Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,

Улсын яллагч Ц.Батзаяа,

Шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О ургийн овогтой Д-ийн Ц-д холбогдох 2216001580154 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Ц нь 2022 оны 04 дүгээр сарын 15-аас 20-ны өдрүүдийн хооронд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгонд байх тариалангийн талбайд Говь-Алтай аймгийн шүүхийн шийдвэрийн хяналтад байсан Doosan-55 маркын эксковаторын апартур 1 ширхэг, түлш татахад ашигладаг шланк 1 ширхэг, халаагч 4 ширхэг, гидрийн даралттай шланк 1 ширхэг, кабины хажуугийн салхины шил 1 ширхэгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Н.Ган-Эрдэнэд 2,464,000 (Хоёр сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга)  төгрөгийн хохирол учруулсныг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Д.Ц нь 2022 оны 04 дүгээр сарын 15-аас 20-ны өдрүүдийн хооронд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгонд байх тариалангийн талбайд Говь-Алтай аймгийн шүүхийн шийдвэрийн хяналтад байсан Dооsаn-55 маркын эксковаторын апартур 1 ширхэг, түлш татахад ашигладаг шланк 1 ширхэг, халаагч 4 ширхэг, гидрийн даралттай шланк 1 ширхэг, кабины хажуугийн салхины шил 1 ширхэгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Н.Г-Э-д 2,464,000 (Хоёр сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга) төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Тус үйл баримт нь бусдын эд хөрөнгөд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, өмчлөх эрхэд нь халдаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Д.Ц гэм буруутай болох нь:

 

1.Шүүгдэгч Д.Ц-ын шүүх хуралдаанд өгсөн: “Би хулгайлъя гэж хулгайлаагүй, Эрхэмбаяр гэдэг хүн надаас 3,000,000 төгрөг авчихаад хоёр гурван жил болж байгаа юм. Тэгээд мөнгөө олж авч чадахгүй юм байна гэж бодоод трактороос нь тайлж авсан. Хулгайлъя гэж аваагүй. Гэм буруугаа би хүлээж байна. Та бүхэн намайг өршөөгөөрэй, миний буруу” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

2.Хохирогч Н.Г-Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн трактор нь 2020 онд шүүгчийн захирамжийн дагуу улсын орлого болж манай байгууллагын мэдэлд ирээд хуучин эзэн Э-д хадгалуулж байсан. Тракторыг төрийн өмчид шилжүүлж дуудлага худалдаагаар худалдан авсан Азжаргал гэх эмэгтэйд 2022 оны 08 дугаар сарын 03-нд хүлээлгэж өгөх гэтэл тракторын шил, гидрийн шаланк, халаагч, апартур бусад эд зүйл байхгүй байхаар нь хариуцаж байсан Э-т хэлэхэд хулгайд алдагдаж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан шалгагдаж байгаа гэж мэдэгдсэн. Тэгээд тухайн тракторыг А гэх эмэгтэй, түүний аав М нарт хүлээлгэж өгсөн. ...Гидрийн шаланк, халаагч, апартур, хажуугийн салхины шил алга байсан. Мөн Э цэнхэр нацос, нурууны цилиндер хүнийх байсан учир буцаагаад хүлээлгэж өгсөн гэж хэлж байсан. Трактороос хулгайд алдагдсан эд зүйлсийг буцаан авч, трактор худалдан авсан Азжаргалд хүлээлгэж өгөх саналтай байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 178 дугаар хуудас/,

 

          3.Иргэний нэхэмжлэгч А.Аын мөрдөн байцаалтад өгсөн: “...Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудлага худалдаагаар зарласан байсан Doosan-55 маркын экскаваторыг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр болоод манайх 7,700,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд 14 хоногийн дотор төлбөрөө төлөөд Говь-Алтай аймаг Гуулин тосгоны тариалангийн талбай дээрээс очиж авсан. Авах гээд очтол ком апартур, халаагч 4 ширхэг, хос насос, цилиндер 1 ширхэг, агаар шүүгч, өндөр даралтын шаланк, арын шил зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан...хулгайд алдсан эд зүйлсээ олж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,

 

          4.Гэрч Х.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “...Унагалдай гэх нэрээр монголчууд мэддэг экскаватор-55 маркийн тракторыг би 2017 онд 28,000,000 төгрөгөөр худалдан авч байсан юм....2022 оны 04 дүгээр сарын 15-аас 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Гуулингийн урд талбайд трактороо аваачаад тавьсан байх үеэр түүнээс апартур, халаагч 4 ширхэг, том жижиг нийлсэн 8 ширхэг шланк, хажуугийн онгойдог шил, тосон агаар шүүгч, удирдлагын хуваарилагч зэрэг эд ангийг нь хулгайд алдсан. Алдагдсан эд зүйлийн талаар 2022 оны 06 дугаар сарын 12-нд билүү 13-ны өдөр Дэлгэр сумын цагдаад мэдэгдсэн. Баянхонгор аймгаас миний тракторын эд ангийн талаар сураг гарсан гарахдаа танай Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин багийн Хумбагай, Баянхонгор аймгийн Галуут сумын иргэн Бороо гэх нэртэй 2 залуу наад алдагдсан эд ангиудыг чинь авч ирж энд зарсан гэж хэлсэн...Би Д.Цтой суваг сэргээх ажил хийхээр 2021 оны 05 дугаар сард тохирч миний экскаваторын цэнхэр насос, нурууны цилиндр ажиллахгүй байсан тул Чандмань сумын Энхээд нурууны цилиндр, Баянхонгор аймгийн төвийн Төрөөгөөс цэнхэр насосын түр авч тавиад Ц ын ажил хийх гэтэл нэг өдөр ажиллаад цэнхэр насос нь эвдэрсэн. Тэгээд Ц  бид 2 засах гэж Улаанбаатар хот яваад янзлуулж ирээд болохгүй болохоор цэнхэр насос, нурууны цилиндр хоёрын авч буцааж Чандмань сумын Э-д нурууны цилиндер, Баянхонгор аймгийн төвийн Төрөөд цэнхэр насосыг буцааж өгсөн... ” гэх мэдүүлэг, /хх-ийн 53- 54, 180 дугаар хуудас/,

 

          5.Гэрч П.О-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын эхээр би Говь-Алтай аймгийн Бигэр суманд Дөрөлж гэх нэртэй газарт нөхөн сэргээлтийн ажлаар ажиллаж байсан юм. Тэр үед Хумбагай буюу Ц  нь тэнд явж байгаад надтай танилцаж байсан юм. Тэгэхдээ Унагалдайны эд ангийг зарна гэсэн. Унагалдайны ихэнх эд анги нь надад байгаа би нэг тракторыг шүүхийн шийдвэрээс дуудлага худалдаагаар авсан тэр тракторыг нэг бол зармаар байна нэг бол хямд трактор олдвол сэлбэмээр байна гэж яриад явж байхдаа надтай танилцаад би түүний утасны дугаарыг нь авсан. Дараа нь түүнээс хойш 10-аад хоногийн дараа өөрөөр хэлбэл 2022 оны 04 дүгээр сарын дунд үеэс хойш байсан байх өдрийг нь сайн санахгүй байна надад унагалдай тракторын гидрийн 2 шланк, хажуугийн салхины шил зэрэг эд ангиуд хэрэг болсон юм. Тэгээд би Хумбагай руу утсаар залгаж өөрт хэрэг болоод байгаа эд ангиудыг түүнээс асуусан. Тэгтэл надад байгаа чи надаас ав гэж надад хэлсэн. Тэгээд өөрөө надад Бигэр суманд авч ирж өгөхөөр надтай тохиролцоод яриагаа дуусгасан. Маргааш нь 2 ширхэг шланк, салхины шил зэргийг авч ирж өгсөн. Би оронд нь 100,000 төгрөгийг өгөхөөр болсон тэр үед надад мөнгө байгаагүй дараа нь өгөх гээд залгахад утас нь холбогдоогүй одоо таарвал өгнө дөө гэж бодож байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар хуудас/,

 

          6.Иргэний нэхэмжлэгч Ж.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 05 дугаар сард Говь-Алтай аймгийн Бигэр сумын Дөрвөлж гэдэг газарт миний эзэмшлийн Doosan-55 маркын трактор ажиллаж байхдаа апартур нь эвдэрсэн юм. Надтай хамт манай аймгийн Галуут сумын хүмүүс тусдаа трактортой ажиллаж байсан. Тэгээд би тэр хүмүүст трактор эвдэрсэн талаар хэлэхэд надад тэр хүмүүс тэнд нэг тийм тракторын юмнууд байгаа юм шиг байна лээ 2 шланк авсан гэж байсан. Тэгээд тийшээ яриад үзээрэй гээд утасны дугаарыг нь өгсөн. тэгээд би тэр хүмүүсийн өгсөн дугаар луу нь яриад асуухад байгаа гэхээр нь ямар үнэтэй вэ гэхэд 1,100,000 төгрөгийн үнэтэй гэж байсан. Тухайн үед надад бэлэн мөнгө байгаагүй учраас тэнд би худалдаа хийж байсан хүнээс 2 хоногийн хугацаатай 900,000 төгрөг зээлээд тэр хүний данснаас мөнгө хийсэн. Тухайн үедээ надад дугуйтай трактор болгох гээд байгаа юм гэж тэр хүн өөрөө надад хэлсэн. Ийм л зүйл болсон юм...тэгээд би тэр Ц ын тракторын апартурыг 900,000 төгрөгөөр худалдаж авсан юм...би худалдан авсан 900,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,

 

          7.Иргэний нэхэмжлэгч Ж.Э-ийн мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн: “...Ц  буюу Хумбагай хочит хүнээс 2 бага оврын экскаваторын шланк авсан. Тэгээд би утсаар яриад жижиг тракторын апартур байна уу гэж асуусан чинь байгаа би одоо наад руу чинь очих гэж байна аваад очъё гэж хэлсэн. Тэгээд орой нь аваад ирсэн байсан. Наана нь 2 моторын халаагч авсан...эхлээд 1,100,000 төгрөг гэж надад хэлсэн. Тэгээд би тухайн үед нь мөнгийг өгөөгүй. Апартурыг нь тавиад үзсэн чинь утаа гараад муу апартур байсан. Тэгээд мөнгөө нэхэхээр нь худалдаа наймаа хийж байсан хүнээс 900,000 төгрөг түр зээлээд мобайл банкаар шилжүүлсэн. Утган дээр нь апартур гэж бичүүлсэн. Дараа нь би тэр хүнд мөнгийг бэлнээр өгсөн. Тэр хүнийг сайн танихгүй тэнд худалдаа хийдэг хүн байсан. Дараа нь надаас үлдэгдэл болох 200,000 төгрөгөө 99489261 гэсэн дугаараас залгаж 2 удаа нэхсэн. Би 200,00 төгрөгийг чинь өгч чадахгүй муу апартур байна лээ гэж хэлсэн...2 газраас тос гоождог апартур байсан. Ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй байсан. Одоо би трактороо Баянхонгор аймагт Эрдэнэ-Очир гэх хүнд зарчихсан, апартур нь цуг явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-63 дугаар хуудас/,

 

          8.Иргэний нэхэмжлэгч Ж.М-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Тухайн үед Doosan-55 маркын жижиг оврын экскаваторыг 7,700,000 төгрөгөөр худалдан авсан. Ингээд худалдан авах ажиллагааны газраас ШШГГ-ын харьяалалд байгаа ба Гуулин тосгоны тариалангийн талбай дээр айлын гадаа бүрэн чигээрээ байгаа гэж хэлсэн. Тухайн үед дуудлага худалдаанд оруулахдаа ажиллагаа хэвийн бүрэн техник байгаа гэж хэлсэн болохоор нь нүдээр үзээгүй, гаднах зургийг нь ч хараагүй өөрийн дотоод итгэл үнэмшлийн хүрээнд худалдаж авсан юм...би хулгайд алдагдсан эд зүйлсээ нөхөн төлүүлж, хохирлоо барагдуулж авмаар байна. Хулгайд алдагдсан зарим зүйлүүд нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан байгаа, бусад олдоогүй зүйлсээ нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 186 дугаар хуудас/,

 

          9.Ашид-Билгүүн ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ТХҮ- 622/4490 дугаартай “...Тракторын апартур 1 ширхэг 1,500,000 төгрөг, түлш татахад ашигладаг шланк 1 ш 4000 төгрөг, халаагч 1 ширхэг 180,000 төгрөг, гидрийн даралттай шланк 1 ширхэг нь 90,000 төгрөг, кабины хажуугийн салхины шил 1 ширхэг нь 150,000 төгрөг нийт 1,924,000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан, дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд /хх-ийн 66-72 дугаар хуудас/,

 

          10.Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 13-15 дугаар хуудас/,

 

          11.2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 09 дугаартай “Худалдах худалдан авах гэрээ” /хх-ийн 16-18, 164-165 дугаар хуудас/,

 

          12.2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

          13.Мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

          14.Мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

          15.Мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “”Doosan-55 маркын жижиг оврын тракторын апартур, халаагч 3 ширхэг” хураан авсан тэмдэглэл /хх-ийн 22 дугаар хуудас/

 

          16.Мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг, 82А-13 тоотод оршин суух хаягтай Жигдэнгийн Энхтөр (ВЕ74111311 регистрийн дугаар, утас: 99441201, 88089822)-өөс Doosan-55 маркын эксковаторын Апартур 1 ширхэг, 4 ширхэг халаагч зэргийг хураан авах...” талаар Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай санал /хх-ийн 23 дугаар хуудас/

 

          17.Прокурорын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 43 дугаартай “Эд зүйл баримт бичиг хураан авах тухай” зөвшөөрөл /хх-ийн 25 дугаар хуудас/,

 

          18.Прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 44 дугаартай “...Говь- Алтай аймаг, Дэлгэр сум, Гуулин багт түр оршин сууж байгаа П-ийн О-с  Doosan-55 маркийн эксковатораас алдагдсан хажуугийн салхины шил 1 ширхэг, гидрийн даралтын шланк 1 ширхэг, түлш татахад ашигладаг шланк 1 ширхэг зэргийг хураан авах...” талаарх зөвшөөрөл, мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Эд зүйл хураан авсан тэмдэглэл” /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

          19.Прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 35 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” тогтоол /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

         

          20.Прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 36 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” тогтоол /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

 

          21.Мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /хх-ийн 35 дугаар хуудас/,

 

          22.2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8 дугаар хуудас/,

 

23.Шүүгдэгч Д.Цын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би энэ тогтоолтой танилцлаа. Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би Эрхэмбаяр гэх хүнтэй 2021 оны 05 дугаар сард 2,800,000 төгрөгөөр суваг шуудуу ухуулна гэж тохирсон. Э-н трактор нэг өдөр ажиллаад эвдэрсэн. Улаанбаатар хот руу цэнхэр насосын аваад хот руу бид 2 явсан. Хотод очоод цэнхэр насосоо янзлуулаад 2,000,000 төгрөг надаас гарсан. Тэгээд ирээд ажиллуулах гэсэн чинь ажиллаагүй. Түүнээс хойш тэр Doosan-55 маркийн трактор манай манай ногооны талбай дээр байсан. Би 2022 оны 04 дүгээр сарын 15-аас 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн орчим апартур, порсунк, халаагч зэргийг тайлж аваад Баянхонгор аймгийн Энхтөр гэх залууд зараад 900,000 төгрөг авсан. О-д 2 ширхэг шаланк, гүйдэг шил өгсөн. надад 100,000 төгрөг өгнө гэж байсан. Би мөнгийг бол аваагүй...Э надаас 2,800,000 төгрөг авчхаад өгөхгүй байсан. Тэгэхээр нь Эрхэмбаярт хэлэлгүй тухайн эд зүйлийн аваад мөнгөө олж авах гэж зарсан. Апартур, порсунк, халаагч, шаланк, шил зэргийг авсан...би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна хохирол мөнгийг нь төлнө...”би тухайн апартур, порсунк халаагч, шаланк, салхины шил зэргийг авсан. Тухайн тракторын эзэн байсан Х.Э цэнхэр насос, нурууны цилиндерийг хүнийх байгаа юм гэж хэлээд тухайн трактороос авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 80, 182 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүний шинжтэй гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч Д.Цын үйлдэл нь “Бусдын 2,464,000 (Хоёр сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга) төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид материаллаг хохирол учруулсан” нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгч Д.Ц нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасан гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй үйлджээ.

 

Иймд Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул шүүгдэгч Д.Ц-г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар талуудаас хүсэлт гаргаагүй болно.

             2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Улсын яллагч Ц.Батзаяагаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Д.Ц-г нэг жилийн хугацаагаар Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээс гарахгүй байдлаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах эрүүгийн хариуцлагын санал, дүгнэлт гаргаж оролцлоо.

 

Шүүгдэгч Д.Ц-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Д.Ц-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Д.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 (Дөрвөн зуун хорь) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Ц-д оногдуулсан 400 /Дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар тогтоож, хэрэв шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулав.

 

Шүүгдэгч Д.Ц-д оногдуулсан 400 /Дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Хохирлын тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн апартур 1 ширхэг, халаагч 3 ширхэг, хажуугийн салхины шил 1 ширхэг, гидрийн шланк 1 ширхэг, түлш татах шланк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч Ж.М-д олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Ц нь гэмт хэргийг үйлдэх явцдаа 1 ширхэг халаагчийг эвдэж, цаашид ашиглах боломжгүй болгосон нөхцөл байдал тогтоогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар уг 1 ширхэг халаагчийн үнэ болох 180,000 (Нэг зуун наян мянга) төгрөгийг шүүгдэгч Д.Ц-оос гаргуулж, иргэний нэхэмжлэгч Ж.М-д олгуулж шийдвэрлэлээ. 

 

Харин иргэний нэхэмжлэгч Ж.Мөнгөнбаярын нэхэмжилсэн цилиндр 1 ширхэг, цэнхэр насос 1 ширхэг зэрэг нь энэ гэмт хэрэг үйлдэгдэх үед хулгайлагдсан эсэх нь тогтоогдоогүй, гэрч Х.Э нь мөрдөн байцаалтад “...миний эксковаторын цэнхэр насос, нурууны цилиндр ажиллахгүй байсан тул Чандмань сумын Э-д нурууны цилиндр, Баянхонгор аймгийн төвийн Төрөөгөөс цэнхэр насосын түр авч тавиад Ц ын ажил хийх гэтэл нэг өдөр ажиллаад цэнхэр насос нь эвдэрсэн. Тэгээд Ц  бид 2 засах гэж Улаанбаатар хот яваад янзлуулж ирээд болохгүй болохоор цэнхэр насос, нурууны цилиндр хоёрын авч буцааж Чандмань сумын Энхээд нурууны цилиндер, Баянхонгор аймгийн төвийн Төрөөд цэнхэр насосыг буцааж өгсөн...” гэж мэдүүлсэн /хх-ийн 180 дугаар хуудас/ байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус иргэний нэхэмжлэлийг шүүхээс хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч Ж.М-н иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлж ирүүлээгүй, иргэний нэхэмжлэгч Ж.Э-д учирсан 900,000 (Есөн зуун мянга) төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын ажиллагааны явцад шүүгдэгч Д.Ц төлсөн, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Ц-д урьд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О ургийн овогтой Дийн Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-д 400 (Дөрвөн зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-д оногдуулсан 400 (Дөрвөн зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Ц-д сануулсугай. 

 

5.Шүүгдэгч Д.Ц-д оногдуулсан 400 (Дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6.Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн апартур 1 ширхэг, халаагч 3 ширхэг, хажуугийн салхины шил 1 ширхэг, гидрийн шланк 1 ширхэг, түлш татах шланк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч Ж.Мөнгөнбаярт олгосугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Ж.М-н цилиндр 1 ширхэг, цэнхэр насос 1 ширхэг зэргийг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг шүүхээс хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар 1 ширхэг халаагчийн үнэлгээ болох 180,000 (Нэг зуун наян мянга) төгрөгийг шүүгдэгч Д.Ц-с гаргуулж иргэний нэхэмжлэгч Ж.М-д олгосугай.  

 

10.Иргэний нэхэмжлэгч Ж.Э-д учирсан 900,000 (Есөн зуун мянга) төгрөгийн хохирлыг шүүгдэгч Д.Ц мөрдөн байцаалтын ажиллагааны явцад төлж барагдуулсан болохыг дурдсугай.

 

11.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ЭНХБААТАР