Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/21

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, 

Улсын яллагч З.Бат-Амгалан,

Шүүгдэгч ********************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********************холбогдох эрүүгийн 2238000000723 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ********************нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн “Талын хонхор” 3-7 тоотод байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ********************зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч ********************нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн “Талын хонхор” 3-7 тоотод байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ********************нүүр лүү гараараа цохиж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000723 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ********************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ********************эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч ********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Энэ оны 11 дүгээр сарын 01-ний шөнө би өөрийн хамаатны дүү болох Мягмар-Эрдэнийн гэрт очсон. Мягмар-Эрдэнэ бид хоёр Эрдэнэбулган сум руу самарт яваад буцаж ирээд шууд гэрт нь шөнийн 04 цаг болж байхад очсон. Мягмар-Эрдэнийн эхнэр хоол хийж өгөөд бид хоёр 1 шил 0.75-тай Хараа архийг хоёулаа хувааж уусан. Гэрт нь эхнэр Санжаа, найз Лхагва нар байсан. Тэдгээр хүмүүс бол архинаас уугаагүй зөвхөн бид хоёр уусан. Тэгээд архиа ууж дуусгачхаад өглөө болохоор нь дахиад 2.5 литрийн пиво дэлгүүрээс авч ирж уусан. Тэгээд пиво уугаад байж байтал Мягмар-Эрдэнэ бид хоёр маргалдсан ба шалтгаан нь самарт яваад самар түүж чадалгүй, мөнгө олоогүй гэдэг шалтгаанаас болж маргалдсан. Би нэлээн согтуу байхад миний баруун нүд рүү гараараа цохисон. Би тухайн үед хувцсаа ч өмсөлгүй гарч зугтаагаад гэртээ харьсан. Би энэ явдал болсноос хойш 2 удаа Мягмар-Эрдэнэтэй уулзаж эмнэлгээр хамт яваад өгөөч гэхэд Мягмар-Эрдэнэ намайг үл тоосон байдалтай, намайг өгдөг газраа өг, би эмнэлгээр чинь явж чадахгүй пизда минь, хэдэн төгрөг авах гээд байгаагаа утсаар хэлээрэй, тэр мөнгийг чинь өгчихнө гээд байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 6-7-р хуудас),

Гэрч ********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр ******************** надад ярихдаа самарт явсан Мягмар-Эрдэнэ гэх залууд зодуулсан. Баруун нүд рүү цохисон гэж надад ярьсан. Энэ хоёр хамт самарт яваад хоосон ашиггүй ирсэн гэх шалтгаанаас болж архи ууж байхдаа маргалдсан гэж надад ярьсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 12-13-р хуудас),

Гэрч ********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******************** ах манай нөхөр хоёр архи уусан. Архиа дуусаад дэлгүүрээс ахиад пиво аваад тэрийгээ ууж дуусаад манай нөхөр ******************** ахыг унтаж амар гэсэн чинь ******************** ах нэлээн согтчихсон уурлаад манай нөхөрийг нэг цохисон. Тэгэнгүүт манай нөхөр ******************** ахыг зөрүүлээд цохисон...” гэх мэдүүлэг (хх-ийн 18-19-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч М.Мягмаржавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас иргэн Б.******************** нь Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан эсэх талаар лавласан албан тоот ирүүлсэн. Түүний дагуу байгууллагын эрүүл мэндийн даатгалын цахим системээс шүүж үзэхэд иргэн Б.******************** нь 11 дүгээр сарын 01-ний өдөр яаралтай гэмтлийн түргэн тусламж үйлчилгээг авсан. Тухайн мөнгөн дүн нь 45.000 төгрөг болсон талаар гарч ирсэн. Тиймээс эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 45.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 10-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайгийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 575 дугаартай дүгнэлтэд:

1. ********************биед баруун нүдний ухархайн ханын хугарал, баруун дээд зовхи, баруун хацарт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтлүүд нь хэрэг гарсан гэх 2022.11.01-нд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

4. ********************биед учирсан ухархайн ханын хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн, бусад цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

6. цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 22-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайгийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 613 дугаартай дүгнэлтэд:

  1. 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гарсан №575 дугаартай дүгнэлтэд залруулах зүйл байхгүй.
  2. Өмнөх дүгнэлтэд тусгагдсан хамар ясны хугарал шинэ гэмтэл ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн өмнөх №575 дугаартай дүгнэлтэд дурдагдсан гэмтэл нь бичиг баримт дээр тусгагдсан гэмтэлтэй цаг хугацаагаараа тохирч байна.
  3. Өмнөх гаргасан №575 дугаартай гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 28-р хуудас),

        Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: Иргэний үнэмлэхийн  лавлагааны хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 48-49, 54-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Эрүүгийн 2238000000723 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ********************нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн “Талын хонхор” 3-7 тоотод байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ********************гараараа нүүр рүү цохиж баруун нүдний ухархайн ханын хугарал, баруун дээд зовхи, баруун хацарт цус хуралт бүхий  гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ********************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч ********************(хх-ийн 6-7-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

Гэрч ********************(хх-ийн 12-13-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

Гэрч ********************(хх-ийн 17-18-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайгийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 575 дугаартай дүгнэлт (хх-ийн 22-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайгийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 613 дугаартай дүгнэлт (хх-ийн 28-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Мягмар-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ********************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ********************нь хохирогч ********************эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба хохирогч Б.********************д учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна. Мөн Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ********************нь 45,000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсан тухай 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 31/07 дугаартай албан тоотыг ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Мягмар-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ********************нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 54-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч ********************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа  хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2238000000723 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч ********************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********************450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ********************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 2238000000723 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********************урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР