Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/18

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

Улсын яллагч М.Бамбадорж

Хохирогч Т.Мөнхжаргал /цахимаар/

Шүүгдэгч А.Саруултөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Бамбадоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Алтанхуягийн Саруултөгсөд холбогдох эрүүгийн 2221000000477 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 100-17 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигин овогт Алтанхуягийн Саруултөгс /РД: ЖЮ97010157/

 

Шүүгдэгч Алтанхуяг овогтой Саруултөгс нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сум 11 дүгээр баг “Галакси” бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Т.Мөнхжаргалтай үл ялих зүйлээр шалтаглан маргаж пивоны шилээр толгой тус газар нь цохиж биед нь духны зүүн дээд хэсгийн шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун ташаанд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.Саруултөгс шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн үед найзуудтайгаа бааранд хамт сууж байхад хохирогчтой хамт байсан хүн манай нэг найзыг таньдаг гээд манай ширээн дээр байн байн ирээд байхаар нь маргалдсан. Тэгээд ийм юм болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.

 

Хохирогч Т.Мөнхжаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр найз Жавхаа, Ангирмаа, Баяраа нарын хамт 20 цаг өнгөрч байхад 11 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Глакси бааранд орж үйлчлүүлсэн. Манай найз өөрийн таньдаг хүмүүсийн ширээн дээр очоод суухаар нь түүнийг өөрийнхөө ширээнд суулгах гээд очтол Саруултөгс нь миний толгойн тус газарт пивоны шилээр цохисон... би гомдолтой байна. 7 хоногийн ажилгүй байсан хугацааныхаа тэтгэмжийг нэхэмжилж байна...” гэжээ. /хх-ийн 12 тал/

 

Гэрч А.Ангирмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр найзуудын хамтаар Глакси баараар үйлчлүүлсэн. Тухайн үед хамт явж байсан Лхагвасүрэнгийн таньдаг хүмүүс манай ширээний хажуу талын ширээнд сууж байсан. Улмаар Лхагвасүрэн, Мөнхжаргал нар нь Саруултөгсийн сууж байсан ширээн дээр очиж суугаад хамт архи ууж эхэлсэн. Хэсэг бүжиглэж байхад Саруултөгс над руу ирээд чи Лхагвасүрэн, Мөнхжаргал 2-ыг манай ширээн дээрээс авчих гээд надад хэлсэн. Удалгүй Саруултөгс нь Мөнхжаргалыг пивоны шилээр толгойн тус газарт нь цохиход их хэмжээний цус гарсан тул би цагдаагийн газарт дуудлага өгсөн...” гэжээ. /хх-ийн 15-16 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 727 тоот дүгнэлтэд:

  1. Т.Мөнхжаргалын биед духны зүүн дээд хэсгийн шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 23-24 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 тал/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 22 тал/

- А.Саруултөгсийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 31 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Боржигин овогт Алтанхуягийн Саруултөгс нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сум 11 дүгээр баг “Галакси” бааранд согтуурсан үедээ хохирогч Т.Мөнхжаргалтай үл ялих зүйлээр шалтаглан маргаж пивоны шилээр толгой тус газар нь цохиж биед нь духны зүүн дээд хэсгийн шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун ташаанд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч А.Саруултөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Т.Мөнхжаргал, гэрч А.Ангирмаа нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 727 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч А.Саруултөгсөд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Бамбадоржоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч А.Саруултөгсийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Саруултөгсийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч А.Саруултөгс нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч А.Саруултөгсийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Т.Мөнхжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч Т.Мөнхжаргал нь шүүх хуралдаанд шүүгдэгч А.Саруултөгсөөс ажилгүй байсан 7 хоногийн буюу хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжээ нэхэмжилнэ гэж маргаж байгаа боловч хэрэгт энэ талаарх бичгийн нотлох баримтууд авагдаагүй хуульд заасан үндэслэл журмын дагуу хавсаргаагүй байх тул түүний гаргасан хүсэлтийг энэ шүүх хуралдааанаар шийдвэрлэх боломжгүй байна.

 

Хохирогч Т.Мөнхжаргал нь ажилгүй байсан 7 хоногийн буюу хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн талаарх холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй.

 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч А.Саруултөгсийн ЖЮ97010157 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Алтанхуягийн Саруултөгсийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Саруултөгсийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Саруултөгс нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч А.Саруултөгсийн ЖЮ97010157 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй

5. Хохирогч Г.Мөнхжаргал нь ажилгүй байсан 7 хоногийн буюу хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн талаарх холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Саруултөгсөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ