| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0003/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/10 |
| Огноо | 2023-01-03 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/10
2023 1 03 2023/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Ц.Л,
хохирогч Н.Б,
шүүгдэгч Л.А нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Л.А-т холбогдох эрүүгийн 2225006000487 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Л.А
Шүүгдэгч Л.А нь 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг Урт цагааны гудамжны урд талын зам дээр 31-17ОРА дугаартай “Мitsubishi Соlt” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж, гарцаар гарч явсан явган зорчигч Н.Б- ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын тэгш эрх мэтгэлцээний үндсэн дээр явуулж, дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Л.А“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
хохирогч Н.Б “...би 60 хоног өвчтэй байсан, одоо ч гэсэн биеийн байдал хуучин шигээ болж чадаагүй байна. Миний цалин харилцан адилгүй нь үнэн, листний мөнгөний зөрүү 19.265.650 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Н.Б-ын “...2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн өглөө 8 цагийн үед охин Б.Гэгээлэнг “Дэгдээхэй” цэцэрлэгт хүргэж өгөхөөр гэрээсээ гарсан, урт цагааны гудамжны доод талаар явган хүний гарцаар гарч байхдаа хоёр тал руугаа харахад ойрхон машин харагдахгүй байсан, ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш явсан эхний эгнээг гараад хоёр дахь эгнээ рүү ороод эсрэг урсгал руу ороогүй байхад зүүн гар талаас гэнэт цагаан өнгийн суудлын машин гарч ирээд мөргөсөн. Би охиноо тэвэрч явсан бөгөөд машинд мөргүүлэх үедээ охиноо шидээд, өөрөө шидэгдээд газарт унасан, миний охин надаас нэлээн зайтай, мөргүүлсэн урсгалын эсрэг харалдаа хэвтэж байсан. Намайг мөргөсөн машины жолооч машинаасаа буугаад ирсэн, би “миний охиныг аваарай” гээд орилсон, эхнэр лүүгээ утсаар яриад осолд орсон талаараа хэлсэн. Удаагүй миний эхнэр болон намайг мөргөсөн машины жолоочийн эхнэр ирээд охин, бид хоёрыг аваад эмнэлэг рүү явсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
“...Энэ гэмт хэргийн улмаас би 60 хоног өвчтэй байсан, сүүлийн гурван сарын цалингийн дунджийг 2 сараар бодож, өвчтэй байсан хугацааны тэтгэмжийг хасаад 19.265.650 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/,
гэрч М.Одмаагийн “...2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн өглөө 8 цагийн орчим нөхөр Н.Б охин Б.Гэгээлэнг цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд гэрээсээ гарч явсан, гэрээс гараад удаагүй нөхөр Н.Б над руу утсаар яриад “машинд мөргүүлчихлээ” гэж хэлсэн. ...цонхоор харсан чинь урт цагааны урд олон машин цуваад зогссон байсан, тэгэхээр нь бага хүүхдээ аваад урт цагааны урд очиход үл таних хүн миний охиныг тэвэрчихсэн, миний нөхөр мөргүүлсэн машиныхаа хаалгыг түшээд зогсож байсан. ...Миний нөхрийн зүүн талын хөл нь өвдөгний үе хэсгээрээ дотор, гадна талдаа хугарсан, зүүн талын сүүжний яс нь зөрүүгүй хугарсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,
Л.А-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн өглөө 8 цагийн орчим охин А.Номинсондорыг хичээлд нь хүргэж өгчихөөд гэр хороололд байдаг аавынхаа гэрт очихоор хотын төвөөр ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүгт замын нэгдүгээр эгнээгээр явсан. ...Төрийн банкны баруун талд байдаг авто зогсоолын хажууд замын нэгдүгээр эгнээний хөдөлгөөнийг хаагаад 91-91УБИ улсын дугаартай “Toyota Harrier” тээврийн хэрэгсэл зорчих хэсэг хааж зогссон байсан учир тухайн тээврийн хэрэгсэлд ойртон очоод тойрч гараад явахад зам дээр явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан иргэнийг мөргөж, зам тээврийн осол гаргасан. ...эхнэрээ дуудаж хохирогчийг эмнэлэгт хүргэж, эмнэлгийн тусламж үзүүлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54, 106-108 дахь тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 719 дугаартай; “...Н.Бын биед зүүн дунд чөмөгний ясны дотор булууны сэлтэрсэн хугарал, өвдөгний үений холбоосын урагдал, зүүн өвдөгт зөөлөн эдэд цус хуралт, зүүн тохойд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...зүүн дунд чөмөгний ясны дотор булууны сэлтэрсэн хугарал, өвдөгний үений холбоосны урагдал нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,
Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “...жолооч Л.Ань Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 82-84 дэх тал/,
иргэн Д.Н-н “...Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг авто зам дээр “Мitsubishi Соlt” загварын 31-17ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл явган зорчигч мөргөсөн” гэх гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,
Зөрчлийн хэргийн баримтууд /хавтаст хэргийн 2, 4-42 дахь тал/,
Л.А эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 125 дахь тал/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 113 дахь тал/,
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/8 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 127-132 дахь тал/,
хохирогч Н.Б 19.256.650 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл, холбогдох баримтууд /хавтаст хэргийн 138-153, 160-167/,
31-17ОРА улсын дугаартай “Мitsubishi Соlt” загварын тээврийн хэрэгслийг шүүгдэгч Л.Амгаланбаатарт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 168 дахь тал/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас, мөн Л.А-с сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтүүдийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч Л.А-г гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Л.Ань 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг Урт цагааны гудамжны урд талын зам дээр 31-17ОРА дугаартай “Мitsubishi Соlt” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж, гарцаар гарч явсан явган зорчигч Н.Б-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн, хохирогч Н.Б-ын “...2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн өглөө 8 цагийн үед охин Б.Гэгээлэнг “Дэгдээхэй” цэцэрлэгт хүргэж өгөхөөр гэрээсээ гарсан, урт цагааны гудамжны доод талаар явган хүний гарцаар гарч байхдаа хоёр тал руугаа харахад ойрхон машин харагдахгүй байсан, ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш явсан эхний эгнээг гараад хоёр дахь эгнээ рүү ороод эсрэг урсгал руу ороогүй байхад зүүн гар талаас гэнэт цагаан өнгийн суудлын машин гарч ирээд мөргөсөн.” гэх,
гэрч М.О-н “...2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн өглөө 8 цагийн орчим нөхөр Н.Б охин Б.Гэгээлэнг цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд гэрээсээ гарч явсан, гэрээс гараад удаагүй нөхөр Н.Б над руу утсаар яриад “машинд мөргүүлчихлээ” гэж хэлсэн. ...Миний нөхрийн зүүн талын хөл нь өвдөгний үе хэсгээрээ дотор, гадна талдаа хугарсан, зүүн талын сүүжний яс нь зөрүүгүй хугарсан.” гэх,
Л.А-н “...Төрийн банкны баруун талд байдаг авто зогсоолын хажууд замын нэгдүгээр эгнээний хөдөлгөөнийг хаагаад 91-91УБИ улсын дугаартай “Toyota Harrier” тээврийн хэрэгсэл зорчих хэсэг хааж зогссон байсан учир тухайн тээврийн хэрэгсэлд ойртон очоод тойрч гараад явахад зам дээр явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан иргэнийг мөргөж, зам тээврийн осол гаргасан.” гэх мэдүүлгүүд,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 719 дугаартай дүгнэлт,
мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүйгээс гадна шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Л.А-н үйлдэл нь “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзнэ.
Шүүгдэгч Л.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учруулсан, гэм буруу нь болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймээс шүүх шүүгдэгч Л.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгч Л.А-рт эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
Шүүхээс шүүгдэгч Л.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Л.А-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “...шүүгдэгч Л.Амгаланбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах.” гэсэн,
шүүгдэгч Л.А өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож, “торгох ялыг зөвшөөрч байна.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч Л.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,
эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус тодорхойлжээ.
Шүүгдэгч Л.А гэм буруутай үйлдлээрээ хохирогч Н.Бын биед зүүн дунд чөмөгний ясны дотор булууны сэлтэрсэн хугарал, өвдөгний үений холбоосны урагдал бүхий гэмтэл учруулсан нь хохирогчид учирсан хохирол бөгөөд тэрээр эмнэлгийн тусламж авч гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотойгоор “Эрдэнэт Үйлдвэр”-ийн баяжуулах үйлдвэрийн гүүрэн кранчны ажлаа тодорхой хугацаанд хийж чадаагүй нь хохирол учруулсны улмаас үүссэн хор уршигт тооцогдоно.
Шүүгдэгч Л.А гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн талаар шүүгдэгч, хохирогч нар маргаагүй бөгөөд шүүх хуралдааны үед хохирогч Н.Б нь “цаашид эмчилгээ хийлгэх талаар мөнгө, төгрөг нэхэмжлэхгүй харин листний мөнгөний зөрүү 19.265.650 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн болно.
Хохирогч Н.Б 19.265.650 төгрөг нэхэмжилж холбогдох баримтуудыг гаргаж өгсөн боловч баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн сард авдаг цалин нь харилцан адилгүй байх тул шүүх хэрэгт авагдсан баримтуудаар түүнийг нэг сарын арван хоёр сая арван долоон мянга есөн зуун наян төгрөгийн цалинтай гэдгийг тогтоох боломжгүй байх тул хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шйдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нь хохирогч Н.Бад нээлттэй үлдээв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурьдаж,
шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Л.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-г найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.А шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Хохирогч Н.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ