| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2023/0873/З |
| Дугаар | 221/МА2024/0804 |
| Огноо | 2024-12-19 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2024/0804
Б.Д гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч З.Ганзориг
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З
Нэхэмжлэгч: Б.Д
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар
Гуравдагч этгээд: Б.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1974, 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 3196 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай бүртгэлд Б.Д г өмчлөгчөөр сэргээн бүртгэхийг даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 750 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З , өмгөөлөгч Ш.М
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, Ц.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2023/0873/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Д нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1974, 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 3196 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай бүртгэлд Б.Д г өмчлөгчөөр сэргээн бүртгэхийг даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 750 дугаар шийдвэрээр: “...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 14 дүгээр зүйлийн 14.4, 16 дугаар зүйлийн 16.1.7, 18 дугаар зүйлийн 18.1, 18.7.1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 30 дугаар зүйлийн 30.1.3, 30.1.4 дэх заалтыг баримтлан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1974, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3196 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай бүртгэлд Б.Д г өмчлөгчөөр сэргээн бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэгч Б.Д гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Хэрэгт авагдсан баримтуудаар улсын бүртгэгчийн буруутай үйлдлийг хяналтын улсын байцаагч Т.З, Ц.О нар нь хяналт шалгалт хийж тогтоосон, Улсын Бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/344 тоот тушаалаар улсын бүртгэгч Б.М-т хууль тогтоомж зөрчиж бүртгэсэн нь тогтоогдсон тул сахилгын шийтгэл ноогдуулсан, мөн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд улсын бүртгэгч Ц.О, Ц.Э нарын тайлбар мэдүүлэгтээ Б.М ийн буруутай хууль зөрчсөн буруутай үйлдэл байна гэдгийн маш тодорхой хүлээн зөвшөөрсөн, мөн энэ талаар анхан шатны шүүх нь Улсын бүртгэгч нь холбогдох хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, буруутай үйл ажиллагааны улмаас Б.Д гийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй, үүнд гомдолтой байна.
3.2. Улсын бүртгэгч Б.М нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэгч Т.З руу буруу бүртгэл хийснээ мэдэгдэж бүртгэлийн түдгэлзүүлж өгнө үү гэх хүсэлт өгч тухайн өдөр Т.З нь бүртгэлийг түдгэлзүүлсэн нь шийдвэр гаргахаас өмнө эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх этгээд болох Б.Д д мэдэгдэх, сонсох, оролцоог хангах, шийдвэрийг мэдэгдэх, гомдол гаргах эрхийг огт хангаагүй нь хариуцагчийн өгсөн нотлох баримтын шаардлага хангахгүй сүүлд нөхөж хийсэн /2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд хүргүүлсэн баримт/ Сонсох ажиллагааны мэдэгдэлд маш тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл Б.М ийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн буруу бүртгэл хийсэн түдгэлзүүлж өгнө үү гэх хүсэлтийг өгөхөд яагаад өмнөх өдөр нь буюу 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Б.Д д утсаар мэдэгдээд сонсох ажиллагаа хийгээд байгаа нь ойлгомжгүй, худал бөгөөд сонсох ажиллагааны мэдэгдэл нь сүүлд нөхөж хийсэн нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байх ба энэ талаар анхан шатны шүүх нь ямар нэгэн дүгнэлт өгөөгүй шийдвэрлэсэн нь эргэлзээтэй, гомдолтой байна.
3.3. Дээрх 1974 дугаартай бүртгэл хүчингүй болгох, 3196 дугаартай бүртгэл хүчингүй болгох дүгнэлт /захиргааны акт/ нь хуульд заасан захиргааны акт нь хэн ч уншсан утга агуулга ойлгомжтой тодорхой хоёрдмол утга байх ёсгүй байх хуулийн шаардлагыг хангаагүй “Бүртгэл хүчингүй болгож буй акт”-ын 2-т Улсын бүртгэлд худал мэдүүлж бүртгүүлсэн, хуурамч баримт бичиг үйлдэж бусдыг залилсан болзошгүй асуудлаар цагдаагийн байгууллагад шилжүүлж шалгуулах, 3-т Цагдаагийн байгууллагаар дээрх эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн өөрийн /Т.З / бүртгэл түдгэлзүүлэх тухай дүгнэлтийг хэвээр үлдээх гэж дүгнэсэн нь хууль хяналтын байгууллага нь шийдвэрлээгүй байхад бүртгэлийг хүчингүй болгож, хүчингүй болгохдоо бүртгэл түдгэлзүүлсэн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь утга агуулга нь ойлгомжтой байх хоёрдмол утга санаагүй байх хуулийн шаардлагыг хангаагүй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүхээс ямар нэгэн дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.
3.4. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол хандан гаргах этгээд болон хугацааг заана гэж маш тодорхой заасан байх ба энэ нь хариуцагчид үүрэг болгосон байтал бүртгэл хүчингүй болгож буй дүгнэлтэд огт тусгаагүй бөгөөд үүнээс болж нэхэмжлэгч маш их цаг хугацаа алдаж хохирсон, улсын бүртгэлийн албанд очиж уулзахаар хариуцах эзэн нь олдохгүй хүчингүй болгож буй дүгнэлтийг мэдэгдээгүй, харуулаагүй нь хэрэгт авагдсан баримт хариуцагчийн тайлбараар тодорхой шууд тогтоогдож байхад шүүх бүртгэл түдгэлзүүлэх актыг хүчинтэйд тооцсон нь илтэд нэг талыг барьсан, хууль зөрчсөн шийдвэр гэж үзнэ.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2024/0750 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ханган магадлан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Гуравдугаар бүлэгт хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд” гэнэ, 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж тус тус заасан.
3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Б.Д нь Б.Б , Х.С нартай 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, *** байр, *** тоот, 90.8 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан авч, гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлсөн байна.
4. Гэтэл үүнээс өмнө Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 10999 дүгээр захирамжаар Э.Х ын нэхэмжлэлтэй, Б.Б , “БМБ” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Б.Б , “БМБ” ХХК нарын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 57.846.418.5 төгрөгийн хэмжээгээр битүүмжилж шийдвэрлэсэн байх бөгөөд үүний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 4/21125 дугаартай албан бичгээр дээрх орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдэгджээ.
5. Тухайн тохиолдолд ийнхүү маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн буюу хамгаалагдах эрх, ашиг сонирхол бүхий хүмүүсийг гуравдагч этгээдээр татан оролцуулж, тэдгээрийн тайлбарыг авах шаардлагатай байна.
6. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 626 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтаар ...Б.Б-ийн өмчлөлийн Ү-*********** дугаар гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, *** байрны *** тоот орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, хохирол нөхөн төлүүлэхээр худалдан борлуулж, хохиролд тооцуулахаар шийдвэрлэсэн байх тул уг орон сууцаар хохирогч нарын хохирлыг барагдуулсан эсэх, мөн Б.Д гийн нэхэмжлэлтэй энэ хэргийн улмаас хохирогч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх эсэх зэргийг тодруулсны эцэст хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.
7. Мөн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд Б.Б нь “ЗСБ” ХХК-тай 2021 онд байгуулсан №21/003/05 дугаартай үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр 110.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд барьцаалуулсан байх бөгөөд “ЗСБ” ХХК-ийг төлөөлж, өмгөөлөгч Д.Б-аас 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр АБ/3 дугаартай албан бичгээр “...Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс тус үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагааг шалгатал талуудын байгуулсан Барьцааны гэрээний мэдээлэл нь цахим мэдээллийн санд огт бүртгэгдээгүй байна. Иймээс 21/003/05 дугаар гэрээнд дарагдсан улсын бүртгэгчийн 6/2-23 дугаартай тамгыг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар хэн гэдэг улсын бүртгэгч ашиглаж байсан эсэх, хувийн тамгын дугаар хүчинтэй эсэх...” зэрэг мэдээллийг гаргуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж байжээ.
8. Үүнээс үзвэл анхан шатны шүүх Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, *** байр, *** тоот хаягт байрлах 90.8 м.кв, 3 өрөө орон сууцны өмчлөлийн бүртгэлтэй холбоотой энэ маргааны улмаас тус үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан гуравдагч этгээд Б.Б д 110,000,000 төгрөгийн зээл олгосон “ЗСБ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх эсэх талаар дүгнэлт хийх шаардлагатай.
9. Гэтэл анхан шатны шүүх дээрх ойлгомжгүй, тодорхойгүй нөхцөл байдлуудыг тодруулаагүй атлаа ... Хариуцагч байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах ажиллагааг хийж тухайн бүртгэлд эрх бүхий байгууллагуудаас хийгдсэн эрх хязгаарласан, битүүмжилсэн, түдгэлзүүлсэн шийдвэрүүд цуцлагдсан эсэх, захиран зарцуулах эрх сэргээсэн эсэх лавлагааг авч шийдвэрийн үндэслэл болгосон нь захиргааны шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ... гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ.
10. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж, нэхэмжлэлийн шаардлага, хэргийн үйл баримт, хууль зүйн үндэслэлийн талаар нотлох, үгүйсгэх зэргээр тайлбар баримтаа гаргаж, мэтгэлцэх боломж олгох шаардлагатай.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 750 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА