Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2024/0771

 

 

 

 

 

 

Д.Г ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч З.Ганзориг

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Х

Нэхэмжлэгч: Д.Г

Хариуцагч: Төрийн албаны зөвлөл

Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ******* тогтоолын хавсралт 1-ийн Д.Г т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 704 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Г , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Х

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2024/0623/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Г  нь Төрийн албаны зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ******* тогтоолын хавсралт 1-ийн Д.Г т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 704 дүгээр шийдвэрээр: “...Захиргааны   ерөнхий   хуулийн  4  дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-т  заасныг тус тус баримтлан Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн *******  тогтоолын нэхэмжлэгч Д.Г т холбогдох хэсгийг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж...” шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж  дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ” гэж, 30.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна” гэж, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.3 дахь заалтад “иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх ... бүрэн эрхийг Зөвлөл хэрэгжүүлнэ” гэж тус тус заасны дагуу Төрийн албаны зөвлөл хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, Увс аймгийн төрийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.

 

3.2. Шалгалтаар тус аймгийн Гаалийн газрын гаалийн хяналтын улсын ахлах байцаагчийн албан тушаалаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга болох Бодлого зохицуулалт, хууль, эрх зүй хяналтын хэлтсийн даргын албан тушаалд шилжүүлэн томилоход Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасан “тусгай шалгалтыг энэ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна.” гэж заасныг зөрчсөн зөрчил илэрч, Зөвлөл зөрчлийг хуралдаанаар хэлэлцэж тогтоосон.

 

3.3. Гаалийн тухай хуулийн 279 дүгээр зүйлийн 279.1 дэх хэсэгт “гаалийн улсын байцаагчийн албан тушаал дараах ангилалтай байна: тэргүүн түшмэл эрхэлсэн түшмэл; ахлах түшмэл; дэс түшмэл; туслах түшмэл., 279.6 дахь хэсэгт Туслах түшмэлийн албан тушаалд удирдах төв байгууллагын гаалийн улсын байцаагч, харьяа гаалийн газар, хорооны гаалийн улсын ахлах байцаагч, гаалийн улсын байцаагч хамаарна” гэж тус тус заасан. Төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд төрийн албаны тусгай шалгалт авна гэж заасантай нийцэхгүй.

 

3.4. Тодруулбал, Д.Г ийг Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/168 дугаар тушаалаар Гаалийн улсын ахлах байцаагчийн гүйцэтгэх албан тушаалаас Бодлого зохицуулалт, хууль эрх зүй, хяналтын хэлтсийн даргын ахлах түшмэлийн удирдах албан тушаалд төрийн захиргааны албан тушаалын ангилал, төрөл алгасуулж төрийн албаны тусгай шалгалтгүйгээр шилжүүлэн ажиллуулсан нь хууль, журамд нийцээгүй бөгөөд анхан шатны шүүх энэ талаар дүгнээгүй, харин гаалийн улсын ахлах байцаагчаар түр томилсныг Зөвлөл шалгаагүй гэж маргаанд хамааралгүй үйл баримтыг дүгнэсэн.

 

3.5. Нөгөө талаар мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдаж, чиг үүрэг гаалийн байгууллагад ирсэн бөгөөд энэ нь хууль тогтоомж зөрчигдөөгүй Д.Г ийн хуульд заасан нэмэгдэл баталгаагаар хангаж шилжүүлсэн. Шилжүүлж томилоход гаалийн улсын байцаагчийн албан тушаалд түр томилсон. Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн хууль тогтоомжид албан тушаалд “түр” томилох ойлголт, зохицуулалт байхгүй бөгөөд хэрэв түр томилохгүй шийдвэрийг Д.Г хүлээн зөвшөөрөөгүй бол холбогдох байгууллагад гомдол гаргах эрхтэй, энэ талаар гомдол гаргасан эсэхийг хяналт шалгалтын ажлын хэсэг тодруулж асууж байсан болно. Өөрөөр хэлбэл, Д.Г ийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Гаалийн ерөнхий газарт шилжүүлж, Гаалийн ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Увс аймгийн гаалийн газрын улсын ахлах байцаагч буюу туслах түшмэлийн албан тушаалд томилсон, аймгийн иргэдийн Хурлын ажлын албанд 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шилжих хүртэл 45 хоногийн хугацаанд туслах түшмэлийн албан тушаалд ажилласнаа хүлээн зөвшөөрч, чиг үүргийг хэрэгжүүлж, цалин хөлсийг авч ажилласан байдаг Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлж, аймгийн иргэдийн хурлын ажлын албаны Бодлого зохицуулалт, хууль, эрх зүй хяналтын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсний дараа Д.Г ийг Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар сургалт, мэдээлэл, стандартын салбар сан хариуцсан мэргэжилтнээр шилжүүлэн томилсон байдаг. Д.Г  иргэдийн хурлын ажлын албанаас чөлөөлөгдөөд ажилгүй байгаа гэж шүүхэд худал тайлбар өгсөн, энэ талаар шүүх тодруулж, нотлох баримт цуглуулах үүргээ бүрэн биелүүлээгүй хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. Д.Г ийн хөдөлмөрийн харилцаа тасраагүй байна.

 

3.6. Иймд Д.Г ийг мэргэжлийн хяналтын хилийн хяналтын албаны даргын албан тушаалаас иргэдийн хурлын ажлын албаны нэгжийн даргын албан тушаалд шилжүүлсэн бол ангилал зэрэглэл өөрчлөгдөхгүй боломжтой, харин хийж байсан чиг үүрэг нь харьяа байгууллагын гаалийн улсын ахлах байцаагч буюу туслах түшмэлийн гүйцэтгэх албан тушаал болж чиг үүрэг нь шилжсэн бөгөөд нэхэмжлэгч энэ байдлаа хүлээн зөвшөөрч ажилласан, чиг үүргийг хэрэгжүүлсэн, хөдөлмөрийн харилцаа үргэлжилсэн байдаг. Гүйцэтгэх албан тушаалаас удирдах албан тушаалд, ахлах ангиллаас туслах түшмэлийн ангилалд шилжихэд тусгай шалгалт өгөх хуулийн зохицуулалттайг шүүх дүгнээгүй нь хууль ёсны байх, үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

4. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Х дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

4.1. “...Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны даргын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/15 дугаар тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/168 дугаар тушаалыг үндэслэж Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Бодлого зохицуулалт хууль эрх зүй, хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон. Уг тушаалыг гаргахаас өмнө Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 49 дүгээр албан бичгээр Д.Г ийг шилжүүлэн ажиллуулахаар санал ирсний дагуу Гаалийн ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/168 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Гаалийн ерөнхий газрын харьяа Увс аймаг дахь гаалийн хорио цээр хариуцагч Гаалийн улсын ахлах байцаагчийн ажлаас чөлөөлж, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мэдэлд шилжүүлсэн. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44-1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасантай нийцсэн.

 

4.2. Нэхэмжлэгчийн тухайд 2007 оноос 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 15 жил гаруй хугацаанд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаал буюу ахлах түшмэлийн албан тушаалд ажилласан, харин Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсантай холбогдуулан нэхэмжлэгчийн ажиллаж байсан Экспорт, импорт, хилийн хорио, цээрийн хяналтын хэлтэс тэр чигээрээ Гаалийн ерөнхий газарт шилжсэн. Энэ нь түүнээс үл хамаарсан шалтгаан бөгөөд түүний ажлын чиг үүрэг нь өөрчлөгдөхгүйгээр тус газарт харьяалагдах болсноор Гаалийн тухай хуулийн 279 дүгээр зүйлийн 279.б-д “Туслах түшмэлийн албан тушаалд удирдах төв байгууллагын гаалийн улсын байцаагч, харьяа гаалийн газар, хорооны гаалийн улсын ахлах байцаагч, гаалийн улсын байцаагч хамаарна” гэж зааснаар Увс аймаг дахь Гаалийн газарт гаалийн хорио цээр хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчаар түр томилогдсон байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Төрийн албанд 32 дахь жилдээ үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 15 жил ажилласан төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Бодлого зохицуулалт, хууль эрх зүй, хяналтын хэлтсийн даргын албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан учир хуульд заасны дагуу шилжин ажилласан нь Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “чадахуйн зарчим /мерит/” гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг гэж заасантай нийцсэн болно.

 

4.3. Үүнээс гадна Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.2-д “Төрийн жинхэнэ албан хаагч тухайн албан тушаалын тусгай шаардлагыг хангаж буй тохиолдолд адил төрлийн албан тушаалын адил ангилалд шилжүүлэн ажиллуулахдаа тусгай шалгалтгүйгээр шууд томилно” гэж заасан. Хэдийгээр энэ журам нь нэхэмжлэгчийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн ажлын албаны даргын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/15 дугаар тушаал гарснаас хойш буюу 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн боловч нь маргаан бүхий 2023 оны ******* тогтоол гарахаас өмнө хэрэгжиж эхэлсэн байна.

 

4.4. Гэтэл хариуцагч Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэгчийг ажилд шилжүүлэн томилсон тушаалтай холбогдуулан бусад этгээд ямар нэгэн гомдол гарсан зүйл байхгүй, хэдийгээр Төрийн албаны зөвлөлөөс хуулийн хэрэгжилтийг хянан шалгах асуудал нь түүний эрх хэмжээний асуудал мөн боловч төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан байдлаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс” гэж заасныг заавал тусгай шалгалт өгч томилогдох ёстой гэж хуулийг хэт явцууруулан тайлбарлаж, Захиргааны ерөнхий хуулийн байхад байхад 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-д заасны дагуу Гаалийн байгууллагад шилжин ирэхээс өмнөх ажилласан байдлыг шалгаж тогтоолгүйгээр шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрсөн хууль бус захиргааны акт болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно. Мөн нэхэмжлэгчийн тухайд жил хүрэхгүй хугацааны дараа тэтгэвэрт гарах нөхцөл байдалтай байхад түүний эрх зүйн байдлыг дордуулж, эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тогтоолыг хариуцагч гаргасан байна.

 

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ******* тогтоолын Д.Г т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

2. Шүүх гомдлуудыг дараах үндэслэлээр шийдвэрлэв. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Төрийн албаны зөвлөлд холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ******* тогтоолын хавсралт 1-ийн Д.Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2.2. Маргаан бүхий Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ******* тогтоолын 1 дүгээр хавсралтад Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны даргын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Д.Г ийг Бодлого зохицуулалт, хууль эрх зүй, хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилсон Б/15 дугаартай тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж шийдвэрлэсэн байна.

 

2.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Г нь 1997 онд Увс аймгийн Стандартчилал, хэмжил зүйн төвийн даргын албан тушаалд Т3-9 ангиллын ахлах түшмэлээр ажиллаж байгаад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тушаалаар Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар томилогдож, 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажилласан, мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Экспорт, импорт, хилийн хорио, цээрийн хяналтын хэлтсийн дарга, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байжээ. Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хилийн хяналтын хэлтсийн даргын албан тушаал нь ТЗ-10 буюу “Ахлах түшмэл”-ийн албан тушаалын ангилалд хамаарч байсан бөгөөд Увс аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/40 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг Гаалийн ерөнхий газарт шилжүүлж, Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Увс аймаг дахь Гаалийн газрын Гаалийн хорио цээр хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч буюу ТЗ-8 “Дэс түшмэл”-ийн албан тушаалд томилогдож, тус албан тушаалаас 2023 оны Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны даргын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны Бодлого зохицуулалт, хууль эрх зүй, хяналтын хэлтсийн даргын албан тушаалд буюу төрийн албан тушаал, ангилал, зэрэглэлийн ТЗ-4 “Ахлах түшмэл”-ийн албан тушаалд томилогдсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

2.4. Тухайн тохиолдолд нэхэмжлэгчийг Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хилийн хяналтын хэлтсийн дарга буюу удирдах албан тушаалыг хашиж байх үед Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдаж, тухайн байгууллагын чиг үүрэгт хамаарч байсан улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт шалгалт хийх чиг үүрэг нь Гаалийн байгууллагад шилжсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн шинээр томилогдсон Увс аймаг дахь Гаалийн газрын гаалийн хорио цээр хариуцсан улсын ахлах байцаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэл нь “Туслах түшмэл”-ийн ангилалд хамаарахаар буурсан нь Д.Г аас шалтгаалсан нөхцөл байдал биш байхад хариуцагч маргаан бүхий актаар түүнийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

2.5. Учир нь Төрийн албаны тухай хуулийн гол зорилт нь төрийн албаны удирдах албан тушаалтныг тухайн албан хаагчийн мэдлэг, мэргэжлийн түвшинг харгалзан ахин дэвшүүлэх зарчмыг хэрэгжүүлэх замаар томилох бөгөөд тухайн удирдах албан тушаалын ангилал, зэрэглэлийг хангаагүй этгээдийг шилжүүлэн томилох нэрийдлээр шууд томилохгүй байх зохицуулалтыг хэрэглэдэг. Тодруулбал, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар “чадахуйн зарчим /мерит/” гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлан томилох учиртай.

 

2.6. Нэхэмжлэгч Д.Г ийн тухайд Төрийн албанд 32 жил, үүнээс удирдах албан тушаалд 15 жил ажилласан байх бөгөөд өөрөөс үл хамаарах нөхцөл байдлын улмаас албан тушаалын ангилал зэрэглэл буурч, төрийн алба хашиж байсан энэ тохиолдолд түүнийг төрийн албаны удирдах албан тушаал хашиж байгаагүй этгээд гэж шууд үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсаны улмаас нэхэмжлэгчийн албан тушаалын ангилал, зэрэглэл буурсан шалтгаан нөхцөл нь түүнийг төрийн албаны удирдах албан тушаал хашиж байсныг үгүйсгэх нөхцөл биш тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд төрийн албаны тусгай шалгалт авна гэснийг зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүй.

 

2.7. Түүнчлэн нэхэмжлэгч нь Увс аймгийн иргэдийн Төлөөгчдийн Хурлын ажлын албаны Бодлого зохицуулалт, хууль эрх зүй, хяналтын хэлтсийн даргын албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг ажлын туршлага, мэргэжил, мэргэшлийн түвшингээрээ хангаж байгаа болох нь дээр дурдсан ажилласан жилийн туршлага болон хэрэгт авагдсан Удирдлагын академийн 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2427 дугаартай “Төрийн удирдлагын арга зүйч, зохион байгуулагч” мэргэшлийн дипломын хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А4243 дугаартай “Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалт” сертификатын хуулбар зэргээр тогтоогдож байна.

 

2.8. Энэ талаар анхан шатны шүүх “...нэхэмжлэгч нь Увс аймаг дахь Гаалийн газарт улсын ахлах байцаагчийн албан тушаал буюу дэс түшмэлийн албан тушаалд түр хугацаагаар томилогдохоос өмнө төрийн албаны удирдах албан тушаалыг 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт тасралтгүйгээр 15 гаруй жилийн хугацаанд хашиж байсан нөхцөл байдлыг хариуцагч талаас харгалзан үзэх ёстой байсан ...” гэж үндэслэлтэй зөв дүгнэсэн атлаа маргаан бүхий Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ******* тогтоолын нэхэмжлэгч Д.Г-т холбогдох хэсгийг 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж, тухайн хугацаанд хариуцагчийг дахин шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

2.9. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө” гээд 27.1.1-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс”, 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно”, 44.3-д “Энэ хуулийн 44.1, 44.2, 44.5-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй”, 66 дугаар зүйлийн 66.1.2-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэж тус тус зааснаас үзвэл тухайн тохиолдолд маргаан бүхий тогтоол нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, хуулийн зүйл заалтыг буруугаар хэрэглэсэн үндэслэлгүй шийдвэр гэж үзэхээр байна.

 

2.10. Нэхэмжлэгч талаас давж заалдах шатны шүүх хуралдаанд маргаан бүхий тогтоолыг үндэслэж Д.Г-ийг ажлаас чөлөөлсөн акттай шүүхээр маргаж байгаа, тус ажлаас чөлөөлсөнтэй холбоотой маргаан шүүхэд хянагдаж байх хугацаад тухайн албан тушаалын орон тоонд сонгон шалгаруулалт зарласан байсныг түдгэлзүүлсэн талаар тайлбарласан бөгөөд уг нөхцөл байдлыг талууд үгүйсгээгүй болохыг дурдах нь зүйтэй. 

 

2.11. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...Д.Г ийг албан тушаалаас чөлөөлсний дараа Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар сургалт, мэдээлэл, стандартын салбар сан хариуцсан мэргэжилтнээр шилжүүлэн томилсон, ...энэ талаар шүүх тодруулж, нотлох баримт цуглуулах үүргээ бүрэн биелүүлээгүй хэргийг шийдвэрлэсэн, ...Д.Г-ийн хөдөлмөрийн харилцаа тасраагүй” талаар дурджээ. Хэдийгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүх цуглуулах үүрэгтэй боловч нөгөө талаас хариуцагч нь мөн зүйлийн 32.3-д зааснаар хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй бөгөөд энэ тохиолдолд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ нотлох үүргээ хангалттай хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байх бөгөөд анхан шатны шүүх дээр энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй, хэрэгт авагдсан баримт байхгүй тул энэ талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэх боломжгүй.

 

2.12. Нэгэнт маргаан бүхий тогтоол нь хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулан, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд хариуцагчийг дахин шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 704 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Г-аас Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ******* тогтоолын хавсралт 1-ийн Д.Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай” гэж, 2 дахь заалтыг хасч, 3 дахь заалтын дугаарыг 2 болгон “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Х-ийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА