Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/31

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнэ,

Хохирогч ***,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***т холбогдуулан Эрүүгийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000002242 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, албаны нохой сургагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, хамтран амьдрагч, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хороолол, *** гудамж, *** дүгээр байрны *** тоотод оршин суух хаягтай, /РД:***/, урьд ял шийтгэлгүй, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2022 оны 09 дүгээр сарын 20-нд Баянгол дүүргийн *** дугаар хороо *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий хохирогч ***ийн хөх, өгзөг хэсэгт өшиглөх зэргээр биед нь баруун V, VI хавирганы хугарал, баруун өгзөг, шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулжээ

     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 19-ний орой манай нөхөр надаас мөнгө байна уу гээд ажил дээр байхад асуусан, би ажилтай байсан болохоор сайн тодруулж асууж чадаагүй. Тэгээд гэртээ харьж амраад маргааш өглөө нь буюу 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өглөө нөхөр *** надаас дахиад 200,000 төгрөг асуусан, би цалин буугаагүй мөнгө байхгүй байна өөрөө олооч гэхэд надад би олчих байсан бол чамаас асуух юм уу олдохгүй байна гэсэн. Намайг олон юм яриад байх юм гээд миний толгой хэсэгт хоёр, гурван удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би нөхөртөө чи одоо яагаад байгаа юм бэ пизда чинь гэхэд нөхөр намайг чи хараал хэллээ гээд миний баруун хавирга хэсэгт өшиглөсөн. Тэгээд амьсгаа давчдаад хавирга эвгүй болоод газар хэвтэхэд нөхөр өшиглөсөн хавирга орчим дарж үзээд зүгээр байна гэсэн. Би өвдөөд байна цаашаа бай гэхэд баашлаад бай гээд миний араас нуруу өгзөг орчим хоёр гурван удаа өшиглөсөн. Тэгээд би хэсэг байж байгаад нөхөр гараад явсан би гэмтлийн эмнэлэгт үзүүлээд хавирга хугарсан байна гээд цагдаад хандсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өглөө ажилдаа явахдаа надаас 200,000 төгрөг нэхэхээр байхгүй гэж хэлсэн. Тэгээд толгой руу хоёр удаа цохихоор нь яагаад байгаа юм бэ гээд хараал хэлэхэд эргэж хараад өшиглөсөн. Хүчтэй өвдөхөөр нь газар хэвтсэн. Тэгэхэд энэ, тэнд элээд чи зүгээр үү, хаана чинь өвдөөд байгаа юм, би тэгж цохиогүй гээд байсан. Цаашаа бай, аймар өвдөөд байна, хугалчих шиг боллоо гэж хэлэхэд хугараагүй байна гээд уурлаад ингээд баашлаад хэвтэж бай гээд нэмж өшиглөөд уурлаад байсан. Багыгаа авч гараад эргэж орж ирээд хэвтэж байхад хөлс гараад өвдөөд байсан. Тэгээд өвдөөд байхаар нь гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд хугарсан байна гэсэн тул цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. ...12 дугаар сарын 14-ний өдөр надад дахин гар хүрсэн. Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж хэрэг нь шалгагдаж байгаа. Гэм буруугаа хүлээж байгаа гэдэгт итгэхгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хүн ийм байхгүй байхаа, надтай харьцаж байгаа харьцаа өөр байна. Сүүлд миний нүүр хэсэг рүү 4 удаа цохисон. Хавирга хугарах гэдгийг үзүүлье гэсэн. Би арай гэж зугтаж явсан. Хамт амьдрахгүй байгаа. Дүүгээрээ ажилдаа зөөлгөж байгаа. Сүүлийн үед ажлаа хийхгүй байгаа, ажилдаа ганцаараа явахаас айж байна...” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 13030 дугаартай “...***ийн биед баруун V, VI хавирганы хугарал, баруун өгзөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

3. Хохирогч ***ээс гаргаж өгсөн хохирлын баримтууд (хавтаст хэргийн 89-92 дахь тал),

4. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 20-нд Баянгол дүүргийн *** дугаар хороо *** тоот гэртээ эхнэр ***тэй маргасан. Би ***ийн толгой хэсэгт хэд хэд тоншоод цохиход намайг хараахаар нь би хавирга хэсэгт нь өшиглөсөн. Тэгэхэд хавирга хугарчихлаа гээд би бөгс хэсэгт нь өшиглөөд гараад явсан. Мөнгө хэрэгтэй байсан. Тэгээд мөнгө асуугаад маргасан. Намайг хараахаар нь би уурандаа цохичихсон. Би хийсэн үйлдэл гэм буруугаа ухаарч байна. ***ээс уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт тогтоогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 38 дахь тал), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 42 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 17-18 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан ба энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцохоор мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заажээ. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг хэрхэн ойлгох талаар нарийвчлан зохицуулсан.

Тодруулбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд ...энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, мөн зүйлийн 3.2-д “...энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан ...этгээд нэгэн адил хамаарна” гэж тус тус хуульчилсан байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр шүүгдэгч ***, хохирогч *** нар 2009 оноос энэ хэрэг гарсан 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд эхнэр, нөхрийн харилцаатай хамтран амьдарсан, дундаасаа хоёр хүүхэдтэй буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд  хамаарах гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болох нь тогтоогдож байна.

Мөн хэрэг гарсан өдөр шүүгдэгч *** нь хохирогч ***ээс 200.000 төгрөг нэхэж гэртээ маргалдсан, улмаар хохирогчийн толгой хэсэгт 2-3 удаа цохисон, баруун хавирга, ар нуруу, өгзөг хэсэгт хоёр гурван удаа өшиглөсөн үйл баримт хохирогчийн “....2022 оны 9 дүгээр сарын 20-ны өглөө нөхөр *** надаас 200.000 төгрөг асуусан, би цалин буугаагүй мөнгө байхгүй байна, өөрөө олооч гэхэд надад би олчих байсан бол чамаас асуух юм уу олдохгүй байна, олон юм яриад байх юм гээд миний толгой хэсэгт хоёр, гурван удаа гараараа цохисон. Хараал хэллээ гээд баруун хавирга хэсэгт өшиглөсөн. Тэгээд амьсгаа давчдаад хавирга эвгүй болоод газар хэвтэхэд нөхөр өшиглөсөн хавирга орчим дарж үзээд зүгээр байна, ...баашлаад бай гээд миний араас нуруу өгзөг орчим хоёр гурван удаа өшиглөсөн...” гэх, уг мэдүүлэгтэй агуулгын зөрүүгүй мэдүүлсэн шүүгдэгчийн “...2022 оны 9 дүгээр сарын 20-нд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 31-30 тоот гэртээ эхнэр ***тэй маргасан. Мөнгө асуугаад маргасан. Би ***ийн толгой хэсэгт хэд хэд тоншоод цохиход намайг хараахаар нь хавирга хэсэгт нь өшиглөсөн. Тэгэхэд хавирга хугарчихлаа гээд би бөгс хэсэгт нь өшиглөөд гараад явсан...” гэх мэдүүлгүүдээр нотлогдсон байна.  

Шүүгдэгч ***ын дээрх гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч ***ийн эрүүл мэндэд баруун 5, 6 дугаар хавирганы хугарал, баруун өгзөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдсон, уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэрэгт хамаарах нь шинжээч эмчийн 13030 дугаартай дүгнэлтээр давхар нотлогджээ. 

Шүүгдэгч *** хохирогч ***ийг өшиглөх, цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Мөн шүүгдэгчийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу гэрлэлтийн баталгаагүй боловч 13 жил 2 хүүхдийн эцэг, эх болж эхнэр, нөхрийн харилцаатай хамтран амьдарсан хамтран амьдрагч /эхнэр/-ийнхээ эрх, эрх чөлөөнд халдан зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулж буй үйлдэл нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн хууль бус бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан “гэрлэгчид нь гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ...бие биеэ халамжлах, хүндэтгэх, ...хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй…” гэснийг зөрчсөн гэж дүгнэх үндэслэл болно.

Иймд шүүх хэргийн үйл баримтаар тогтоогдсон дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч ***ыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор ***ын оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 39 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 41 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 42 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй ба улсын яллагчаас 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.

Түүнчлэн, шүүгдэгч *** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд буюу 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дахин хохирогчийн биед халдсан гэх нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байгаа тул түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд зааснаар авсан Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэж дүгнэх үндэслэл болж байна.  

Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялаас улсын яллагчийн санал болгосон хорих ялыг оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтлоо.

Гурав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 13030 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр хавтас хэргийн 89-92 дахь талд 243.000 төгрөгийн баримт гарган өгсөн байх бөгөөд хохирлоос 200.000 төгрөгийг шүүхийн шатанд нөхөн төлсөн, 43.000 төгрөгийг нөхөн төлөөгүй болох нь тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эрүүл мэндэд... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***аас эм, эмчилгээний нийт 43.000 /дөчин гурван мянга/-н төгрөг гаргуулж, хохирогч ***т олгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Энэ эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч ***т хорих ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол авахаар тогтов. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***т 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас 43.000 /дөчин гурван мянга/-н төгрөг гаргуулж, хохирогч ***т олгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА