Шүүх | Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
Хэргийн индекс | 171/2022/0372/Э |
Дугаар | 2023/ШЦТ/09 |
Огноо | 2023-01-03 |
Зүйл хэсэг | 24.6.1., |
Улсын яллагч | Г.А |
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/09
2023 1 03 2023/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Г.А,
шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Р.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Ц.Ц-д холбогдох эрүүгийн 2225000000433 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Ц.Ц
Шүүгдэгч Ц.Ц нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймаг Жаргалант сум Дулаан-Уул баг “Зүүн булаг” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойд 1.616м3 мод бэлтгэн 1.251.648 төгрөгийн хохирол учруулж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр Б.Н эзэмшлийн “Кia fronteir” загварын 19-86ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Ц.Ц “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б “...Портерын тэвшний хэмжээтэй 16 ширхэг нойтон шинэс мод бэлтгэж, ачиж явж байсан зөрчлийг илрүүлж түр саатуулсан. Ойгоос мод бэлтгэхдээ заавал түрүүлж зохих зөвшөөрөл болон гоожин авсныхаа дараа түлээний болон хэрэглээний мод бэлтгэнэ, гэхдээ гоожин болон зөвшөөрөлтэй байсан ч нойтон мод хөрөөдөж бэлтгэхийг хориглодог, Ц.Цийн уулнаас бэлтгэсэн мод нь нойтон мод байсан. Тухайн үед сумынхаа иргэдэд түлшний зөвшөөрөл болон гоожин олгож байсан. Ц.Ц хууль бусаар нойтон мод бэлтгэснээс болж байгаль экологид учруулсан хохирол 1.251.648 төгрөгийг ой нөөц ашигласны төлбөрийн данс болох төрийн сангийн 100210200988 тоот дансанд тушаалгаж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,
гэрч Б.Н “...2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байхад Цэдэнпил гуай ирээд “уулнаас машинаараа тал ачаа мод ачаад өгөөч” гэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр уул руу явсан, явахдаа Цэдэнпил гуайд “та урд ороод зам заагаад яв” гээд би араас нь дагаж яваад “Зүүн булаг”-ийн аманд очоод бид хоёр Цэдэнпил гуайн тайрч бэлтгэсэн модыг машин дээрээ ачаад гэрийнх нь гадаа буулгахаар очих үед сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Гантөмөр, байгаль хамгаалагч Баттөр хоёр ирээд надаас модны гоожин байгаа эсэх талаар асуухад нь “байхгүй, модны эзэн нь Цэдэнпил гуай” гэж хэлсэн, тэр үед Цэдэнпил гуай араас мотоцикльтойгоо ирсэн. Тэгэхэд Гантөмөр, Баттөр хоёр “Жаргалант сумын төв оруулж модоо буулга” гээд бид дөрөв сумын төв ороод модоо гурван замын уулзварын дээр байдаг өвстэй хашаанд буулгачихаад би гэр лүүгээ явсан, мод бэлтгэх эрхийн бичиг /гоожин/ байгаа талаар асуугаагүй, Цэдэнпил гуай ч надад хэлээгүй. Тухайн модыг тээвэрлэсэн 19-86ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний тээврийн хэрэгсэл байгаа юм. 2022 оны 5 дугаар сарын сүүлээр Лхагваа гэдэг хүнээс 5.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,
Ц.Ц-ийн яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Орхон аймаг Жаргалант сум Дулаан-Уул баг “Зүүн булаг” гэх газар ганцаараа очиж үндсээрээ унасан хоёр ширхэг хар модыг өөрийн эзэмшлийн улаан өнгийн цахилгаан хятад хөрөөгөөр протерын тэвшний хэмжээгээр хувааж хөрөөдөн бэлдсэн. 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 17 цагийн орчим Ням-Эрдэнэтийн гэрт очиж “ах нь ууланд түлээний мод бэлдсэн юм, машинаараа зөөгөөд өгөөч” гэж хэлээд дагуулан явж мод бэлтгэсэн газраа очиж, цагаан өнгийн пронтер маркийн тээврийн хэрэгсэлд ачиж бэхэлж аваад Ням-Эрдэнэтийг “манай гэрлүү явж байгаарай, ах нь хонь, ямаагаа модноос гаргачихаад очно” гэж хэлээд явуулсан, би удалгүй араас нь гэртээ очиход Ням-Эрдэнэт манай гэрт байхгүй байхаар нь эхнэр Долгорсүрэнгээс асуухад “ойн байцаагч Гантөмөр ирээд машинтай нь аваад явчихсан” гэж хэлэхээр нь би араас нь очиж уулзсан. ...хөрөө нь миний эзэмшлийн хөрөө байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/,
иргэн Д.Б “...иргэн Ц.Ц нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн.” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14.15 цагт хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,
Орхон аймаг Жаргалант сум Агропаркын хашаанд байгаа 16ш модонд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үеэр бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-8, 9 дэх тал/,
Орхон аймаг Жаргалант сум Дулаан-Уул баг “Зүүн булаг” гэх хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 10-12, 13-14 дэх тал/,
Ц.Ц-ээс гаргаж өгсөн, БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 17 дахь тал/,
Орхон аймгийн Сум дундын ойн ангийн мэргэжилтэн Х.Эрдэнэбатын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаартай; “...иргэн Ц.Цийн бэлтгэсэн 16 ширхэг модны 2 ширхэг модны гадна шинж байдал нь давирхай гоожоогүй, чийгтэж бантаагүй, хуурай шинэс мод /Larix sibirica/, 14 ширхэг нь давирхай нь гоожсон, хүнд жинтэй, нойтон шинэс мод /Larix sibirica/ болно. Орхон аймаг Жаргалант сум Агропаркын хашаанд байгаа 1.616 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Төлбөрийн муж тогтоох тухай Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот тушаалын хавсралтад заасан ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр тогтоох мужлалын нэгдүгээр муж, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу тооцож, экологи-эдийн засгийн үнэлгээний нийт мөнгөн дүнг 1.251.648 төгрөгөөр тогтоов.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
“Бэйкер тилли далайван аудит” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 02/02-75 дугаартай; “...Кia Frontier загварын автомашины үнэлгээ 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 6.009.400 /зургаан сая есөн мянга дөрвөн зуун/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 38-42, 43-44 дэх тал/,
Ц.Ц эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 55, 65 дахь тал/
Ц.Ц Төрийн сангийн 100210200988 тоот дансанд байгаль экологид учруулсан хохиролд 1.251.648 төгрөг тушаасан тухай банкны баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Ц-ийг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Ц.Ц нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймаг Жаргалант сум Дулаан-Уул баг “Зүүн булаг” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойд 1.616м3 мод бэлтгэн 1.251.648 төгрөгийн хохирол учруулж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр Б.Ням-Эрдэнэтийн эзэмшлийн “Кia fronteir” загварын 19-86ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б “...Ц.Цийн уулнаас бэлтгэсэн гэх мод нь нойтон мод байсан.” гэх,
гэрч Б.Н “...Цэдэнпил гуай ирээд “уулнаас машинаараа тал ачаа мод ачаад өгөөч” гэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр уул руу явсан. ...“Зүүн булаг”-ийн аманд очоод бид хоёр Цэдэнпил гуайн тайрч бэлтгэсэн модыг машин дээрээ ачаад гэрийнх нь гадаа буулгахаар очих үед сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Гантөмөр, байгаль хамгаалагч Баттөр хоёр ирээд надаас модны гоожин байгаа эсэх талаар асуухад нь “байхгүй, модны эзэн нь Цэдэнпил гуай” гэж хэлсэн.” гэх,
Ц.Ц-ийн яллагдагчаар өгсөн “...Орхон аймаг Жаргалант сум Дулаан-Уул баг “Зүүн булаг” гэх газар ганцаараа очиж үндсээрээ унасан байсан хоёр ширхэг хар модыг өөрийн эзэмшлийн улаан өнгийн цахилгаан хятад хөрөөгөөр протерын тэвшний хэмжээгээр хувааж хөрөөдөн бэлдсэн. ...хөрөө нь миний эзэмшлийн хөрөө байгаа юм.” гэх мэдүүлгүүд,
иргэн Д.Б “...иргэн Ц.Ц нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн.” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14.15 цагт хүлээн авсан, Орхон аймаг Жаргалант сум Агропаркын хашаанд байгаа 16ш модонд үзлэг хийсэн, Орхон аймаг Жаргалант сум Дулаан-Уул баг “Зүүн булаг” гэх хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд,
Орхон аймгийн Сум дундын ойн ангийн мэргэжилтэн Х.Эрдэнэбатын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаартай; “...иргэн Ц.Цийн бэлтгэсэн 16 ширхэг модны 2 ширхэг модны гадна шинж байдал нь давирхай гоожоогүй, чийгтэж бантаагүй, хуурай шинэс мод /Larix sibirica/, 14 ширхэг нь давирхай нь гоожсон, хүнд жинтэй, нойтон шинэс мод /Larix sibirica/ болно. ....экологи-эдийн засгийн үнэлгээний нийт мөнгөн дүнг 1.251.648 төгрөгөөр тогтоов.” гэсэн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Ц.Ц гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.” гэж,
2-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж тус тус заажээ.
Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн үндсэн шинж нь байгаль орчинд хохирол учирсан байхыг шаардахгүй, хууль бусаар мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авснаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг бөгөөд,
зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэдгийг сум дундын болон сум дүүргийн ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/-аас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр, эсхүл эрхийн бичигт заасан хэмжээнээс хэтрүүлж, эрхийн бичигт зааснаас өөр төрлийн мод, өөр ойгоос мод бэлтгэснийг,
гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан гэдгийг иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллага нь ойгоос бэлтгэсэн мод, гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахдаа сум дундын болон сум, дүүргийн ойн анги /байхгүй бол эрх бүхий албан тушаалтан/-аас гарал үүслийн гэрчилгээ авалгүйгээр тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсныг тус тус ойлгоно.
Ойн тухай хуульд ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг, түүнийг ашиглах журмыг хуульчилсан бөгөөд дээрх тохиолдолд шүүгдэгч Ц.Ц нь зохих байгууллагаас зөвшөөрөл авахаар заасан байхад зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан,
түүнд Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,
шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул шүүх түүний “2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймаг Жаргалант сум Дулаан-Уул баг “Зүүн булаг” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойд 1.616м3 мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр Б.Ням-Эрдэнэтийн эзэмшлийн “Кia fronteir” загварын 19-86ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ц.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Ц.Ц-ийг “2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймаг Жаргалант сум Дулаан-Уул баг “Зүүн булаг” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойд 1.616м3 мод бэлтгэж гарал үүслийн гэрчилгээгүйгээр Б.Ням-Эрдэнэтийн эзэмшлийн “Кia fronteir” загварын 19-86ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх хуралдааны үед;
улсын яллагч “...шүүгдэгч Ц.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газар болох Орхон аймаг Жаргалант сумаас явахыг хориглох,
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар экологи-эдийн засгийн үнэлгээний дүн 1.251.648 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.754.944 төгрөгийг шүүгдэгч Ц.Ц-ээс гаргуулж шийдвэрлэхээр байгаа боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баттөр 1.251.648 төгрөг нэхэмжилж, шүүгдэгч нь 1.251.648 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх саналтай,
гэмт хэрэг үйлдэхэд ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн нэг ширхэг цахилгаан хөрөөг, мөн Орхон аймаг Баян-Өндөр сум Агропаркын хашаанд хадгалагдаж байгаа гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.555м3 эзэлхүүнтэй 14 ширхэг нойтон шинэс мод, 0.061м3 эзэлхүүнтэй 2 ширхэг хуурай модыг тус тус улсын орлогод шилжүүлж шийдвэрлүүлэх,
“Кia fronteir” загварын 19-86ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн нэр дээр бүртгэлгүйгээс гадна битүүмжлэгдээгүй.” гэсэн дүгнэлтийг,
өмгөөлөгч Р.Бямбажав “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баттөр 1.251.648 төгрөг нэхэмжилж, шүүгдэгч нь 1.251.648 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна, “Кia fronteir” загварын 19-86ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл шүүгдэгчийн өмчлөлд байгаагүй тул түүнээс үнийг гаргуулж шийдвэрлэх боломжгүй, харин цахилгаан хөрөө, 16 ширхэг модыг улсын орлогод шилжүүлж шийдвэрлэхэд татгалзахгүй. Зорчих эрхийг хязгаарлах ялыг хуульд заасан хамгийн бага хугацаагаар оногдуулж, улмаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл нь үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн хор аюулаар ялимгүй шинжтэй, эсхүл бусад нөхцөл байдлын улмаас нийгэмд аюултай шинжээ алдсан бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх асуудал байхыг үгүйсгэхгүй. Гэтэл шүүгдэгч Ц.Цийн хувьд энэ нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн ар гэрийн ахуй амьдрал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй юм.
Шүүгдэгч Ц.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэгтний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг сонгон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Жаргалант сумаас явахыг хориглож,
зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгч Ц.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,
энэ хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэдгийг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан ял, албадлагын төрөл, хэлбэрээс аль хөнгөнийг сонгон хэрэглэх үндэслэл болж буй нөхцөл байдлуудыг хэлнэ. Тухайлбал;
тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдэгт урьдчилан төсөөлөөгүй, гэнэт бий болсон хүчин зүйлд автаж Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгчийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.
Орхон аймгийн Сум дундын ойн ангийн мэргэжилтэн Х.Эрдэнэбатын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаартай, “...экологи-эдийн засгийн үнэлгээний нийт мөнгөн дүнг 1.251.648 төгрөгөөр тогтоов.” гэсэн дүгнэлт хавтаст хэргийн 32-33 дахь талд,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б “...Ц.Ц хууль бусаар нойтон мод бэлтгэснээс болж байгаль экологид учруулсан хохирол 1.251.648 төгрөгийг ой нөөц ашигласны төлбөрийн данс болох төрийн сангийн 100210200988 тоот дансанд тушаалгаж өгнө үү.” гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 22 дахь талд тус тус авагдсан бөгөөд шүүгдэгч нь шүүх хуралдаан эхлэхэд 1.251.648 төгрөгийг төлж барагдуулсан тухай банкны баримтыг гаргаж өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин гэмт этгээд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа ... тээврийн хэрэгсэл ... ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн ийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор түүнийг нь улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор, хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулахаар заасан бөгөөд гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан боловч бусдын өмчлөлд байсан тоног, төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулж байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэхээс гадна цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.
Иймд шүүгдэгч Ц.Ц-ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Орхон аймаг Баян-Өндөр сум Агропаркын хашаанд хадгалагдаж байгаа 1.555м3 эзэлхүүнтэй 14 ширхэг нойтон шинэс мод, 0.061м3 эзэлхүүнтэй 2 ширхэг хуурай мод нийт 16 ширхэг модыг,
гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Кia fronteir” загварын 19-86ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлд байдаг болох нь тогтоогдсон тул хавтаст хэргийн 38-42 дахь талд авагдсан “Бэйкер тилли далайван аудит” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 02/02-75 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгөөс 6.009.400 /зургаан сая есөн мянга дөрвөн зуун/ төгрөгийг албадан гаргуулж тус тус улсын төсөвт шилжүүлж,
эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн цахилгаан хөрөөг улсын орлого болгох нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Ц цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,
шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-ийг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-ийг өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Жаргалант сумаас явахыг хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар Орхон аймаг Баян-Өндөр сум Агропаркын хашаанд хадгалагдаж байгаа 1.555м3 эзэлхүүнтэй 14 ширхэг нойтон шинэс мод, 0.061м3 эзэлхүүнтэй 2 ширхэг хуурай мод нийт 16 ширхэг модыг,
мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Кia fronteir” загварын 19-86ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 6.009.400 /зургаан сая есөн мянга дөрвөн зуун/ төгрөгийг шүүгдэгч Ц.Ц-ийн хувьд ногдох эд хөрөнгөөс гаргуулж тус тус улсын төсөвт шилжүүлсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Ц.Цийн эзэмшлийн, БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн цахилгаан хөрөөг улсын орлого болгосугай.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Ц цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ