Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 185

 

“Есөн эрдэнэ ундарга” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарангэрэл нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1024 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0178 дугаар магадлалтай, “Есөн эрдэнэ ундарга” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1024 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Есөн Эрдэнэ Ундарга ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 933 дугаар шийдвэрээр Есөн эрдэнэ ундарга" ХХК-ийн MV-14986A тоот тусгай зөвшөөрлийг цуцалсныг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0178 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1024 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Есөн эрдэнэ ундарга” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 933 дугаар шийдвэрийн “Есөн эрдэнэ ундарга” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарангэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүхийн магадлалаар “тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж шийдвэрлэхийг даалгах” хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхээс Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 933 тоот шийдвэрээр “Есөн эрдэнэ ундарга” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь хууль бус гэж үзэн хүчингүй болгож шийдвэрлэсэн атлаа тусгай зөвшөөрлийг сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна.

Хариуцагчаас тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсний улмаас Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу ямар ч ажиллагаа хийх боломжгүй, өргөдөл хүлээн авахгүй байсан нь хариуцагчийн эс үйлдэхүй юм.

Үүний улмаас зөвшөөрөл бүхий талбайдаа үйл ажиллагаа явуулах, тусгай зөвшөөрлөө шилжүүлэх зэрэг хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж  байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдснийг харуулж байгаа.

Энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн хэрнээ хангах үндэслэлгүй гэж байгаа нь магадлалын агуулга хоорондоо зөрчилтэй болж, шүүхийн шийдвэр хэрэгжихээргүйд хүргэж байгааг анхааран үзнэ үү гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Амгалан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журмын дагуу нэхэмжлэгч компанид 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгээр нөхөн олговор авах хүсэлтээ 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Мөн өдөр тутмын сонин болох Зууны мэдээ сонины 2011 оны 10 дугаар сарын 10/11-ний өдрийн 239/240 дугааруудад, Үндэсний шуудан, Үнэн сонинуудад тус тус нийтэлсэн ба Ашигт малтмалын газрын www.mram.gov.mn цахим хуудсанд байрлуулж мэдээлсэн болно.            

Гэвч “Есөн эрдэнэ ундарга” ХХК-ийн эзэмшлийн МV-014986 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь хуулиар хориглосон хязгаарласан талбайтай давхцалтай байсан мөн нөхөн олговор авах талаар хууль, журамд заасан хугацаанд албан хүсэлтээ ирүүлээгүй, Ашигт малтмалын газарт ирүүлсэн Сангийн яамны 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3-2/1458 тоот албан бичигт хүсэлтээ хугацаандаа гаргаагүй аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгох үндэслэлгүй болохыг дурдсан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ дурдсан өөрийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-014986 тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хүссэн өргөдлийг 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гаргасан бөгөөд өргөдлийн материалыг Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс хянан үзээд 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 6/4955 тоотоор Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон усан сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцаж, мөн хуулийн 4.3-д заасныг үндэслэн Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан, мөн Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Геологийн бодлогын газрын даргын 2011 оны 1/2961 албан бичгээр тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөнийг хийхгүй байх чиглэл ирүүлсний дагуу Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 886 дугаар шийдвэрээр уг өргөдлийг бүртгэлээс хассныг мэдэгдсэн байна.

Дээрх шийдвэрийн дагуу зөвхөн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хориглосноос бус Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн эрх, үүргээс чөлөөлсөн ойлголт биш юм. Энэ нь мөн хуулийн 31.1-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлбөр төлөхөөс чөлөөлөх үндэслэлгүй юм.

Харин Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2011 оны  07 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой байсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 6/3859 тоотоор хүргүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлсөн тухайгаа нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна.

“Есөн эрдэнэ ундарга” ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй бол гэсэн үндэслэлээр Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 933 дугаар шийдвэрээр цуцалсан нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм. Цуцалсан тухай мэдэгдлийг 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 6/5227 тоотоор хүргүүлж мэдэгдсэн байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан мэдэгдэнэ гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно гэж заасан ба “Есөн эрдэнэ ундарга” ХХК-д 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 6/3859 тоот, 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 6/5227 тоотоор мэдэгдэл хүргүүлэн нь явуулсан албан тоот болон баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбараар баталгаажиж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ашигт малтмалын ашиглалтын MV-014986 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 933 дугаар шийдвэр гарч, энэ талаар төрийн захиргааны байгууллагын дээд шатны албан тушаалтанд гомдлоо гаргаж хуулийн хугацаанд гаргаж шийдвэрлүүлээгүй атал Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тус компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т заасны дагуу хэрэв тусгай зөвшөөрөл эзэмшигчийн албан ёсны хаяг, утас өөрчлөгдсөн бол бүртгүүлэх үүрэгтэй байгаагаас үзвэл энэ үүргээ биелүүлээгүй байж төрийн захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй юм. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө  үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Маргааны үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг буруу үнэлж, дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан давж заалдах шатны шүүхийн  шүүхийн магадлал үндэслэлтэй болжээ.

“Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлөөгүй” гэж  “Есөн эрдэнэ ундарга” ХХК-ийн MV-14986А дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 933 дугаар шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2, 56.3, 56.4-т тус тус заасантай нийцээгүй байна. 

Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн MV-14986А дугаар тусгай зөвшөөрлийг “ХОТУ” ХХК-д шилжүүлэхийг хүссэн өргөдлийг холбогдох материалын хамт 2011 оны 05 дугаар сарын 17-ны өдөр буюу тусгай зөвшөөрлийн 3 дахь жилийн төлбөр төлөгдсөн байх 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс өмнө хариуцагч захиргааны байгууллагад хүргүүлсэн, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлөөр эзэмшиж буй талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайтай давхцсан гэх шалтгаанаар өргөдлийг түр түдгэлзүүлж, энэ талаар мөн 08 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгчид мэдэгдсэн үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.

Зөвхөн 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагчийн 866 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай өргөдлийг бүртгэлээс хассан, 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 933 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан үйл баримттай холбогдон маргаан үүссэн байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь захиргааны байгууллага дээрх шийдвэрүүд болон тусгай зөвшөөлийг цуцлах үндэслэл бүрдсэнийг мэдэгдээгүй хууль зөрчсөн гэж  хариуцагч нь мэдэгдлийг зохих журмын дагуу хүргүүлсэн гэж тайлбарлан маргажээ.

Тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай өргөдлийг бүртгэлээс хассан шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид хаягласан 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 6-4955 дугаар мэдэгдэл, тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн тухай 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 6-3859 дүгээр мэдэгдэл, тусгай зөвшөөрлийг цуцалсан талаарх 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 6-5227 дугаар мэдэгдэл зэргийг “Есөн эрдэнэ ундарга” ХХК-д хүргүүлсэн гэх хариуцагчийн тайлбар нь хэрэгт авагдсан “Явуулсан бичиг”-ийн дэвтэрт албан бичгүүд хүргэгдээгүй, буцаалт гэсэн тэмдэглэгээтэй байгаагаар үгүйсгэгдэж байгааг давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Тухайлбал, дээрх тэмдэглэгээнээс үзэхэд нэхэмжлэгчийн хаяг өөрчлөгдсөн гэх шалтгаанаар албан бичгүүд буцаагдаагүй байхад хаягийн өөрчлөлтөө мэдэгдээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Мөн нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаа дуусахаас өмнө бусдад шилжүүлэх хүсэлтээ гаргасан, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар ашиглалтын талбай нь хуулиар хориглосон талбайд хамрагдсны улмаас тусгай зөвшөөрөл эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхийн магадлалд тодорхой дүгнэсэн байна. 

Түүнчлэн дээр дурдсанаар захиргааны байгууллагын гаргасан маргаан бүхий актуудыг нэхэмжлэгч тухайн үед мэдээгүй байсан нь нотлогдож тогтоогдсон, хариуцагчаас 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 6/3205 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрөл цуцлагдсаныг мэдэгдсэнээр өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иймээс “...тусгай зөвшөөрөл цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн, хуульд заасан үүргээ биелүүлээгүй, ...хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй...” гэх хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Үүнээс гадна шүүхийн шийдвэрээр маргаан бүхий захиргааны акт буюу 2011 оны 933 дугаар шийдвэрийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл эзэмших эрх хэвээр хадгалагдах учиртай.

Харин энэ маргааны тухайд нэхэмжлэгчийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайтай давхцсаны улмаас тусгай зөвшөөрлийг үргэлжлүүлэн эзэмших эсэх нь холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэгдэх тул давж заалдах шатны шүүх “...эрхийг сэргээж шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй. 

            Иймд “...тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй, магадлалын агуулга хоорондоо зөрчилтэй, шүүхийн шийдвэр хэрэгжихээргүйд хүргэж байна...” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарангэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдол мөн үндэслэлгүй.

Дээр дурдсанаар давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0178 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээж, хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг  дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                          М.БАТСУУРЬ

 ШҮҮГЧ                                                                                     Л.АТАРЦЭЦЭГ