Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/01118

 

 

******* ХХК-ийн

Нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/01907 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2170 дугаар магадлалтай,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

*******ид холбогдох

 

Хохиролд 31,883,524 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Борхүү, Д.Гантөмөр нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ганболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага П.Ичинхорлоотой хамтран Капитал банк ХХК-иас 2008 онд зээлийн гэрээ байгуулж, 120,000,000 төгрөгийн зээл авсан. П.Ичинхорлоогийн 2010.02.05-ны өдөр зээлийн төлбөрт төлсөн 31,429,076 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасаж тооцолгүй зээл, хүү, алдангийг 89,178,431 төгрөг гэж шүүх тодорхойлон шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн 2017.12.26-ны өдрийн 27 тоот тогтоолоор 31,429,076 төгрөгийн сарын хүүг 754,293 төгрөг, 39 сарын хүүг 29,417,622 төгрөг гэж тогтоон Капитал банк ХХК-иас гаргуулж, ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн боловч, үүнд ногдох нэмэгдүүлсэн хүүг тооцолгүй орхигдуулсан. Иймд 29,417,622 төгрөгт ногдох илүү төлсөн нэмэгдүүлсэн хүү 5,883,524 төгрөгийг нэхэмжилж байна. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газарт 2017 онд ******* ХХК-ийн захирал Ц.Ганболд 31,000,000 төгрөгтэй холбоотой эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болсон. Уг эрүүгийн хэрэгт өмгөөлөгч Ц.Раашзэвэгтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2015.09.15-ны өдөр байгуулж, өмгөөллийн хөлсөнд 8,000,000 төгрөг төлсөн. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.26-ны өдрийн 01214 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2017.08.18-ны өдрийн 1872 дугаар магадлал, хяналтын шатны шүүхийн 2017.12.26-ны өдрийн 000027 дугаар тогтоолтой иргэний хэрэгт Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг өмгөөлөгч Ц.Раашзэвэгтэй 2017.05.08-ны өдөр байгуулж өмгөөлөгчийн хөлсөнд 7,000,000 төгрөг төлсөн. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.05-ны өдрийн 01201 дугаартай шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2018.08.13-ны өдрийн 1818 дугаар магадлал, хяналтын шатны шүүхийн 2019.01.17-ны өдрийн 00082 дугаар тогтоолтой иргэний хэрэгт өмгөөлөгч Ц.Раашзэвэгтэй 2018.04.10-ны өдөр гэрээ байгуулж, өмгөөлөгчийн хөлсөнд 5,000,000 төгрөг төлсөн. Мөн өнөөдрийн шүүх хуралдаанд хууль зүйн зөвлөгөө өгч, гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр оролцож, өмгөөллийн хөлс 6,000,000 төгрөг төлсөн. Иймд хариуцагч *******аас гэм хорын хохиролд нийт 31,883,524 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Нэмэгдүүлсэн хүү 5,883,524 төгрөг гаргуулах шаардлага үндэслэлгүй. Учир нь 29,700,552 төгрөгт ногдох 58 сарын хүү юм байна. Нэхэмжлэгч өөрөө энэ дүнгээс 20 хувиар нэмэгдүүлсэн хүү буюу алданги гэж тооцон 5,940,110 төгрөг, 29,864,253 төгрөгт 84 сарын хүүд ногдох алданги 20 хувь буюу 5,972,854 төгрөг нийт 35,640,663 төгрөг, үүн дээр 35,837,103 төгрөг нэмж нийт 71,477,767 төгрөг нэхэмжилсэн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган 52,735,004 төгрөг гаргуулахаар шаардсан байдаг. Хэргийг 3 шатны шүүх шийдвэрлэсэн. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.26-ны өдрийн 01214 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.08.18-ны өдрийн 1872 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017.12.26-ны өдрийн 00027 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн ба Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсгийг баримтлан Капитал банк ХХК-иас хохиролд 29,417,622 төгрөгийг гаргуулах, нэхэмжлэлээс 23,317,382 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн дүн 52,735,004 төгрөгт дүгнэлт хийн 23,317,382 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүх нэмэгдүүлсэн хүү 5,883,524 төгрөгийг шийдвэрлээгүй, орхигдуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Ц.Ганболдын хэд хэдэн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. П.Ичинхорлоо нарт 31,429,076 төгрөгийн хохирол учруулсан гэх эрүүгийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож, зарим үйлдэлд нь гэм буруутай гэсэн дүгнэлт хийсэн. Эрүүгийн хэрэгт өмгөөлөгч оролцсон, хэлсээр эрүүгийн хэрэгт татагдсан гэж үзэж байсан бол үүнийг улсаас нэхэмжлэх ёстой. Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын үйл ажиллагаанаас учирсан гэм хорын асуудал тусдаа яригдана. Нэхэмжлэгч иргэний хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон өмгөөллийн хөлс 7,300,000 төгрөг гаргуулах тухай шаардлага багтсан байсан ба хяналтын шатны шүүх дүгнэлт хийж, өмгөөллийн хөлсийг шийдвэрлэсэн. Нэгэнт шийдвэрлэсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч өмгөөлөгчийн хөлс шаардсан нэхэмжлэлдээ өмгөөлөгч Ц.Раашзэвэгтэй 2018.04.10-ны өдөр, 2019.04.15-ны өдөр тус тус байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөлөгчийн хөлсөнд 5,000,000, 6,000,000 төгрөг тус тус бэлэн төлсөн гэх баримтыг хавсаргаж өгсөн. Өмгөөлөгчид бэлэн мөнгө өгсөн гэх баримт нь хэрэгт нотолгооны ач холбогдолтой баримт гэж үзэхгүй. Өмгөөлөгчийн хөлс төлсөн гэх баримтууд нь ******* ХХК-ийн санхүүгийн баримтаар давхар нотлогдсон тохиолдолд уг баримтаа шүүхэд гаргаж өгөх ёстой. Иймд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, үйлчилгээний хөлс төлсөн гэх баримтууд нь эргэлзээтэй, тодорхой бус байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/01907 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч *******ид холбогдох 31,883,524 төгрөг гаргуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 317,368 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2170 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/01907 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Борхүү, Д.Гантөмөр нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдох иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд: Давж заалдах шатны шүүхээс Нэхэмжлэгч нь хариуцагчаас хохирол учирсан гэж тайлбарлан 31,883,524 төгрөг гаргуулахаар нэхэмжлэхдээ үндэслэлийг үүргийн эрх зүйн харилцаанаас үүссэн зөрчилтэй холбогдуулан хохирол шаардсан эсхүл гэм хорын эрх зүйн харилцаанаас үүдэн гарсан хохирол шаардаж байгаа талаар тодруулсан, уг ажиллагааг явуулсны үндсэн дээр талуудыг мэтгэлцүүлж шийдвэр гаргах байжээ гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй болсон. Үүнд:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан асуудлаар урьд нь шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1.4-д заасан Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон...үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэх хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар урьд нь шүүхийн шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр хэргийн материалд авагдсан байсан. Тодруулбал: Нэхэмжилж байгаа нэмэгдүүлсэн хүүгийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2017.12.26-ны өдрийн 00027 дугаар тогтоол, өмгөөлөгчийн зардал нэхэмжилсэн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2019.01.17-ны өдрийн 00082 дугаар тогтоол тус тус. Мөн үндсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, урьд нь шүүхээр нэгэнт шийдвэрлэгдсэн асуудал тул энэ хэрэгт өмгөөлөгчийн зардал гаргасан гэх шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй. Гэвч давж заалдах шатны шүүхээс урьд нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн асуудлаар анхан шатны шүүхийг талуудыг мэтгэлцэх эрхтэй холбоотой алдаа гаргасан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

2. Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ гэм хорын хохирол гэж тодорхойлж байсан. Анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо гэм хор учруулсан хохирлыг нэхэмжилж байна гэж тайлбар мэдүүлэг өгч байсан нь шүүхийн шийдвэрийн 2 дугаар талд тэмдэглэгдсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

*******аас нэмэгдүүлсэн хүү үндэслэлгүйгээр суутгаснаас учирсан хохирол 5,883,524 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 26,000,000 төгрөг, нийт 31,883,524 төгрөг гаргуулах ******* ХХК-ийн нэхэмжлэлийг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

 

Давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо, ...нэхэмжлэгч хохирол гаргуулах нэхэмжлэлээ үүргийн эрх зүйн харилцаанаас үүссэн зөрчилтэй холбогдуулан шаардсан эсхүл гэм хорын эрх зүйн харилцаанаас үүдэн гарсан хохирол шаардаж байгаа талаар тодруулах ажиллагааг явуулсны үндсэн дээр талуудыг мэтгэлцүүлж шийдвэр гаргах байсан, ...мэтгэлцэх эрхтэй холбоотой ..:гаргасан алдааг залруулах боломжгүй... гэж үзсэн байна.

 

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

1. Нэхэмжлэлийн үндэслэлийг шүүх тодруулаагүйгээс талууд мэтгэлцэж чадаагүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ.

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь 5,883,524 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ, ...Капитал банк ХХК нь хамтран зээлдэгч П.Ичинхорлоогийн ...тушаасан 31,429,076 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасч тооцолгүй, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулснаас маргаан үүссэн, ...хяналтын шатны шүүхийн 2017.12.26-ны өдрийн 001/ХТ2017/00027 дугаар тогтоолоор дээрх мөнгөний хохиролд 29,417,622 төгрөгийг Капитал банк ХХК-аас гаргуулж олгохоор шийдвэрлэхдээ нэмэгдүүлсэн хүүгийн хохирол тооцолгүй орхигдуулсан тул гаргуулна гэж тайлбарласан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...энэхүү нэхэмжлэл өмнө гарсныг дээрх 001/ХТ2017/00027 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, дахин шаардлага гаргах эрхгүй гэж маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлага гаргах хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 гэж тодорхойлсон нь буруу биш байна.

 

Учир нь 2008 онд байгуулагдсан зээлийн гэрээгээр хүлээсэн талуудын үндсэн үүрэг буюу зээлдүүлэгч Капитал банк ХХК-ийн зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч ******* ХХК-ийн тогтоосон хугацаанд зээлийг зээлдүүлэгчид буцааж төлөх үүргийн зөрчлөөс нэхэмжлэгч хохирол шаардсан бус харин хамтран зээлдэгчийн төлсөн 31,429,076 төгрөгийг зээлийн төлбөрт тооцоогүй гэм буруутай холбоотой учирсан хохирол шаардсан нь гэрээний бус үүргийн харилцаа гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасантай нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгов.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

а. Нэмэгдүүлсэн хүү үндэслэлгүйгээр суутгаснаас учирсан хохирол 5,883,524 төгрөг гаргуулах нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа буюу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.26-ны өдрийн 01214 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017.08.18-ны өдрийн 1872 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2017.12.26-ны өдрийн 001/ХТ2017/00027 дугаар тогтоолоор талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4-т заасныг зөрчөөгүй байна.

 

Тодруулбал, ******* ХХК Капитал банк ХХК-д холбогдуулан хамтран зээлдэгч П.Ичинхорлоогийн төлсөн 31,429,076 төгрөгийг төлбөрөөс хасч тооцоогүйгээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү илүү төлүүлсэн гэж нийт 71,477,767 төгрөг шаардсаныг дээр дурдсан хяналтын шатны шүүхийн 001/ХТ2017/00027 дугаар тогтоолоор нэхэмжлэлээс 29,417,622 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд нэмэгдүүлсэн хүү илүү төлүүлснээс хохирол учирсан гэх нэхэмжлэлийг шүүх урьд нь шийдвэрлэсэн гэж дүгнэнэ.

 

б. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.26-ны өдрийн 01214 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017.08.18-ны өдрийн 1872 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2017.12.26-ны өдрийн 001/ХТ2017/00027 дугаар тогтоолтой хэргийг шийдвэрлүүлэхэд хууль зүйн туслалцаа үзүүлсэн өмгөөлөгчийн зардалд зарцуулсан 7,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

 

******* ХХК, Ц.Ганболд нарын нэхэмжлэлтэй Капитал банк ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 23,215,110 төгрөг гаргуулах хэргийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.05-ны өдрийн 182/ШШ2018/01201 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018.08.13-ны өдөр 1817 дугаар магадлал, хяналтын шатны шүүхийн 2019.01.17-ны өдөр 001/ХТ2019/00082 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн, уг нэхэмжлэлийн шаардлагад дээрх 001/ХТ2017/00027 дугаар тогтоолтой хэрэгт оролцсон өмгөөлөгчийн хөлс шаардсанаас шүүх 1,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан гэж үзнэ.

 

в. Өмгөөлөгчийн зардал гаргуулах бусад шаардлага буюу 31,429,076 төгрөгийг залилсан гэх иргэн П.Ичинхорлоогийн гомдолтой эрүүгийн хэрэгт ******* ХХК-ийн захирал Ц.Ганболд шалгагдахдаа, түүнчлэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.05-ны өдрийн 182/ШШ2018/01201 дүгээр шийдвэртэй буюу ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Капитал банк ХХК-д холбогдох хохирол шаардсан хэрэгт болон энэ хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч Ц.Раашзэвэгт өмгөөллийн хөлсөнд нийт 19,000,000 төгрөг төлсөн гэж нэхэмжлэгч гаргуулахаар шаардсан боловч хариуцагч хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдоогүй, иргэний хэргийн шийдвэрүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч төлсөн гэх дээрх мөнгийг гаргуулах нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасантай нийцэхгүй байна.

 

Дурдсан үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2170 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/01907 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Борхүү, Д.Гантөмөр нар нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Б.МӨНХТУЯА

 

Г.ЦАГААНЦООЖ