр зайд шороон замын зүүн хажуу хэсэгт газрын хөрсөн дээр ухагдаж хонхойсон хэсэг байв. Уг цэгийг “А1” гэж тэмдэглэв. Уг хонхор шорооноос замын зүүн урд хэсэгт 2.5 метрт газрын хөрсөн дээр өнхөрч тогтсон шинээр сугарч гарсан мэт улаан шаргал өнгийн хад чулуу байв. А1 гэж тэмдэглэсэн газарт үүссэн хонхор газрын талбайг хэмжихэд  өргөн 1 метр, урт нь 70 см байв. Мөн хонхор газрын ухагдсан өндөр нь 35 см, шороон дээр байгаа чулууны урт нь 90 см, өргөн 60 см хэмжээтэй чулуу байв. Эргүүлж хөдөлгөхөд хүнд байсан ба чулууны шороонд байсан суурь хэсгийн өргөн нь 28 см хэмжээтэй байв. Чулууны хөрснөөс ил байсан хэсэг нь 30 см хэмжээтэй байлаа. Уг чулууны ил харагдах хэсгийн зүүн талын орой хэсэгт лак мэт саарал өнгийн бодис мэт зүйлээр бохирлогдсон. Хэмжээ 3*3 см хэмжээтэй байв. “А1” цэгээс ертөнцийн зүгээр баруун зүгт 5.47 метр зайд тээврийн хэрэгсэл нь доошоо харж, доод эд анги болон дөрвөн дугуй нь дээшээ харсан байдалтай шатаж дууссан тээврийн хэрэгсэл байв. ...Тээврийн хэрэгсэл дотор шатсан хэсэгт хүний цогцос байсныг “Б” үсгээр тэмдэглэв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2-10 дугаар хуудас);

- Зам тээврийн осол дээр тогтоосон “...уг зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь жолооч Ш.*******ын буруутай үйл ажиллагаанаас болж гарсан байна” гэх акт, хэмжилтийн бүдүүвч зураг (хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас) зэргээр ******* аймгийн ******* сумын 03 дугаар (*******) багийн нутаг Цагаан овооны сайр гэх газарт Ниссан пулсар (Nissan pulsar) загварын, 92-60 ХОА улсын дугаартай автомашин шороон замын хажуу талд байсан чулууг мөргөн онхолдсон буюу зам тээврийн осол гарч, тухайн автомашинд зорчиж явсан хүн (хүүхэд) шатсан болох нь тогтоогджээ.

1.2. Гэрч Ш.Наранцэцэгийн “Би Жаргалант сумын Бугат багийн 6-1 тоотод залуугийнхаа (хүүгийнхээ) дэлгүүрт суудаг. 2022 оны 11 дүгээр сарын 01-ний орой 20 цаг 20 минутын үед манай дүү Ш.******* зээ хүү болох Б.*******ыг дагуулчихсан “одоо хөдөө харилаа, гарах гэж байна” гэж орж ирсэн. Тэгэхээр нь би “яасан орой явж байгаа юм” гэхэд “автомашинаа янзлуулаад гарч байна” гэж хэлээд манай дэлгүүрээс нэг хайрцаг Алтан навчис гэх тамхи, зээ хүүдээ нэг ширхэг зайрмаг зэргийг аваад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас);

- Гэрч Э.Мөнгөн-Утасын “...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр манай ээж хөдөөнөөс залгаад “аав чинь Б.*******тай хамт ******* аймгийн төв явлаа, хоёр мал аваад явсан” гэж ярьсан. ...21 цагийн үед манай ээж дахин залгаад “нөгөө хоёр чинь ирээгүй байна, яасан юм бол чи ярьсан уу?” гэж асуухад би яриагүй гэж хэлсэн. Би яасан юм бол гээд аавын 93217555 гэсэн дугаар луу залгахад аав утсаа аваагүй, Б.******* утсаа аваад “аниа өвөө бид хоёр одоо хөдөө гарах гэж байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас);

- Гэрч Б.Лхагвадоржийн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө 03 цагийн үед гэртээ унтаж байтал нохой хуцаад хүн орилох чимээ гараад сонсоход миний нэрийг дуудаж байсан. Тэгэхээр нь гэрээсээ гараад гэрэл тусгаад харсан чинь манай гэрийн дээд талд хүмүүс ирчихсэн наашаа яв гэж хэлж байсан. Аюул боллоо цаана чинь гэсэн уйлсан байдалтай автомашин шатаж хүүхэд шатсан гэсэн юм хэлж ирсэн. Тэгэхээр нь “хаана, юу болов?” гэхэд Ш.******* нь ямар ч үг авахгүй “миний хүүхэд шатаад үхчихлээ” гээд орилоод байсан. Тэгтэл хажууд нь явсан Отгоо гэх залуу хэлэхдээ “автомашин нь унаад дотор нь байсан хүүхэд шатчихсан байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас);

- Гэрч Б.Сурмаажавын “...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр манай хүн Ш.******* нь аймгийн төв орж мал зарах ажлаар хөдөө байх ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг Хоёр худгийн хүрэн дэл гэх газраас өөрийн цагаан өнгийн Пулсар загварын автомашинаар зээ хүү Б.*******ын хамт 09 цагийн үед гэрээсээ гараад явсан. ...өдөр 15 цагийн үед нөхөр Ш.*******тай утсаар ярихад “малаа зарчихлаа үдээс хойш гарна” гэж хэлсэн. Орой 18 цагийн үед дахиад залгаж “одоо ир, оройтож байна” гэж хэлсэн. ...хадам эгч Саранцэцэг нь надад хандаж “миний дүү нэг аюултай юм болсон байна, Ш.******* автомашинтайгаа уначихсан байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас);

- Дээр дурдагдсан нотлох баримтуудаар давхар нотлогдсон шүүгдэгч Ш.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хөдөө байх гэрээсээ зээ хүү Б.*******ын хамт аймгийн төв ороод орой 23 цагийн үед буцаад зээтэйгээ хоёулаа явж байгаад замдаа буюу ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг “Цагаан овооны сайр” гэх газарт явж байтал манай зээ хүү автомашины хойд талын суудал дээр сууж явж байгаад сэрээд “өвөө хоёулаа дуу сонсъё хөгжмөө чангалчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би за гээд хөгжмөө чангалах гээд хөгжмөө оролдсон тэгтэл автомашины урд талд нэг хар юм ирэх шиг болж тас түс болоод тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 98-100 дугаар хуудас) зэргээр зам тээврийн осол гарах үед Ниссан пулсар (Nissan pulsar) загварын, 92-60 ХОА улсын дугаартай автомашиныг Ш.******* жолоодож явсан, тухайн автомашинд амь хохирогч Б.******* зорчиж явсан нь тус тус нотлогдож байна.

1.3. Био химийн шинжилгээний 207 дугаартай “...Ш.*******ын биеэс авсан гэх шингэн цусанд этилийн спирт илрээгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас)-ээр шүүгдэгч Ш.******* нь Ниссан пулсар (Nissan pulsar) загварын, 92-60 ХОА улсын дугаартай автомашиныг жолоодож зам тээврийн осол гаргах үедээ согтууруулах ундаа хэрэглээгүй байсан нь тогтоогджээ.

1.4. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтэн дүгнэвэл 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын 03 дугаар (*******) багийн нутаг Цагаан овооны сайр гэх газарт Ниссан пулсар (Nissan pulsar) загварын, 92-60 ХОА улсын дугаартай автомашиныг шүүгдэгч Ш.******* жолоодож яваад шороон замын хажуу талд байсан чулууг мөргөн онхолдсоны улмаас тухайн автомашин шатсан, уг зам тээврийн ослын улмаас автомашинд зорчиж явсан Б.******* нас барсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1. Шүүгдэгч Ш.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж, мөн дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

Шүүгдэгч Ш.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-т тус тус зөрчсөний улмаас буюу шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас уг зам тээврийн осол гарчээ.

2.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив шинжүүдээс гадна учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг харгалздаг. Тодруулбал шүүгдэгч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-т заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас бага насны хүүхэд болох Б.*******ын амь насыг хохироосон үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шинжийг хангаж байна.

2.3. Шүүгдэгч Ш.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Ш.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Ш.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 111 дүгээр хуудас), ******* аймгийн ******* сумын 03 дугаар (*******) багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 104 дүгээр хуудас), шүүгдэгч Ш.*******ын яллагдагчаар өгсөн “...Миний хувьд үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Энэ хэргийг хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 98-100 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгч нь урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг. Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...Шүүгдэгч Ш.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар жолоодоох эрхийг 3 жилээр хасаж 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх” санал;

- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Болгоомжгүй үйлдлээсээ болоод зээгийнхээ амь насыг хохироосон. Өөрөө ч бас эрүүл мэндийн хувьд нэлээд хохирол хүлээсэн. Одоо эхнэрийнхээ хамт амьдардаг нөхцөл байдлыг харгалзаж 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэх санал тус тус гаргасан байна.

3.1. 2002 онд батлагдсан Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиудад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэг агуулгаар тодорхойлж хуульчилж байсан. Харин 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж гэмт хэргийн хохирол, хор уршгийг ялгамжтай тодорхойлсон. Мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тус бүрд нь тодорхойлж, хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр тогтоохыг шүүхэд үүрэгжүүлсэн байна.

Эрүүгийн эрх зүйн онол, практикт хохирлыг эдийн болон эдийн бус гэж хоёр ангилдаг. Эдийн бус хохирлыг нөхөн төлөгдөх ба нөхөн төлөгдөхгүй гэж хоёр төрөлд хуваана. Нөхөн төлөгдөх хохирол гэж гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан зарим төрлийн хохирлууд хамаардаг. Тодруулбал эмчилгээгээр болон явцаараа бүрэн эдгэрч, хохирогч хэвийн амьдрах боломжтой болохыг ойлгоно.

Нөхөн төлөгдөх боломжгүй хохирол гэдэгт эрүүл мэндэд учирсан зарим төрлийн хохирлууд буюу гэмтсэн эрхтэн эдгэрэх боломжгүй, бүр мөсөн байхгүй болсон, засаршгүй сорви зэрэг хамаардаг. Мөн хүний амь нас болон нэр төр, алдар хүнд, бэлгийн халдашгүй байдал зөрчигдсөн зэрэг тохиолдлууд хамаардаг. Өөрөөр хэлбэл энэ төрлийн буюу хүний амь нас хохироосон гэмт хэргийн хувьд хохирол нөхөн төлөх, нөхөн төлөхөө илэрхийлэх гэх ойлголт үүсэхгүй.

Харин энэ төрлийн гэмт хэргийн улмаас буюу хохирогч нас барсантай холбогдуулан гарсан оршуулгын зардал, тэжээгчээ алдсаны тэтгэмж, амь хохирогчийн гэрээгээр болон хуулиар бусдын өмнө хариуцвал зохих үүргийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх нь хууль хэрэглээний тогтсон ойлголт юм.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх урьдач нөхцөлүүд хангагдаагүй тул хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгчийг тэнсэх хууль зүйн үндэслэлгүй болно.

3.2. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ш.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3.3. Шүүгдэгч нь ******* аймгийн ******* сумын 03 дугаар (*******) багт байнга оршин суудаг, мөн суманд мал аж ахуй эрхэлж амьдардаг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эдлүүлэхээр тогтоосон 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоох нь зүйтэй.

4. Энэхүү гэмт хэргийн улмаас бага насны хүүхэд буюу Б.*******ын амь нас хохирсон болох нь тогтоогдсон. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Баяраа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Надад нэхэмжлэх зүйл санал гомдол алга байна” (хавтаст хэргийн 57 дугаар хуудас) гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “...Манай гэр бүлийн хувьд сэтгэл санааны хувьд хэцүү байгаа, надад ямар нэгэн гомдол санал байхгүй, оршуулгын зардлыг аав ээж 2 маань бүгдийн гаргасан” гэж тус тус мэдүүлсэн тул шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж үзнэ. Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлээгүй нь шүүгдэгч хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

5. Шүүгдэгч Ш.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ий *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар ******* аймаг дахь ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч Ш.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.МӨНХЗАЯА