Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/01119

 

 

******* ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/02093 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2172 дугаар магадлалтай,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

******* ХХК-д холбогдох

 

Даатгалын нөхөн төлбөрт 44,736,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтангэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Буянхишиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анармаа, Б.Насанжаргал, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК-ийн захирал Д.Дашзэвэг нь Монгол Даатгал ХХК-тай 2017.11.13-ны өдөр ачаа тээврийн даатгалын гэрээ байгуулан 51-59 ДГО, 70-77 БЧ улсын дугаартай том оврын авто машинаа даатгуулсан. 2018.11.18-ны өдөр Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт тээвэрт явж байх үед тухайн машины чиргүүлд гал гарсан. Тус чиргүүл нь дотроо 3 тасалгаатай бөгөөд үүний хамгийн арын хэсгийн 23,530 литр түлш шатаж, чиргүүл ашиглах боломжгүй болж 150,000,000 төгрөгийн хохирол учирсан. Ингээд 2018.11.30-ны өдөр Монгол Даатгал ХХК-д өргөдөл гаргасан. Өргөдлийн хариу 06/43 тоот албан бичигт гэрээний 4.1-д Энэхүү гэрээ нь 2017.11.13-ны өдрийн 00.00 цагаас 2018.11.12-ны 00.00 цагийг дуустал хүчин төгөлдөр байна, мөн гэрээний 4.2.1-д хууль болон даатгалын гэрээгээр тогтоосон хугацаа дууссан бол даатгалын гэрээ дуусгавар болно. Иргэний хуулийн 434 дүгээр зүйлийн 434.2.1-д хууль, гэрээгээр тогтоосон хугацаа дуусгавар болсон бол даатгалын гэрээ дуусгавар болно гэж заасныг тус тус үндэслэн нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Даатгуулагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж даатгалын компанид даатгуулсан гэж үзэж байгаа бөгөөд даатгалын компани нь хууль болоод гэрээнд заасан үүргээ биелүүлэхээс хууль бусаар татгалзаж байгаад гомдолтой байна. Гэрээ цуцлах тухай саналыг ирүүлж байгаагүй бөгөөд бидний хооронд байгуулсан гэрээний 4.3.-т заасны дагуу гэрээ цуцлах санал гаргаагүй тул гэрээг мөн хугацаагаар сунгагдсан гэж үзэж байна. Мөн гэрээний 11.4-т заасны дагуу гэрээний нэг тал гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаан байгаа тохиолдолд гэрээнээс татгалзах тухайгаа 1-ээс доошгүй сарын өмнө нөгөө талдаа мэдэгдэх байсан. Автомашинд гал гарсны улмаас хохирол учирсан. Уг хохирлыг даатгалын компани төлөх үүрэгтэй бөгөөд шатсан 23,530 литр бензинийг тухайн үеийн нэг литр бензиний үнэ болох 1,750 төгрөгөөр тооцож 44,736,300 төгрөгийг нэхэмжилж байгаа. Иймд Монгол Даатгал ХХК-тай байгуулсан ачаа тээврийн даатгалын гэрээний дагуу даатгалын гэрээний үүрэгт нийт 44,736,300 төгрөгийг ******* компаниас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК нь 2017.11.13-ны өдөр 06С1720000442 тоот гэрээг Монгол Даатгал ХХК-тай байгуулж North Benz маркийн 51-59 ДГО, 70-77 БЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1 жилийн хугацаатай даатгуулсан. Даатгуулагч нь 2018.11.18-ны өдөр Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт явж байх үед даатгалын зүйл болох 51-59 ДГО автомашинд гал гарч хохирол учран даатгалын тохиолдол болсон хэмээн нөхөн төлбөрийн материал бүрдүүлэн өгсөн. Даатгалын нөхөн төлбөрийг шийдвэрлэх явцад ******* ХХК-тай байгуулсан даатгалын гэрээний хугацаа 2018.11.12-ны өдөр дуусгавар болсон нь тогтоогдсон бөгөөд тус гэрээний хугацаа дуусгавар болоход талуудын гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг мөн дуусгавар болох тул даатгагч нь Иргэний хуулийн 434 дүгээр зүйлийн 434.2.1, даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хууль, гэрээгээр тогтоосон хугацаа дуусгавар болсон бол даатгалын гэрээ дуусгавар болно, даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д Энэхүү гэрээ нь 2017.11.13-ны өдрийн 00:00 цагаас 2018.11.12-ны өдрийн 00:00 цагийг дуустал хүчин төгөлдөр байна хэмээн тус тус заасны дагуу нөхөн төлбөр төлөх үүрэг хүлээхгүй юм. Гэрээний хугацаа дууссан байхад 2018.11.12-ны өдрөөс хойш гэрээ сунгагдаагүй, гэтэл 2018.11.18-ны өдөр даатгалын тохиолдол үүссэн. ******* ХХК нь гэрээний зохицуулалтыг маш сайн мэдэж байгаа, учир нь манай байгууллагатай 2012 оноос хойш хамтран ажиллаж байгаа туршлагатай сайн даатгуулагч юм. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу талууд хугацаагаа өөрсдөө тогтоосон. Нэхэмжлэгч нь 44,736,300 төгрөгөөр хохирсон гэж байгаа боловч энэ үнэлгээг хэрхэн гаргасан нь тодорхойгүй, эрх бүхий байгууллагаар үнэлүүлээгүй байгаа. Даатгуулагч нь 2017.11.15, 2017.12.02, 2017.12.12-ны өдрүүдэд нийт 2,368,092 төгрөгийг төлсөн бөгөөд энэ дотор нь жолоочийн хариуцлагын даатгал нь орсон байдаг. ******* ХХК-д нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэр нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/02093 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасныг баримтлан ******* ХХК-аас 44,736,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 381,631 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2172 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/02093 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381,631 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтангэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтангэрэл би анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт ...шүүх даатгалын гэрээний хугацаа дууссанаас хойш даатгалын тохиолдол үүссэн гэж үзэж уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 434 дүгээр зүйлийн 434.2.1 дэх заалтад нийцсэн, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ гэсэн нь Иргэний хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168-р зүйлийн 168.1.1-д зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс гадна нотлох баримтыг бодитой үнэлээгүй гэж үзэж байна. Даатгалын гэрээний 4.3-т гэрээний хугацаа дуусмагц талууд гэрээг цуцлах санал тавиагүй бол энэхүү гэрээг гэрээний үндсэн хугацаагаар сунгагдсанд тооцно гэж харилцан тохиролцсон байх бөгөөд Даатгагч гэрээг цуцлах санал гаргаагүй тул энэхүү гэрээ 2019.11.12-ны өдөр хүртэл сунгагдсанд тооцогдож байгааг 2 шатны шүүх гэрээг сунгагдсанд тооцохгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

2. Гэрээ 2017.11.13-ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулагдсан боловч даатгуулагч болох ******* ХХК даатгалын хураамж болох 2,368,692 төгрөгийг 2 хувааж буюу 2017.12.01-ний өдөр 500,000 төгрөг, 12 дугаар сарын 22-ны өдөр 1,792,145 төгрөгийг төлсөн байхад даатгалын хураамж төлж дууссан өдрөөс буюу 2017.12.22-ны өдрөөс эхлэн Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх заалт, гэрээний 2.1 дэх заалтаар даатгалын гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдсан гэж үзэх үндэслэл байгааг шүүх анхаарч үзээгүй байна. ******* ХХК, даатгалын хураамж болох 2,368,692 төгрөгийг 3 удаа буюу 2017.11.15-ны өдөр 1,385,600 төг, 2017.12.01-ний өдөр 500,000 төгрөг, 12 дугаар сарын 12-ны өдөр 1,792,145 төгрөгийг төлсөн гэж тайлбартаа дурдсан нь 2017.11.15-ны өдөр төлсөн 1,385,600 төгрөг өөр машины даатгал байсан, 12 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 1,792,145 төгрөгийг 12 дугаар сарын 12-ны өдөр төлсөн мэтээр илт худал мэдээлэл шүүхэд гаргаж өгснийг шүүх анхаарч хянаагүй байна.

З. Хоёрдугаар үндэслэлийн даатгалын хураамж төлөлт 40-өөс дээш хоног хэтрээд байхад ******* ХХК гэрээний 11.2.1 дүгээр заалтыг хэрэгжүүлэн гэрээг цуцалсан бол гэрээ дахин хийгдэж даатгалын тохиолдлын үед энэ маргаан гарахгүй байсныг шүүх харгалзан үзээгүй байна.

4. ******* ХХК 2013 оноос хойш зөвхөн ******* ХХК-тай даатгалын гэрээ байгуулж, уг компанийг найдвартай гэж итгэн ачаа, тээврийн хэрэгслээ даатгуулж ирсэн боловч даатгалын тохиолдол бий болоход даатгалын нөхөн төлбөр өгөхөөс татгалзаж байгаад туйлын гомдолтой байна. ******* ХХК, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх заалтад нийцүүлэн байгуулсан гэрээний заалтуудыг, даатгалын хураамж авах болохоор гэрээний зүйл заалтууд хамаагүй, хугацаа дуусаагүй, үргэлжилж байгаа харин даатгалын нөхөн төлбөр өгөх болохоор даатгалын хугацаа дууссан гэх зэргээр нөхцөл байдлыг өөрт ашигтай байдлаар тайлбарлаж байгааг, мөн Гэрээний 9.14 заалтаар нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл байхгүй байгааг шүүх анхаарч үзээгүй байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

******* ХХК нь ******* ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 44,736,300 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд даатгалын эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан, гэрээний хүчин төгөлдөр байдал, нөхөн төлбөр шаардах эрхийн талаар дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо ...талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсны дараа нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан, ...даатгалын хураамж төлөөгүй тул гэрээ сунгагдсан гэх боломжгүй... гэж үзэхдээ Иргэний хууль, Даатгалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Зохигчийн хооронд 2017.11.13-ны өдөр бичгийн хэлбэрээр 1 жилийн хугацаатай байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч нь 51-59 ДГО, 70-77 БЧ улсын дугаартай North Benz маркийн автомашины 236,869,200 төгрөгийн үнэлгээ бүхий ачаа тээвэрлэлтийг даатгуулж, даатгалын хураамжид 2,368,692 төгрөг төлөхөөр тохиролцсон нь тогтоогдсон байна.

 

Энэхүү гэрээ нь ...даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээсэн Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээ бөгөөд гэрээг бичгээр хийх мөн хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-т заасан шаардлагыг хангажээ.

 

Гэрээний 3.2-т даатгуулагч буюу ******* ХХК нь даатгалын хураамжийг гэрээ байгуулагдсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор төлөхөөр тохирсон боловч 2017.12.01-ний өдөр 500,000 төгрөг, 2017.12.22-ны өдөр 1,792,145 төгрөгийг тус тус төлсөн, даатгалын хураамжийг хугацаа хэтрүүлж төлсөнтэй холбоотой талуудын хооронд маргаан гараагүй тул нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

2017.11.18-ны өдөр даатгалын зүйл болох North Benz маркийн 51-59 ДГО автомашины чиргүүлд гал гарсны улмаас тээвэрлэж явсан 23,530 литр бензин шатаж нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдсон байна.

 

******* ХХК нь ...даатгалын тохиолдол бий болсон гэж үзэн нөхөн төлбөр шаардсан, гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр хариуцагч татгалзсан, Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан урьдчилан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэгч гомдлоо Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан, тус хорооноос ...нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлтэй гэсэн хариу өгсөн байна.

 

Зохигч даатгалын гэрээ хугацаа дуусаж дуусгавар болсон эсэх, гэрээ сунгагдсан гэж үзэх үндэслэл бий эсэхэд маргасан байна.

 

а/ Даатгалын хугацаа, түүнийг дахин сунгах нөхцөлийг даатгалын гэрээнд заахыг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4.4-т, хууль, гэрээгээр тогтоосон хугацаа дуусгавар болсноор даатгалын гэрээ дуусгавар болохыг мөн хуулийн 434 дүгээр зүйлийн 434.2.1-д тус тус заасан байна.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 4.1-т энэхүү гэрээ нь 2017.11.13-ны өдөр 00 цагаас 2018.11.12-ны өдрийн 00 цагийг дуустал хүчин төгөлдөр байна гэж зааж талууд гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх хугацааг харилцан тохиролцсон байх тул уг хугацаа өнгөрснөөр гэрээ дуусгавар болсон гэж хоёр шатны шүүх үзсэн нь үндэслэлтэй байна.

 

Даатгуулагч даатгалын хураамжийг гэрээгээр тохирсон хугацаа хэтрүүлж төлсөн нь гэрээнд заасан, гэрээ үйлчлэх хугацааг өөрчлөх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн даатгалын хураамжийг бүрэн төлсөн 2017.12.22-ны өдрөөс гэрээнд заасан 1 жилийн хугацаа тоологдож, 2018.11.22-ны өдрөөр дуусгавар болох агуулгатай тайлбар хууль болон гэрээнд нийцэхгүй юм.

 

б/ Даатгалын гэрээний 4.3-т гэрээний хугацаа дуусмагц талууд гэрээг цуцлах санал тавиагүй бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсээр байгаа бол гэрээг гэрээний үндсэн хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасан хэдий ч гэрээг сунгасан гэж дүгнэх үндэслэлгүй.

 

Учир нь даатгалын гэрээгээр хураамж төлөх нь даатгуулагчийн, даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд нөхөн төлбөр төлөх нь даатгагчийн тус бүрийн үндсэн үүрэг байдаг ба өмнөх гэрээ дуусгавар болсон 2018.11.12-ны өдрөөс эхлэн дээр дурдсан гэрээний 3.2-т зааснаар ажлын 3 хоногийн дотор буюу 2018.11.13-11.15-ны өдрүүдэд ******* ХХК нь даатгалын хураамж төлөөгүй байна.

 

Иймээс даатгагч ******* ХХК нь гэрээнд заасан нөхөн төлбөр төлөх үүрэг хүлээхгүй гэж үзэх нь Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.2-т заасантай нийцэх бөгөөд нэхэмжлэгч ******* ХХК-д Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар даатгалын нөхөн төлбөр шаардах эрх үүсэхгүй байна.

 

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/02093 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2172 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтангэрэл хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.01.28-ны өдөр төлсөн 381,631 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Б.МӨНХТУЯА

 

Г.ЦАГААНЦООЖ