Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/316

 

 

 

 

 

 

                          2022/ШЦТ/316

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: А.Амарсанаа

Шүүгдэгч: А.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Монгол овогт Аийн От холбогдох эрүүгийн 2212000000328 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сум 1 дүгээр баг, 72 дугаар байрны 04 тоотод оршин суух оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Аийн О /РД: АИ79060113/

 

                              Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Монгол овогт Аийн О нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт архи ууж байгаад иргэн Ц.Бын эзэмшлийн “LG” маркийн гар утас, Хаан банкны виза карт, 113.000 төгрөгийг хулгайлан бусдад бага хэмжээнээс дээш буюу 313,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 22120000003285 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Ц.Бын өгсөн:

“...2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 12 цаг 20 минутын үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Отгоо гэж дууддаг нутгийн таньдаг ах хүүтэй таарсан. Нутгийн ах таарсан гээд би ахад нэг шил 0.5 граммын архи, 1 ширхэг том пиво авч өгсөн. Бид хоёр миний авсан пиво архийг хувааж уугаад би унтаад өгсөн байсан. Өдөр 14 цагийн орчимд сэрээд гар утсаар ярих гээд утсаа хайтал миний утас байхгүй байсан. Миний гар утасны гэрэнд Хаан банкны виза карт байсан. Тухайн картаас 113.000 төгрөг алга болсон байна. Би гар утсаа 200.000 төгрөгөөр үнэлнэ. Надад учирсан хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 7-8 дугаар тал/

 

          *Гэрч Ц.Эгийн өгсөн:

           “...Миний дүү Ц.Б 2022 оны хавар шинэ гар утас худалдаж авсан. LG маркийн ногоон саарал өнгөтэй гар утас байсан. 2022 оны 10 дугаар сард худалдаж авсан. Мөн Хаан банкны виза картаа хулгайд алдсан. Манай дүү надад хэлэхдээ картаас 113.000 төгрөгийн зарлага гарсан байна гэж хэлсэн. 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай дүү Ц.Б, А.О хоёр хамт архи уусан гэсэн А.О манай дүүгийн гар утас, виза картыг хулгай хийж авсан байж магадгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-22 дугаар тал/

 

          *Яллагдагч А.Оын өгсөн:

          “...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Учир нь би тухайн гэмт хэрэг дээр ямар нэгэн маргаан байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 37-38 дугаар тал/

 

        *Дамно ХХК-ийн  2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн АЦ22-113 дугаартай:

         “...LG маркийн гар утасны үнийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 200.000/хоёр зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдлээ...” гэх дүгнэлт/хх-ийн 34 дүгээр тал/

 

         *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

                                                                                                                                                                                            

            Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.От холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

           

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Ц.Бын эзэмшлийн “LG” маркийн гар утас, Хаан банкны виза карт, 113.000 төгрөг хулгайд алдагдаж, түүнд 313.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч А.О үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ц.Бын”...2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 12 цаг 20 минутын үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Отгоо гэж дууддаг нутгийн таньдаг ах хүүтэй таарсан. Нутгийн ах таарсан гээд би ахад нэг шил 0.5 граммын архи, 1 ширхэг том пиво авч өгсөн. Бид хоёр миний авсан пиво архийг хувааж уугаад би унтаад өгсөн байсан. Өдөр 14 цагийн орчимд сэрээд гар утсаар ярих гээд утсаа хайтал миний утас байхгүй байсан. Миний гар утасны гэрэнд Хаан банкны виза карт байсан. Тухайн картаас 113.000 төгрөг алга болсон байна...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Эгийн”...Миний дүү Ц.Б 2022 оны хавар шинэ гар утас худалдаж авсан. LG маркийн ногоон саарал өнгөтэй гар утас байсан. 2022 оны 10 дугаар сард худалдаж авсан. Мөн Хаан банкны виза картаа хулгайд алдсан. Манай дүү надад хэлэхдээ картаас 113.000 төгрөгийн зарлага гарсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч М.Аийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч А.От холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч А.Оыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Бад 313.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба гар утас болон 113.000 төгрөгийг шүүгдэгч буцаан өгсөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэв.

 

                       Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч А.О нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч А.О нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч А.От Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.  

 

Шүүгдэгч А.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч Монгол овогт Аийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Оыг 240/хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагийн ажлыг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  4. Шүүгдэгч А.От хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

             5. Шүүгдэгч А.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

             6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.ГАНДОЛГОРА