Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/300

 

 

 

 

 

                           2022/ШЦТ/300

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Сүхбаатар     

Шүүгдэгч: Ж.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Өндөр овогт Жын Тд холбогдох эрүүгийн 2212000000356 тоот хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ..................... гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Өндөр овогт Жын Т/РД:АГ............../  

 

                             Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Ж.Т нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн Хөхдаваа гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр, 1.5 метрийн урттай, 82 ширхэг, 2.82 м3 хэмжээтэй, хуурай, шинэс төрлийн мод бэлтгэж, 52-26 АРХ улсын дугаартай Хьюндай портер маркийн автомашинаар тээвэрлэн, ойн санд 309.523 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 2212000000356 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Гэрч М.Оийн өгсөн:  

“...Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр баг, Хөх даваа гэх газрын ойд мод хийчихсэн гэж ярьж байсан. Хэзээ хийснийг мэдэхгүй байна. Тэгээд 3 өдөр ганцаараа явж цагаалаад бид хоёр Архангай аймгийн төвд ээжийн хашаанд галын түлээгээр буулгаж өгөх гэж яваад Цагаан даваан дээр цагдаа зогсоож шалгаад мод бэлтгэх эрхийн бичиггүй байна гээд модтой автомашиныг саатуулсан. Манай нөхрийн эзэмшлийн өөрийнх нь тээврийн хэрэгсэл байгаа юм. Модны цахилгаан хөрөө ашиглаж шинэс төрлийн хуурай мод байдалтай мод бэлтгэсэн. Хан-Өндөр багийн Хөхдаваа гэх газарт манай өөрийн гэрт байгаа. Бид хоёрыг цагдаа зогсоож шалгахад мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 9-11 дүгээр тал/

 

          *Гэрч Ц.Бийн өгсөн:

          “...Мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар надтай холбоо бариагүй. Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр баг, Хөх даваа гэх газарт талбай тусгаарлалт хийгдээгүй, уг газраас  мод бэлтгэж болохгүй. Улсын тусгай хамгаалалтай газарт ордоггүй. Мод бэлтгэх эрхийн бичгээ эхэлж тухайн газрынхаа байгаль хамгаалагчаас аваад дараа нь мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан газраас унанги мод бэлтгэнэ. Мод бэлтгэх эрхийн бичгээ бичиж өгөөд мод бэлтгэх газарт хойноос нь очиж хяналт тавьдаг. Би иргэдэд мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгөхдөө энэ талаар зөвлөгөө өгдөг...” гэх мэдүүлэг/хх-ийн 51-53 дугаар тал/

 

         *Иргэний нэхэмжлэгч Б.Цийн өгсөн:

         “...Экологи эдийн засагт 309.253 төгрөгийн хохирол учирсан байна. Ойд хохирол учруулсан тул хохирлыг нөхөн төлүүлмээр байна. Хохирлыг барагдуулчихвал надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 55-56 дугаар тал/  

 

         *Яллагдагч Ж.Тийн өгсөн:

         “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 84-85 дугаар тал/

 

         *Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангийн инженер Л.Даваахүүгийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаартай”...2.82 метр куб шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13-ны өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /бүх төрлийн хуурай/ шууд үр ашгийн 48.098₮, шууд бус үр ашгийн-61.662₮, нийт 109760₮ мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу түлээ/хуурай/ мод 1.0 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 309.523.2₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 42-43 дугаар тал/

          

            *Дамно ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн АА22-80 дугаартай:

            “...2002 онд үйлдвэрлэгдсэн, 2019 онд Монгол улсад орж ирсэн 52-26 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэлгээгээр 7.007.740/долоон сая долоон мянга долоон зуун дөч/ төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт/хх-ийн 64-67 дугаар тал/

 

            *Дамно ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн АЦ22-123 дугаартай:

            “...БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хөрөөний үнэ 138.000/нэг зуун гучин найман мянга/ төгрөг, шинэс төрлийн 1.5 метр куб, 82 ширхэг модны үнэ 112.000/нэг зуун арван хоёр мянга/ төгрөг нийт 250.000/хоёр зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 70-72 дугаар тал/

 

            *Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 17-27, 40-48 дугаар тал/

            *Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 12-16 дугаар тал/  

            *Хангай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 136 дугаартай албан бичиг/хх-ийн 31 дүгээр тал/

            *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гэм буруугийн талаар: 

 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн Хөхдаваа гэх газраас шүүгдэгч Ж.Т нь мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр, 1.5 метрийн урттай, 82 ширхэг, 2.82 м3 хэмжээтэй, хуурай, шинэс төрлийн мод бэлтгэж, 52-26 АРХ улсын дугаартай Хьюндай портер маркийн автомашинаар тээвэрлэн, ойн санд 309.523 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ж.Т үйлдсэн гэм буруутай болох нь гэрч М.Оийн”...Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр баг, Хөх даваа гэх газрын ойд мод хийчихсэн гэж ярьж байсан. Хэзээ хийснийг мэдэхгүй байна. Тэгээд 3 өдөр ганцаараа явж цагаалаад бид хоёр Архангай аймгийн төвд ээжийн хашаанд галын түлээгээр буулгаж өгөх гэж яваад Цагаан даваан дээр цагдаа зогсоож шалгаад мод бэлтгэх эрхийн бичиггүй байна гээд модтой автомашиныг саатуулсан. Манай нөхрийн эзэмшлийн өөрийнх нь тээврийн хэрэгсэл байгаа юм. Модны цахилгаан хөрөө ашиглаж шинэс төрлийн хуурай мод байдалтай мод бэлтгэсэн. Хан-Өндөр багийн Хөхдаваа гэх газарт манай өөрийн гэрт байгаа...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Бийн”...Мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар надтай холбоо бариагүй. Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр баг, Хөх даваа гэх газарт талбай тусгаарлалт хийгдээгүй, уг газраас  мод бэлтгэж болохгүй. Улсын тусгай хамгаалалтай газарт ордоггүй...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Цийн”...Экологи эдийн засагт 309.253 төгрөгийн хохирол учирсан байна. Ойд хохирол учруулсан тул хохирлыг нөхөн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 309.523.2 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангийн инженер Л.Даваахүүгийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ж.Тийн хууль бусаар ойгоос босоо мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Тийн хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Ж.Тийг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 309.523.2 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /309.523.2*3=928,569/есөн зуун хорин найман мянга таван зуун жаран ес/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 928,569/есөн зуун хорин найман мянга таван зуун жаран ес/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ж.Т нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос хэргийг ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч Ж.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Тийн хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна. Шүүгдэгч Ж.Тийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 52-56 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь түүний эзэмшилд байдаг болох нь Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна.

Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Тийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 52-56 АРХ улсын дугаартай Портер маркийн автомашиныг шүүгдэгч Ж.Тээс хураан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 928,569/есөн зуун хорин найман мянга таван зуун жаран ес/  төгрөгийг төлүүлэн, үлдсэн 6,079,171/зургаан сая далан есөн мянга нэг зуун далан  нэг/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 112.000/нэг зуун арван хоёр мянга/ төгрөгийн үнэ бүхий шинэс төрлийн 2.82 метр куб, 82 ширхэг мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 138.000/нэг зуун гучин найм/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Өндөр овогт Жын Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Тийг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д  зааснаар шүүгдэгч Ж.Тээс 928,569/есөн зуун хорин найман мянга таван зуун жаран ес/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 84 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 52-56 АРХ улсын дугаартай Портер маркийн автомашиныг шүүгдэгч Ж.Тээс хураан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 928,569/есөн зуун хорин найман мянга таван зуун жаран ес/  төгрөгийг төлүүлэн, үлдсэн 6,079,171/зургаан сая далан есөн мянга нэг зуун далан  нэг/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 112.000/нэг зуун арван хоёр мянга/ төгрөгийн үнэ бүхий шинэс төрлийн 2.82 метр куб, 82 ширхэг мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 138.000/нэг зуун гучин найм/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.

 

7. Шүүгдэгч Ж.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР