Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/08

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батбаяраар хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд,

Шүүгдэгч Т.Ванданноров нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн 2224000640110 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: * улсын иргэн, * төрсөн, эрэгтэй, 41 настай, *, *, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт * оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ач хариад овогт Түмбаярын Ванданноров , /РД:ИЗ81111814/

 

Шүүгдэгч Т.Ванданноров нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ нь 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн Цагаан уулын мод гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 11.3524 метр куб хэрэглээний, хуурай шинэс мод бэлтгэж, Ниссан атлас маркийн 83-23 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 2,242,870 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Ванданноров нь 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн Цагаан уулын мод гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 11.3524 метр 3 хэрэглээний, хуурай шинэс мод бэлтгэж, Ниссан атлас маркийн 83-23 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 2,242,870 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

-2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр иргэн Д.Тогоохүүгээс цагдаагийн байгууллагад ирүүлсэн: “Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх баг Цэцүүхийн ам гэх газарт 3 метрийн урттай 500 ширхэг шургааг мод бэлтгэсэн байна” гэсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02-р хуудас/,

-2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн Цагаан-Уулын мод гэх газарт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-12-р хуудас/,

-2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын иргэн Т.Ванданноровын их биеийн хэсэг цагаан өнгөтэй, бензинээр ажилладаг цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-21-р хуудас/,

-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 62 дугаартай ““Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэлүүд /хх-ийн 22-25-р хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч О.Одонтуяагийн: "...Иргэн Т.Ванданноровын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах нь зүйтэй байх Их-Уул сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг нэхэмжилнэ өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн иргэний зүгээс надтай 1 удаа биечлэн уулзаж хохирлоо нөхөн төлөх талаар хүсэлтээ илэрхийлсэн байгаа. Хохирлын асуудал дээр Т.Ванданноров бид хоёрын зүгээс сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулахаар болж модныхоо хохирлыг барагдуулахаар тохиролцсон байгаа..." гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 23-р хуудас/

-Гэрч С.Оюунтөгсийн: “...Тухайн иргэний зүгээс 2022 оны 6 дугаар сард ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг надаас аваагүй. Тухайн багийг хариуцсан байгаль хамгаалагч Б.Соёл-Эрдэнээс авсан эсэхийг би мэдэхгүй байна. Манай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж сумын хэмжээнд 2022 онд ойгоос мод бэлтгэх хуваарийг баталсан. Сумын хэмжээнд иргэдэд болон аж ахуйн нэгжүүдэд 2022 оны 6 дугаар сард түлшний болон хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгоогүй байсан. Хуурайшилтын түвшин хэт өндөр байсан тул 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл засаг даргын захирамжаар бичилт хийгдээгүй. Ойгоос мод бэлтгэхээс өмнө заавал мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заагдсан газраас тухайн модныхоо төрөл, хэмжээг зөрчихгүйгээр эрхийн бичигт заагдсан хугацаанд тухайн модоо бэлтгэж, тээвэрлэх ёстой...Босоо модыг огтолж бэлтгэж болохгүй. Иргэн хүн зөвхөн цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэнэ харин цэвэрлэгээний огтлолоор зөвхөн ойн мэргэжлийн байгууллага ойгоос мод бэлтгэх ёстой...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 25-р хуудас/,

-Гэрч Б.Соёл-Эрдэнийн: "...Тухайн иргэний зүгээс 2022 оны 05,06 дугаар саруудад ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Манай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж сумын хэмжээнд 2022 онд ойгоос мод бэлтгэх хуваарийг баталсан. Сумын хэмжээнд иргэдэд болон аж ахуйн нэгжүүдэд 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түлшний болон хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгоогүй. Хуурайшилтын түвшин хэт өндөр байсан тул 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл засаг даргын захирамжаар бичилт хийгдээгүй. Ойгоос мод бэлтгэхээс өмнө заавал мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой..." гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 30-31-р хуудас/,

-Гэрч Р.Дашцэрмаагийн: “...Манай нөхөр Т.Ванданноров 2022 оны 5 дугаар сарын 20-ны орчмоос эхлэн өөрийн хаваржааны хашааг янзлах гэж Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг дэвсгэр Цагаан-Уул гэх нэртэй газраас өөрөө ганцаараа 1 сар орчмын хугацаанд унанги болон босоо шургааг модыг бэлтгэж өөрийн хаваржаа болох Урт толгой гэх газарт өөрийн эзэмшлийн ачааны машинаар бөөгнүүлсэн юм...Багийн засаг дарга болон байгаль хамгаалагчаас зөвшөөрөл /гоожин/ авна гэж ярьж байсан, тэр үед нь зөвшөөрөл олгогдоогүй гээд аваагүй гэсэн. Би мал ахуйгаа хараад манай нөхөр малын зай завсраар ганцаараа өөрийнхөө цахилгаан хөрөөгөөр моднуудаа унагаж тайрч, өөрийнхөө ачааны машинаар хашаа руугаа зөөж тээвэрлэсэн. Хашаагаа янзлах гээд шургааг л хийнэ гэж байсан тэрийгээ л хийсэн гэж би ойлгоод байгаа. Харин тухайн модоо Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг дэвсгэр Цагаан-Уулын мод гэх газраас хийснийг бол мэднэ..." гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 32-р хуудас/,

-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаартай: "...Ойгоос бэлтгэсэн мод нь хэрэглээний хуурай нарийн шургааг мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд хэрэглээний хуурай нарийн шургааг модонд хамаарна. Ойгоос бэлтгэсэн моднууд нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд бэлтгэгдсэн байх боломжтой модны тайралт бүгд жигд тухайн моднууд нь 2022 оны 5 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 20-ны хооронд бэлтгэгдсэн байх боломжтой, модны тайралт хуучирсан байна. Ойгоос бэлтгэсэн моднууд 11.3524 метр, куб мод байна. Мод бэлтгэсэн газар болох Цэцүүх багийн нутаг Цагаан уулын мод гэх газар нь ойн сангийн 2-р мужлалд хамаарна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 метр, куб шинэс хуурай модны экологи эдийн засгийн үнэлгээ 109,760 төгрөг байна. Их-Уул сумын Цэцүүх багийн Цагаан уулын мод гэх газраас бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ: БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай шинэс модны 2-р мужийн 1 метр, куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний хуурай нарийн шургааг модонд 109,760 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 197,568 төгрөг болж, бэлтгэсэн мод 11.3524 метр, кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 2,242,870 төгрөг болж байна...” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 40-43 тал/,

-Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 07-04.328-08 дугаартай “...Иргэн Т.Ванданноровын зөвшөөрөлгүй бэлтгэсэн 11.3524м3 хуурай нарийн шургааг модонд Тосонцэнгэл сумын сум дундын ойн ангийн шинжээч Б.Даваацэрэнгийн тогтоосон экологи засгийн үнэлгээ нь 2,242,870 төгрөг болж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн 6,728,610 төгрөгийн нөхөн төлбөр тавив. Т.Ванданноров нь мод бэлтгэх эрхийн бичиггүй хуурай нарийн шургааг 11.3524 метр куб шинэс мод бэлтгэсэн нь Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.4 дахь заалтын дагуу хурааж шийдвэрлэв. Т.Ванданноровын нөхөн төлбөр болох 6,728,610 төгрөгийн ХААН банкны 100900013040 дугаарын төрийн сангийн дансанд тушааж, тасалбарын нэг хувийг БОХ-ын улсын байцаагчийн түр орлог гүйцэтгэгчид өгөхийг мэдэгдье...” гэсэн улсын байцаагчийн акт,

-Шүүгдэгч Т.Ванданноровын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн үед буюу 2022 оны 5 дугаар сарын 20- ны өдрөөс 2022 оны 6 дугаар 20-ны өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг дэвсгэр Цагаан уулын мод гэх газраас зохих зөвшөөрөл авалгүй хуурай, шургааг төрлийн босоо, унанги нийлсэн 150 орчим мод бэлтгэсэн. Түүнээс гурав, заримаас нь дөрөв гэх зэргээр 3 метрээр тайрч 500 ширхэг шургааг модыг ганцаараа өөрийн эзэмшлийн хөрөөгөөр тайрч бэлтгээд өөрийн эзэмшлийн 83-23 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Шургуултын бэл гэх газарт байх өөрийн хаваржааны хашааны ар талд буулгаж хураасан...би тухайн үед мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр мод бэлтгэсэн...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн шүүгдэгч Т.Ванданноров нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар, 2,230,000 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь хэрэгт авагдсан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх ба өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.  

Иймд Т.Ванданноровын. дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.    

Шүүгдэгч Т.Ванданноровт холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Т.Ванданноровыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч Т.Ванданноровт ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй юм.  

Иймд торгох ялыг шүүгдэгчийн үйлдлийн хэр хэмжээнд тохируулан оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч Т.Ванданноров нь ойн санд 2,242,870 төгрөгийн хохирол учруулсан байх  ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн 6,728,610 төгрөгийн нөхөн төлбөр тавьсан улсын байцаагчийн акт үндэслэлтэй тул хохиролд төлсөн 2,230,000 төгрөгийг хасаж тооцоод, үлдэгдэл 4,498,610 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь үндэслэлтэй юм.

Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардлын талаар баримт шүүхэд ирээгүй учир энэ хэргийн улмаас шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзлээ.

Шийтгэх тогтоол гарахаас өмнө шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба шүүхээс түүнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэж буй учир шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Ванданноров нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн их бие нь цагаан, хөх алаг өнгийн цахилгаан хөрөө, 83-23 ХЭА улсын дугаартай “Ниссан Атлас” маркийн тээврийн хэрэгслийг ашигласан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөөг хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгсэл, тээврийн хэрэгслийг гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд  улсын орлого болгохоор хуульчилсан.

Шүүгдэгч Т.Ванданноровын мод бэлтгэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн их бие нь цагаан, хөх алаг өнгийн цахилгаан хөрөө шүүгдэгчийн өмчлөлд байсан нь холбогдох баримтуудаар тогтоогдож байх тул улсын орлого болгох нь зүйтэй.

Харин 83-23 ХЭА улсын дугаартай “Ниссан Атлас” маркийн тээврийн хэрэгсэл шүүгдэгчийн өмчлөлд байсан нь тогтоогдохгүй байх тул у уг тээврийн хэрэгслийн үнэ болох 1,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг улсын орлого болгох хуулийн зохицуулалттай тул Т.Ванданноровын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 11.3524 м3 хэрэглээний, хуурай, шинэс модыг улсын орлого болгож  шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Ванданноровоос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулан улсын орлого болгохоор шүүх шийдвэрлэж буй учир шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тухайн тээврийн хэрэгслийг болон шүүгдэгчийн хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үргэлжлүүлж, тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдэлд шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ачхариад овогт Түмбаярын Ванданноровыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн буюу хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ванданноровыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ванданноровт оногдуулсан торгох ялыг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ванданноров нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Т.Ванданноров нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Т.Ванданноров нь Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 дансанд ойн санд учруулсан хохиролд 2,230,000 /хоёр сая хоёр зуун гучин мянга/ төгрөг төлсөн болохыг дурдаж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2.1, 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ванданноровоос 4,498,610 /дөрвөн сая дөрвөн зуун ерэн найман мянга зургаан зуун арав/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 дансанд оруулахыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ванданноровын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ниссан атлас маркийн 83-23 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 1,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, мөн эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн их бие нь цагаан, хөх алаг өнгийн цахилгаан хөрөө, хэрэгт битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 11.3524 м3 хэрэглээний, хуурай, шинэс  модыг тус тус борлуулж үнийг улсын орлого болгон Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 дансанд оруулсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар Ниссан атлас маркийн 83-23 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон шүүгдэгчийн хувьд оногдох эд хөрөнгөнөөс битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн мэдэлд шилжүүлсүгэй.

9. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УРТНАСАН