| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2024/0238/З |
| Дугаар | 221/МА2024/0791 |
| Огноо | 2024-12-12 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2024/0791
“КК” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э
Нэхэмжлэгч: “КК” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/662 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 790 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Э
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Баянжаргал
Хэргийн индекс: 128/2024/0238/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “КК” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/662 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 790 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан “КК” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/662 дугаар тушаалыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Нэхэмжлэгч “КК” ХХК-д анх байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/338 дугаар тушаалаар Улаанбаатар хот, ******* дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Арцатын амны хязгаарлалтын бүсэд 15 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг олгосон байсныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/662 тоот тушаалаар тухайн газар ашиглах эрхийг нь хүчингүй болгосон. Тухайн тушаал нь Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэж гаргасан болно. Мөн маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 1183 дугаар саналыг үндэслэж 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/662 тоот тушаалаар нэхэмжлэгч “КК” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 966 дугаар албан бичгээр явуулж, нэхэмжлэгч хариу тайлбарыг ирүүлсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 18 дугаар хурлаас шийдвэрийн тойм гарч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй байсан тул цуцалж шийдвэрлэсэн.
3.2. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар “Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1.10-д хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, Мөн зүйл, хэсэгт заасан “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй/барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан. Мөн нэхэмжлэгч “КК” ХХК нь хэдийгээр 2022 онд газар ашиглах эрхээ сунгуулсан байдаг боловч анх тухайн газрын ашиглах эрхийг 2011 онд авсан байдаг. Энэ хугацаанаас өнөөдрийг хүртэл тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй болно. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/662 дугаартай газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй юм. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээсэн буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/220 дугаар тушаал, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн *********** дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, 2022/261 тоот гурвалсан гэрээ байгуулснаас хойш хуанлийн бүтэн 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байх тул нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил ашиглаагүй гэж үзэхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэргийг тал бүрээс нь бодитой дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлаж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2024/0790 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч “КК” ХХК-иас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/662 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад /хуучин нэрээр/ холбогдуулан гаргажээ.
2.2. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/552 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын ***** амны хязгаарлалтын бүсэд “КК” ХХК-д ашиглуулахаар олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй гэсэн үндэслэлээр тус компанийн 15 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.
2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/338 дугаар тушаалаар ******* дүүргийн Богдхан Уулын дархан цаазат газар, Арцатын амны хязгаарлалтын бүсэд 15 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/220 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг 5 жилээр сунгасан байна. Ийнхүү газар ашиглах эрхийг сунгасантай холбоотойгоор Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гурвалсан гэрээг 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулж, 2027 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаатай ашиглахаар болжээ.
2.4. Дээрх хугацаанд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар тушаалаар нэхэмжлэгч “КК” ХХК-ийн газар ашиглах эрхийг үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр дуусгавар болгосон байх бөгөөд улмаар нэхэмжлэгч уг цуцалсан шийдвэртэй маргаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 805 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 192 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн 2019 оны 206 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэсэн байна.
2.5. Улсын Дээд шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 206 дугаар тогтоолын дагуу хариуцагч 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/220 дугаар тушаалаар нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг сунгаж, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр газар ашиглах гуравласан гэрээг байгуулсан атлаа 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/552 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг 1 жил 3 сар гаруй хугацааны дараа цуцалж байгаа энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хугацаа өнгөрсөн гэж үзэх боломжгүй, мөн гэрээ гэрчилгээнд заасан зориулалтаар ашиглах боломжийг захиргааны байгууллагын зүгээс олгоогүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна.
2.6. Учир нь Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газар нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.
2.7. Тухайн тохиолдолд, газар ашиглах тухай гурвалсан гэрээ байгуулснаас хойш маргаан бүхий 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/662 дугаар тушаал гарах хүртэл хуанлийн бүтэн 2 жилийн хугацаа болоогүй байхад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж зааснаар газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй. Энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэлтэй зөв дүгнэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
2.8. Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “...нэхэмжлэгч “КК” ХХК нь 2022 онд газар ашиглах эрхээ сунгуулсан боловч анх тухайн газрын ашиглах эрхийг 2011 онд авсан, энэ хугацаанаас өнөөдрийг хүртэл тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй” талаар дурдсан байх боловч нэхэмжлэгч нь тухайн газраа аялал жуулчлалын цогцолборын зориулалтаар ашиглахаар 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан байх хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор шийдвэрлэж байсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл үгүйсгэгдэж байна.
2.9. Түүнчлэн хуульд заасан үндэслэл журмын дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар гаргасан шийдвэрийн дагуу эрх бүхий этгээдүүдийн хооронд газар эзэмших, ашиглах гэрээ хийгдсэн тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зохицуулалт нь Улсын дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-т зааснаар тайлбарлагдах тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
2.10. Иймд анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 790 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
Ерөнхий ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА