| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2023/0005/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/11 |
| Огноо | 2023-01-06 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж
Нарийн бичгийн дарга М.Баярмэнд
Улсын яллагч Н.Баасанжав
Шүүгдэгч Н.Батдэлгэр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярцогт
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Батдэлгэрт холбогдох 2223000000213 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, тусгай боловсролтой, сантехникч, цахилгаанчин мэргэжилтэй, малчин, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй , хэрэг хариуцах чадвартай Шавь овогт Насанбатын Батдэлгэр, /регистрийн дугаар: ИФ97041019/
Шүүгдэгч Н.Батдэлгэр нь 2022 оны 11 дүгээр зүйлийн 04-ний өдөр Завхан аймгийн Яруу сумын нутаг Чойндон гэх газарт бэлчээрлэж байсан иргэн Т.Дашдэмбэрэлийн эзэмшил, өмчлөлийн 2 тооны адууг нууцаар хууль бусаар өөртөө шилжүүлэн авч хохирогч Т.Дашдэмбэрэлд 2200000 төгрөгийн хохирол хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Н.Батдэлгэрт холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
1.Шүүгдэгч Н.Батдэлгэр нь 2022 оны 11 дүгээр зүйлийн 04-ний өдөр Завхан аймгийн Яруу сумын нутаг дэвсгэр “Чойндон” гэх газарт бэлчээрлэж байсан иргэн Т.Дашдэмбэрэлийн 2 тооны адууг хулгайлсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:
Адуугаа алдсан талаар мэдүүлсэн хохирогч Т.Дашдэмбэрэлийн “...манай адуу Завхан аймгийн Яруу сумын нутаг болох Чойндон гэх газарт байсан. ...2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш алга болсон ...хайгаад олохгүй байж байтал Язрай адуу авч байгаа сураг гарахаар нь шүүж үзэхэд миний хулгайд алдсан 2 адуу байсан. ...Хур дэлтэй, саарал зүсмийн, 10 настай, зөв талын гуяндаа чандмань тамгатай, нөгөө нь хул зүсмийн, 12 настай, зөв талын гуяндаа чандмань тамгатай байсан...” гэсэн мэдүүлгээр,
Н.Батдэлгэрээс хул, зөв талын гуяндаа чандмань тамгатай, саарал зүсмийн зөв талын гуяндаа чандмань тамгатай 2 тооны адуу худалдан авсан талаар мэдүүлсэн гэрч М.Өлзийбаярын “...Батдэлгэр гэх залуу, Нацагдорж ах хоёр нийт 4 тооны адуу тууж ирснийг би худалдан авсан. ...Батдэлгэр хул, зөв талын гуяндаа чандмань тамгатай, нөгөө нь саарал зүсмийн зөв талын гуяндаа чандмань тамгатай 2 тооны адуу өгсөн. Батдэлгэрээс тухайн өгсөн 2 тооны адууны тамгыг асуухад Завханмандал сумаас хүнээс авсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,
Энэ талаар мэдүүлсэн гэрч Б.Нацагдоржийн “...Яруу сумын нутаг дэвсгэр Язрагийн чулуу хашаанд адуу авч байхаар М.Өлзийбаярт хоёр адуугаа зарах гээд байж байхад Н.Батдэлгэр нь дөрвөн тооны адуу тууж ирээд 4 адуугаа Язрагийн чулуун хашаанд хийгээд хоёр адууг нь үлдээгээд унагатай гүүг нь буцаагаад гаргаад хөөгөөд явуулчихсан. ...Язрагийн чулуун хашаанд М.Өлзийбаяр гэгчид зарсан хоёр морь нь их дэлтэй бор саарал зүсмийн морь, чандмань тамгатай, нөгөө морь нь бас чандмань тамгатай, хул зүсмийн морь байсан...” гэсэн мэдүүлгээр,
Шүүгдэгч Н.Батдэлгэрийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2022 оны 11 дүгээр зүйлийн 04-ний өдөр ...тэнд байсан 2 тооны адууг хэний эзэмшлийг нь мэдэхгүй тууж яваад Өлзийбаярт өгсөн хулгайн адуу гэж хэлээгүй. 2 адууг зээлээр өгсөн мөнгийг аваагүй... гэсэн мэдүүлгээр хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Т.Дашдэмбэрэлд 2,200,000 төгрөгийн хохирол учирсан нь “Хурд-Од” ХХК-ны хөрөнгийн үнэлгээчин Х.Сольхүүгийн гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 223 дугаартай дүгнэлт “...2022 оны 11 сарын байдлаар нас бие гүйцсэн бүдүүн 2 насны морины үнэлгээг 2,200,000 төгрөг гэж тогтоолоо...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.
Өөрөөр хэлбэл мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдсэн байдаг ба эд хөрөнгийг эзэмшигч өмчлөгчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрнэ.
Шүүгдэгч Н.Батдэлгэр нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсч үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, тэрээр 2 тооны бод мал буюу олон тооны мал хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийн обьектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд шүүгдэгч Н.Батдэлгэрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч Н.Батдэлгэр нь хохирогч Т.Дашдэмбэрэлд хохирол төлбөрөө барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч Н.Батдэлгэрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Батдэлгэр нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлж байна.
Түүнчлэн улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Батдэлгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлж, шүүх хуралдаанд оролцогч саналаа дэмжсэн.
Иймд шүүгдэгч Н.Батдэлгэрт Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Н.Батдэлгэрт прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Батдэлгэрийн эд хөрөнгөөс битүүмжилсэн Даюун маркийн ногоон өнгийн улсын дугааргүй мотоциклыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Батдэлгэр тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.6, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шавь овогт Насанбатын Батдэлгэрийг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.Батдэлгэрт 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батдэлгэрт оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Н.Батдэлгэрт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
5. Н.Батдэлгэрийн эзэмшлийн Даюун маркийн ногоон өнгийн улсын дугаартай мотоциклыг битүүмжилсэн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 16 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч Н.Батдэлгэр энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа, цахим үнэмлэхний хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧН. ДЭЛГЭРМАА