Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 78

 

Ч.А-, Д.Н-, С.Г-, О.М-,

Ж.Б-, С.А-,  Д.Н-, Ж.Н-,

Ё.Г-, С.Б-, С.У-  нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      А.Оргилбаяр

Шүүгдэгч                                       С.У-, С.Б-

                                                      С.Г-, О.М-

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 730 дугаар захирамжтай Ч-ы А-, Д-гийн Н-, С-гийн Г-, О-гийн М-, Ж-ын Б-, С-гийн А-, Д-ын Н-, Ж-гийн Н-, Ё-гийн Г-, С-ийн Б-, С-ийн У- нарт холбогдох, 1818007690523 дугаартай эрүүгийн  хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй,  ********** регистрийн дугаартай, Т- овогт Ч-ы А-.,

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй,  ********** регистрийн дугаартай, Цэвэл овогт С-гийн Г-.,

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Т- нар овогт Д-гийн Н-.,

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Б- овогт О-гийн М-.,

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, У- овогг С-ийн У-.,

Монгол Улсын иргэн, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, ********** регистрийн дугаартай, О- овогт С-ийн Б-.,

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Б- овогт Ж-ын Б-.,

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, М- овогт С-гийн А-.,

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй,  ********** регистрийн дугаартай, Х- овогт Д-ын Н-.,

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй,  ********** регистрийн дугаартай, Б- овогт Ж-гийн Н-.,

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Э- овогт Ё-гийн Г-.,

Шүүгдэгч Ч.А- нь 2017 оны 11 дүгээр сарын дундуур “тэтгэвэр тогтоолгож өгнө хэмээн хуурч иргэн Д.Б-ээс 800000 төгрөг залилан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

Шүүгдэгч Ч.А- нь О.М-тэй үгсэн тохирч 2018 оны 02 дугаар сард шүүхээр О.М-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох зорилгоор хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Монгол-Зөвлөлтийн Найрамдлын нэрэмжит Дархан хотын Дарханы үрийн сангийн аж ахуйн даргын 233 тоот ээлжийн амралт олгох тушаал, 135 тоот ажилд томилох тушаал зэргийг засварлан хуурамчаар үйлдсэнийг яллагдагч О.М- нь хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн,

Шүүгдэгч Ж.Б-, С.А- нар нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “О.М-гийн ажилласан байдзл тогтоолгох тухай" иргэний хэрэгт Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн,

Шүүгдэгч Ч.А-, Д.Н- нар нь бүлэглэн 2018 онд С.Г-гийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох зорилгоор хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох баярын бичиг диплом, БНМАУ Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн яамны техник туслалцааны барилгын 2-р трестийн даргын 1980 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай шагнах тухай тушаалын огноог 1989 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, тушаалын хавсралтын 9 дүгээрт бичигдсэн Д.Д- гэснийг С.Г- гэж, Улсын барилгын хороо, Дархан хотын барилга үйлдвэрийн нэгдлийн даргын 1990 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 377 дугаартай ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын огноог 1994 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, өрөг угсрагч Д.Д- гэснийг шавар будагчин С.Г- гэж тус тус өөрчилж: засварлан хуурамчаар үйлдсэн,

Шүүгдэгч Д.Н- нь Ч.А-тэй гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч Ч.А-тэй үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2018 онд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох баярын бичиг, диплом, БНМАУ Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн яамны техник туслалцааны барилгын 2-р трестийн даргын 1980 оны 01 дугээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай шагнах тухай тушаалын огноог 1989 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, тушаалын хавсралтын 9 дүгээрт бичигдсэн Д.Д- гэснийг С.Г- гэж, Улсын барилгын хороо Дархан хотын барилга үйлдвэрийн нэгдлийн даргын 1990 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 377 дугаартай ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын огноог 1994 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, өрөг угсрагч Д.Д- гэснийг шавар будагчин С.Г- гэж,

Монгол-Зөвлөлтийн найрамдлын нэрэмжит Дархан хотын Дарханы үрийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 09 дүгээз сарын 24-ний өдрийн 233 тоот ээлжийн амралт олгох тушаалын хавсралтын 31 дүгээрт бичигдсэн Г.Б- гэснийг О.М- гэж, Монгол зөвлөлтийн найрамдлын нэрэмжит дархан сангийн аж ахуйн даргын 1982 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 135 тоот ажилд томилох тушаалын огноог 1976 оны 07 дугаар сарын 24-ний өдөр, тушаалын 1 дэх заалтын З- овогтой Н-, М- овогтой Э- гэснийг О- овогтой М-, 1982 оны 7 дугаар сарын 16 наас гэснийг 1976 оны 7-р сарын 16-наас гэж тус тус засварлан өөрчилж хуурамчаар үйлдсэн,

Шүүгдэгч С.У-, С.Б- нар нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “С.Г-гийн ажилсан байдал тогтоолгох тухай” иргэний хэрэгт Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “С.Г-тай хамт ажиллаж байсан* гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,

Шүүгдэгч Ч.А- нь “Өөрийн төрсөн охин Г.С-г Г.Т-тай хамтын амьдралтай байсан Г.С-гийн хүү С.Б-ын төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох"-оор хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж 2018 оны 08 дугаар сарын 03-нд шүүхэд гаргаж өгсөн,

Шүүгдэгч Ё.Г- нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүх хуралдаанд гэрчээр оролцож шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн,

Шүүгдэгч Ж.Н- нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр "Г.С-гийн хүсэлттэй Д.Т-тай хамтын амьдралтай байсан болон хүү С.Б-ын төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох тухай” иргэний хэрэгт Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа Ч.А-ийн ятгаснаар “талийгаач Г.С-тай 2013 оноос хамтран амьдарч эхлээд 4-5 жил болж байгаа. Дундаас нь 2015 онд төрсөн хүүхэд байгаа" гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,

Шүүгдэгч Ч.А- /**********/ нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж Г.С-гийн өмнөөс 2018 оны 02 дугаар сарын 08- ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхэд өөрийн төрсөн охин Г.С-г “Ж.М-тэй хамтын амьдралтай байсан, Х.Б-ын төрсөн эцэг нь Ж.М- мөн" хэмээн хүсэлт гарган шүүхээс шүүгчийн захирамж гаргуулан улмаар тэрхүү захирамжийг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс Нийгмийн халамжийн сангаас “Тэжээгчээ алдсаны тэтгэвэр” авсан,

Шүүгдэгч Д.Н- нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр "Г.С-гийн хүсэлттэй М-тэй хамтын амьдралтай байсан болон хүү С.Б-ын төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох тухай" иргэний хэрэгт Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа Ч.А-ийн ятгаснаар "Ж.М-, Г.С- хоёр 2014 онд танилцаад хамтран амьдарч байсан, хадам ээж болох А-ийн гэрт амьдарч байсан дундаасаа нэг хүүхэдтэй. Хүүхэд нь ой гарантай М- 2016 онд аваарт орж нас барсан. Би М-ийн аавын дүүгийн эхнэр, М- нь айлын ганц өргөмөл хүүхэд, аав, ээж хоёр нь олон жилийн өмнө нас барсан төрөл садангийн хүн байхгүй, манай нөхөр урд шөнө зуурдаар нас барсан. Надаас өөр гэрчлэх хүн байхгүй” гэж гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 730 дугаар захирамжаар:

Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1., 18.12 дугаар зүйлийн 1., 21.1 дүгээр зүйлийн 1., 21.5 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдсон Ч.А-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдсон Д.Н-, С.Г-, О.М-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдсон Ж.Б-, С.А-, Д.Н-, Ж.Н-, Ё.Г-, С.Б-, С.У- нарт холбогдох эрүүгийн 1818007690523 дугаартай 3 хавтас хэргийг прокурорт буцааж,

Хэрэг  Прокурорын газар очтол яллагдагч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

... Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 730 дугаартай шүүгчийн захирамжийн удирдлага болгосон хуулийн заалт нь хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээс прокурорт буцаах тухай хуулийн зүйл, хэсгийг баримталсан нь буруу бөгөөд хэргийг шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 730 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 1.2.т заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

Эсэргүүцлээ дэмжиж байгаа., хэргийг буцаасан нь үндэслэлгүй., мөн  захирамжийн удирдлага болгосон хуулийн заалт нь хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээс прокурорт буцаах тухай хуулийн зүйл, хэсгийг баримталсан нь буруу.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 1.2.т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Г-,  О.М-, С.Б-., С.У-  нар тайлбар болон хэлэх зүйл байхгүй гэв.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Б-г 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүүхэд хөгжлийн ордон”-ы орчимд хохирогч  Р.Д-гийн монетан гинжийг хүч хэрэглэн дээрэмдэж 1.320.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд   ирүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд, хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангаж байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэсэн үндэслэлээр үйлдлийг өөрчлөн зүйчлүүлэхээр  хэргийг прокурорт буцаасан  нь үндэслэлгүй байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурорын  эсэргүүцлийн үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн нөхцөл байдлыг хянаж үзвэл :

Дархан-Уул аймгийн Прокуророос яллагдагч Ч.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн , 17.3 дугаар зүйлийн 1.,  18.12 дугаар зүйлийн 1., 21.1 дүгээр зүйлийн 1., 21.5 дугаар зүйлийн 1.д  заасан гэмт хэрэгт., 

яллагдагч Д.Н-, С.Г-, О.М- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр  зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт.,

яллагдагч Ж.Б-, С.А-, Д.Н-, Ж.Н-, Ё.Г-, С.Б-, С.У- нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  21.2 дугаар зүйлийн 1.д  заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээж аваад  мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн тул нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай, тухайлбал Ч.А- бусадтай бүлэглэж үйлдсэн  талаар бусад оролцогчийг тодорхойлоогүй.,  хэд хэдэн удаагийн үйлдлээр нэг гэмт хэрэг гэмт хэрэг үйлдсэн байхад ерөнхий ангийг журамлаагүй эрх зүйн байдлыг дордуулсан., зарим үйлдэлд оролцсон этгээдийг хэрэгт татаагүй.,  зарим холбогдогчид холбогдох хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон., зарим яллагдагчид холбогдох шийтгэх тогтоол хэрэгт авагдаагүй гэх мэт үндэслэл зааж хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан нь үндэслэлгүй байна.  

Хэрэгт авагдсан нотлох баримт болон болсон үйл баримтаас үзвэл мөрдөн шалгах ажиллагааны үед хийвэл зохих ажиллагааг хийж гүйцэтгэсэн., хэргийн оролцогч нараас мэдүүлэг, тайлбарыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан., тэдний хуульд заасан эрхийг зөрчсөн, эсхүл хэргийг буруу тусгаарлсан., мөн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байдал үүсжээ гэж үзэх нөхцөл байдал  тогтоогдохгүй  байна.

Өөрөөр хэлбэл шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу  хэргийг ...шүүгдэгч нарын хувьд прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэлэлцэх... нь зүйтэй бөгөөд тухайлбал мөрдөн байцаалт болон хэрэг бүртгэлтийн шатанд зарим этгээдэд холбогдох үйлдлийг эрх бүхий этгээд хянаад хэрэгсэхгүй болгосон байхад  шүүх түүнийг хэрэгт татах, энэ талаар   дүгнэлт хийх шаардлагагүй,  мөн хэргийн байдал буюу шүүхийн шийдвэр гарахад зайлшгүй нөлөөлөх нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх ., түүнчлэн хэргийн холбогдогч нарын эрх зүйн байдал дордсон шинжтэй бөгөөд үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг хөнгөрөхөөр байвал шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээний  дагуу хуульд заасан үндэслэл журмыг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.

Мөн зарим  яллагдагчийн  1998., 2004 онд торгох ялаар  шийтгүүлж байсан байдал цаг хугацааны хувьд хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй бөгөөд шаардлагатай гэж үзвэл шийтгэх тогтоолын хуулбарыг шүүхийн хэлэлцүүлэгийн үед нөхөн авах боломжтой байна.

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл  үндэслэлтэй байх тул хүлээн авч, захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 730 дугаар захирамжийг  хүчингүй болгож,      Ч.А-, Д.Н-, С.Г-, О.М-, Ж.Б-, С.А-,  Д.Н-, Ж.Н-, Ё.Г-, С.Б-, С.У- нарт холбогдох, 3 хавтас бүхий,  эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн  шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

           2.Хэрэг анхан шатны шүүхээр хянан хэлэлцтэл яллагдагч Ч.А-, Д.Н-, С.Г-, О.М-, Ж.Б-, С.А-,  Д.Н-, Ж.Н-,  Ё.Г-,  С.Б-,  С.У- нарт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ТУЯА

                                                               ШҮҮГЧ                                        Ц.АМАРЖАРГАЛ

                                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.МАНЛАЙБААТАР