| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2023/0002/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/01 |
| Огноо | 2022-12-28 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга А.Энхбаяр,
улсын яллагч Ш.Батсүх,
шүүгдэгч Т.Ч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч М овогт Т-ын Чад холбогдох эрүүгийн 2217000000102 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 23-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, “Вино моко” ХХК-д зөөгч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эгч дүү нарын хамт Говьсүмбэр аймаг Сүмбэр сум, баг Тээвэрчдийн байр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,
урьд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/718 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ДШМ/1174 дугаартай магадлалаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 800.000 төгрөгөөр торгох ялаар сольж шийдвэрлэсэн, М овогт Т-ын Ч /РД:ЕЙ00272335/
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Т.Ч нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэгдсэн эмнэлэгээс хойш 2 давхар шар өнгөтэй 305 дугаартай байрны хажууд 01-27 ГСО улсын дугаартай Королла филдер маркийн тээврийн хэрэгсэл дотор эрх олгосон Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/611 тоот тушаалын 11 дүгээр хавсралт Эрүүл мэндийн бүртгэлийн АМ-9А маягтын жор дээр “Тебантин-300мг 20ш өдөрт 2 удаа уух” гэсэн бичилт хийн тухайн жорыг хуурамчаар үйлдэн, улмаар “Говьсүмбэр эм хангамж” ХХК-ийн “MEIC” эмийн сангаас дээрх эрх олгосон эмийн жорыг ашиглан “Тебантин 300мг №50 капсул” гэх эмээс 2 таблетик, капсултай 20 ширхгийг худалдан авч ашигласан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Чад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2217000000102 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Т.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 11 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасаг орж манай ээжийн нуруу өвдөөд байна гэж хэлээд тебантин гэх эм бичүүлэх гэтэл эмч жороор олгодогүй эм гээд адилхан тун нь бага эм бичиж өгөхөөр нь эмчийн бичсэн эмийн жорыг авсан. Тэгээд аав Төмөрбаатарын эзэмшлийн 01-27 ГСО улсын дугаартай Королла филдер маркийн тээврийн хэрэгсэлд суугаад эмчийн өгсөн жор дээр нэмж “Тебантин 300мг 20 ширхэг өдөрт 2 удаа уух” гэж бичсэн. Тэгээд тэр жороороо Сүмбэр сумын 1 дүгээр багт байрлах төв эмийн сангаас 10 граммтай натри 1ширхэг, тариур 1 ширхэгийг тус тус худалдаж авсан. Төмөр замын 5 давхар орчим зогсоод машин дотроо тебантин эмнээс 5 ширхэгийг 10 грамм натритай хольж өөрийн баруун гарын шууны гол судсандаа 1 удаа тарьсан. Тэгээд өөрийн дүү М.Үүрийнцолмонг 1 дүгээр сургуулиас авч гэртээ харьсан. Тэгээд гэр зуур байж байгаад 16 цагийн орчим Төмөр замын Ган зам дэлгүүрийн хажууталын аптекаас 10 граммын нарти 1 ширхэгийг худалдаж авч өдөр байсан газраа буюу Төмөр замын 5 давхарын хажууд аавынхаа машинтай очоод 5 ширхэг эмийг 10 грамм натритай хольж өөрийн баруун гарынхаа гол судсандаа 1 удаа тарьсан. Би энэ эмийг 2022 оны 07 дугаар сараас хойш өөртөө тарьж хэрэглэж байгаа. Энэ эмийг тарихгүй удахаар бие сонин болоод өвдөөд байдаг. Харин тарьчихаар бие сэргээд мансуурдаг... гэх мэдүүлэг. /хх-ийн 87-89 хуудас/
2. Гэрч Б.Х мөрдөн байцаалтын мэдүүлэхдээ: Би 2022 оны 11 дүгээр сарын 02-ын өдөр нэгдсэн эмнэлгийн амбулторид ажиллаж үзлэг хийж байсан. Тэгээд тухайн өдөр цайны цагийн өмнө Ч гэх 20 орчим насны хүн орж ирээд “хөдөө байгаа манай ээжийн нуруу өвдөөд байна, өвчин намдаах эм тебантин бичээд өгөөч” гэсэн. Тэгэхээр нь би ээж Ц.Д-х нь биеийг үзэж байгаад тебантин эм бичиж өгнө, өвдөлт их байгаа бол энэ эмийг уулга гээд Аэртел гэх эмийг эмийн жороор бичиж өгөөд явуулсан. Саяны үзүүлдэг жор миний бичсэн жор мөн байна. Харин тебантин 300мг 20ш өдөрт 2 удаа уух гэсэн бичиглэл нь миний бичсэн бичиг биш байна. Бичгийн хэв өөр, мөн жор бичилт нь буруу харагдаж байна. Жорыг бичихдээ эхлээд тухайн эм ямар хэлбэрээр байгааг бичдэг. Тебантин эмийн хувьд таблетаар байдаг тул Таб гэж эхэлж бичих ёстой. Дараа нь эмийн нэр, тун, доод талд нь хэдэн ширхэг, түүний доор өдөрт хэдэн удаа яаж хэрэглэхийг бичдэг... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/
3. Гэрч Э.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад нэг залуу эм авахаар жор барьчихсан орж ирсэн. Тухайн жоронд Аэрталь гэх өвчин намдаах эм, Тебантин гэх уналт таталтын бүлгийн эмийг биччихсэн байсан. Тэгсэн нөгөө хүн Аэрталь гэх эмийг авахгүй, харин Тебантин гэх эмнээс 20 ширхэгийг авья гээд бэлнээр 4000 төгрөг өгөөд үлдсэнг нь интернэт банкаар шилжүүлсэн. Тэгээд тэр хүнийг гараад явсны дараа тухайн жорыг нь тухтай харсан чинь Тебантин эмийг бичсэн дараалал нь буруу харагдахаар нь сайн харсан чинь бичиглэл нь өөр мөн тоо, хэмжээ бичигдэх дараалал нь буруу байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дугаар хуудас/
4. Гэрч Н.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Ч нь миний 5 хүүхдийн 4 дэх хүү байгаа юм. Ч дээрээ 1 ах 2 эгчтэй, доороо 1 эрэгтэй дүүтэй хүн байгаа юм. Манай хүү Ч 2017 онд 12 дугаар ангиа төгсөөд Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа. Хааяа гэртээ ирж хэд хоночихоод буцаад явдаг. Манай хүү Ч 2000 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, бага насаа эхнэр бид хоёрн гар дээр өссөн бөгөөд Говьсүмбэр аймгийн 2 дугаар сургуулийг төгссөн...гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/
5. Гэрч Ц.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...Манай хүү Ч нь оюутан болоод Улаанбаатар хот руу явснаас хойш найз охинтой болоод түүнтэйгээ хамт түрээсийн байранд амьдардаг юм. Манай хүү Боловсролын их сургуулийн гадаад хэлний багшийн ангид сурч байгаад төгсдөг жилээ сургуулиа төгсөж чадаагүй гарчихсан юм. Манай хүү зан араншингийн хувьд төлөв даруу, үг дуу цөөтэй хүүхэд байгаа юм. Ямар нэг муу зан байхгүй, хүнд их тусархуу, аливаа хүнтэй зөв боловсон, харилцааны соёлтой харьцдаг хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дугаар хуудас/
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 5525 дугаартай дүгнэлтэд:
-Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Говьсүмбэр цагдаагийн хэлтэс Т.Ч шээс” гэсэн хаягтай шээснээс тетрагидраканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодчисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг болно.
Дүгнэлт гаргасан: Химийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Д.Золзаяа гэжээ. (хх-ийн 48-49 дугаар хуудас),
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3194 дугаартай дүгнэлтэд:
-Шинжилгээнд ирүүлсэн “2022.11.02” гэсэн огноотой “Энгийн эмийн жор” гэсэн баримтын “Тебантин-300мг 20ш өдөрт 2 удаа уух” гэсэн бичвэрийн бичих хэрэгслийн будагч бодисын өнгө нь бусад бичвэрийн бичих хэрэгслийн будагч блдисны өнгөнөөс ялгаатай, бичвэрийг нэмж бичсэн байна.
-Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй.
Дүгнэлт гаргасан: ахлах шинжээч, цагдаагийн хошууч С.Сэлэнгэ гэжээ. (хх-ийн 55-56 дугаар хуудас),
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5638 дугаартай дүгнэлтэд:
-“Тебантин 10ш 1 таблет” гэж хаягласан цаасан уутанд ирүүлсэн Тебантин гэх эм мэт зүйлд габатентин илрэв.
Габатентин эм нь уналт таталтын эсрэг, мэдрэлийн гаралтай өвчин намдаах үйлчилгээтэй бөгөөд 1961, 1971 оны НҮБ-ын мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд тус тус хамаарахгүй.
Шинжилгээнд ирүүлсэн эм мэт зүйлээс дээж авч үлдэгдлийг дүгнэлтийн хамт буцаав.
Дүгнэлт гаргасан: химийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Б.Энхмандах гэжээ. (хх-ийн 63-64 дугаар хуудас),
9. 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Шинжээч Д.Золзаяагаас мэдүүлэг авсан тэмдэглэлд:
Би Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Мөнх-Эрдэнийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор уг дүгнэлтийг гаргасан. Тебантин гэх эмийг их хэмжээгээр судсаар тарьсны дараа тетрагидроканнибинол гэх бодис илрээгүй, учир нь ургамлын гаралтай мансууруулах бодисыг хэрэглэсэн үед шээснээс тетрагидроканнибинол илэрдэг гэх мэдүүлэг. /хх-ийн 68-69 дүгээр хуудас/
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 6047 дугаартай дүгнэлтэнд:
-Шинжилгээнд ирүүлсэн шингэн нь шинжилгээ хийхэд тэнцэнэ.
-Натрийн хлорид 0,9%-10 мл гэсэн бичиглэлтэй өнгөгүй шингэн зүйлээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Дүгнэлт гаргасан: химийн шинжээч, цагдаагийн дэслэгч М.Арвижих гэжээ. /хх-ийн 73-74 дүгээр хуудас/
11. Шүүгдэгч Т.Чын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Хан-уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 2022/ШЦТ/718 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн албан тоот, (хх-ийн 100, 112-120, 122 дугаар хуудас)
12. Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7, 30-31, 125-126 дугаар хуудас/ зэрэг болно.
НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Т.Ч нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэгдсэн эмнэлэгээс хойш 2 давхар шар өнгөтэй 305 дугаартай байрны хажууд 01-27 ГСО улсын дугаартай, Королла филдер маркийн тээврийн хэрэгсэл дотор эрх олгосон Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/611 тоот тушаалын 11 дүгээр хавсралт Эрүүл мэндийн бүртгэлийн АМ-9А маягтын жор дээр “Тебантин-300мг 20ш өдөрт 2 удаа уух” гэсэн бичилт хийн тухайн жорыг хуурамчаар үйлдэн, улмаар “Говьсүмбэр эм хангамж” ХХ-ийн “MEIC” эмийн сангаас дээрх эрх олгосон эмийн жорыг ашиглан “Тебантин 300мг №50 капсул” гэх эмээс 2 таблетик, капсултай 20 ширхгийг худалдан авч ашигласан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Чад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.” гэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгчид холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.Ч нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэгдсэн эмнэлэгээс хойш 2 давхар шар өнгөтэй 305 дугаартай байрны хажууд 01-27 ГСО улсын дугаартай Королла филдер маркийн тээврийн хэрэгсэл дотор эрх олгосон Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/611 тоот тушаалын 11 дүгээр хавсралт Эрүүл мэндийн бүртгэлийн АМ-9А маягтын жор дээр “Тебантин-300мг 20ш өдөрт 2 удаа уух” гэсэн бичилт хийн тухайн жорыг хуурамчаар үйлдэн, улмаар “Говьсүмбэр эм хангамж” ХХ-ийн “MEIC” эмийн сангаас дээрх эрх олгосон эмийн жорыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан “Тебантин 300мг №50 капсул” гэх эмээс 2 таблетик, капсултай 20 ширхгийг худалдан авч ашигласан үйл баримт болсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч Т.Ч Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан болох нь гэрч Б.Х, Э.С нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3194 дугаартай дүгнэлт, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний дөрийн “...Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/611 тоот тушаалын 11 дүгээр хавсралт Эрүүл мэндийн бүртгэлийн АМ-9А маягтын энгийн эмийн жор 1 хуудас, Тебантин худалдан авсан гэх Е баримт 1 хуудас болон бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Т.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Ч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч Т.Ч нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул шүүгдэгч Т.Чыг “Хуурамч баримт бичгийг ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар: Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Т.Чыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Т.Чад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжээр торгох саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүдэгч Т.Ч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Би үнэхээр их тэвчиж байгаа. Дахиж ийм зүйл хэрэглэхгүй. Манай найз охин жирэмсэн, цаашдаа ажил төрөл хийж амьдралаа авч явмаар байна” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Т.Чын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч Т.Ч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Т.Ч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Чыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Т.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Чын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдвэл зохино.
Шүүгдэгч Т.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/611 тоот тушаалын 11 дүгээр хавсралт Эрүүл мэндийн бүртгэлийн АМ-9А маягтын энгийн эмийн жор 1 хуудас, Тебантин худалдан авсан гэх Е баримт 1 хуудсыг хэрэгт хавсаргаж, 2 ширхэг тариур, 10 ширхэг улбар шар өнгийн эмийн капсул, Тебантин 300мг гэсэн бичиглэлтэй 10 ширхэг капсултай 1 таблет эм, натрийн хлорид 0,9% гэсэн цэнхэр өнгийн бичиглэлтэй 100тл хэмжээтэй 20225307 цувралын дугаартай дуслын шингэн 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Тө-ын Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Чад оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Т.Ч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Т.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/611 тоот тушаалын 11 дүгээр хавсралт Эрүүл мэндийн бүртгэлийн АМ-9А маягтын энгийн эмийн жор 1 хуудас, Тебантин худалдан авсан гэх Е баримт 1 хуудсыг хэрэгт хавсаргаж, 2 ширхэг тариур, 10 ширхэг улбар шар өнгийн эмийн капсул, Тебантин 300мг гэсэн бичиглэлтэй 10 ширхэг капсултай 1 таблет эм, натрийн хлорид 0,9% гэсэн цэнхэр өнгийн бичиглэлтэй 100мл хэмжээтэй 20225307 цувралын дугаартай дуслын шингэн 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Чад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ