Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/08

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга                  М.Баярмэнд

Улсын яллагч                                  Б.Төрболд                

Шүүгдэгч                                           Т.Гансүх

Хохирогч                                           Д.Пүрэвжав

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Гансүхэд холбогдох 2223000000207 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Завхан аймгийн Улиастай сум, Жаргалант багийн Нефтийн шинэ хэсгийн 1108 тоотод оршин суух хаягтай, Сартуул овогт Танягийн Гансүх /регистрийн дугаар: ИА81072113/

Урьд: Завхан аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.5 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Гансүх нь шунахай сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Завханмандал сумын Олонбулаг багийн нутаг “Ухаагийн магнай” гэх газарт хохирогч Д.Пүрэвжавтай уулзаж 134 тооны бог малыг 13.645.000 (арван гурван сая зургаан зуун дөчин таван мянган) төгрөгөөр худалдан авахаар тохиролцон худалдан аваад аймгийн төв ороод малын чинь мөнгийг данс руу нь шилжүүлэн гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Түүний холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн” гэмт хэрэгт хамаарч байна.  

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

                   Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Гансүх нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Д.Пүрэвжавтай тохиролцон түүнээс 134 тооны  бог малыг авч “мөнгийг аймгийн төв ороод данс руу нь шилжүүлнэ” гэж  хуурч итгүүлэн малыг өөртөө шилжүүлэн авсан хэргийн үйл баримт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан нотлох баримтуудаар нотлогджээ. Тухайлбал:

Т.Гансүхэд 134 тооны бог малыг худалдсан талаараа мэдүүлсэн хохирогч Д.Пүрэвжавын  “...ченж манайд ирээд надаас ...хурга 15,  төлөг 10, эм хонь 36, эм ямаа 52, эр ямаа 21  ...нийт 134 тоо толгой бог мал   малын үнэ болох 13.645.000  төгрөгийг  миний дансанд хийнэ, одоо малаа ялгаж аваад тууж аваачиж хашчихаад машин дуудаж ачуулахаас гээд малаа ялгаж туугаад явсан.  ...надтай уулзаад би аймаг ороод малын чинь мөнгийг данс руу чинь хийнэ. Надад дансныхаа дугаарыг өгчих гээд миний Хаан банкны дансны дугаарыг бичиж аваад би тухайн хүний утасны дугаар нэрийг утсан дээрээ бичиж аваад явуулсан. Тэгээд тэрнээс хойш нөгөө хүн миний малын үнийг өгөлгүй удаад байхаар нь би утас руу нь үе үе залгахад уг утас нь дуудаад байгаа боловч огт утсаа авахгүй одоог хүртэл миний малын үнийг өгөлгүй намайг залилаад надаас малыг минь авч яваад хохироочхоод байгаа юм. ...нэлээд хэдэн жилийн өмнөөс манай сумдаар мал авч байна гээд манайхаар орж гарч байсан. Би тэр хүнийг Гансүх гэдэг нэртэй аймгийн төвд амьдардаг малын наймаа арилжаа хийдэг...” гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн гэрч Р.Буянжаргалын “...Манайх 2021 оны 10 дугаар сард Завханмандал сумын Олонбулаг багийн нутаг Ухаагийн магнай гэх газарт намаржаандаа байхад ...мал амьдаар нь худалдан авч яваа гэх Гансүх манай гэрт ирээд ...манайхаас хонь, ямаа нийлсэн нийт 134 тооны бог малыг худалдан авч явъя гэж хэлээд малын хашаанаас ялгаж туугаад сумын төвийн урд аваачиж энэ малуудаа ачуулж явуулчхаад буцаж ирээд мөнгийг чинь өгье гээд аваад явсан. ...танайхаас авсан малаа аймаг руу ачуулчихсан. Та дансныхаа дугаарыг өгчих данс руу чинь хийчихнэ гэж манай нөхөр Д.Пүрэвжавт хэлээд манай нөхрийн Хаан банкны дансны дугаарыг цаасан дээр бичүүлж аваад өөрийнхөө утасны дугаарыг өгөөд явсан. Тэгээд тэрнээс хойш нөгөө хүн чинь малынхаа мөнгийг хийхгүй болохоор нь нөхөр бид 2 утас руу нь залгахаар нэг бол утсаа авахгүй, нэг бол утас нь дуудаж байгаад салгаад огт утсаа авч бидэнтэй холбогдоогүй өдий хүрсэн юм. Тэгээд тэрнээс хойш нөгөө хүн одоо болтол огт бидэнд олдохгүй биднийг залилж мэхэлж хохироогоод байгаа...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Д.Ренчинванжилын “...хадам аав Д.Пүрэвжаваас авсан малынхаа мөнгийг өгөөгүй залилчихлаа гэж ярьж байсан. Тэгээд тэр Гансүх гэх залуу хадам ааваас авсан малынхаа мөнгийг өгөхгүй, утсаа ч авахгүй, холбоо барихгүй бүр зугтаагаад олдохгүй болохоор нь хадам аав, ээж хоёр намайг аймаг орж хөөцөлдөөд өгөөч гэхээр нь би 2022 оны 06 дугаар сард аймгийн төв рүү орж Гансүх гэх хүнтэй хөөцөлдөн байж, гэр орноор нь дахин дахин очиж хадам аавд өгөх ёстой мөнгөнөөс нь 2 сая төгрөгийг хадам аав Д.Пүрэвжавын ХААН БАНК-ны данс руу нь Гансүхээр шилжүүлүүлсэн. Үлдсэн мөнгийг нь Гансүх гэх хүн одоо хүртэл хадам аавд өгөхгүй зугтаад залилаад яваад байгаа. ...Гансүх гэгч залуу 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хөдөө манай хадам аав Д.Пүрэвжавын гэрт ирээд тэднийхээс эр ямаа, эм ямаа, эм хонь, төлөг, хурга нийлсэн 134 тооны нийт 13.645.000 төгрөгийн үнэ бүхий дан бог мал авч явсан юм. Тухайн үед тэр Гансүх гэх хүнээс манай хадам аав Д.Пүрэвжав тооцоогоо яаж хийх юм бэ? гэж асуухад тэр Гансүх гэх хүн тэднийхээс авсан малаа сумын төв тууж оруулж машин дуудаж ачуулна, тэгээд шууд буцаж ирээд тооцоогоо хийчихнэ гэсэн болохоор нь худалдах худалдан авах гэрээ хийгээгүй тэр үгэнд нь итгээд малаа өгөөд явуулсан. Хадам аав Д.Пүрэвжавт Гансүх гэх залуу тухайн үед шууд тооцоогоо хийчихнэ асуудалгүй гэж хэлчхээд 3, 4 хоногийн дараа намайг тэднийхээс явсны дараа гэрт нь ирээд дансныхаа дугаарыг өгчих сумын төв ороод данс руу чинь шилжүүлчихнэ гэж хэлээд хуураад өөрийнхөө худал үгэндээ манай хадам аав, ээж хоёрыг итгүүлээд явсан байсан. Тэгээд одоог хүртэл хөгшин хүмүүсийг хуураад яваад байгаа юм...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Ж.Мягмаржавын  “...Гансүх гэх залуу  Д.Пүрэвжав, бид 2-оос авсан хонь, ямаа нийлсэн нийт 150 гаран тооны бог мал тэдний хашаанаас ялгаж Д.Пүрэвжавын хүргэнтэй нь хамт сумын төв рүү туугаад явсан. Би малаа тэмдэглэж дуусчхаад орой нь мотоциклтойгоо сумын төв рүү гэр лүгээ явж байхад Гансүх гэх залуу сумын төвийн урд талын малын хашаанд нөгөө тууж явсан малуудаа хашчихсан харагдаж байсан. Би тэр хашаан дээр нь явж очоод Гансүх гэх залуугаас өгсөн малынхаа тооцоог хийе гэсэн чинь за би хүнээс мөнгө ороод ирэхээр нь тантай тооцоогоо хийе, хүнээс мөнгө орж ирэхийг нь хүлээж байна гэхээр нь би гэр лүүгээ явсан. ...Орой нь дахиж уулзаад би өөрийнхөө Гансүхэд өгсөн малынхаа мөнгийг авсан. Харин Д.Пүрэвжав дараа нь Гансүхэд өгсөн малынхаа мөнгийг авч чадаагүй хулхидуулаад өнгөрсөн гэж ярьж байсан. Тэр Гансүх гэх залуугийн араас би өөрөө тухайн үед нь хөөцөлдөж байгаад мөнгөө авчихсан. Харин Д.Пүрэвжав тэр залуугийн араас хөөцөлдөж явж мөнгөө нэхэж авч чадаагүй болохоор мөнгийг нь одоо хүртэл өгөөгүй байгаа юм шиг байсан. Тэгээд намайг саяхан Улаанбаатар хотод явж байхад манай сумын цагдаа над руу утсаар яриад дуудахаар нь Д.Пүрэвжавыг тэр Гансүх гэдэг залуугаас одоо хүртэл мөнгөө авч чадаагүй болохоор цагдаад гомдол гаргасныг нь мэдсэн юм...” гэсэн мэдүүлгээр,

Мал ачсан талаараа мэдүүлсэн гэрч Г.Даваагийн  “...Би Т.Гансүхийн ачуулсан бог малыг ачаад Улаанбаатар хот явахдаа мөн адил ганцаараа явсан.  ...Т.Гансүх надад малаа ачуулж явуулахдаа Улаанбаатар хот орохоор чинь манай ах Эмээлтээс таныг тосоод авна гэж хэлээд ахынхаа утасны дугаарыг өгөөд явуулсан. Тэгээд би Т.Гансүхийн ачуулсан малыг Улаанбаатар хот руу оруулаад Т.Гансүхийн ах Мөрөн гэдэг хүн рүү утсаар ярихад Мөрөн гэдэг ах нь Эмээлтийн тэнд тосож аваад нэг хашаа зааж өгөөд тэр хашаа руу орж малыг нь буулгаж өгөөд үхсэн малыг нь тоолж өгчхөөд л би явсан...” гэсэн мэдүүлгээр,

Өөрийн Хаан банкны 5519120631 тоот дансаа Т.Гансүхэд ашиглуулахаар зөвшөөрсөн талаараа  мэдүүлсэн гэрч Ж.Цэцэгмаагийн “...Манай нөхөр Т.Гансүхийн 5495323317 тоот дансыг банкны зээл хэтэрсэн гэх шалтгаанаас болж Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газраас хязгаарлалт хийсэн байсан. Тэрнээс хойш манай нөхөр миний 5519120631 тоот дансыг ашиглах болсон...” гэcэн  мэдүүлгээр болон  Завхан аймгийн Хаан Банкны салбар, Төрийн банк, Хас банкны албан бичгүүд болон депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, шүүгдэгч Т.Гансүхийн эзэмшлийн Хаан, Төрийн банк, Хас банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, Завхан аймгийн Хаан Банкны салбарын албан бичиг, хавсралтаар ирүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Жүгдэржавын Цэцэгмаагийн депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Д.Пүрэвжавт 13.970.000 төгрөгний хохирол учирсан нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн  үнэлгээчний“...нийт 134 тооны бог малын зах зээлийн үнэ 2021 оны 10 дугаар сарын байдлаар Завхан аймагт 13.970.000 /арван гурван сая есөн зуун далан мянга/ төгрөг байсан байна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гансүхэд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хавтаст хэрэгт нотлох баримт бүрдүүлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлэх боломжтой байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шинжлэн судалсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ  хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар  шууд өөрийн мэдэлд авах, буцаан өгөхгүй, хариу төлбөр хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой бөгөөд хэргийн үйл баримтад дүгнэлт хийхэд Т.Гансүх Д.Пүрэвжавыг хуурч “малын үнийг аймаг ороод данс руу чинь шилжүүлнэ” гэж  урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 134 тооны малыг  өөрийн эзэмшилд шилжүүлэн авч үнийг төлөх талаар арга хэмжээ аваагүй, малыг буцаан өгөх идэвх санаачлага гаргаагүй бусдад худалдан борлуулж үнийг нь өмчлөгчид өгөлгүйгээр өөртөө  ашигласан  үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжтэй байна.

Түүнчлэн Т.Гансүхийн  дээрх үйлдэл нь шууд санаатай үйлдэл бөгөөд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсч үйлдэж бусдад хохирол, хор уршиг учруулсан нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан гэж үзэх үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Т.Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “бусдыг хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хохирогч  гэм буруутай этгээдээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг нэхэмжлэх эрхтэй ба хохирогч Д.Пүрэвжавт 13.970.000 төгрөгийн  бодит хохирол учирсан байна.

Шүүгдэгч Т.Гансүх нь хохирогч Д.Пүрэвжавт 2.000.000 /хоёр сая/ төгрөг  төлсөн болох нь хохирогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дансны хуулгаар тогтоогджээ. Иймд  шүүгдэгч Т.Гансүхээс 11.970.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Пүрэвжавт  олгох нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Гансүх  нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар маргаагүй нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

          Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч Т.Гансүхийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэжээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Шүүгдэгч Т.Гансүхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Гансүхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 /дөрөв/ сарын хугацаанд сар бүр /200.000/ хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Гансүх нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний үнэмлэх хэрэгт хавсаргагдсан болохыг  тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд        

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сартуул овогт Танягийн Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу  бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гансүхийг 800 /найман зуун мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000  /найман зуун  мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч 800 /найман зуу мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.00 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 /дөрөв/ сарын хугацаанд сар бүр /200.000/ хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүгдэгчийн торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Т.Гансүхийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол 11.970.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Пүрэвжавт олгосугай.

6. Шүүгдэгч Т.Гансүхэд 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧН.ДЭЛГЭРМАА