Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/063

 

 

 

 

 

 

 

 

  2023         01         10                                    2023/ШЦТ/63

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Н.Ганчимэг,

Хохирогчийн өмгөөлөгч М.Батмөнх,

Шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “В” танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Боржигон овогт Э...-н Т....-т холбогдох эрүүгийн 2206 00521 1789 дугаартай хэргийг шүүх 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ... оны 8 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн .... суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа тавилга хийдэг, Баянзүрх дүүргийн .... дүгээр хороо, ...... тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1363 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар СЮ9.........., Боржигон овогт .....-н Т.......

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Э.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн .... дүгээр хороо, .... тоотод хохирогч Д.Ү........ түүний хүсэл зоригийн эсрэг, гарыг нь барьж хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй...” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  талуудын хүсэлтээр иргэн Д.Ү.........-с гаргасан “бусдад хүчиндүүлсэн” гэх гэмт хэргийн талаарх мэдээлэл /хх-5/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-12/, хохирогч Д.Ү............-н өгсөн мэдүүлгүүд /хх- 16-18, 20/, гэрч Б.Б..........-н өгсөн мэдүүлэг /хх-31/, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 16 цаг 30 минутад Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-36-38/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1349 дугаар дүгнэлт /хх-ийн 51-52 дугаар хуудас/, шүүгдэгч Э.Т-ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-/, шинээр 1 хуудас хохирогч Д.Ү............-с гаргасан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн .... дүгээр хороо, ........  тоотод хохирогч Д.Ү........-г түүний хүсэл зоригийн эсрэг, гарыг нь барьж хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ү.......-н өгсөн: “... 2022 оны 01 дүгээр сарын 3-ны орой 20:00 цагийн үед манай хамаатны дүү Б.Б.... залгаад “ээжтэйгээ муудалцчихлаа, хонох газаргүй байна, нөхөр хүүхэдтэйгээ танайд хоночихъё, хүмүүст битгий хэлээрэй” гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрсөн. Тэгээд 23:00 цагийн үед манай дүү Б.Б...... нөхөр хүүхдүүдийн хамт 2 танихгүй найзаараа хүргүүлж ирсэн. Тэр хэд ирэхдээ 0.5 литрийн хараа архи 2.5 литрийн савлагаатай Боргио пиво 1 савыг авч ирснийг бид 5 хувааж уусан. Манай дүүг хүргэж ирсэн найзууд нь болох эрэгтэй, эмэгтэй хоёрыг Э.Т, Э..... гэж байсан. Тэр 2 хоорондоо муудалцаад гарч ороод байсан. Тухайн үед манай дүү нар газраар ор засаад унтацгаасан байсан. Тэгтэл Э.Т-ийн эхнэр нь гараад явчихсан чинь Э.Т намайг баруун талын орон дээр түлхэж унагаад дараад миний өмдийг тайлаад хүчээр бэлгийн харьцаанд орсон. Би орилж байгаад дүү нарыг сэрээгээд “энийгээ аваад яв” гээд хөөж явуулсан. Би Э.Т гэх залууг таньдаггүй байсан. Өчигдөр манай дүү нарыг хүргэж ирээд манайд хамт архи ууж байгаад танилцсан. Өмнө нь Э.Т-тэй бэлгийн харьцаанд орж байгаагүй. Манай дүү Б.Батнаран нөхөртэйгөө хамт газраар ор зассан унтаж байсан. Намайг цохиж зодсон асуудал байхгүй. Намайг түлхэж унагаахад миний гаранд хөхрөлт үүссэн байсан. Э.Т намайг шууд түлхэж орон дээр хэвтүүлээд миний өмдийг хүчээр тайлаад бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглээгүй. Надтай бэлгийн харьцаанд орж байхдаа дур тавиад босоод явсан. Би тэрийг нь цаасаар арчаад хаясан. Би ямар нэгэн бэлгийн замын халдварт өвчингүй...” гэх мэдүүлэг /хх-16-18/, “...Э.Т нь намайг хойморт байх орон дээр сууж байтал миний 2 гараас татаад гэрийн баруун талын орон дээр намайг хэвтүүлээд миний өмдийг маань тайлаад миний дээр гараад миний дотуур хувцсыг бас тайлаад миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтнийг хийж надтай хүчээр бэлгийн харилцаанд орсон. Тухайн үед манай хоёр хүүхэд, хуурай дүү Б.Б.......нөхрийнхөө хамт унтаж байсан болохоор би орилоод чанга чимээ гаргавал манай хоёр хүүхэд, хуурай дүү Б.Б.... нөхрийнхөө хамт сэрчихнэ гэж бодоод би чанга дуу чимээ гаргаагүй. Иргэн Э.Т-тэй бэлгийн харьцаанд орсон. Тэгээд иргэн Э.Т надтай бэлгийн харилцаанд ороод миний эрхтэн дотор дур тавьсан. Би иргэн Э.Т-тэй бэлгийн харилцаанд орж дууссаны дараа би Э.Т-ийг “чи намайг хүсээгүй байхад хүчээр бэлгийн харилцаанд орсон, чи манай гэрээс одоо хурдан зайл, чи манай гэрийг бузарлачихлаа” гээд хэлтэл иргэн Э.Т манай гэрээс гараад явсан. Манай гэрт миний 2 хүүхэд, манай хуурай дүү Б.Б......, нөхрийнхөө хамт согтуу унтаж байсан. Э.Т нь миний дээр гарсан миний 2 гарыг гараараа барьсан байсан учир би ямар нэгэн байдлаар эсэргүүцэх хөдөлгөөн хийж чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-20/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Б....-н өгсөн: “... Би 2022 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байх гэртээ байж байгаад орой 21.00 цагийн үед танил эгч болох Д.Ү.......-той утсаар яриад “нөхөртэйгөө очиж болох уу, танай гэрт өнөөдөртөө хонож болох уу” гээд асуутал “болно, хүрээд ир” гэхээр нь би нөхөртэйгөө явахаар болоод байж байтал манай нөхрийн найз болох Э.Т гэх залуу бид хоёрыг хүргэж өгөхөөр болоод Э.Тийн эхнэр бид дөрөв явцгаасан. Бид хэд Д.Үүрийнцолмон эгчийнд орохдоо 1 шил архи аваад хоол цай хийж идчихээд архиа ууцгаасан. Удалгүй Э.Тийн эхнэр гэрээс гараад яваад өгсөн. Бид хэд ууж байгаад би нөхөртэйгөө унтаад, унтаж байтал шөнө дундад сэртэл Д.Ү......... эгч Э.Т рүү уурласан “чи намайг бузарлачихлаа” гээд орилж байсан. Тэгэхээр нь би босоод Д.Үүрийнцолмон эгчээс “юу болсон бэ” гээд асуутал “наад Э.Т гэх залуу чинь намайг бузарлачихлаа, наад балиар юмаа аваад зайл” гэхээр нь би нөхрөө сэрээгээд босоод явсан...” гэх мэдүүлэг /хх-31/,

 

2022 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн 16 цаг 30 минутад хүний биед үзлэг хийсэн “...баруун гуя гадна хэсэгт 16 см орчим хуучин сорвитой, зүүн далны ард хэсэгт 1.5х0.82 см зулгаралттай, зүүн гарын бугалга хэсэгт 1х2 см улайсан, биеийн бусад хэсэгт ил харагдах гэмтэл шархгүй, дотоожгүй, хувцсанд урагдал болон ил харагдах биологийн гаралтай ул мөр байхгүй” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-36-38/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн 1349 дугаартай дүгнэлтэд:

1. Д.Ү........-н биед зүүн даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн тухайлбал үрэлцэх, шүргэлцэх үйлчлэлээр үзүүлэхээс өмнө 24 цагийн дотор үүссэн байх боломжтой.

3. Хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасан гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Д.Ү.....-н үтрээ, шулуун гэдэсний амсар хэсэгт гэмтэл эмгэг өөрчлөлтгүй байна.

5. Д.Ү..........-йн үтрээ, шулуун гэдэсний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй...” гэх дүгнэлт /хх-51-52/,

 

Иргэн Д.Ү.........-с гаргасан “бусдад хүчиндүүлсэн” гэх гэмт хэргийн талаарх мэдээлэл /хх-5/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-12/,

        Шүүгдэгч Э.Т-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1хх-/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

 Мөрдөгч дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхээс тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчээс яллагдагчаар болон бусад гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Д.Ү..... нь мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараагийн мэдүүлгээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу аливаа шахалт, албадлагагүй өгсөн нь хэргийн талаар бодитой мэдээлэл агуулсан, хэрэгт ач холбогдолтой хэвээр байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсныг тэмдэглэж байна.

  

        Хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал зөрчигдсөн байх ба хүний амьдралын нарийн асуудалд хамаарах учраас энэ гэмт хэргийг үүсэх, хянан шалгахад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журам тогтоож, энэ тухай мэдээллийг задруулахгүй байх, хэргийг шүүх хурлаар хаалттай хэлэлцэнэ.

 

Хүчиндэх гэмт хэрэг гэдэг нь хүний бэлгийн халдашгүй бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Хүчиндэх гэмт хэрэг нь эмэгтэй хүний хүсэл зоригоос гадуур хурьцал үйлдэх, энэ зорилгодоо хүрэхийн тулд хүч хэрэглэх, заналхийлэх буюу бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж үйлдсэн байдаг. 

 

         Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч Э.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны ар 5-42 тоотод хохирогч Д.Ү.......-г түүний хүсэл зоригийн эсрэг, гарыг нь барьж хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

        Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

 

Хохирогчийн Д.Ү........... нь хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Э.Т нь бусдад төлөх төлбөргүй гэж шүүхээс үзлээ.

 

        Гэвч хохирогч Д.Ү........ холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...шүүгдэгч Э.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, тус хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанжаргалаас “...Миний үйлчлүүлэгч нь бага насны буюу 9 настай хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эцэг. Тэрээр ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж, ар гэрээ тэжээдэг. Миний үйлчлүүлэгч нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Түүнчлэн хохирогч Д.Ү....... нь миний үйлчлүүлэгчид холбогдуулан “ямар нэгэн гомдол саналгүй байгаа бөгөөд хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү” хэмээн бичгээр хүсэлт гаргаж өгсөн. Миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тус хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “... учруулсан хохирлыг төлсөн” заасан нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаа учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно хэмээн заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тус хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч М.Батмөнх “...шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна...” гэх дүгнэлтийг тус тус шүүхэд гаргаж мэтгэлцэв.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.Т-ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүчиндэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Э.Т-т шүүхээс эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

            Шүүхээс шүүгдэгч Э.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.

 

Тэнссэн хугацаанд шүүгдэгч Э.Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

 

Шүүгдэгч Э.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Боржигон овогт Э.....-н Т.....-г “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон буюу хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Э.Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Т нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Э.Т-т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх үүргийг хүлээлгэсүгэй.

 

           5. Э.Т нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.

6. Хохирогч Д.Ү........ нь цаашид гарах гэм хорын болон зардалтай холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Э.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Э.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                             Э.ЧИНГИС