| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2023/0005/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/005 |
| Огноо | 2023-01-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золцэцэг,
Улсын яллагч Д.Рэгзэдмаа,
Шүүгдэгч *******, Шүүгдэгчийн өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял, 06 сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж шийдвэрлэсэн.
2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаартай прокурорын тогтоолоор 2021 оны Өршөөлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 хэсэгт зааснаар хэргийг өршөөн хэлтрүүлсэн.
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдэж, улмаар ялтны хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 97 дугаартай шүүгчийн захирамжаар урд шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлахаас эдлээгүй үлдсэн 47 хоногийн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 1 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, ******* тоот регистрийн дугаартай, овогт ******* *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 14 цагт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 8-23 тоотод өөрийн төрсөн хүүхэд болох бага насны *******г уруулын будаг түрхлээ гэж төмпөнгөөр нүүрэн хэсэгт савж цохин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 14 цагт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 8-23 тоотод өөрийн төрсөн хүүхэд болох бага насны *******г уруулын будаг түрхлээ гэж төмпөнгөөр нүүрэн хэсэгт савж цохин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь ...
Насанд хүрээгүй хохирогч *******гийн хууль ёсны төлөөлөгч Н.ын…Манай нөхрийг ******* ******* гэдэг сүүлийн 7 хоног тасралтгүй архи ууж байна. Өнөөдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 10 цаг өнгөрч байхад би 1 дүгээр ангийн охиноо сургуульд хүргэж өгчхөөд 12 цаг болж байхад гэртээ ирсэн. Тэгсэн ******* бага хүү уруул дээр уруулын будаг түрхлээ гээд хүүхдээ... зодох гээд... хөөсөн. Хүү гэрээ тойроод зугтсан. Тэгсэн ардаас нь гэрийн гадаа үүдэн дээр байсан гялтгар нимгэн төмөр төмпөнгөөр миний хүүхдийн зүүн нүдийг хавсруулаад нэг удаа саваад цохисон. Тэгээд намайг “хутга шааж ална” гээд байхаар нь би арынхаа хаалгаар гараад зугтсан. Тэгээд үзүүрийн дэлгүүр рүү ороод цагдаа дуудсан. ******* ер нь архи уухаараа дандаа ална хядна гээд байдаг. Миний хүүхэд 2019 оны хүүхэд 3 настай. Төрсөн хүүхэд нь мөн байгаа юм. ******* бичиг баримтыг нь өөрөө авч яваад миний нэр дээр гаргуулчхаад ирсэн байсан... 2016 оноос өмнө нь танилцсан байсан. 2016 онд анх том охин гарсан. Түүний дараа гарсан бид хоёр гэр бүлийн баталгаа бол байхгүй..., ...Би өмнө нь хохирогчоор өгсөн мэдүүлэг дээрээ болсон зүйлийн талаар үнэн зөв ярьсан нэмж ярих зүйл байхгүй одоо миний хүүхдийн биеийн байдал гайгүй зүгээр байгаа... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22, 23-24/,
Шүүгдэгч *******ын ...Миний бие хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54/,
Насанд хүрээгүй оролцогч овогтой ын насыг тооцсон тэмдэглэл ...ын Бат-Аргамжаа нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн. ВЭ19222311 регистрийн дугаартай... 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 3 нас, 6 сар, 22 хоногтой байх үедээ бусдад зодуулсан байна...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 15/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 615 тоот шинжээчийн ...*******гийн биед тархи доргилт, дух шанаа, нүд, хацарт цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт /хх-ийн 29-30/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 55-82/,
Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н. нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй тухайгаа хавтаст хэргийн 24 дүгээр талд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.
Хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан нимгэн төмөр төмпөн 1 ширхгийг устгаж, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, уг хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******д 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж байгаа газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний зах, хүнсний дэлгүүр, эрхэлж буй ажил гэсэн чиглэлээр зорчихоор даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нимгэн төмөр төмпөнг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА