| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2022/0364/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/12 |
| Огноо | 2023-01-05 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч М.Бамбадорж
Иргэний нэхэмжлэгч
Гэрч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Бамбадоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221004430407 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, 46 настай, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* эрлен гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, Боржигон овогт ******* ******* /РД: *******16/
Шүүгдэгч ******* ******* нь Дорнод аймгийн ******* станцын задгайд байх хашаандаа 129 шуудайтай, 1 тонн 807 кг жинтэй “Дэрэвгэр жиргэрүү” гэх байгалийн ховор ургамал үндэсийг хууль бусаар худалдан авсан, хадгалсан, 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот руу 1 УАА улсын дугаартай “Хино” маркийн тээврийн хэрэгслийг хөлслөн тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие хуульд зааснаас өөр аргаар байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг худалдан авч, хадгалсан, тээвэрлэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байх тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...гэв.
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: “...Би Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн тоотод эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг юм. ... 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө 09 цагийн орчим Дорнод аймагт орж ирсэн. Ирээд Хэрлэн сумын 6 дугаар баг Шүр захын зүүн талын дромон дээр ачаагаа буулгаж байх үед 11 цагийн орчим миний өөрийн утасны дугаар руу нэг хүн залгаж хот руу ачаа ачих уу гэхээр нь би юу ачих вэ гэхэд өөдөөс 200 боодол өвс ачина гэхээр нь зөвшөөрсөн. Мөн тухайн хүн хэдэн төгрөгөөр ачаа ачих вэ гэхэд нь 2500.000 төгөргөөр ачина гэхэд зөвшөөрөөд орой ачаа ачихаар тохирсон. Улмаар ачаа ачуулна гэсэн орой 18 цагийн үеэр над руу залгаад зүүн цементэн гүүрний урд талын зурагтын антены хажууд байх цэхнэр өнгийн хашаанд хүрээд ир гэж хэлсэн. Би ч түүний хэлсний дагуу тухайн хашаанд очиход миний зүс мэдэх ******* гэх хүн гэрээс гарч ирээд машинаа бөгсөөр нь ухраагаад оруулчих бид нар ачаа ачлаа гэж хэлсэн. Би за тэг гээд амбаараа нээж орхиод өглөө хотоос ирсэн тул кабиндаа орж унтлаа гээд орсон. Удалгүй 2 цаг орчмын дараа ******* ирээд ачаа аччихлаа одоо шууд хот гаргах уу гэхээр тэгнээ. Ачааныхаа мөнгийг яах вэ гэхэд араас чинь явуулна гээд миний дансыг аваад үлдсэн. Удалгүй *******ын хашаанаас гараад засмал зам гарах гэж байхад миний урдуур машин шахаж зогссон тухайн машинаас цагдаагийн алба хаагч нар бууж ирээд намайг дагуулаад цагдаагийн газарт очсон...” гэжээ. /хх-ийн 63-64 тал/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: “...*******ын бэлтгэсэн гэх ургамал нь анхны нүдэн баримжаагаар харахад би дэрэвгэр жиргэрүү үндэс мөн гэж үзэж байна. Уг ургамлын үндэс нь хуурай хатсан байна. Уг ургамал нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 159 дугаартай тогтоолоор ховор ургамлын ангилалд хамааруулж авч үзсэн. Түүнээс хойш 2018 онд Байгаль орчин аялал жуучлалын яамны сайдын А/43 дугаар тушаалаар 2023 оныг хүртэл 5 жилийн хугацаатай судалгаа шинжилгээнээс бусад зориулалтаар түүж бэлтгэхийг хориглосон байдаг. Уг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 дугаартай тушаалаар 1 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс нь 112.900 төгрөг байна гэж заасан байдаг. Уг ургамлыг нойтон үндэсний үнэлгээ нь 112.900 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоосон байдаг. Иймд *******ын хууль бусаар бэлтгэсэн байгалын ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлын 1 тонн 807 кг хуурай үндэс нь экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлж 1020051500 /нэг тэр бум хоёр зуун тавин нэгэн мянга таван зуу/ төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ. /хх-ийн 51-52 тал/
-Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Г.Мягмарсүрэнгийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №12-04-029-003 тоот дүгнэлт /хх-ийн 62-63 тал/
-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8 тал/
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдгэлэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-38 тал/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 39-44 тал/
- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 46-47 тал/
-*******ын яллагчдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 99-99 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухай хэрэгт хамааралтай, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч ******* ******* нь Дорнод аймгийн ******* станцын задгайд байх хашаандаа 129 шуудайтай, 1 тонн 807 кг жинтэй “Дэрэвгэр жиргэрүү” гэх байгалийн ховор ургамал үндэсийг хууль бусаар худалдан авч, хадгалсан, мөн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот руу 1 УАА улсын дугаартай “Хино” маркийн тээврийн хэрэгслийг хөлслөн тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч *******, иргэний нэхэмжлэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Г.Мягмарсүрэнгийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №12-04-029-003 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор байгалийн ховор ургамлыг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор байгалийн ховор ургамлыг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүний хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч ******* нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор байгалийн ховор ургамал болох 129 шуудайтай, 1 тонн 807 кг жинтэй “Дэрэвгэр жиргэрүү” байгалын ховор ургамлыг худалдан авч, хадгалж, тээвэрлэсэн болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Байгалийн ховор ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч нь тухайн ургамлыг худалдан авч, хадгалах, тээвэрлэхийг хууль бус гэдгийг мэдээгүй гэж байгаа боловч хууль мэдэхгүй нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд шүүгдэгч ******* нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүй байж зориуд ховор ургамлыг худалдан авч, хадгалсан, тээвэрлэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Бамбадоржоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг байгалийн ховор ургамал болох “дэрэвгэр жиргэрүү” ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авч, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн: Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэрэгт хураагдсан Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс нь 129 шуудайтай, 1 тонн 807 кг жинтэй биш харин хэргийн газарт хийсэн тэмдэглэлээр 59 шуудай 699 килограмм байна гэж маргаж мэтгэлцжээ: Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу харьцуулан шинжлэн судалж үзэхэд:
Шүүгдэгч *******ыг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор хууль бусаар худалдан авч, хадгалсан, тээвэрлэсэн дэрэвгэр жиргэрүү ургамлыг хураан авч хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон 129 ширхэг шуудайтай ургамал нь 1 тонн 807 килограмм болсон болох нь хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч *******гийн мэдүүлэг, шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Мөн түүнчлэн улсын яллагч М.Бамбадорж нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч *******ын хууль бусаар бэлтгэсэн байгалын ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлын 1 тонн 807 кг хуурай үндэсний экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлж 1020051500 /нэг тэр бум хорин сая тавин нэгэн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэж маргаж мэтгэлцсэн.
“Байгаль орчныг хамгаалах тухай хууль” болон ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан “Байгалийн ургамлын тухай” хуульд ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн үйлдлийг тухайн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж ургамлын аймагт шууд хохирол учруулсан үйлдэлтэй адилтган үзэх, улмаар тухайн ургамлыг худалдан авсан хүнээс уг ургамлын үнэлгээг өсгөн нэмэгдүүлсэн дүнгээр нөхөн төлүүлэх агуулга бүхий заалт байхгүй болно.
Иймд шүүгдэгч *******ын хувьд “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг өөрөө түүж бэлтгээгүй өөрөөр хэлбэл шүүгдэгч нь ургамлын аймагт шууд хохирол учруулаагүй учраас дэрэвгэр жиргэрүү ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлэн гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.
Харин шүүгдэгч *******аас Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар 1 тонн 807 килограмм “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үнэ болох 204.010.300 /хоёр зуун дөрвөн сая арван мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 49838.085 /дөчин есөн сая найман зуун гучин найман мянга наян тав/ төгрөгийг гаргуулж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч *******ыг байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авч, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч *******ын хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм бураагаа хүлээж байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 129 шуудай 1 тонн 807 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлыг худалдан борлуулж улсын орлого болгохоор тогтоож, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн гэрч *******гийн эзэмшлээс 70-01 УАА улсын дугаартай “Хино” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 16 тоот тогтоолыг хүчингүй болгож, 70-01 УАА улсын дугаартай “Хино” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч *******д буцаан олгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь 2 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эд мөрийн баримтаар хураагдсан 129 шуудай 1 тонн 807 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамал нь Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт ******* *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авч, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа, өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч *******аас хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авч, хадгалсан, тээвэрлэсэн дэрэвгэр жиргэрүү ургамлын үнэ болох 204.010.300 /хоёр зуун дөрвөн сая арван мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан *******гийн эзэмшлээс 70-01 УАА улсын дугаартай “Хино” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 49838.085 /дөчин есөн сая найман зуун гучин найман мянга наян тав/ төгрөгийг гаргуулж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 129 шуудай 1 тонн 807 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг худалдан борлуулж улсын орлого болгуулахаар Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
8. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн гэрч *******гийн эзэмшлээс 70-01 УАА улсын дугаартай “Хино” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 16 тоот тогтоолыг хүчингүй болгож, 70-01 УАА улсын дугаартай “Хино” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч *******д буцаан олгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь 2 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээр хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ