| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2024/0305/З |
| Дугаар | 221/МА2025/0006 |
| Огноо | 2024-12-25 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2025/0006
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэгч шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү
Нэхэмжлэгч: “Б” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/340 дугаартай “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулж, Богдхан уулын ****** аманд байрлах 1.5 га талбайн газар ашиглах эрхийн 2013/13 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг хуульд зааснаар шийдвэрлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 843 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрмаа
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа
Хэргийн индекс: 128/2024/0305/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Б” ХХК-аас хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/340 дугаартай “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулж, Богдхан уулын ****** аманд байрлах 1.5 га талбайн газар ашиглах эрхийн 2013/13 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг хуульд зааснаар шийдвэрлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 843 дугаар шийдвэрээр: “...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26.1, 26.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-т заасныг баримтлан “Б” ХХК-ийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/340 дугаар тушаалыг хүчингүй болгож, “Б” ХХК-ийн газар ашиглах эрхийн 2013/13 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар хандсан хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгаж...” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Нэхэмжлэгч “Б” ХХК-д анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/11 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын ****** аманд байрлах 1.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг олгож, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/454 дугаар тушаалаар газар ашиглах эрхийн хугацааг анх олгосон шийдвэрээс 5 жилийн хугацаагаар сунгасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгасан байсныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/340 дугаартай тушаалаар тухайн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Энэхүү тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж заасныг удирдлага болгосон.
3.2. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийн хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дуусгавар болсон. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30- аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах...”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болох хуулийн нарийвчилсан заалттай. Гэвч нэхэмжлэгч нь газрын эрхийн хугацаа сунгуулах тухай хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй.
3.3. Нэхэмжлэгч Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Хугацаа сунгуулах тухай” 22/12 дугаартай хүсэлтийг гаргасан нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэргийн материалд авагдсан байдаг. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг дэмжсэн санал ирүүлснийг хугацаа сунгуулах хүсэлт гаргасан буюу “нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч шийдсэн гэж үзэхээр байна” гэж шүүх дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт гаргаж чадсангүй гэж үзэж байна. Учир нь тус бичиг нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан хугацаа сунгуулах тухай хүсэлтэд хавсаргах ёстой баримт бичгүүдийн бүрдлийн нэг юм. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгийг үндэслэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр юм.
3.4. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасны дагуу 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 625 дугаартай “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай” мэдэгдлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудас, цахим хаягаар нийтэд мэдээлэн хавсралтад нэр дурдагдсан иргэн, аж ахуйн нэгжүүдээс хариу тайлбарыг авсан. Нэхэмжлэгч аж ахуйн нэгж заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй болно.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2024/0843 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн гомдлыг үгүйсгэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч “Б” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/340 дугаартай “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулж, Богдхан уулын ****** аманд байрлах 1.5 га талбайн газар ашиглах эрхийн 2013/13 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг хуульд зааснаар шийдвэрлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.
2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг /хэлнэ/”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, ... -/ыг/ хүчингүй болгуулах, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчээс захиргааны хэргийн шүүхэд хандаж хүчингүй болгуулахаар маргаж буй захиргааны акт нь (а) хууль зөрчсөн байхын зэрэгцээ (б) түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан бол шүүх тухайн захиргааны актыг хүчингүй болгох боломжтой байдаг.
2.3. Тухайн тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын маргаан бүхий 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/340 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Богинын амны хязгаарлалтын бүсэд газар ашиглуулахаар олгосон газраа ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй гэх үндэслэлээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу “Б” ХХК-ийн 15034 м.кв газрын ашиглах эрхийг дуусгавар болгосон байх бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд маргаан бүхий актын үндэслэлд дурдсан нөхцөл байдал тогтоогдсонгүй.
2.4. Анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч нь Богдхан уулын хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргасан, түүнийг нь үндэслэн тус захиргаанаас 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 216 дугаартай “Санал хүргүүлэх тухай” албан бичгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг сунгахыг дэмжсэн үйл баримт, хариуцагчаас тухайн саналыг хүчингүй болгосон, эсхүл сунгахаас татгалзсан шийдвэр гараагүй ... атлаа, сүүлд 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ хугацаанд нь гараагүй тул газар ашиглах эрхийг нь дуусгавар болгох агуулга бүхий саналыг үндэслэн шийдвэрлэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн... заасантай нийцээгүй шийдвэр болсон байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
2.5. Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт орохоос өмнө “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна”, 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана” гэж тус тус зааснаас үзэхэд, газар ашиглах эрх бүхий этгээд нь газар ашиглах гэрээний хугацаа сунгуулах хүсэлтийг шаардагдах баримтын хамт холбогдох журмын дагуу гаргаснаар эрх бүхий албан тушаалтан хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд хугацаа сунгах эсэх асуудлыг судлан шийдвэрлэхээр зохицуулжээ.
2.6. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээс үзэхэд ...анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/11 тоот тушаалаар “Б” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн ****** аманд 15000 м.кв газрын ашиглах эрх олгож, гэрээ байгуулан, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/454 дугаар тушаалаар гэрчилгээний хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 5 жилээр сунгасан, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 216 дугаартай албан бичгээр “...Тус хуулийн этгээдийн ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дууссан бөгөөд Хамгаалалтын захиргаанд хугацаа сунгах хүсэлт гаргасан байна....газар нь бусад газар ашиглагчид олгогдсон газартай давхцалгүй, газар ашиглалтын зөрчилгүй, газрын төлбөрийн үлдэгдэлгүй тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д заасны дагуу /аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах/ зориулалт залруулах болон 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу газар ашиглах эрхийн 2013/13 тоот гэрчилгээний хугацааг сунгуулах санал”-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт уламжилсан байх тул нэхэмжлэгчийг газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй гэж шууд буруутгах үндэслэлгүй.
2.7. Өөрөөр хэлбэл, Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийн дагуу тус компанийн гэрчилгээний хугацааг сунгахад татгалзах зүйлгүй талаарх саналаа холбогдох этгээдэд хүргүүлж, уг асуудлыг шийдвэрлээгүй атлаа үүний дараа буюу 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг цуцлах саналыг хариуцагчид уламжилж, улмаар нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байгаа нь захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан үүргээ бүрэн гүйцэд биелүүлж, бодит нөхцөл байдлыг бүрэн судалж, тогтоолгүйгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь захиргааны үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” шаардлагыг хангахгүй гэж үзэхээр байна.
2.8. Энэ талаар анхан шатны шүүх “...Архивын баримт бичгийн бүрдэл дутуу байгаа байдал нь нэхэмжлэгчид хамаагүй, түүний буруу биш” гэж үндэслэлтэй зөв дүгнэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг дэмжсэн санал ирүүлснийг хугацаа сунгуулах хүсэлт гаргасан буюу “нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч шийдсэн гэж үзэхээр байна” гэж шүүх дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт гаргаж чадсангүй..., тус бичиг нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан хугацаа сунгуулах тухай хүсэлтэд хавсаргах ёстой баримт бичгүүдийн бүрдлийн нэг юм” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
2.9. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах;” 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж тус тус заасны дагуу цуцлах үндэслэл бүрдсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг хариуцагч захиргааны байгууллагын цахим хаягт нийтэлснийг захиргааны байгууллага сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж шууд буруутгах үндэслэлгүй боловч энэ нь маргаан бүхий актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй нэхэмжлэгч этгээдээс шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг энэ тохиолдолд хангалттай олгосон гэж үзэх үндэслэлгүй байна.
2.10. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 843 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА